Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1814

 

 

“МЭЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01187 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “МЭЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт холбогдох      

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 264 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч “МЭЗ” ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын дулааны станцын угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарч, SСТЕСМ компанитай SСТ-NUBIА-SUВС-0034 тоот гэрээ байгуулан ажилласан. Гэрээт ажил 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгахаар төлөвлөсөн боловч тус компани хугацаанаас өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын дундуур угсралтын ажлыг дуусган, SСТЕСМ компаниас зарласан дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг явуулах сонгон шалгаруулалтад шалгарч, үргэлжлүүлэн SСТЕСМ компанитай ашиглалтын SСТ-NUBIA- SUВС-0060 тоот гэрээг байгуулан ажилласан ба гэрээт ажлыг амжилттай гүйцэтгэж байсан тул энэхүү гэрээг 2 удаа сунган 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Энэхүү дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг SСТЕСМ компани санхүүжүүлэх үйл явц 3 дугаар сарын эхээр дуусгавар болох байсан тул “МЭЗ” ХХК Иргэнихй нисэхийн ерөнхий газартай цаашид хэрхэн ашиглалтын үйл ажиллагааг зохицуулах, санхүүжилтийг хэрхэн шийдэх талаарх саналаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны 01/0476, 2016 оны 12 дугаар сарын 21-ний 01/478, 2017 оны 02 дугаар сарын 17-ны 01/128, 2017 оны 02 дугаар сарын 17-ны 01/133 албан захиагаар хүргүүлж харилцан ярилцсаны эцэст тус газраас ашиглалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийлгэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах саналтай байгаа тул бэлтгэл ажлаа хангах тухай 2017 оны 3 дугаар сарын 07-ны 07/835 тоотоор хариу ирүүлсэн. Энэхүү албан бичгийг хүлээн аваад бид захиалагч талын хүсэлт, мөн дулааны станцын тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй нөхцөл байдлын үүднээс өөрийн ажилчдыг уг станцад үргэлжлүүлэн ажиллуулсаар өнөөдрийг хүрлээ. Манай компаниас Иргэний нисэхийн ерөнхий газрын санал болгосон гэрээг зөвшөөрч, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл дулааны станцыг хэвийн ажиллуулах, гэрээний үнийн дүн 264 000 000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд захиалагч тал Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд гэрээг батлахаар тохиролцсон. Гэтэл захиалагч тал Монгол Улсын Сангийн яамнаас шууд гэрээ байгуулахад татгалзсан шалтгаанаар гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Тус компани 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 01/264 дүгээр албан бичгийг явуулж, үйл ажиллагааг зогсоох талаар мэдэгдсэн боловч Иргэний нисэхийн ерөнхий газраас дулааны станцыг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 02/1397 албан бичиг ирүүлсэн тул “МЭЗ” ХХК Эрчим хүчний мэргэшсэн компанийн хувьд халаалтын улирлын нөхцөл байдлыг ухамсарлан, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, Эрчим хүчний сайдын 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8 тоот тушаалыг үндэслэж энэхүү дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг тасралтгүй найдвартай явуулж байна. Үүнээс үүдэн манай компанийн ашиглалтын үеийн ажиллагааг явуулсан ажиллагсдын цалин хөлс, холбогдох зардлыг төлөх эсэх тодорхойгүй. Иймд гэрээний төсөлд тохирсон дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг явуулсан зардал 264 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газраас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын барилга байгууламжуудыг дулаанаар хангах зориулалттай Дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг "МЭЗ" ХХК-иар гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролцсон болохыг баталгаажуулсан гэрээ байгуулагдаагүй. Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан төсөв болон талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй болно. Иргэний Нисэхийн Ерөнхий газраас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/741 тоот албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 04/994 тоот албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/1046 тоот албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст тус тус хандаж дэмжлэг хүссэн боловч гэрээ байгуулах эрх олгогдоогүй. Талуудын хооронд гэрээ хэлцэл байхгүй учраас “МЭЗ” ХХК-иар хийлгэсэн ажлын хөлсийг шилжүүлэх боломжгүй болсон. Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний гол нөхцөлийг тохирсон, төслийн шатандаа яваад баталгаажаагүй. Үнийн дүнг бууруулах шаардлагатай гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 246 400 000 төгрөг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МЭЗ” ХХК-д олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 477 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 1 389 950  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МЭЗ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж, дүгнэлт өгөөгүй тул хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний Нисэхийн Ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учраас тус газрын дарга нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах үүрэгтэй байдаг. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл байхгүй байхад "албан бичгийг үндэслэн" гэрээ байгуулагдсанд тооцон үзэн шийдвэр гаргаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хариуцагчийн эрх ашиг зөрчигдсөн шийдвэр гарахад нөлөөлсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “МЭЗ” ХХК хариуцагч Иргэний Нисэхийн ерөнхий газраас дулаан ашиглалтын гэрээний төлбөрт 264 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа  гэрээний төсөлд тохирсон дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг явуулсан зардал гэж тодорхойлон хариуцагч төсвийн шууд захирагчийн хувьд төсөв байхгүй, гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын дулааны станцын ашиглалтын гэрээний төсөл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу “МЭЗ” ХХК Олон улсын шинэ нисэх буудлын дулааны станцын ашиглалтыг хариуцаж, дурдсан обьектуудыг дулаанаар хангах, хариуцагч Иргэний Нисэхийн ерөнхий газар ажлын хөлсөнд 264 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Олон улсын шинэ нисэх буудлын дулааны станцын ашиглалтын үйл ажиллагаа явуулсан нь  тогтоогдсон боловч Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасан хэрэглэгч нь Иргэний Нисэхийн Ерөнхий газар гэж тогтоох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасан хэрэглэгч нь эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа хуулийн этгээд болох юм. Гэрээ байгуулагдаагүй талаар маргаангүй. Иймд шүүх хариуцагчийг эрчим хүч худалдан авах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулах байжээ.

Эрчим хүч худалдан авах эрхтэй эсэхийг тодруулахад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний зүйлийг өөрийн өмчлөлд авах эрх бүхий этгээд байх юм. Иймд Олон улсын шинэ нисэх буудлын өмчлөгчийг тодруулах замаар эрчим хүч хэрэглэгчийг зөв тогтоох, улмаар шаардах эрхийг түүний эсрэг хэрэгжүүлэх боломжтой болно.

Нэхэмжлэлд дурдагдаж буй барилга нь хэний өмчлөлд байгаа тодорхойгүй тохиолдолд хариуцагчийг тодорхойлон давж заалдах шатны шүүхээс дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүх дээрх байдлыг тодорхойлж тодруулах замаар хэргийг шийдвэрлэх байжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 389 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА  

                                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА