Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1827

 

“Глобалрост” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/00791 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Глобалрост” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 68 350 698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, Э.Од-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго

Хариуцагчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч “Глобалрост” ХХК-ийн төлөөлөгч С.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Глобалрост” ХХК нь 2015 онд Иргэний Нисэхийн Ерөнхий газраас зарласан “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ,ЦА./ТББ/А-14/06/15 дугаартай тендерт шалгарч, 2016 оны 01 сарын 11-ний өдөр ИНЕГ-тай “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх 238 999 188 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдаж ажил эхлэх үед гүйцэтгэгч, захиалагч байгууллагын төлөөллүүд хуралдаж, засвар тохижилтын ажлын чиглэлийг харилцан тохирох хурал хийгдсэн. Энэ хурлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захиргаанаас АСЕМ-ийн зочид хүлээж авах, мөн нэгэнт хийлгэж  байгаа учир чанартай өндөр зэрэглэлийн ТОТО брэндийн тоноглол суурилуулах хүсэлт тавьж, нэмэлт хөрөнгө гарвал бид тухайн үед нь шийдвэрлээд явна гэсэн. Бид саналыг хүлээн авч БНХАУ-аас ТОТО брэндийн тоноглол авчирч суурилуулсан бөгөөд үүнтэй холбоотой төсвөөс гадуурх нэмэлт зардал 68 350 698 төгрөг болсон. Энэхүү төсөвт өртгөөс хэтэрсэн үнийн зөрүүг авах саналаа өгөхөд батлагдсан боловч ИНЕГ-ын зүгээс одоог хүртэл шийдэж өгөөгүй байна. Бид ИНЕГ-ын удирдлагад шийдвэрлүүлж өгөх тухай албан хүсэлтийг 3 удаа явуулж байсан ч  бидэнд хариу өгөөгүй. Иймд Иргэний Нисэхийн Ерөнхий газраас “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын зөрүү өртөг болох 68 350 698 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2015 онд хариуцагчийн зарласан тендерт оролцон шалгарч уг ариун цэврийн өрөөний тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед гэрээндээ 238 999 188 төгрөгөөр хийлгэхээр тохирсон боловч тухайн үед АСЕМ уулзалттай холбоотой захиалагч байгууллага ИНЕГ, Буянт-Ухаа дахь ОУНБ-аас ариун цэврийн өрөөний тоноглолуудыг ТОТО брэндийн бүтээгдэхүүнүүдээр хийлгэхээр санал гаргасны дагуу хүссэнээр нь хийж гүйцэтгэсэн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Тиймээс гэрээнд заасан төлбөрийн үнэд өөрчлөлт гарч нэмэгдэхэд хүрсэн. Энэ талаар мэдэгдэж, захиалагчийн хүсэлтээр хийгдсэн ажил байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ТОТО брэнд мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн боловч энэ талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, хүлээн авсан. Мөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр ТОТО брэнд мөн гэдгийг тогтоосон, бараа материалыг худалдан авсан баримт нь байгаа тул маргаан байхгүй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг. Гэтэл ажлын үр дүнг хүлээгээд авсан, хариуцагч нь нэмэлт гэрээ хийгээгүй гэж байна. Гэтэл энэ нь санал гаргаад түүнийг нь зөвшөөрөөд ажлаа хийгээд захиалагч хүлээж авсан. 2016 оны 01 дүгээр сарын хуралдааны тэмдэглэлд ТОТО брэндээр хийлгэх гэж санал тавьсан нь тодорхой харагдана. Дураараа бид үүнийг өөрчлөх, өөр ажил хийх эрхгүй учраас хийсэн ажлынхаа хөлсний зөрүүг авахаар шүүхэд хандсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д зааснаар өгсөн зааварчилгааг бид биелүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийг хангаж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний үнийн дүнг 238 999 188 төгрөгөөр тогтоосон. Үүнтэй холбоотой үнийн дүнд өөрчлөлт орохоор бол талууд мэдэгдэж, нэмэлт оруулахаар урьдчилан анхаарагдсан. Гэтэл гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан байхад хариуцагч тал сайн дураараа хийсэн байгаа юм. Тиймээс л үнийн дүн нэмэгдсэн, бид зөвшөөрөхгүй гээд байгаа юм. Шүүх хуралдаан эхлэхэд бид дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэсэн бол шинжээчээр хариуцагчийн суурилуулсан тоноглол нь ТОТО бренд мөн биш эсэхийг тогтоолгох байсан юм. Гэтэл шүүх энэ боломжийг олгосонгүй, тиймээс хариуцагчийн суурилуулсан тоног төхөөрөмж нь ТОТО брэндийх гэдэг эргэлзээтэй. Талууд 01 дүгээр сарын 22-ны өдрөөс ажлаа эхлэнэ гэж тохиролцсон, гэрээний 3 дахь хэсэгт үнийн дүнг 238 999 188 төгрөг гэж заасан. а. Гэрээгээр дурдсан ажлыг гүйцэтгэх талаар гэрээний баримт бичиг нь зөрчилдөх юм бол гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг үндэслэхийг талуудын байгуулсан гэрээний 5-д заасан байгаа. Гэрээний үнийн дүнг өөрчлөхөөр тохирсон бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар дахин томилно гэж тохирсон байгаа. 2015 онд хууль ёсны дагуу явсан тендерийн дагуу ИНЕГазар санал явагдаагүй бөгөөд төсөв нь батлагдаагүй байсан. Энэ нь батлагдаагүй төсвийн дагуу хийгдсэн бөгөөд гэрээний 5 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулахаас өмнө ямар уулзалт хийсэн, ямар баримт бичиг байгуулсан нь хамаарахгүй гэсэн тул төлбөр нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар хууль зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид төлөх боломжгүй, нэмж хийсэн ажлын үнийн дүн  өндөр гарсан байна. Төслийн менежерээр ИНЕГ-ын Хөрөнгө оруулалтын тасаг ажиллаж байсан, н.Болдбаатар гэдэг хүн хариуцаж байсан гэтэл төслийн менежерт мэдэгдээгүй, дураараа хийсэн ажлын зардлыг төлөх үүрэггүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 68 350 698 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Глобалрост” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 499 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Глобалрост” ХХК-д, шинжээчийн зардалд 1 800 000 төгрөгийг гаргуулж, Барилгын Төсөвчдийн холбооны “БЭСГЭ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хариуцагчид хуульд заасан эрхээ эдлэх боломжийг эдлүүлээгүй. Тухайлбал: Хариуцагчийн өмгөөлөгч 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө "хэргийн материалтай гүйцэд танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж өгнө үү, учир нь: хэргийн материалтай танилцах явцад урд нь хариуцагчийн зургаар үзүүлж байсан шинжээчийн дүгнэлт өөрчлөгдсөн байна, нэг шинжээч 2 удаа дүгнэлт ирүүлсэн, тэгээд шүүх хуралдаан эхлэхийн өмнө танилцуулж байгаа нь ямар учиртай болохыг дахин нягталж, цаашид уг шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эсэхээ шийдвэрлэх хэрэгтэй байна" гэсэн хүсэлтийг гаргаж, амаар тайлбарласан. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэхэд ач холбогдолтой энэхүү хүсэлтийг шүүгч хүлээн авахгүй, та өнөөдөр хэргийн материалтай танилцсан гэж гарын үсэг зурсан байна" гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Иймд хариуцагч "шүүх хуралдаан зарлагдахын өмнө танилцуулж байсан шинжээчийн дүгнэлт нь шүүх хуралдаан болох өдөр өөрчлөгдсөн асуудалд тайлбар өгөх, мэтгэлцэх, ойлгох боломжгүйгээр шүүх хуралд оролцсон нь хариуцагчийн эрх хөндөгдсөн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Мөн шүүгч хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэхдээ зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцлийн 1.1-т “төслийн менежер" гэж Чингис хаан ОУНБ, ИНЕГ ХОТ гэж заасан байна. Мөн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн "Чингис хаан" ОУНБуудалд ариун цэврийн өрөөнүүдийн засварын ИНЕГ,ЦА/ТББ/А-14/06/15 гэрээт ажлыг хүлээн авсан актын 2.1-д "энэхүү ажлыг Чингис хаан ОУНБуудлын захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг өдөр тутмын байнгын хяналт хийж, үе шатны ажлын явцад ХОТасгийн ахлах инженер Т.Саранцацралт давхар хяналт тавьж ажилласан болно" гэсэн байх тул хариуцагчийн төслийн менежерээр н.Болдбаатар томилогдон ажиллаж байсан гэсэн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв гэж тайлбарласан хэрнээ “Чингис хаан” ОУНБ-ын захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн тушаал байхгүй байхад "хэдийд хэн үйлдсэн нь тодорхойгүй, огноогүй албан бичигт үндэслэн шийдвэр гаргасан.

Иймд шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж хариуцагчийн өмгөөлөгчийг хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч “Глоболрост” ХХК нь хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 68 350 698 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №ИНЕГ, ЦА/ТББ/А-14/16/15 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Чингис хаан ОУНБ-д байршилтай 12 ширхэг ариун цэврийн өрөөнүүдийн засвар тохижилтыг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр багтаан ашиглалтанд оруулах,  хариуцагч  нь ажлын хөлс 238 999 188 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон ажлын гүйцэтгэлийн талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нэмэгдсэн төсвөөр ажлын хөлс шаардсныг хариуцагч төсөв нэмэгдсэн талаар мэдэгдээгүй, гэрээнд өөрчлөлт оруулаагүй, дураараа тоног төхөөрөмж суурилуулсан,брэндийн тоног төхөөрөмж мөн эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр маргасан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.

Хэргийн баримтаас үзэхэд  гүйцэтгэгч буюу “Глоболрост” ХХК нь захиалагч Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу ТОТО брэндийн материалаар ариун цэврийн өрөөг тохижуулсны улмаас үнийн зөрүү гарч, төсөвт өртөг нэмэгдэж байгаа талаар гэрээний тусгай нөхцөлийн 1.1-т заасан төслийн менежер болох Чингис хаан ОУНБ-ын дарга Б.Бадралд мэдэгдэж, үнийн санал хүргүүлж байсан боловч захиалагчийн зүгээс үүнийг эсэргүүцэж няцаагаагүй буюу нэмэгдсэн төсвийг хүлээн зөвшөөрөхгүй бол Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт заасны дагуу ажлыг дуусгавар болгоогүй, улмаар уг ажлыг хүлээн авсан байдал тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Чингис хаан Олон улсын нисэх буудлын 12 ширхэг ариун цэврийн өрөөнүүдэд ариун цэврийн тоноглол суурилуулсан ажлын үр дүнг хүлээн авснаа үгүйсгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 06, 5 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрээт ажлыг хүлээн авсан акт, материалын үнийн зөрүү, гүйцэтгэсэн ажлын фото зургууд, бараа худалдах худалдан авах гэрээ, орлогын баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдийг хэргийн бусад баримтуудтай харьцуулан  дүгнэж, гүйцэтгэгч гэрээнд өөрчлөлт оруулахаар санал гаргаж, нэмэлт тоног төхөөрмж суурилуулсан, захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан тул хөлс төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасантай нийцжээ.

Хариуцагчаас ажлын үр дүн доголдолтой талаар маргаж байх боловч энэ талаар гомдлын шаардлага гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримт хэргийн 112 дугаар талд авагдсан бөгөөд шүүх хуралдаан тус өдрийн 13 цаг 50 минутад эхэлсэн байх тул хэргийн материалтай танилцуулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/00791 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                      

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

                                        ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                                              Д.БАЙГАЛМАА