Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 47

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж,

Улсын яллагч: М.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгин овогт Алтангэрэлийн Очгэрэлд холбогдох 129/2016/0043/Э индекстэй, эрүүгийн 201603000115 тоот хэргийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхэд

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын  хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 61-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржгин овогт Алтангэрэлийн Очгэрэл /РД:АГ79021416/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч А.Очгэрэл нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгойн 47-07 тоотод оршин суух иргэн Д.Алтандөлгөөний гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “ЛСД ТСЛ” маркийн зурагтыг хулгайлж Д.Алтандөлгөөнд 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Очгэрэлийн өгсөн:

Би тэр үед жаахан архи уучихаад, тэр айл руу орсон байна лээ гэх мэдүүлэг,

 

             Мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Д.Алтандөлгөөний өгсөн:

Би 2016 оны 03 дугаар сарын 03-ны өглөө эрт ажилдаа яваад орой 18 цагийн орчимд гэртээ ирэх үед манай гэрийн хаалга эвдэрсэн байдалтай, манайд хулгай орсон байсан. Тэгээд би гэртээ ороод алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэх үед манай гэрээс 32 инчийн “ЛСД ТСЛ” маркийн зурагт хулгайд алдагдсан байсан. Манайхаас өөр эд зүйлс хулгайд алдагдаагүй. Би өөрийн 4 настай охины хамт хоёулаа амьдардаг юм. Тэгээд тухайн үед яахаа ч мэдэхгүй цагдаад дуудлага өгөөгүй өнгөрсөн байсан юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ байж байх үед цагдаагаас миний дугаарлуу залгаж Д.Алтандөлгөөн гэдэг хүн мөн үү гээд надтай уулзаж манай гэрээс хулгайд алдагдсан байсан ЛСД зурагтыг надад хүлээлгэж өгсөн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Манайхаас өөр авах юм уг нь байсан ч өөр эд зүйл аваагүй болохоор таньж мэддэг хүн байж магадгүй буцаагаад зурагтыг маань аваад ирж магадгүй түр хүлээж байя гэж бодоод байж байсан юм. Миний хулгайд алдагдсан зурагт 32 инчийн ЛСД ТСЛ гэх нэртэй шинэ зурагт байсан. Би уг зурагтыг 2014 онд худалдаж авч байсан. Манай гэрээс өөр эд зүйл хулгайд алдагдаагүй. Манайхаас зөвхөн зурагт л хулгайд алдагдсан. Би уг зурагтыг 2014 онд 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй шинэвтэр зурагт байсан. Би хулгайд алдсан зурагтаа 450.000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн үед манайхаас ганцхан ЛСД зурагт алга болсон байсан. Уг нь манайхаас хулгайд алдвал алдаж болох өөр эд зүйлс байсан боловч аваагүй байсан учраас таньж мэддэг хүн байж магадгүй буцаагаад аваад ирж магадгүй гэж бодоод түр хүлээсэн юм. Тэгээд ч нэг их удалгүй хэд хоногийн дараа цагдаа нар манайхаас алдагдсан зурагтыг олоод надад хүлээлгэж өгсөн. Манай зурагтыг хулгайлсан хүн дэлгүүрт барьцаанд тавиад явсан гэж байсан. Тухайн үед манайд орсон хулгайч манай гэрийн хаалгыг эвдсэн байсан. Одоо би хаалгаа түр наачихсан байгаа. Хаалгаа төлүүлмээр байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан зурагтаа буцааж авсан. 4 ханатай гэрийн модон хаалга 100.000 төгрөгний үнэтэй байгаа. Тиймээс 100.000 төгрөгөөр хаалгаа үнэлж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 08-09 дүгээр тал/

 

Хохирогч Д.Алтандөлгөөний дахин өгсөн:

Надад учирсан хохирлыг А.Очгэрэл бүрэн төлж барагдуулсан. Би хулгайд алдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. Мөн манай эвдсэн гэрийн хаалганы мөнгийг А.Очгэрэл төлж барагдуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/

 

Гэрч Д.Чимэдцэеэгийн өгсөн:

2016 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна намайг дэлгүүртээ ажиллаж байх үед гаднаас нэг үл таних залуу орж ирээд нэг хар өнгийн 32 инчийн ЛСД ТСЛ маркийн зурагт надад үзүүлж энэ зурагт миний зурагт байгаа юм би эхнэртэйгээ хэрэлдээд аваад ирлээ, та энэ зурагтыг авчихаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ буруу гарын эд зүйл байж болзошгүй ямар ч байсан аваад гэрийн хаяг болон овог нэрийг нь бичээд авъя гэж бодоод зурагтыг нь 40.000 төгрөгний бараагаар авсан. Тэр үед тэр залуу би буцаж ирж зурагтаа авна гэж хэлээд гараад явсан. Тэр хүн надад гэрийнхээ хаягийг хэлэхдээ Бор толгойн 60 дугаар гудамжинд байдаг гэж хэлж байсан. Өөрийгөө Алтангэрэл овогтой Очгэрэл гэж танилцуулж байсан. Тэгээд үүнээс хойш хэд хоногийн дараа би цагдаад манай дэлгүүрт зурагт орж ирсэн болох талаар хэлж мэдэгдсэн. Тэгээд цагдаа нар шалгаж байгаад зурагтны эзэн гэх Д.Алтандөлгөөн гэдэг багш хүүхэнийг олж ирээд тэр зурагтыг хурааж аваад явсан. Тухайн үед тэр залуу ганцаараа орж ирсэн. Тэр залуу архи дарс уугаагүй эрүүл байсан.  Манай дэлгүүрээс 40.000 төгрөгөнд гурилан идэх юм, бэлэн хоол, архи, пиво, нэгж гэх мэт нийт 40.000 төгрөгний эд зүйлс авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Зурагт барьцаанд тавьсан залуу манай дэлгүүрээс авсан бараа эд зүйлийнхээ мөнгө болох 40.000 төгрөгийг авч ирж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар тал/

 

Гэрч А.Янжинлхамын өгсөн:

Манай ах А.Очгэрэл одоогоор аав, ээж, дүү нартай хамт амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, гэр зуур байдаг. Үе үе архи уучихдаг л хүн байгаа юм. Би байнга хамт байгаад байдаггүй дотно байдаггүй болохоор хувийн байдлын талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Би тусдаа гараад 5 жил болж байна. Манай нөхөр Цэрэннадмид Архангай аймагт байдаггүй. Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаа. Манай ах А.Очгэрэл манай гэрээр ирээд байдаггүй. Манай ахын талаар манай нөхөр ч тодорхой хэлж мэдэхгүй. Манай ах А.Очгэрэл хамгийн сүүлд манайд 2015 оны 11 дүгээр сард ганц удаа ирсэн. Түүнээс хойш огт ирээгүй. Манай нөхөр бид хоёр А.Очгэрэл ахын холбогдсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/

 

Гэрч С.Эрдэнэбатын өгсөн:

Манай хүү А.Очгэрэл архи л уух дуртай хүн байгаа юм. Өөр бусдаар өөлөөд байх зүйл байхгүй томоотой хүүхэд шүү дээ. Манай хүү А.Очгэрэл эхнэр хүүхэд байхгүй аав, ээжтэйгээ хамт амьдардаг юм гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар тал/

 

Гэрч С.Алтангэрэлийн өгсөн:

Манай хүү А.Очгэрэл урьд өмнө нь эхнэр хүүхэдтэй байж байгаад салсан. Салаад 10 гаран жил болж байна. Уг нь манай хүү гарын ур сайтай юу бол юу л хийдэг юм. Сүүлийн үед архи дарс их уух болсон. Архи дарс уугаад л иймэрхүү асуудалд холбогдоод явж байгаа байх. Манай хүү томоотой мөрөөрөө залуу байгаа юм. Эрүүл мэнд болон сэтгэцийн хувьд эрүүл. Одоо ганц бие тусдаа гараагүй ээж бид нартайгаа хамт амьдардаг юм гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар тал/

 

Шүүгдэгч А.Очгэрэлийн сэжигтнээр өгсөн:

Би 2016 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна миний бодож байгаагаар 03 дугаар сарын 03, 04-ний үед боловуу гадуур ганцаараа архи ууж яваад урьд өмнө очиж машин янзалж өгч байсан айл болох Д.Алтандөлгөөн гэх ганцаараа амьдардаг хүүхний гэрт очоод гэр нь эзгүй цоожтой байхаар нь гэрийнх нь хаалгыг татаж эвдээд гэрт нь орж гэрийн хойморт байх ЛСД 32 инчийн ТСЛ гэх нэртэй зурагтыг хулгайлж аваад гэрээс гараад явсан. Тэгээд тэр зурагтыг нь авч яваад Бор толгойд буюу 4-р сургуулийн ойролцоо байсан нэг тоосгон дэлгүүрт оруулж миний өөрийн зурагт байгаа юм, энэ зурагтыг түр хугацаагаар барьцаанд тавьчихъя гээд 40.000 төгрөгний хүнсний эд зүйлс авсан. Би тэр дэлгүүрээс 2 шил архи, 2 ширхэг бэлэн хоол авсан юм. Тэгээд өөрийн дүү А.Янжинлхамын гэрт очоод унтаж амарсан. Би тухайн үед нилээд согтсон байсан учир архи хаана хэнтэй хамт уусан талаараа мэдэхгүй байна. Тухайн үед А.Янжинлхамын гэрт манай хүргэн Цэрэннадмид хамт байсан. Тэгээд маргааш өглөө нь би Хатанбаатар ахтай утсаар ярьж Хатанбаатар ахын малыг харахаар Их тамир сум руу явсан. Тэгээд тэндээ байж байгаад цагдаа нарт баригдсан. Би архи уумаар санагдаад л хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа явсан. Би Д.Алтандөлгөөн гэх хүүхний гэрт орох үедээ гэрийн хаалгыг эвдэж орсон. Гэрийн хаалганы доод мод бүгд салж эвдэрсэн. Намайг тэнд очих үед гэрийнх нь хаалга цоожтой зүгээр байсан. Би хаалгыг нь эвдээд орчихсон юм. Би урьд нь Д.Алтандөлгөөн гэдэг хүүхний гэрт 2 удаа очиж хашаанд байх хүний машиныг янзалж байсан юм. Тэр үед би Д.Алтандөлгөөн гэдэг хүүхнийг гэртээ ганцаараа байдаг талаар мэдсэн юм. Би хулгай хийж авсан зурагтаа 4 дүгээр сургуулийн ойролцоо байх тоосгон дэлгүүрт оруулж миний өөрийн зурагт байгаа юм, түр таньд тавьчихъя гэж хэлээд 40.000 төгрөгний эд зүйлд тавиад явсан юм. Би тэр дэлгүүрийн хүний нэрийг мэдэхгүй. Тэр дэлгүүрийн худалдагч уг зурагтыг хулгайн эд зүйл болох талаар мэдээгүй. Миний хулгай хийсэн зурагт хар өнгийн 32 инчийн ТСЛ гэсэн нэртэй зурагт байсан. Би тэр айлаас ганцхан зурагт л авсан. Би өөр эд зүйл хулгай хийж аваагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар тал/

 

 

 

Шүүгдэгч А.Очгэрэлийн яллагдагчаар өгсөн:

Би 2016 оны 03 дугаар сарын эхээр өмнө нэг удаа очиж байсан айлын хашаанд байдаг Д.Алтандөлгөөний гэрт хууль бусаар нэвтрэн хаалгыг нь эвдэж ороод гэрт байсан ЛСД ТСЛ гэсэн бичигтэй хар өнгийн зурагтыг хулгайлж авч гараад Бор толгойд байх дэлгүүрт 40.000 төгрөгний бараа эд  зүйл авч оронд нь уг хулгай хийсэн зурагтаа үлдээгээд явсан. Тэгээд би нэг их удалгүй шууд хөдөө явсан. Хөдөө байж байх үед цагдаа нар ирээд миний үйлдсэн хэргийг илрүүлсэн талаар хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирсэн. Би хохирогч Д.Алтандөлгөөний эзэмшлийн зурагтыг буцааж өгсөн. Би эвдсэн хаалгаа шинээр хийж өгнө гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19 дүгээр тал/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн № 571 тоот тодорхойлолтод: Алтангэрэл овогтой Очгэрэл нь тус багийн Бор толгойн 61-02 тоотод оршин суудаг. Ам бүл 7 өөрийн гэх өмч хөрөнгө болон мал байхгүй нь үнэн болно гэх тодорхойлолт. /хх-ийн 34 дүгээр тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Боржгин овогт Алтангэрэлийн Очгэрэл /РД:АГ79021416/ урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх хуудас /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

 Шүүгдэгч А.Очгэрэл нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгойн 47-07 тоотод оршин суух иргэн Д.Алтандөлгөөний гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “ЛСД ТСЛ” маркийн зурагтыг хулгайлж Д.Алтандөлгөөнд 480.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнийз хохирол учруулсан болох нь хохирогч Д.Алтандөлгөөн, гэрч Д.Чимэдцэеэгийн мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Иймээс шүүгдэгч А.Очгэрэлийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Очгэрэл нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

             Шүүгдэгч А.Очгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй.

           

             Шүүгдэгч А.Очгэрэл нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах боломжгүй байна. 

 

             Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржгин овогтой Алтангэрэлийн Очгэрэлийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Очгэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч А.Очгэрэлд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Очгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч А.Очгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Очгэрэлд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ