Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00735

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00735

Дорнод аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй,

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол 124062302 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, прокурор Л.Мөнхбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Ганганцэцэг, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1957 онд төрсөн, 60 настай. Би Дорнод аймгийн ******* сумын Нефть баазын харьяа Шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг байсан. 1995 оны 02 сарын 06-ны өдөр тус сумын иргэн Ч.Батболд гэгч нь сумын уурын зууханд шатаагдаж нас барсан байдалтай олдсон аймшигт хэрэг гарсан. Тэр өдрөөс хойш сэжиглэгдэн байцаагдаж сумын конторт 4 хоног, аймгийн цагдаагийн газрын цагдан хорих байранд 80 хоног хоригдож шалгагдаж байгаад шууд Улаанбаатар хот руу Ганц худагт 15 хоног хорьж нийт 99 хоног цагдан хоригдсон. Тухайн үед шалгагдаж байхад Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйл анги тулган ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял сонсгон яллагдагчаар хорьж байсан. Намайг Дорнод аймагт хоригдож байхад Хүдэрчүлуун хурандаа намайг өрөөндөө дуудан 5-6 удаа байцаалт мэдүүлэг авч алуурчин, хэргээ хүлээ гэж айлган сүрдүүлдэг байсан. Гэтэл энэ Батболдын гэх 507107 тоот хэрэгт намайг байцааж байсан байцаалтууд байхгүй, надад хууль сануулахгүй байцаах, өмгөөлөгч авах эрхийг маань боогдуулж байсан. Энэ мэтээр миний эрх зөрчигдөж хоригдсоор 1995 оны 05 сарын 15-нд УМБГ-ын 2-р хэлтсийн байцаагч Эрдэнэбаяр гэх хүний тогтоолоор батлан даалтанд гарсан. Батлан даалтанд гарсан ч Улаанбаатар хотод хоёр сар шахам өдөр болгон дуудагдан байцаагдаж хяналтанд нь байдаг байсан. Намайг хотод байх хугацаанд хамаатны маань хүн даалтанд авч гэртээ байлгасан ч гэсэн. Надтай дуугарахгүй, чимээгүй байдаг байсан. Энэ хугацаанд би хотод найз нөхдийнхөөрөө явж ямар учиртай байгааг асуухад нь худлаа хэлээд хоёр сар шахам болсон. Намайг энэ хэрэгт холбогдсноос хойш эцэг, эхийн маань биеийн байдал муудаж аав маань намайг очиход хэвтэрт орсон. Хүүхдүүд маань сургууль соёлдоо явахгүй, харж хандах хүнгүйн улмаас хөдөө байдаг эцэг эхийг маань бараадсан байсан. Амьдрал маань орвонгоороо эргэж зах зээлийн хүнд хэцүү үед гэр оронгүй, ажил төрөлгүй болж өрх толгойлсон нэн ядуу эмэгтэй болсон. Миний хувь энэ хэрэгт холбогдохын өмнө ажил төрөлтэй, гэр оронтой байсан. Энэ хэрэгт шалгагдсаны улмаас өөрийн болон эцэг эхийнхээ хөрөнгийг зарж үрэн байнга дуудаж байсан учир өөрийн зардлаар цагт нь очдог байсан. Би өөрийн гэсэн мал, хөрөнгө, байраа зарж дуудсан цагт очдог байсан. Сум орондоо ч алуурчин гэмт хэрэгтэнгээрээ дуудуулан бусдад нүд үзүүрлэгдэх болсон. Дээрээс нь Батболдын гэр бүлийн болон ойр дотных нь хүмүүс болон захын согтуу хүн элдвээр дайрч доромжилно. Хохирогчийн тал намайг Ганбаатартай нийлээд хийсэн гэж бодчихсон. Намайг бүгд алуурчин гээд Эрээнцавд байх аргагүй байсан. Гэвч би өөр тийшээ явах бодолгүй тэндээ л байсан. Энэ хэргээс болж миний зүрх муудсан, тархины судасны нарийсалттай болж байнга даралт ихсэж эмнэлгийн хяналтад байдаг. Миний гурван хүүхэд маань сургууль, соёлгүй болцгоосон. Энэ хэргийн талаар тухайн үеийн Хөх толбо сонинд нэртэй устай маань бичигдэж орон даяаар тараагдаж байсан. Би тухайн үед сонинг авна гэж ойлгоогүй байсан. Одоо хүртэл Энхсайхан гэгч эмэгтэй намайг 4-5 удаа зодсон. Алуурчин гээд л зодсон. Захын хүн намайг доромжилж байдаг. Энэ хэрэгт холбогдсноос хойш миний нэр хэзээ ч сэргэхгүйгээр болсон. Олон удаа байцаагдаж байсан. Сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирсон. Зүрх муу, даралт ихэсдэг, толгой байнга өвднө, тархины судасны нарийсалттай болсон. Энэ хэргийн тухай бодох, ярихад л бие маань мууддаг. Тухайн үед намайг ажилд авах газар олдохгүй, ажилд авах талаар ярьж байгаад хэрэгт холбогдолгүй гэсэн бичгээ аваад ир гэдэг байсан. Манай сумынхан надаас их цэрэвдэг байсан. Манай сумын хэсгийн төлөөлөгч надад миний хяналтанд байгаа шүү гэж анхааруулж байсан. Ажил хийх ямар ч боломж байгаагүй. Хохирогч Батболдын дүү нь цагдаагийн газарт ажилладаг байсан. Тэр хүн намайг цаг ямагт хялаан муухай харж харцаараа сүрдүүлж та нарыг заавал яллана, яланд явуулна гэж байнгын сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан. Энэ мэт маш зовлонтой шаналгаатай өдөр хоногуудыг өнгөрүүлж амьдарч ирсэн. Энэ хэргийн жинхэнэ гэм буруутай этгээд болох Ө.Ганзориг нь 15 жилийн дараа буюу 2010 оны эхээр хэргээ илчилж Батболдыг алсан болох нь тогтоогдсон боловч тэр үед хэрэгт хариуцлага тооцох хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид эзэн холбогдогч тогтоогдсон тул холбогдолгүй болгох талаар гомдол гаргаж байсан. Гэвч шийдвэрлээгүй. Дахин гомдол гаргаж 2016 оны 06 сарын 14-ний өдөр 5/33 тоот тогтоолоор надад авсан цагдан хоригдсон, сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгож холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр сая л гарсан. Хэдийгээр хувийн батлан даалтанд гарсан боловч хилсээр сэжигтэн, гэмт этгээдээр тооцогдон цагдан хоригдож, яллагдагчаар татагдан 99 хоног хоригдсон болон ялын дээд хэмжээ цаазаар авах ял тулгагдан эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирон 21 жил чөлөөтэй амьдарх эрхээ хасуулж, олон жил алуурчин хэмээн доромжлуулж явсандаа маш их харамсаж байна. Иймээс энэ хэрэгт 1995 оны 02 сарын 06-наас 2016 оны 06 сарын 14-ний хүртэл 21 жил 4 сар 8 хоног сэжигтэн, яллагдагчаар татагдан явснаас 99 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсоны нөхөн төлбөрт /99*240000/ 23760000 төгрөг гаргуулах, хэрэгт шалгагдснаас болж эрхэлсэн ажил, төрөлгүй болсон учир 1995 оны 02 сарын 06-наас хойш тэтгэвэрт гарах хүртэл 18 жил ажилгүй болж сар бүр авч байсан цалингаа авч чадаагүй хохирсон. Иймд сар бүр авч байсан цалинг тэтгэвэр тогтоолгох насанд хүртэлх хугацааг ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үнэлэн бодож авах ёстой байсан цалин 51840000 төгрөг /18 жил*12 сар*240000 төгрөг/, миний бие 2012 оны 11 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр тогтоолгох хүртлээ ажилласан бол 38 жил тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж тэтгэврээ өндрөөр тогтоолгох байсан. Гэтэл 20 жил ажилласанд тооцогдон 247398 төгрөг тогтоогдож бага тэтгэвэр тогтоолгон хохирч байна. Сэтгэл санааны хохирол арилгуулахаар 100000000 төгрөг нэхэмжилж байна. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан 1300000 төгрөг өмгөөлөлийн хөлсөнд төлсөн. Иймд миний бие сэтгэл санаа болон эдэлж чадаагүй эрх ашгаа хамгаалж нөхөн төлбөрт 176900000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж өгнө үү. Миний бие нь тухайн үед 38 настай, өөрийн гэсэн гэр оронтой, ажил төрөлтэй байсан. Тухайн өдөр таарсныхаа төлөө сэжиглэгдэн 21 жил сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирч явна. Миний хувьд өөрийн гэсэн гэр оронгүй, мал хөрөнгөгүй, гурван хүүхдээ амьдрал залгуулах гэж үйлээ үзэн явж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.*******ийг дүүтэйгээ хамтран талийгаач Батболдыг алсан хэрэгт сэжиглэн 1995 оны 02 сарын 06-наас 2016 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл буюу хэрэгт холбогдолгүй болгон хэрэгсэхгүй болгох хүртэл Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйл ангид холбогдож байсан. 1995 оны 05 сарын 15-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. 99 хоног хоригдоод гарсан байдаг. 2017 онд нэхэмжлэл гаргасан учир одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан байна. Энэ нь 21 жилийн амьдрал, сэтгэл санааны хохирлыг төлж чадахгүй. Бид нэхэмжлэлийн шаардлагаа итгэлцүүрээр тооцож нөхөн төлбөрт 22762302 төгрөг, сэтгэл санааны хохирол 100000000 төгрөг, хүний эрхийн комисс болон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хамгаалахад өмгөөлөлийн хөлс 1300000 төгрөг нийт 124062302 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Харин шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн гурав дахь хэсгийг энэ хэрэгт сэжиглэгдэн хохирсон талаар тусгуулан тэтгэврээ шинэчлэн тогтоох боломжтой талаар заалт оруулах хүсэлтэй байна гэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож буй Дорнод аймгийн Прокурорын газрын прокурор Л.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлд заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгагдсан байгаа бөгөөд мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зүгээс хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Тухайн үед гарсан хүн амины хэрэгт зайлшгүй шалгах шаардлагатай байсан учир эдгээр хүмүүсийг шалгаж цагдан хорьсон байгаа. Т.******* нь 1995 оны 02 сарын 06-наас 1995 оны 05 сарын 15-ны хооронд цагдан хоригдсон байгаа. Энэ хугацаанаас хойш өөр орон нутагт очоод ажиллах боломжтой байсан. Энэ хугацаанд хэрэг түдгэлзүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 99 хоногийн цагдан хоригдсон хугацааны нөхөн төлбөрийг олгох боломжтой, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 124062302 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Дорнод аймгийн Цагдаагийн газар нь тус аймгийн ******* сумын уурын зуухнаас шатсан хүний цогцос олдсон гэх мэдээллийн дагуу 1995 оны 02 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн уг үйлдэлд Т.*******ийг холбогдуулан сэжигтнээр тооцон баривчилж улмаар 1995 оны 02 сарын 23-ны өдрөөс цагдан хорьж 1995 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 сарын 14-ний өдөр 5/33 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн 507107 дугаартай Ө.Ганзоригт холбогдох хэргээс Т.******* нь бусадтай бүлэглэн 1995 оны 02 сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд ******* сумын төвд байрлах уурын зуухны байшинд тус сумын иргэн Ч.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний хоолойг нь боож алаад уурын зууханд хийж шатаасан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ үеэс нэхэмжлэгч Т.*******ийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар хууль зєрчсєн ажиллагааны улмаас учирсан эд хєрєнгийн хохирлоо нєхєн тєлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зїйлийн 389.1-д зааснаар иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг тєр хариуцаж арилгах үүрэгтэй бєгєєд хохирлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зїйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нєєц сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Т.*******ийн хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч Т.******* нь энэ хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн ******* сумын ШТСтанцад түгээгч ажилтай байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл Т.Наранцэцэг нь 1984 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд тус станцад түгээгчийн ажлыг эрхэлж байсан ба уг хэрэгт холбогдох үед ажилгүй байсан нь түүний тэтгэвэр тогтоох үедээ бүрдүүлсэн тэтгэврийн хувийн хэрэг дэх цалингийн тодорхойлолтоор батлагдаж байна.

Иймээс нэхэмжлэгч Т.******* нь 1995 оны 02 сарын 23-ны өдрөөс 1995 оны 05 сарын 15-ныг хүртэл хугацаанд сэжиглэгдэн шалгагдаж нийт 82 хоног үндэслэлгүй хоригдсоноос Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зїйлийн 4, 13-т заасан ажил мэргэжлээ чєлєєтэй сонгох, хєдєлмєрлєх аятай нєхцлєєр хангуулах, цалин хєлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх, халдашгүй, чєлєєтэй байх үндсэн эрх нь ноцтой зєрчигдсєн байх тул Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын Хєдєлмєрийн хєлсний жишиг журам батлах тухай тогтоолыг үндэслэн 1995 оны 02 сарын 23-ний өдрөөс 05 сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 9600 төгрөгөөр тооцож нийт хоногийг 215 хоногт хуваахад нэг өдөрт 447 төгрөг ногдож байгаа бөгөөд нийт 82 хоногт ногдох 36654 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Т.******* нь хэрэгт шалгагдсанаас болж эрхэлсэн ажил, төрөлгүй болсон учир 1995 оны 02 сарын 06-наас хойш тэтгэвэрт гарах хүртэл 18 жил ажилгүй болж сар бүр авч байсан цалингаа авч чадаагүй хохирсон. Иймд сар бүр авч байсан цалинг тэтгэвэр тогтоолгох насанд хүртэлх хугацааг ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үнэлэн бодож авах ёстой байсан цалин 51840000 төгрөг /18 жил 12 сар x 240000 төг/, мөн миний бие 2012 оны 11 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр тогтоолгох хүртлээ ажилласан бол 38 жил тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж тэтгэврээ өндрөөр тогтоолгох байсан. Гэтэл 20 жил ажилласанд тооцогдон 247398 төгрөг тогтоогдож бага тэтгэвэр авч хохирч байна гэжээ. Нэхэмжлэгчийн дээрх шаардлага болон тэтгэврийг шинээр тогтоолгох тухай заалт шийдвэрт тусгуулах тухай шаардлага нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлд дурдсан Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх, 391 дүгээр зүйлд заасан Сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах талаар хуульчилсан заалтуудад хамаарахгүй байх тул хангах үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч Т.******* нь хууль зүйн туслалцаа авахад Монголын ємгєєлєгчдийн холбооны гишүүн ємгєєлєгч М.Энхтуяаг хєлсєлж, өмгөөллийн хөлс 1300000 төгрөг тєлсєн байгаа боловч нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа өмгөөлөгч авч эрхээ хамгаалаагүй, иргэний хэрэгт өмгөөлөгчөөр авч эрхээ хамгаалуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зїйлийн 390.1.5-д зааснаар өмгөөллийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна.

4. Сэтгэл санаанд учирсан үр дагавар, гэм хорын хохирлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2-т Эд хєрєнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нєхцєл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно гэж заасан байх тул Т.*******ийн холбогдсон эрүүгийн гэмт хэргийн ангилал, энэ хэрэгт 21 жилийн хугацаанд шалгагдсан болон хоригдсон хугацаа, сонсгосон зүйл анги, ялын хэмжээ зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгч Т.*******т учирсан эд хєрєнгийн болон эд хєрєнгийн бус гэм хорын хохиролд нийт 124062302 тєгрєгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 50036654 тєгрєгийг хангаж, үлдэх 74025648 тєгрєгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.4, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д тус тус заасныг баримтлан Засгийн газрын нөөцийн сангаас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэм хорын хохиролд 50036654 /тавин сая гучин зургаан мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74025648 /далан дөрвөн сая хорин таван мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийг, тэтгэврийг шинэчлэн тогтоох тухай шийдвэрт тусгуулах тухай хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, өмгөөлөгч, прокурор нар нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, өмгөөлөгч, прокурор мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Г.УРТНАСАН