Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 10

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Ж.Эрдэнэболд, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэг, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жанцангийн Эрдэнэболдод холбогдох 201624000221 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Боржигон овогт Жанцангийн Эрдэнэболд /Регистрийн дугаар: НА 82092475/

          Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 36-621 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч утга:

          Ж.Эрдэнэболд нь 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан а/ “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин 2.47 хувийн согтолттой үедээ “Т.Alphard” маркийн 18-29 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс иргэн Б.Золжаргалын жолоодож явсан “Тоёота приус” маркийн 35-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 5.260.000 төгрөгийн шууд, 5.915.000 төгрөгийн нийт хохирол, жолооч Б.Золжаргалын бие махбодид хөнгөн, зорчигч  Б.Отгончимэгийн бие  махбодид  хүндэвтэр  гэмтэл тус тус учруулан, мөн дүрмийн

 

 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан  шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодон яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтын зөрчин хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, уг зам тээврийн ослын талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Б.Отгончимэгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад: “... 2016 оны 03 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед Золжаргалын машинд сууж гэртээ харих гэж Дарь эх рүү явж байгаад Монелийн замаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан санагдаж байна. Ингээд би үүнээс хойш юу ч санахгүй байгаа юм. Тэгээд нэг ухаан орсон чинь гэмтлийн эмнэлэгт ирчихсэн, эмч нарт үзүүлээд л яваад байсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад суудлын бүсээ зүүчихсэн байсан. Миний цээжний сэртэн яс хугарсан, толгойндоо цус хуралттай хоёр хөл хөхөрсөн, нүд рүү хатгаад өвдөөд байгаа юм. Одоогийн байдлаар цээжээр хатгаад, нүдний ухархай руу хатгаж, хамаг бие хөндүүрлээд тааруу байна...” гэсэн мэдүүлэг /хх.34 /;

Иргэний нэхэмжлэгч Б.Золжаргалын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад: “... 2016 оны 03 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд “Хан Агьт” ББСБ-ын нэр байдаг Тоёота Приус-20 маркийн 35-33 УБС улсын дугаартай автомашиныг жолоодож Дарь Эх рүү найз охин болох Б.Отгончимэгийг хүргэж өгөх зорилгоор Монелийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байтал мөнгөлөг саарал өнгийн Тоёота Альпард маркийн автомашин эсрэг урсгал сөрж ирээд машины жолооч талын урд хэсэг рүү мөргөсөн. Мөргөлтийн улмаас машин нилээн хол шидэгдсэн. Тухайн үед машиныг нилээн тулаад орж ирэхэд нь харсан ба хэсэг хугацаанд ухаан алдсан. Ингээд би сэргээд машинаас буусан чинь мөргөсөн жолооч нь согтуу байсан. Тэгтэл жолооч нь машиныхаа хажууд зогсож байгаад хойшоогоо зугтаагаад байшингийн буланд очиж суухад нь би араас нь гүйж очиж барьж аваад буцаж ослын газарт очиж машиндаа суулгах гэсэн боловч жолоочийн ар талын хаалга онгойхгүй байсан юм. Тэгтэл нэг харсан чинь нөгөө машины жолооч нь алга болчихсон байсан ба тэгтэл миний машины ард зогсож байсан хоёр машины жолооч нь надад авчирсан... Зүүн нүдний дээд хэсэг болон толгой руу хатгуулж өвдөөд баруун хөл алхаж болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх.25-27/;

 

Гэрч Б.Гаанжуурын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байцаалтад:  “...2016 оны 03 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд би өөрийн эзэмшпийн цайвар ногоон өнгийн Тоёота Карина маркийн 74-01 УНО улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа эхнэр Г.Пүрэвсүрэн, эхнэрийн найз нэг эмэгтэйгийн хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Монелийн замд хүн буулгачихаад буцаад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байтал замын голд цагаан мөнгөлөг саарал өнгийн Тоёота Альпард маркийн автомашин нь цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтай мөргөлдчихсөн байхаар нь машинаа цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашины ард талд нь 10 орчим метрийн зайнд тавьж машинаас бууж ослын газарт ганцаараа очиход Тоёота Приус 20 маркийн автомашины жолооч нь машинаасаа буучихсан, эмэгтэй нь машин дотроо жолоочийн хажуу талын суудал дээр ухаан алдчихсан жолооч нь сандарчихсан зогсож байсан ба харин Тоёота Альпард маркийн автомашины жолооч нь байхгүй байсан... Тэгтэл нэг танихгуй залуу Тоёота Альпард маркийн автомашины жолоочийг авчирсан, гэтэл тухайн хүн нь согтуу өөрөө өөрийгөө авч явах чадваргүй байсан. Ингээд бид нар цагдаа болон түргэн тусламж хүлээгээд байж байхад Тоёота Альпард маркий-автомашины жолооч нь хойшоогоо зугтаахад нь Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч нь өөрөө гүйж очиж барьж авчирсан, тэгээд дахиад хоёр удаа урагшаагаа зугтаахад нь би ганцаараа очиж барьж авчирч ирсэн... Согтуу өөрее өөрийгөө авч явах чадваргүй байн байн л зугтаагаад байсан... Тэр хоёр машин аль аль урд талаасаа мөргөлдчихсөн байсан ба аль аль нь их хэмжээний эвдрэл учирсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх.69-70/;

Шүүгдэгч Ж.Эрдэнэболдын сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтад: “…2016 оны 03 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд 17 дугаар буудлын угаалгын газарт Тоёота Альпард маркийн 18-29 УНН улсын дугаартай автомашиныг угаалгаж байхад Золжаргал, Базаррагчаа нар нь над дээр ирсэн. Тэгээд би машинаа угаалгаж дуусаад хоёр найзынхаа хамтаар дөнгөж автомашины угаалгын газраас гараад 5 буудлын дэлгүүрээс 750 граммын Сархад нэртэй архи нэг ширхэг, 2 литрийн Боргио пиво нэг ширхэгийг тус тус худалдаж аваад Баянзүрх дүүргийн эмнэлгийн арын машины зогсоолд зогсоод машин дотор 3-уулаа архи, пиво хувааж ууж дуусаад хоёр найзыгаа 01 цаг өнгөрч байхад л явуулсан. Ингээд би машиндаа ганцаараа үлдээд дүүгээ дуудаад, дүүгээ хүлээж байх зуураа тэсэлгүй машинаа бариад харих санаатай ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй Монелийн гэрлэн дохиотой уулзвараар нэвтэрч 100-150 орчим м газар явж байтал өөдөөс машины гэрэл гялбаад зорчих хэсгийн эсрэг урсгал руу орж хойноосоо урагшаагаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн 35-33 УБС улсын дугаартай автомашины урд хэсэг рүү буюу өөрийнхөө автомашины жолооч талаараа мөргөж тэр дороо зогссон…” гэсэн мэдүүлэг /хх.112-113/;

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3719 дугаар дүгнэлт:

1. Золжаргалын биед тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн шарх, баруун, зүүн сарвуун, зулгаралт, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх.73-74/;

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3691 дугаар дүгнэлт:

1. Отгончимэгийн биед тархи доргилт, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, бүсэлхийн 1 дүгээр нугалам ясны сэртэнгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.       

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн шинэ гэмтлүуд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх.76/;

 

“Ашид Билгүүн” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний БЗД-939 тайлан: Б.Золжаргалын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 35-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.260.000 төгрөгийн шууд, 5.915.000 төгрөгийн нийт хохирол учирсан. /хх.82-84/,

 

Техникийн шинжээчийн 213 дугаар дүгнэлт 

1. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад: Тоёота Альпард маркийн 18-29 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жанцан овогтой Эрдэнэболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2.5-т заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын  дагуу тавьж,  тээврийн  хэрэгсэл  болон  осолд  холбогдол  бүхий  эд

юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад: Тоёота Приус маркийн 35-33 УБС улсын дугаартай автомашины жолооч Б.Золжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад: Энэ осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна /хх 99-100/,

 

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-10/,

- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх.9-10/,

- Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа:

  Драйгер багаж үлгээлгэж шалгахад 2,47 хувийн согтолттой /хх.122/,

           - Компьютер томографийн оношлогоо /хх.28/,

           - Зарлагын баримтууд /хх.35-51/,

            - Гэрч Ч.Ариунцэцэгийн мэдүүлэг /хх.63-66/,

           - Гэрч Ц.Занданхүүгийн мэдүүлэг /хх.68/,

           - Ж.Эрдэнэболдыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх.112-114/,

            - Ж.Эрдэнэболдыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх.118-120/,

           - Баянзүрх дүүргийн 22-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх.121/,

           - Ж.Эрдэнэболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх.139/,

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх.112/,

           - Хохирол төлсөн баримтууд /хх.150-151/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Ж.Эрдэнэболд нь 2016 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар Т.Alphard маркийн 18-29 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа иргэн Б.Золжаргалын жолоодож явсан Тоёота приус маркийн 35-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зорчигч Б.Отгончимэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй, зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Отгончимэг, иргэний нэхэмжлэгч Б.Золжаргал, гэрч Б.Гаанжуур нарын мэдүүлэг, шинжээчийн 3691, 3719 дугаар дүгнэлтүүд, техникийн үнэлгээний БЗД-939 тайлан,

техникийн шинжээчийн 213 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа зэрэг хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тал бүрээс хангалттай тогтоогджээ.

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэболдыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэг, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт тус тус зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэболдын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жанцангийн Эрдэнэболдыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Эрдэнэболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Эрдэнэболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт  зааснаар оногдуулсан

6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, шүүгдэгч Ж.Эрдэнэболдын биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, ялтан Ж.Эрдэнэболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар, ялтан Ж.Эрдэнэболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтан Ж.Эрдэнэболдод хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар, ялтан Ж.Эрдэнэболдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ж.Эрдэнэболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

         

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Эрдэнэболдод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР