Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2016/0093

 

2016 оны 1 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2016/0093

Улаанбаатар хот

 

 

“Г” ХХК, “Э” ХХК-иудын

Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, гуравдагч этгээд “Л”-ийн өмгөөлөгч Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 691 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК, “Э” ХХК-иуд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сургалтын мэдээлэл, зар сурталчилгаанд EEDU-line нэршлийг байнга байршуулан мөн компанийн лого Eхосолсон тэмдгийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж гадаадын их сургууль, коллежуудад Монголын хүүхэд залуучуудыг сурч, хүмүүжих, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулан олны танил байгууллага болон үйл ажиллагаа явуулж ирсэн. Улмаар 2013 онд “Э” (E) ХХК болгон өргөжүүлж, үйл ажиллагаагаа дэлхийн түвшинд танигдсан нэр хүндтэй компани болон хөгжиж ирлээ. Гэтэл манай компанийн үндсэн болон өдөр тутмын үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг www.edu-line.mn, www.eduline.mn веб сайтууд төдийгүй компанийн лого тэмдгийг Оюуны өмчийн газар нь манай компанид хөдөлмөрийн гэрээний дагуу IТ /мэдээлэл технологийн/ инженерээр ажиллаж байсан Л гэгч хүнд өмчлүүлэхээр 11964, 12961, 13312 дугаар бүхий барааны тэмдгийн гэрчилгээ олгосон байна. Оюуны Өмчийн Газрын даргын 2014 оны 31 дүгээр тушаалаар 11964 тоот гэрчилгээ олгогдсон www.edu-line.mn барааны тэмдгийн тухайд гэвэл анх “Г” ХХК нь өөрийн Eсургалт, зуучлалын албаныхаа нэршил, 2007 оноос мэдээлэл зарсурталчилгаанд байршуулан ашиглаж байсан Edu-line.mn, Eduline.mn домэйн нэрүүдийг үүсгүүлж авахаар 2009 оны 8 сарын 03-ны өдөр “Д” ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээнд оруулсан боловч тухайн үед зөвхөн дундуур зураастай www.edu-line.mn домэйн нэрийг “Г” ХХК-д эзэмшүүлэхээр албан ёсоор гэрээ хийгдэж 123.52 ам доллар буюу 179,600.00 төгрөг төлж үйлчилгээний эрхээ авч, гэрээний дагуу холбогдох төлбөр тооцоог “Г” ХХК тогтмол төлж, уг сайтаар дамжуулан өөрийн компанийн үйл ажиллагааг явуулж ирсэн.

“Д” ХХК нь зөвхөн нэг талын заалтыг барьж шилжүүлсэн зүй бус үйлдэл хийгдсэн болно. 2009 оны 8 дугаар сарын 07-ний өдөр хувь хүн буюу “Д”-ийн нэр дээр бүртгүүлэхдээ үйлчилгээний эрх буюу төлбөр тооцоо хийсэн баримт байхгүй болно.

12961 тоот гэрчилгээ олгогдсон www.eduline.mn барааны тэмдгийн тухайд “Г” ХХК-ийн “Э” ХХК-ийн боловсрол зуучлалын төвөө 2013 оны 5 сард Эдүлайн (E) ХХК болгон өргөжүүлж, 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үүсгүүлэхээр өгч байсан www.edu-line.mn вэб сайтыг эзэмших саналыг компанийн ажилтнуудтай ярилцаж байж авсан бөгөөд холбогдох төлбөр тооцоог 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн.

Л нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтны хувьд манай компанийг төлөөлж “Д” ХХК-тай гэрээ хийсэн тул edu-line.mn, eduline.mn сайтуудын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь “Г” ХХК болон “Э” ХХК-ууд болох нь тодорхой юм.

2007-2008 онуудад Монголын зар сурталчилгааны Зар мэдээ сонинд “Г” ХХК-ний мэдээлэл, зар сурталчилгаанд E лого, E, E гэх нэршлийг тогтмол байршуулан ирсэн нь “Л”-тай хамааралгүй болохыг харуулж байгаа. Мөн анх “Л”-г 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр IT инженерээр ажилд орох хүсэлттэй ирэхэд нь компаниас бөглүүлсэн анкетын баруун дээд өнцөгт тус компанийн E лого тэмдэг байршсан байдаг.

2007 оноос Зар мэдээ сонинд сурталчилгаа, зараа тавьж байх үедээ ч Eлогогоо байршуулан ашиглаж ирсэн байдаг. Энэ бүгдээс харахад Eлого тэмдэг нь “Л”-тай ямар ч хамааралгүй болохыг нотлон харуулж байна.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8-д заасан бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил барааны тэмдгийг бүртгэхгүй байх хуулийн заалтыг зөрчсөн. Парисын конвенцын 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг заавал мэдүүлэг гаргах, бүртгэлгүйгээр хамгаална гэж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус баталгаажуулсан байдаг. Гэтэл Оюуны өмчийн газар нь дээрх барааны тэмдгийг бүртгэхгүй байх хуулийн заалтуудыг зөрчиж гэрчилгээ олгосон. Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 31 дүгээр тушаалаар олгогдсон www.edu-line.mn барааны тэмдгийн 11964 тоот гэрчилгээ, мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаар тушаалаар олгогдсон www.eduline.mn барааны тэмдгийн 12961 тоот гэрчилгээ, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар олгогдсон Eлого тэмдэгбүхий барааны тэмдгийн 13312 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т Бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй бол бүртгэхгүй гэж заасан байдаг. Энэ нь тухайн бараа, үйлчилгээний чанар, түүнийг үйлдвэрлэгч, эсвэл тухайн бараа, үйлчилгээний гарал үүслийн талаар хэрэглэгчдэд бодит байдлаас өөр төсөөлөл төрүүлж болох илэрхийллийг энд ойлгодог ба бүртгэгдсэн тэмдэг нь агуулгаараа эсхүл тэмдгийг хэрэглэх үйлчилгээний хувьд хэрэглэгчид төөрөгдөлд орно гэж үзэхгүй байна.

5.2.8-т Бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар; эрхийн хамгаалалт хийж барааны тэмдгийг бүртгэхгүй хэмээн үздэг Eнэртэй барааны тэмдгүүдийн улсын бүртгэлийн 11964, 12961, 13312 дугааруудтай гэрчилгээг нийтэд түгээмэл болсон аж үйлдвэрийн өмч гэж үзээгүй. Тухайн тэмдгийг нийтэд түгээмэл болсон гэдгийг шинжээч өөрийн үзэмжээр тогтоодоггүй бөгөөд тэмдгийг эзэмшигч өөрөө тухайн барааны тэмдгээ нийтэд түгээмэл болсон гэдгийг тухайн компани нь нийтэд түгээмэл гэсэн тэмдгээ бүртгүүлэхийг хүссэн албан бичгийн дагуу түгээмэл барааны тэмдгийг бүртгэж авдаг.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан мөн Нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийг бүртгэх журамд заасан шаардлага нөхцлийг хангасан тохиолдолд Оюуны өмчийн дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст хандаж хүлээн зөвшөөрүүлж бүртгүүлэхээр заасан байдаг. Мөн хуулийн 5.5-т Энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага баталж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ гэж тус тус заасан байдаг. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны бүх гишүүн оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг заавал мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасан нь аж ахуйн нэгжийн нэр гэж зохих журмын дагуу байгуулагдаж улсын бүртгэлд хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаа явуулахад ашиглах оноосон нэрийг хэлж буй хэлбэр юм. Барааны тэмдгийн нэрийн хувьд үйлдвэрлэл үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд оноосон үг болон үг дүрс, өнгө өнгөний хосолмол хэлбэрээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан шаардлага хангасан нөхцөлд эрхийн хамгаалалт хийгдэж улсын бүртгэлд бүртгэгддэг биет бус өмч юм. Мөн Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрээр тухайн эрхийн хамгаалалт хийгдэж буй бараа, үйлчилгээг ямар бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрхэн ашиглах талаар заасан байдаг. Энэ ангилалд заасан нэр үйлчилгээ нь барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын хязгаар заагийг тогтоож өгч байгаа юм.

Э гэдэг нэр нь улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн нэр юм. Оюуны өмчийн газрын эрхийн хамгаалалт хийж бүртгэсэн Eгэсэн нэр нь цахим орчинд үйл ажиллагаа явуулахаар заасан үйлчилгээний нэр болгон өмчилж өгсөн барааны тэмдэг юм гэжээ.

Гуравдагч этгээд Д.Лхагвасамдан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...edu-line.mn боловсролын вэб сайт хийх санааг анх 10 жилээ төгсөхдөө өөрт байсан мэргэжлээ хэрхэн сонгох гадаадын их дээд сургуулиудад элсэн орох, тэтгэлэгт хамрагдах зэрэг мэдээллүүдээ бусдад түгээх зорилготой 2004 онд анх олсон бөгөөд энэ санаагаа 2007 онд Их засаг их сургуульд сурч байхдаа курсын ажил хийж бодит ажил болгож зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно. Улмаар шинжлэх ухаан Технологийн хүрээлэнд дадлага хийх үедээ вэб сайтаа хөгжүүлэн илүү боловсронгуй болгосон. 2008 онд сургуулиа төгсөөд Монголын үндэсний дээд сургуульд Сүлжээний инженер програм хангамжийн багшаар ажилд орсон бөгөөд багш оюутнуудтай санал бодлоо солилцон мэдээ, мэдээлэл түгээж вэбээ хөгжүүлсээр байсан.

Намайг ажилд орсны дараа буюу 2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр анх удаа Англи, Солонгос хэлний түр сургалтын зөвшөөрөл авч сургалт явуулах бэлтгэл ажил эхэлсэн байдаг.

Би 2009 онд боловсролын мэдээлэл түгээдэг edu-line.mn вэб сайтынхаа талаар товчхон талцуулаад өнгөрсөн юм. Хэд хоногийн дараа намайг захирал дуудаж цугтаа оройн хоолонд ороод Чиний вэб сайт дээр компанийхаа мэдээлэл байршуулах саналтай байна сар бүр 1 саяын төлбөр өгнө, одоохондоо маш бага мөнгө боловч компани үнэхээр сайн ашиг олбол чамд жилийн эцэст ашгийн 25%-ийг өгсөн ч болно гэж санал тавихад нь би зөвшөөрч бид тохиролцсон. Мөн түүнчлэн Domain болон Host-ын сунгалтын төлбөрийг компани гаргах тохиролцоонд хүрч нэмэгдсэн өртгийн албан татварыг авч өгөхийн тулд Д-той байгуулсан цаасан гэрээн дээр “Г” ХХК нэрийг оруулж өгөх үндсэн тусгай эзэмшигч дээр зөвхөн Монгол Улсын иргэн Л ([email protected]) и-мэйл хаяг дээр зөвхөн ганцаараа эзэмших удирдах эрхтэйгээр бүртгүүлэн өөрийн 2007 оноос хойш хөгжүүлж ирсэн зохиогчийн эрхээр хамгаалуулсан вэбээ хуулж байршуулсан болно. Мөн миний оюуны өмчийг ашиглан 2010-2013 оны хооронд хуурамч Edu-line ХХК бий болгож Монгол Улсын 2000 орчим иргэдийн олон тэрбум төгрөгийг залилан авсан мөн 1000 орчим иргэдийн орон сууц, газар, хашаа байшин, машин зэргийг хууль бусаар барьцаалан авч хохирол учруулдаг байжээ. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 691 дүгээр шийдвэрээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.2.5, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 31 дүгээр тушаалаар олгогдсон www.edu-line.mn барааны тэмдгийн 11964 тоот гэрчилгээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаар тушаалаар олгогдсон www.eduline.mn барааны тэмдгийн 12961 тоот гэрчилгээ, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар олгогдсон Eлого тэмдэг бүхий барааны тэмдгийн 13312 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г давж заалдах гомдолдоо: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5-р зүйлийн 5.2.5.бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй бол бүртгэхгүй гэж заасан байдаг. Энэ нь тухайн бараа, үйлчилгээний чанар, түүнийг үйлдвэрлэгч, эсвэл тухайн бараа, үйлчилгээний гарал үүслийн талаар хэрэглэгчдэд бодит байдлаас өөр төсөөлөл төрүүлж болох илэрхийллийг энд ойлгодог ба бүртгэгдсэн тэмдэг нь агуулгаараа эсхүл тэмдгийг хэрэглэх үйлчилгээний хувьд хэрэглэгчид төөрөгдөлд орно гэж үзэхгүй байна.5.2.8-д бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэрхүндийг гутаахаар, эрхийн хамгаалалт хийж барааны тэмдгийг бүртгэхгүй хэмээн үздэг Eнэртэй барааны тэмдгүүдийн улсын бүртгэлийн 11964, 12961, 13312 дугааруудтай гэрчилгээг нийтэд түгээмэл болсон аж үйлдвэрийн өмч гэж үзээгүй. Тухайн тэмдгийг нийтэд түгээмэл болсон гэдгийг шинжээч өөрийн үзэмжээр тогтоодоггүй бөгөөд тэмдгийг эзэмшигч өөрөө тухайн барааны тэмдгээ нийтэд түгээмэл болсон гэдгийг тухайн компани нь нийтэд түгээмэл гэсэн тэмдэгээ бүртгүүлэхийг хүссэн албан бичгийн дагуу түгээмэл барааны тэмдгийг бүртгэж авдаг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан, мөн "Нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийг бүртгэх" журамд заасан шаардлага нөхцөлийг хангасан тохиолдолд Оюуны өмчийн дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст хандаж хүлээн зөвшөөрүүлдэг бүртгүүлэхээр заасан байдаг. Мөн хуулийн 5.5-д Энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага баталж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээллэнэ гэж тус тус заасан байдаг. 5.2.9-д Монгол Улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр бол бүртгэхгүй гэж заасан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д заасан зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийн объект гэж үзэх үндэслэлгүйбайна. Учир нь "е" гэдэг нэрийг Монгол улсад түгээмэл болсон зохиогчийн эрхийн бүтээл гэж үзэхгүй байна.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисийн конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны бүх гишүүн оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг заавал мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасан нь аж ахуйн нэгжийн нэр гэж зохих журмын дагуу байгуулагдаж улсын бүртгэлд хуулийн этгээд өөрийн уйл ажиллагаа явуулахад ашиглах оноосон нэрийг хэлж буй хэлбэр юм. Барааны тэмдгийн нэрийн хувьд үйлдвэрлэл үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд оноосон үг болон үг дүрс, өнгө өнгөний хосолмол хэлбэрээр Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасан шаардлага хангасан нөхцөлд эрхийн хамгаалалд хийгдэж улсын бүртгэлд бүртгэгддэг биет бус өмч юм. Мөн Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрээр тухайн эрхийн хамгаалалт хийгдэж буй бараа, үйлчилгээг ямар бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрхэн ашиглах талаар заасан байдаг. Энэ ангилалд заасан нэр үйлчилгээ ньбарааны тэмдгийн эрхийн хамгаалалтын хязгаар заагийг тогтоож өгч байгаа юм.

Э гэдэг нэр нь улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллага явуулж буй хуулийн этгээдийн нэр юм. Оюуны өмчийн газрын эрхийн хамгаалалт хийж бүртгэсэн E гэсэн нэр нь цахим орчинд үйл ажиллагаа явуулахаар заасан үйлчилгээний 42 дугаар ангилалаар эрхийн хамгаалалт хийж өмчилж өгсөн барааны тэмдэг юм. гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 21 өдрийн 691 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний хувьд вэб сайтыг хийх санаагаа 2004 онд анх олсон бөгөөд 2007 онд Их Засаг Их сургуульд байхдаа хийж холбогдох барааны тэмдэгийн хууль тогтоомжийн дагуу 45 зүйл заалтаас өөрийн үйл ажиллагаанд хэрэгтэй "цахим хуудас" гэсэн ангилалд оюуны өмчөөр хамгаалуулсан юм. Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 31 дүгээр тушаалаар 11964 тоот www.edu-line.mn дээр цахим хуудас ангилалд оюуны өмчийн гэрчилгээ авсан.

Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 143 дүгээр тушаалаар 12961 тоот edu-line логог цахим хуудас ангилалд оюуны өмчийн гэрчилгээ авсан.

Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 143 дүгээр тушаалаар 13312 тоот www.eduline.mn цахим хуудас ангилалд оюуны өмчийн гэрчилгээ авсан.

Мөн 2012 оны 12 дугаар сарын 20 өдөр E буюу "Боловсролын чиг шугам" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 9071033053 тоот улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг авч аж үйлдвэрийн өмчийн хүрээнд E эрхээ хамгаалуулсан болно. Энэ тухай гэрчилгээний хуулбарыг оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комиссын хуралд гаргаж өгсөн нотлох баримтанд байгаа юм.

Гэтэл улсын бүртгэлд "E" ХХК-ийг 2013 оны 04 дүгээр сарын 15 өдөр бүртгүүлж аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйл болон барааны тэмдэгтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д бараа үйлчилгээний хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй, 5.2.8-д бараа үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтийг бүртгэж авахгүй гэсэн хуулийн заалтуудыг ашиглан нэг талыг баримталж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Монгол улсын иргэн миний оюуны өмчийн ангилалд гэрчилгээ аваагүй байгаа аж үйлдвэрийн нэр болон олон нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг зэрэг ангилалын гэрчилгээ авчихсан байгаа мэтээр үзэж шүүх оюуны өмчийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан явдалд маш их гомдолтой байна.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэлт хийж чадаагүй хэт нэг талыг барьсан нотлох баримтыг дутуу үнэлсэн хуулийг буруу талаас нь гуйвуулж нэг талын нотлох баримтанд ашигтай байдлаар тайлбарлаж байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэлд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо ... www.eduline.mn вэб сайт хийх санаагаа 2004 онд анх олсон бөгөөд 2007 онд Их засаг их сургуульд байхдаа хийж оюуны өмчөөр хамгаалуулсан... гэжээ.

Хэрэгт авагдсан Их засаг их сургуулийн архивт хийсэн үзлэгийн тэмдэглэл, “Г”ХХК-ийн E, E, E гэх зэрэг нэрээр зар сурталчилгаа байршуулсан Зар мэдээ сонины хуулбарууд, тус сонины газраас ирүүлсэн тодорхойлолт, гуравдагч этгээд “Л”-ийн “Г” ХХК-д анх ажилд орохдоо бөглөсөн 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн анкетын[1] буланд E гэсэн лого хэрэглэсэн байдал, нэхэмжлэгч компанийн захирал болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэх 2011 оны 5 дугаар сарын 2/53 дугаар гэрээг хуурамч болохыг тогтоосон Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 24-ний 661 дүгээр тогтоол, “Г” ХХК-ийн 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Д” ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээнд Домэйн нэр: edu-line.mn гэж тусгагдсан байдал зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь 2007 оноос E, E, E, edu-line.mn гэх илэрхийллийг 2007 оноос лого болон вэб сайтын нэрээр сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байсан нь тогтоогджээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгохоор, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй бол барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар заажээ. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Д.Лхагвасамданд олгосон Барааны тэмдгийн гэрчилгээнд Бараа, үйлчилгээний олон улсын ангиллыг зар сурталчилгаа хэвлэн нийтлэх, компьютерийн сүлжээгээр зар сурталчилгаа түгээх, зар сурталчилгааны талбай, зай түрээслэх, сургалтын төв, вэб хуудас буюу цахим орчин /42 гэсэн ангилал/ гэж зааснаас үзвэл тухайн илэрхийллүүдийг хэрэглэн явуулж байгаа нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай адил байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг энэ төрлийн үйл ажиллагааг тус сурталчилгааны нэршил, вэб сайтаар мэддэг болсон хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна.

Мөн нэхэмжлэгч “Э” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд үүнээс хойш дээрх барааны тэмдгийг бүртгэсэн нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлд зааснаар ... аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг заавал мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасныг зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд барааны тэмдэг нь оюуны өмчийн газрын эрхийн хамгаалалт тогтоосон нэр бөгөөд хуулийн этгээдийн нэр нь улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэр... Оюуны өмчийн газраас хайлт хийхдээ Оюуны өмчийн сан, дэлхийн оюуны өмчийн газраас л хайлт хийдэг. Хайлтын хүрээ нь зөвхөн үүгээр хязгаарлагддаг. Улсын бүртгэлийн сангаас хайлт хийдэггүй хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасныг биелүүлэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Оюуны өмчийн газар нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 2007 оноос хойш үйл ажиллагаандаа хэрэглэж байсан дээрх илэрхийллүүдийг гуравдагч этгээд “Л”-ийн нэр дээр адил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдгээр бүртгэсэн нь дээрх хууль, олон улсын гэрээг зөрчсөн байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ