Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 841

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Д.Т

Хариуцагч: ЭМЯ ТНБД

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *******, ******* дугаар тушаалуудын өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд буюу Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, Төрийн захиргааны удирдлагын газрын Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие эрүүл мэндийн салбарт 25 жил, үүнээс төрийн захиргааны байгууллагад 11 жил ажилласны 4 жил нь Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна. Гэвч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *******, ******* дугаар тушаалуудаар албан ажлаас чөлөөлсөн. Уг тушаалд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, дэд сайдын туслахын албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээт ажилтан болгон өөрчилж, томилсон.

Засгийн газрын 2018 оны “Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 58 дугаар тогтоол, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын “Эрүүл мэндийн яамны бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг батлах тухай” А/72 дугаар тушаалд Төрийн захиргааны удирдлагын газрын Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо, үндсэн чиг үүрэг огт өөрчлөгдөөгүй, хасагдаагүй байхад дээрх хуулийн заалтуудыг үндэслэн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг гэрээт ажилтан болгосон.

Уг албан тушаалаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд чөлөөлсөн тушаалын хувийг миний бие 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гардаж авсан. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны А/72 дугаартай тушаалын хавсралтад заагдсан Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, төрийн нарийн бичгийн даргын туслах болгосон ч өмнө эрхэлж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа.

Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албан хаагч болоогүй хүнийг миний оронд тус ажлын байранд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн зарчмыг алдагдуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Мөн нэхэмжлэгч Д.Т-с 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагад нэмэлт оруулах тухай” тодруулгадаа: “Урьд эрхэлж байсан албан тушаалд буюу Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, Төрийн захиргааны удирдлагын газрын Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах саналыг нэмэлтээр оруулж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Т нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/61 тоот тушаалаар “Харьяа байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд сайдын туслах” гэсэн албан тушаалд 2016 оны Б/75 дугаар тушаалаар томилогдож ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 58 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолын хүрээнд Эрүүл мэндийн яамны бүтэц, стратегийг баталсан. ЭМЯ ТНБД энэ тогтоолын хүрээнд, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны тодорхойлолтыг Төрийн нарийн бичгийн дарга батална” гэж заасан эрхийн хүрээнд  “Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах” тухай 2018 оны А/72 тоот тушаалыг батлан гаргасан. А/72 тоот тушаалд Д.Т-н өмнө нь эрхэлж байсан албан тушаалын орон тоо болон чиг үүрэг үгүй болсон. Энэ нь Засгийн газрын 58 дугаар тогтоолтой холбоотой. Мөн Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн болон Төрийн нарийн бичгийн даргын туслахын албан тушаал нь нэг ажлын байр болж батлагдсан. 2018 оны нийт албан хаагчдад Эрүүл мэндийн яамны бүтэц шинэчлэн батлагдсантай холбоотой сонсох ажиллагааг хийх үед Д.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байсан.

Маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг хангуулна” заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүтэц, зохион байгуулалт болон томилгоотой холбоотой шийдвэрийг гаргасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь анх тус шүүхэд хандан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *******, ******* дугаар тушаалуудын өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа

“Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *******, ******* дугаар тушаалуудын өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд буюу яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

              Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаас үзэхэд,

              1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” Б/205 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын бүтцэд “Харьяа байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, төрийн нарийн бичгийн даргын туслах”-ын орон тоог 1 байхаар баталсантай холбогдуулан нэхэмжлэгч Д.Т-г Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/215 дугаар тушаалаар Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, төрийн нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд томилжээ.

              Улмаар,  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/61 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн яамны зохион байгуулалт бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг баталсантай холбогдуулан нэхэмжлэгч Д.Т-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд сайдын туслахын албан тушаалд томилсон байна.

              2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 58 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/72 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн баталж, “Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын туслах ажлын байр -1”[1] байхаар тогтоожээ.

              Үүнтэй холбогдуулан, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Т-г Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд сайдын туслахын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Төрийн нарийн бичгийн даргын ******* дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас  “дахин” чөлөөлж, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр дэд сайдын туслахаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасанчлан  хариуцагч ЭМЯ ТНБД нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4 (төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар чөлөөлөх),  24 дүгээр зүйл (төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан), 25 дугаар зүйлд (төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан) заасанчлан хуульд заасан эдгээр нөхцөлүүдийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд л захиргааны байгууллага, албан тушаалтанд “захиргааны санаачилгаар” төрийн албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх эрх үүсэхээр хуульчилжээ.

4. Засгийн газрын 2018 оны 58 дугаар тогтоол, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/72 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн, нэхэмжлэгч Д.Т-н урьд эрхэлж байсан “Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд сайдын туслах”-ын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын туслах /ТЗ 7/, дэд сайдын туслах /хөлсөөр ажиллах гэрээгээр/ гэсэн 2 албан тушаал болгон хуваасан байна. Үүнтэй холбогдуулан, хариуцагчийн зүгээс Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ******* болон *******  дугаар тушаалыг гарган, Д.Т-г төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 болон 27.2.4 дэх заалтыг үндэслэсэн байх боловч Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” тусгай зарчимд нийцээгүй байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” А/72 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Т-н эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасанчлан хасагдаагүй, харин мөн хуулийн 24.2.3-т зааснаар өөрчлөгдсөн болох нь уг тушаалын  хавсралтын 8-д тусгагдсан “Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын туслах ажлын байр -1” –ийн ажлын байрны чиг үүрэг, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр баталсан “Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт”-оор тус тус тогтоож байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” хэмээн заасанчлан хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан төрийн албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж тухайн албан тушаалд томилох ёстой.

5. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг үндэслэсэн гэж тайлбарлан маргаж байна.

Гэвч хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заагдсан нэхэмжлэгчийн сонгох /“цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих”, “төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших” эсхүл “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг” авах/ эрхийг хангахтай холбоотой, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийсэн эсэх талаарх болон мөн хуулийн 26 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагааг явуулсан эсэх талаарх баримтыг шүүхэд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, нөхцөл байдлыг тодруулах, сонсох ажиллагааг явуулсныг нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн “сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл”, ”оролцогчоос санал авах хуудас” гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй,

хариуцагчийн зүгээс Төрийн албан зөвлөлд хүргүүлсэн Эрүүл мэндийн яамны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2/2197 дугаар албан бичигт дурдсан “сонсох ажиллагаа явуулсан баримт, Д.Т-н эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй талаар өгсөн тайлбар, санал байхгүй” гэх албан бичгээс зөрүүтэй /эргэлцээ төрүүлэхүйц/, нэхэмжлэгчийн сонгох эрхтэй холбоотой болон нөхцөл байдлыг тодруулах, сонсох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан эсэх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд хууль тогтоомжоор захиргааны албан тушаалтны бүрэн эрхэд хамаарах энэхүү асуудлыг шүүхийн журмаар тогтоох боломжгүй өөрөөр хэлбэл нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасанчлан хариуцагч ЭМЯ ТНБД нь төрийн албаны тухай хууль тогтоомжид заагдсан журмын дагуу нэхэмжлэгч Д.Т-н үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин зэрэгт үнэлэлт өгч, түүнийг Төрийн захиргааны удирдлагын газрын Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ******* болон ******* дугаар тушаалын нэхэмжлэгч Д.Т-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ******* болон ******* дугаар тушаалын нэхэмжлэгч Д.Т-т холбогдох хэсэг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА

 


[1] ХХ – 90 дэх тал.