Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: “Ө” ХХК

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаар тушаалын хавсралт хэсгийн 2 дахь заалт “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 10 га газрыг 2007 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 538 дугаар гэрчилгээгээр эзэмшдэг.

Улмаар хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулан, гэрээний дагуу төлбөрийг төлж, гэрээгээ дүгнэж байсан ба 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээгээ дүгнэж, төлбөр тооцоо нийлэх үед манай газрыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/58 тоот БОАЖСын тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байгааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас амаар хэлснээр мэдлээ.

Улмаар уг тушаал гарсан талаар болон манай газар цуцлагдсан талаар манай компанид албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, харин ч эсрэгээрээ гэрээгээ дүгнээд байсан.

Дээрх сайдын тушаал нь “...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуучлалын үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч одоог хүртэлх үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээгүй” гэх үндэслэлээр гарсан байх ба манай компани энэхүү тушаалд заасан үндэслэлийн алинд нь ч хамаарахгүй болно.

Манай компани тус газарт үйл ажиллагаа явуулах зорилгоор газрын төлбөр тогтоох актын дагуу газрын төлбөрийг тухай бүр төлсөн бөгөөд жил бүр гэрээгээ дүгнэж, дээрх газартаа аялал жуучлалын амралтын газрын зориулалттай 2 давхар барилга барих төсөл эхлүүлэн эхний ээлжийн хөрөнгө оруулалт 1 тэрбум төгрөг шийдвэрлэгдэж, барилгын зургийг “S” ХХК, барилгын ажлыг “Т” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулан, улмаар гэрээт ажлыг гүйцэтгэх төсөв батлуулж, хөрөнгө оруулалтыг татах ажлууд явагдаж байна.

Мөн тус газарт 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МЗХ2016/07-05 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, улмаар 2017 оноос эскиз зургийг батлуулах шатандаа явж байна.

Маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуучлалын сайдад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хандсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус яамнаас 05/0774 тоот албан бичгээр “...танай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох, буцаах эрх зүйн үндэслэлгүй болно.” гэсэн хариуг өгсөн.

Иймд БОАЖСын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаар тушаалын хавсралт хэсгийн 2 дахь заалт “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 305 тоот албан бичгийг удирдлага болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 27.4.5-д заасны дагуу сонсох ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдсан болохыг мэдэгдсэн ба 2017 оны 3 дугаар сарын 16-нд “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” БОАЖСын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/58 дугаар тушаалыг аж ахуй нэгж, байгууллагуудад цахим хэлбэрээр мэдэгдсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд “14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан.

Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд БОАЖСад дээд шатны албан тушаалтан гэж байхгүй тул нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акттай холбоотой нэхэмжлэлээ 2017 оны 4 дүгээр сард багтаан шүүхэд гаргах байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК тус шүүхэд хандан “БОАЖСын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаар тушаалын хавсралт хэсгийн 2 дахь заалт “Ө” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь анх Байгаль орчны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 350 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Т*******ийн ард “спорт, аялал жуулчлалын цогцолбор” зориулалтаар 10 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болж, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 538 дугаар гэрчилгээг 2007 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгожээ.

Улмаар газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2012 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн газар ашиглах эрхийг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар сунган газар ашиглах гэрчилгээний хавсралтад тэмдэглэлийг хийж, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаар албан бичгээр нэр бүхий 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох “... цогцолборт газарт газар ашиглах зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газар ашиглах гэрчилгээ аваагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар ашиглах эрхийн гэрчилгээг ... хууль тогтоомжуудын хүрээнд шийдвэрлүүлэх саналыг” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлэн, энэ тухай зарыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн цахим хуудас /www.gorkhi-terelj.mpa.gov.mn/-т байршуулжээ. Энэхүү зарын 3-т “Ө” ХХК 10 га, Т*******, 9 жил үйл ажиллагаа явуулаагүй” хэмээн бичигдсэн байна.

Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дээрх албан бичгийг үндэслэн хариуцагч БОАЖСын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаар тушаалаар нэр бүхий 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан байх бөгөөд энэхүү тушаалын үндэслэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 305 тоот албан бичгийг” тус тус үндэслэсэн болохыг дурджээ.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэн маргаан бүхий актад дурдсан хууль зүйн үндэслэлээс аль нь нэхэмжлэгч “Ө” ХХК-д хамаарч байгаа болохыг хариуцагчаас тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 305 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн” болохоо илэрхийлсэн байна.

3. Шүүхээс маргаан бүхий акттай холбогдуулан нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, атар байдалтай байсан хэдий ч нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбар холбогдох бусад нотлох баримтаар “Ө” ХХК нь маргаан бүхий газарт аялал жуулчлал, амралтын бааз барих зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МЗХ 2016/07-05 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлт хийх талбайн схем зургийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулан, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Э” ХХК-тай Барилгын зэрэг төсөл боловсруулах ажлын гэрээг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Т” ХХК-тай Хөрөнгө  оруулалтын гэрээг тус тус байгуулан, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар “Ө” ХХК аялал жуулчлал, амралтын бааз эскиз” зургийг 2017 онд батлуулах зэргээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой үйл ажиллагааг явуулж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд

хариуцагчийн зүгээс мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасанчлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-тэй холбоотой нөхцөл байдлыг шалган тогтоох, оролцогчийг сонсохтой холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан ажиллагааг авч хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь маргаан бүхий актыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй болгож байна.

 Иймд БОАЖС холбогдуулан гаргасан “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн  нэхэмжлэгч “Ө” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/58 дугаар тушаалын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖСаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА