Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 171/2016/0177/Э |
Дугаар | 157 |
Огноо | 2016-08-16 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0177/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Хохирогч Д.Оюунчимэг, Шүүгдэгч Ч.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдийн Тунгалагт холбогдох эрүүгийн 201609000237 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Боржигон овогт Чимэдийн Тунгалаг, /регистрийн дугаар: ТГ59112968/, Дархан-Уул аймагт 1959 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, тэтгэвэрт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 5-34 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 2, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ Шүүгдэгч Ч.Тунгалаг нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дархан сумын 16 дугаар баг, 21 дүгээр байрны 13 тоотод оршин суух Х.Жүрмэдийн гэрээс 43 граммтай монетон бөгж 1 ширхэг, 3,5 граммтай алтан бөгж 1 ширхэгийг хулгайлж 364,500 төгрөгийн, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дархан сум, Өргөө баг, Төмөр замын 15 дугаар байрны 60 тоотод оршин суух П.Жанлавмаагийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний урт мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 210,000 төгрөгийн, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан сумын 4 дүгээр баг, “Ок” нэртэй баарны хажууд байрлах Хаан банкны гадна иргэн Ц.Будын түрийвчтэй 391,000 төгрөгийг хулгайлсан, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 11 дүгээр баг, 1 дүгээр байрны подвалд байрлах “Хувцас захиалга засвар” оёдлын газраас иргэн Д.Оюунчимэгийн самсунг галакси маркийн гар утсыг хулгайлж 198,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ч.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагийн үед нэгдсэн эмнэлэг орж биеэ үзүүлэх санаатай машинаас буугаад үйлчилгээний төвийн аркаар гараад явж байсан чинь тортой төмс, лууван, мах зэрэг хүнсний юм барьчихсан настай өвгөн явж байснаа намайг хараад миний хүү энэ тортой юмыг гэрт оруулаад өг гэсэн, би өвгөний барьж байсан тортой эд зүйлийг нь аваад үйлчилгээний төвийн хажуу талын 21 дүгээр байшинд орсон шиг санагдаж байна, 5 давхарт гараад өвгөнтэй цуг гэрт нь ороход настай эмгэн байсан. Тэгээд намайг цай уу гээд гал тогооны өрөөнд оруулж цай уулгасан. Би цайгаа уугаад сууж байхад ширээн дээр монетон 2 ширхэг бөгж байсан тэгэхээр нь би тэр хоёр бөгжийг нь аваад гараад явсан. Бирж дээр явж байгаад залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд 2 бөгжөө нийлүүлээд 100,000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд бөгж зарсан мөнгөөрөө биржээс нэг шуудай гурил, хоолны материал, түлээ нүүрс аваад дуусгасан, энэ хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр байх аа өдрийг сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр би хуучин дархан 18-ын буудал уруу гэрээсээ гараад явж байгаад толгой эргээд зүрх өвдөөд 18-ын буудлын урд талын эмийн сангаас зүрхний эм авч уугаад дотор муухай оригоод байхаар нь төмөр замын 15-р байрны урд саравчинд хэсэг сууж байтал тоглоомын талбай дээр 4 хүүхэд тоглож байсан юм. Тэгээд би тэр хүүхдүүдээс гэртээ ганцаараа байгаа хүүхэд байна уу гэж асуусан чинь 3 хүүхэд нь нэг хүүхдээ энэ ганцаараа байгаа гэж зааж өгсөн юм. Тэгэхээр нь би тэр хүүхдийг дуудаж ирээд эгч нь танайд ороод бие засчаад гаръя гэж хэлсэн чинь тэр хүүхэд тэг тэг гээд хамт гэр уруу нь орсон, араас хамт байсан 3 хүүхэд нь орж ирсэн юм.Тэгээд би 2 хүүхдийг нь эмийн сан уруу, нэг хүүхдийг дэлгүүр явуулаад тэгээд үлдсэн нэг хүүхдийг ус хийгээд өгөөч миний дүү гэсэн чинь нөгөө хүүхэд за гээд мөнгөн аяганд ус хийж өгөхөөр нь би уучхаад 00-н өрөө орж бие засаад том өрөө уруу нь ороод юм харж байтал тавиуртай шкафан дээр нь мөнгөн гинж, бөгж, бугуйн цаг байхаар нь тэрнийг үзээд тэр хүүхдээс “энэ танай ээжийн чинь эд зүйлүүд юм уу” гэсэн тэр хүүхэд тиймээ манай ээжийнх гэж хэлсэн. Би тэр хүүхдийг эгчийн дүү гал тогооныхоо өрөө уруу орж бай гэж хэлж оруулаад тавиур дээр байсан гинж, бөгж, бугуйн цаг мөн ус ууж байсан мөнган аяга зэргийг аваад нөгөө хүүхдэд эгч нь буцаад ороод ирье гэж хэлээд гараад явсан юм. Би тухайн үед тэр айлаас мөнгөн аяга /1 ширхэг/, мөнгөн гинж /1 ширхэг/, мөнгөн бөгж /1 ширхэг/, бугуйн цаг /1 ширхэг/ зэргийг авсан, зах дээр аваачаад зарчихсан, одоо зарсан хүнээ харвал танихгүй. Би дээрх айлаас авсан эд зүйлээ бүгдийг нь нийлүүлж байгаад хуучин биржийн тэнд хөдөөний бололтой 2 хүнд 120,000 төгрөгөөр зарсан шиг санаж байна, Би 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10:00 цагийн үед гэрээсээ гарч Цагдаагийн газар дээр очиж мөрдөн байцаагч Уугантуяатай уулзсан. Тэгээд микрийн автобусны буудлаас автобусанд сууж 17-р сургуулийн урд талд буудал дээр буугаад шинэ хороолол уруу алхсан. Тэгээд шинэ хорооллын 2-р байрны Өлгий дэлгүүрийн урд талаар явж байгаад 1-р байрны подвалд байрлах “Хувцас захиалга, засвар” гэсэн хаягтай оёдлын газар уруу 13:00 цаг өнгөрч байхад орсон. Тэр оёдлын газарт оёдолчин нэг эмэгтэй байсан, би тэр эмэгтэйгээс пиджак оёх уу? гэж асуусан чинь оёно гэж хэлсэн. Би барьж явсан цэнхэр тороо ширээн дээр тавьсан. Би тэр эмэгтэйд халааснаасаа цагаан самар гаргаж өгсөн. Тэр эмэгтэй хувцас загварын зураг авчирч надад үзүүлсэн. Би тэр загварын зургийг үзчхээд энэ арай биш юм байна аа өөр зураг байна уу гэж асуусан. Тэгсэн нөгөө оёдлын эмэгтэй зүүн буланд буйдангийн урд байгаа ширээн дээр очиж загварын зураг хайж байхад нь би ширээн тавьсан цэнхэр өнгийн тороо авах үедээ хажууд нь байсан гар утсыг нь аваад торондоо хийгээд нөгөө эмэгтэй дээр очсон. Тэгээд тэр оёдлын эмэгтэйд онгорхой байгаа хаалгаар харагдаж байгаа байрыг заагаад би энэ байранд байдаг юм аа, эгч нь эргээд орж ирье гээд оёдлын газраас гараад явган хүний зам дээр нэг эмэгтэй хүүхэд тэвэрчихсэн, ээжтэйгээ цуг явж байхаар нь би тэр хүүхэд тэвэрсэн эмэгтэйд гар утас авах уу? гэсэн чинь ямар утас вэ? гэхэд нь нөгөө оёдлын газраас авсан гар утсыг үзүүлсэн чинь ямар үнэтэй вэ? гэж асуусан. Би 50000 төгрөгөнд зарна гэсэн чинь тэр хүүхэд тэвэрсэн эмэгтэй энэ утас чинь дэлгэцнийхээ дээд буландаа зураас гарсан байна гэсэн чинь цуг яваа ээж нь эвдэрхий биш биз дээ гэж асуухаар нь би эвдэрхий биш ээ гэж хэлсэн чинь надад 50000 төгрөг тоолоод өгсөн. Тэгээд би автобусанд сууж шинэ зах орж гурил, мах, хүнсний ногоо аваад тосгон уруу гэр уруугаа харьсан. Шардуу өнгийн резинэн гэртэй, хар өнгийн корпустай, хавтгай дэлгэцтэй гар утас байсан. Дэлгэцний дээд буланд бага зэрэг зураас гарсан байсан. Ямар маркийн гар утас гэдгийг нь мэдэхгүй. Надаас гар утас худалдаж авсан ээж, охин хоёрыг танихгүй. Ээж нь 67 орчим настай, эрээн юбка, бор өнгийн ноосон цамц өмссөн, охин нь болохоор 30-35 орчим настай эмэгтэй байсан бөгөөд цагаан цамц, хөх өнгийн жинсэн өмдтэй, 1 ойтой гэмээр хүүхэд тэвэрсэн байсан. Надад ямар нэгэн хамаатан садан байхгүй, амьдралынхаа эрхээр ач охиноо хүний зэрэгтээ явуулах гэсэндээ оёдлын газраас гар утас хулгайлсан. Хохирлыг нөхөн төлөөгүй байгаа, төлнө. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хуучин дарханы “Ок” төвийн “Хаан банк”-д хүнтэй уулзах гэж очсон юм. Тэгээд байж байтал тэр эгч банкнаас мөнгө аваад гарч ирсэн. Би “сайн байна уу” гэсэн чинь тэр эгч “сайн, сайн байна уу” гэхээр нь би “та намайг тань байна уу, би нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүн байна” гэж хэлсэн чинь “өө, таньж байна” гээд нүдний шилээ авсан. Тэр эгчийн цүнхнийх нь цахилгаан онгорхой байхаар нь улаан өнгийн түрийвчийг нь аваад бид хоёр сууж байгаад удалгүй босоод замын хоёр тал уруу алхаад зам дээр ирээд миний дүү баяртай, эгч нь бирж орно гэсэн тэгээд би машинд суугаад явсан. Тэр түрийвч дотор улаан утсанд ороосон 4 ширхэг зоос, 1 ширхэг дээр үеийн 10 төгрөг, 380,000 орчим төгрөг байсан. Би тэр эмээг мөнгөө авч байгааг харсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-123 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: нийт 391,000 төгрөгийн хохирлоос 236,000 төгрөгийг төлсөн, үлдсэн мөнгийг өгөөгүй байгаа төлнө, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хүү маань 2 жилийн өмнө нас барсан хүүгийнхээ ганц хүүхдийг юмаар дутаахгүй гэсэндээ дээрх хэргүүдийг хийсэн, өмнө шүүхээр шийтгүүлж байсан боловч дахин хэрэг хийсэндээ гэмшиж байна, элэгний өвчтэй, даралт ихэсдэг байнгын эмчийн хяналтад байдаг, ахин хэрэг хийхгүй байж чадна, иймд надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү, тэтгэврийн зээл дуусахаар хохирогч нарын төлбөрийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг, Хохирогч Х.Жүрмэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нөхөр Ойдовын хамт гэртээ амарч байхад Ойдов 12 цагийн үед мах авах гэж үйлчилгээний төв уруу явсан. Тэгээд удалгүй 12 цаг 30 минутын үед гаднаас 40 орчим насны эмэгтэй хүний хамт орж ирсэн. Тэр эмэгтэй манай нөхөр Ойдовын тортой махыг барьж орж ирээд гал тогооны өрөөнд орж ирж суусан. Ойдов гал тогооны өрөөнд мах жижиглээд буруу хараад зогсож байхад нь би орж ирсэн эмэгтэйд цай хийж өгсөн. Нөгөө эмэгтэй надаас “та хоёроос өөр хүн амьдардаг юм уу” гэхээр нь “бид хоёр амьдардаг” гэж хэлсэн. Тэгснээ надад “та хоёр гартаа байгаа бөгжөө өгч байгаач, үзчхээд буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр бөгжөө өгсөн. Тэгээд нөгөө эмэгтэй цайгаа ууж дуусчхаад гараад явсан. Тэрнээс хойш 2 цагийн дараа гэнэт бөгжөө санаад нөхөртөө хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан зүйл нь монетон 4,3граммтай хуримын хатан сүйхтэй бөгж байсан, мөн хэвэнд зутгасан алтан бөгж 3,5 гр 1 ширхэг бөгж нийт 2 ширхэг бөгж залилж авч явсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, ... “би тухайн үед гал тогооны өрөөнд хоол хийж байсан, тэгэхдээ гартаа байсан бөгжөө тайлаад тавьчихсан байж магадгүй, нас өндөр болохоор одоогоор сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, Гэрч Ч.Ойдовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутаас 12 цагийн үед гэрээсээ гараад үйлчилгээний төвийн арын Саран-Ээж хүнсний дэлгүүр уруу орж худалдагч Өсөхбаяр гэж хүнээс 7 кг мах авсан. Тухайн махаа хоёр уутанд хийгээд хоёр гартаа бариад гэр уруугаа харих гээд алхаад үйчлчилгээний төвийн Мустангар гээд баарнаас урд байдаг 3-4 модны хажуугаар өнгөрч явахад 40 гаруй насны эмэгтэй хаанаас гараад ирснийг мэдэхгүй хажуунаас алив өг, тортой юмыг чинь дөхүүлээд оруулаад өгье гээд надтай хамт манай гэрт орж ирсэн. Тэр эмэгтэй манай гэрт орж ирэхэд манай хөгшин гал тогооны өрөөнд оруулж суулгаад цай ууж суусан. Тухайн үед би гал тогооны өрөөнд уруу хараад махаа эвдэж байсан. Тэр эмэгтэй надтай хамт манай гэр уруу орж байхдаа та хоёр хоёулахнаа амьдардаг юм уу гэхээр нь тийм ээ бид хоёр хоёулахнаа амьдардаг гэж хэлж байсан юм. Намайг махаа эвдэж дуусаагүй байхад тэр эмэгтэй манай эхнэртэй юм ярьж сууж байгаад удаагүй гарч явсан. Би махаа эвдэж дуусаад 2 цаг орчмын дараа байсан байх манай эхнэр надад түрүүн орж ирсэн эмэгтэй миний монетон бөгж, алтан бөгжийг зүүж үзье гээд байхаар нь өгсөн чинь тэр эмэгтэй миний бөгжийг зүүж үзчхээд тэр чигээрээ явсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би эхнэрээ бөгжөө алдсаныг мэдсэн. Тухайн эмэгтэй 160 см орчим өндөртэй, цайвар шар царайтай, дунд зэргийн биетэй, монхор хамартай, эмэгтэй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, Хохирогч П. Жанлавмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө би ажилдаа яваад үдээс хойш 14 цагийн үед гэртээ ирэхэд хүү болох Ренчингээ гэрээсээ аваад ажил уруу явсан юм. Тэгээд ажил дээрээ байж байгаад 18 цаг өнгөрч байхад гэртээ хариад хүүдээ эм өгөх гээд хүүгээ аягаа аваад ир гэсэн чинь хүү маань мөнгөн аяга маань байхгүй байна гэхээр нь би тухайн үед гэртээ хайгаад олохгүй болохоор нь би ээжийг аваад явчихсан байна гэж бодоод ээж уруугаа залгаад асуухад танайд очоогүй ээ чи хүүгээсээ сайн асуу хүүхэд дагуулж орсон байж магадгүй гэхээр нь би хүүгээсээ шөнө 23 цагийн үед асуусан чинь хүү маань өдөр хичээлээ тараад 13 цагийн үед гэртээ байрныхаа хүүхдийг дагуулж орж ирсэн бас гадаа сууж байсан 50 гаран настай шар үстэй, хар нүдний шилтэй эмэгтэй орж ирээд 00 ороод гарч ирээд мөнгөн аяганд ус хийж өгсөн гэсэн тэгээд гэрт хамт орж ирсэн 2 хүүхдийг дэлгүүр уруу хөзрөнд, нэгийг нь эмийн сан уруу гэдэсний эм аваад ир гэж явуулсан гэсэн тэгээд бас тэр эмэгтэй хүүхдүүдэд өөрийгөө багш гэж танилцуулаад журнал гаргаж үзүүлсэн гэсэн. Тэгээд тэр эмэгтэй том өрөө уруу ороод ээжий чинь эд зүйл юмуу гээд гинж, цаг барьж үзээд байсан гэж хэлсэн. Тэгснээ зогсож байгаад гадагшаа гаргасан хүүхдүүд яагаад удаад байна чи хардаа гэхээр нь манай хүүхэд цонхоор харах гээд гал тогооны өрөө уруу гүйж очоод харчхаад эргэж үүдэнд ирсэн гэнэ. Тэгтэл тэр эмэгтэй юманд явуулсан хүүхдүүд яагаад удаад байна эгч нь гараад олоод ирье гэж хэлээд манай хүүг ганцааранг нь үлдээгээд гараад эргэж ирээгүй гэсэн тэгэхээр нь би гэрийнхээ эд зүйлүүдийг шалгаад үзтэл: мөнгөн аяга /дунд зэргийн/ 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн урт гинж 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг гэх эд зүйлүүд алга болсон байна лээ. 3 хүүхэд орсон гэсэн хоёр нь 5 дугаар ангийн хүүхэд, нэг нь 2 дугаар ангийн хүүхдийн хамт тэр эмэгтэй хамт орсон гэсэн. Анх тэр хүүхэд 15-р байрны саравчинд сууж байсан гэсэн тэгээд тэнд тоглож байсан хүүхдүүдээс гэртээ ганцаараа байдаг хүүхэд байна уу гэж асуусан чинь тэр хүүхдүүд манай хүү болох Ренчинг заагаад гэртээ ганцаараа байгаа гэж хэлсэн гэсэн тэгээд тэр эмэгтэй манай хүүг дуудаад чи ганцаараа байгаа юм уу эгч нь ороод бие засчхаад гаръя гээд дагуулаад орсон гэсэн. Тэр эмэгтэй 50 гаран настай шар үстэй, хар нүдний шилтэй, өөрийгөө багш гэж танилцуулсан гэсэн тэгээд нэг хүүхэд аниа тэр эгч журнал барьчихсан байсан гэж хэлж байсан. Мөнгөн аяга /дунд зэргийн/ 120,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн урт гинж 30,000 төгрөг, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг 40,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг 20,000 төгрөг гэх эд зүйлүүдийг үнэлж байна. Нийт 210,000 төгрөгийн хохирол учирсан байна. Тэр хүүхдүүдээс асуусан чинь дахиад асуувал танина гэж байсан. Хар нүдний шилтэй, хар хувцастай, цүнх барьсан 50 гаран настай эмэгтэй байсан гэсэн. Надад гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, Хохирогч Ц.Будын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед тэтгэврээ авахаар гэрээсээ алхаад зах ороод захаасаа “Хаан банк”-д ирж тэтгэврээ авах санаатай очерлож байгаад мөнгөө аваад хүлээлгийн сандал дээр мөнгөө цэгцлээд гарч иртэл өөдөөс нэг эмэгтэй сайн уу гэж намайг таньдаг царайлан өө таны хөл бүр муруйчихаж гэж ярьснаа над дээр ирээд банкны хажуу талын цементэн дээр суугаад би таньд доргоны тос өгье их сайн байдаг, би өмнө нь өөр хүнд өгч байсан, та миний утасны дугаарыг тэмдэглээд ав гэхээр нь цүнхээ уудлаад дэвтрээ гаргаж ирээд тэр эмэгтэй өөрийнхөө хаяг энэ тэрээ бичиж өгсөн, тэгээд би дэвтэрнээсээ ураад тэр эмэгтэйд бас хаягаа бичиж өгсөн, жижиг цаасан дээр, тэр үед миний цүнх онгорхой дотор нь улаан өнгийн түрийвчинд 390,000 орчим төгрөг байсан. Яг тэр үед л миний цүнхнээс түрийвчийг минь авсан байгаа юм, тэгээд нилээд юм ярьж сууж байгаад явъя гээд боссон чинь банкны шар баримт газар хэвтэж байхаар нь би энэ юун бичиг вэ гэсэн чинь өө миний баримт гээд тэр цаасыг аваад цаашаа яваад Россия төвийн урдаас тэр эмэгтэй таксинд суугаад би цаашаагаа зам гараад Төрийн банк ороод мөнгөө дансандаа хийе гэж бодоод цүнхээ онгойлготол түрийвч маань байхгүй байсан, тэгэхээр нь гайхаад Төрийн банкны камер шүүхэд юу ч гарч ирээгүй буцаж ирээд Хаан банкны камер шүүлгэтэл яг тэр эмэгтэйгээс өөр хүнтэй би харьцаагүй байсан. Өмнө нь надад 140,000 төгрөг байсан, тэгээд тэтгэврийн 251,000 төгрөг буусан байсан, нийт 391,000 төгрөг л байсан юм байна. 50 орчим настай, богинодуу, тайрмал үстэй, бор туранхай, гадуураа ягаан өнгийн хүрмэрхүү юм өмссөн, хар өмдтэй байсан байх аа бас хөл нь муу юм байна лээ маажиг хөлтэй бас нүдний шил зүүчихсэн байсан шивээс энэ тэрийг нь анзаараагүй, байхгүй байх аа. Яг авахад мэдээгүй сүүлд санахад танайх хаана байдаг вэ гэсэн чинь Энхтал гэхээр нь би хаана байдаг юм бэ гэсэн чинь тэр гээд баруун зүг уруу заахаар нь л би тийшээ нь харсан юм тэр үед л авсан. Ойр орчим нэг их хүн байгаагүй. Би мөнгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал/ Хохирогч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 11 дүгээр баг 1 дүгээр байрны подвалд байрлах “Хувцас захиалга засвар” гэсэн оёдлын газарт оёдолчноор ажилладаг. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 13:40 минутын үед ажил дээрээ ганцаараа байхад гаднаас 50 орчим насны эмэгтэй хүн орж ирсэн. Тэр эмэгтэй хүн эсгүүрийн ширээний хажууд зогсоод пиджак захиалж хийлгэх гэсэн юм загварын зураг үзүүлээч гэж хэлээд халааснаасаа 3 ширхэг цагаан самар гаргаж ирээд надад өгсөн. Тэгээд би загварын зураг үзүүлсэн чинь арай биш байна гэж хэлэхээр нь би өөр загварын зураг үзүүлэхээр оёдлын газрын зүүн урд буланд байх буйдангийн урд байгаа ширээн дээрээс загварын зураг хайж байхад нөгөө эмэгтэй миний хажууд хүрч ирээд миний үзүүлэх гэж байсан загварын зургийг харж байснаа би материалаа аваад дараа орж ирье гэсэн. Тэр эмэгтэй оёдлын газрын онгорхой хаалгаар харагдаж байгаа 2-р байрыг тортой гараараа зааж манайх энэ байранд байдаг юм гэж хэлчхээд гарч явсан. Тэгээд тэр эмэгтэй гарч явснаас хойш 2 минутын дараа хүнтэй ярих гээд хэрээсний машин дээрээс гар утсаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй хүнийг аваад явчихлаа гэж бодоод гараад харахад нөгөө эмэгтэй ойр хавьд байхгүй байсан. Эсгүүрийн ширээний хажуу талын хэрээсны машинтай ширээн дээр тавьсан байсан. Тэр 50 орчим насны эмэгтэйг орж ирэхээс өмнө манай найз Сэмжээтамжид 12:40 минутын үед орж ирж надтай юм ярьж байгаад миний гар утсаар юнителийн дугаар уруу залгаж ярьчхаад буцаагаад хэрээсний машины машинтай ширээн дээр тавьсан. Би Сэмжээтамжидыг гарч явсны дараа даавуу индүүдэж байгаад гар утасныхаа цагийг харахад 12:54 минут болж байсан. Хар хөх өнгийн корпустай, гадуураа боронзон өнгийн гэртэй, SamsungGalaxy J-1 маркийн мэдрэгчтэй, 2 сим ордог гар утас байсан. Би 2016 оны 3 дугаар сард Юнителээс 250,000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. Миний алдагдсан гар утас бол шинэвтэр, дэлгэцний баруун дээд буланд шилэн наалт нь бага зэрэг хууларсан байгаа. Цэнхэр тортой зүйл барьсан, хар өнгийн нимгэн хар цувтай, богино үсээ боогоогүй задгай тавьсан, бор царайтай 50 орчим насны эмэгтэй хүн байсан. Миний ажигласнаар тэр эмэгтэй пиджак гэдэг үгийг пенжик гэж хэлэх нь содон санагдсан. Би тэр эмэгтэйг харвал танина. Тэр Тунгалаг гэдэг эмэгтэй мөн байна лээ. Би алдагдсан Samsung Galaxy J-1 маркийн гар утас 230,000 төгрөг, сим карт сэргээлгэх Юнителийн сим карт 3000 төгрөг, Жи Мобайлын сим карт 5000 төгрөг болсон. Надад нийт 238,000 төгрөгийн хохирол учирсан. Гар утсаа хулгайд алдсандаа гомдолтой байна. Би 238,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дахь тал/, Насанд хүрээгүй гэрч Т.Өлзийхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдрийн он сарыг сайн мэдэхгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр байх аа манай хичээл тараад би дүү Болорхишигтэй байрны хүүхдүүд болох Ренчин, Мөнхбаяр, нэрийг нь мэдэхгүй 2 охин нийлээд бид нар тоглож байсан юм. Тэгсэн 3 дугаар орцноос нэг хөгшин настай нүдний шилтэй хар хөх хувцастай эгч гарч ирээд бид нар дээр ирээд намайг гэртээ оруулж бие засуулах хүүхэд байна уу гэхээр нь Ренчин би гээд тэр эгчийг гэр уруугаа дагуулж орсон юм, тэгэхэд Мөнхбаяр бас дагаж орсон юм тэгээд би дүү Болорхишигтэй хамт түр байж байгаад араас нь орсон чинь тэр эгч том өрөөнд зогсож байгаад гал тогооны өрөө уруу Ренчинг эгчдээ ус хийгээд өг гэсэн чинь Ренчин аяганд ус хийж өгсөн юм тэгээд тэр эгч усаа уучхаад Мөнхбаярыг эмийн сан уруу гэдэсний эм аваад ир гээд гаргаж, дүү бид хоёрыг дэлгүүр ороод хөзөр аваад ир гээд 500 төгрөг өгөөд гаргасан юм. Дүү бид 2 дэлгүүр ороод хөзөр аваад гэр уруу нь очиж байтал Мөнхбаяртай гадаа таараад хамт Ренчингийн гэрт орсон чинь тэр эгч гараад явчихсан байсан тэгээд Ренчингээс асуусан чинь бид 3-н араас явсан гэсэн. Тэр эгч настай хөгшин, эмэгтэй, нүдний шилтэй, гартаа цүнх барьсан, хар хувцастай өөрийгөө багш гэж хэлж байсан юм. Би дахин харвал сайн танихгүй байх аа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдрийн он сарыг сайн мэдэхгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр байх аа манай хичээл тараад гэрт очсон чинь түлхүүр байхгүй байсан. Тэгээд гэрийн гадаа байж байсан чинь Ренчин гээд манай хажуу талд байсан, тухайн эмэгтэй нь Ренчинтэй юм ярьж байгаад гэрт нь ороод хөзөр тоглоё, танайд орж бие засъя гээд орсон би тухайн хүнийг Ренчингийн эмээ нь юм байх гэж бодсон. Тэгээд тухайн эмэгтэй надад 500 төгрөг өгөөд эм аваад ир гэсэн тэгээд Болороо, Хишгээ хоёрыг хөзөр аваад ир гээд гаргасан байсан. Тэгээд гадаа Болороо, Хишгээ бид гурав таараад хамт орсон чинь нөгөө эмэгтэй байхгүй байсан тэгэхээр нь би Ренчингээс нөгөө эмээ чинь хаачсан юм бэ гэсэн чинь та хэдийг ирэхгүй байна гээд хайх гээд гарсан гэсэн. Тэр эгч настай хөгшин хүн байсан юм. Нүдний шилтэй, гартаа цүнх барьж байсан, хар хувцастай өөрийгөө 15-р сургуулийн багш гэж хэлж байсан ба хүрэн өнгийн цүнхтэй ж-мобайлын утастай байсан. Би дахиж харвал сайн танина.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ Гэрч Б.Сэмжээтамжид байцаалтын шатанд өгсөн: “...Би Оюунчимэгтэй юм яриад 20-30 минут болсон байх аа. Би Оюунчимэгийн гар утсаар Энхтуяатай ярьчхаад Оюунчимэгийн гар утсыг хэрээсний машинтай ширээн дээр тавьсан. Би тэгээд оёдлын газраас гарч явсан. Тэгээд орой найз Энхтуяатай утсаар ярихад Оюунчимэг гар утсаа алдчихсан байна гэж хэлсэн байсан. Оюунчимэгийн гар утас 2 сим ордог, хавтгай дэлгэцтэй шинэ гар утас байсан. Яг ямар маркийн гар утас вэ? гэдгийг нь анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дахь тал/, -Бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 21 дэх тал/, -“Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №ДАР-16/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22 дахь тал/, -Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, -Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, -Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлийн сан /хавтаст хэргийн 41 дэх тал/, Зураг таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 51 дэх тал/, -Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6, 52 дахь тал/, -“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 23, мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 61, 137 дахь тал/, -Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 62, 138 дахь тал/, -Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 107 дахь тал/, -99689997 дугаарын 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй /хавтаст хэргийн 108-115 дахь тал/, -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 131 дэх тал/, -Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 132 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ч.Тунгалаг нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дархан сумын 16 дугаар баг, 21 дүгээр байрны 13 тоотод оршин суух Х.Жүрмэдийн гэрээс 43 граммтай монетон бөгж 1 ширхэг, 3,5 граммтай алтан бөгж 1 ширхэгийг хулгайлж 364,500 төгрөгийн, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дархан сум, Өргөө баг, Төмөр замын 15 дугаар байрны 60 тоотод оршин суух П.Жанлавмаагийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний урт мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 210,000 төгрөгийн, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан сумын 4 дүгээр баг, “Ок” нэртэй баарны хажууд байрлах Хаан банкны гадна иргэн Ц.Будын түрийвчтэй 391,000 төгрөгийг хулгайлсан, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 11 дүгээр баг, 1 дүгээр байрны подвалд байрлах “Хувцас захиалга засвар” оёдлын газраас иргэн Д.Оюунчимэгийн самсунг галакси маркийн гар утсыг хулгайлж 198,000 төгрөгийн, нийт 1,163,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Жүрмэд, Ц.Буд, П.Жанлавмаа, Д.Оюунчимэг, насанд хүрээгүй гэрч Т.Өлзийхишиг, Б.Мөнхбаяр, гэрч Б.Сэмжээтамжид нарын мэдүүлэг, эд зүйл үнэлгээ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Тунгалагийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Тунгалаг нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байна. Ч.Тунгалагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн нэг зүйл, нэг хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Тунгалаг нь хохирогч Х.Жүрмэдэд 350,000 төгрөг, Ц.Будад 236,000 төгрөг /хавтаст хэргийн 118 дахь тал/ тус бүр төлсөн, хохирогч П.Жанлавмаа, Д.Оюунчимэг нарт учирсан хохирлыг төлөөгүй байна. Иймд Ч.Тунгалагаас 563,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Будад 155,000 төгрөг, Д.Оюунчимэгт 198,000 төгрөг, П.Жанлавмаад 210,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Ч.Тунгалаг нь урьд ял шийтгүүлж байсан боловч “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна, ахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэсэн түүний мэдүүлэг, биеийн эрүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Ч.Тунгалаг нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си-диг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Тунгалагийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Тунгалагт эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баричлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Ч.Тунгалагт оногдуулсан 6 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-диг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тунгалагаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 563,000 /таван зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Харчин овогт Дагвадоржийн Оюунчимэг /Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Октябрийн 2-3А тоотод оршин суух/-т 198,000 төгрөг, хохирогч Тайж нар овогт Цэрэндолгорын Буд /Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17-53 тоотод оршин суух/-д 155,000 төгрөг, хохирогч Харчууд овогт Пүрэвхүүгийн Жанлавмаа /Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 15-60 тоотод оршин суух/-д 210,000 төгрөгийг тус тус олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тунгалагт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ч.Тунгалагт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД