Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 314

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Н.Т

Хариуцагч: ГЕГД

Нэхэмжлэлийн шаардлага: “ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүний олговрыг гаргуулах, дутуу төлөгдсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан болно. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 тоот тушаал гаргаж, намайг уг албан тушаалаас чөлөөлж, тушаал бууруулан, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар гаалийн улсын байцаагчаар томилсон.

Төрийн албан хаагчийг тушаал бууруулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилагаар албан тушаал бууруулж болно.”, 23.1.1 “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2 “үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн төвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэсэн хуулийн заалтыг баримтлах ёстой.

Гэтэл хуулийн эдгээр заалтыг огт баримтлаагүй, түүнчлэн миний ажил үүргийг шалгаж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон талаар ямар нэг шийдвэр дүгнэлт гаргаагүй, өмнө нь миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байхад намайг Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт улсын байцаагчаар томилохоор шийдвэрлэсэн нь уг тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг тодорхой харуулж байна.

Гаалийн улсын ахлах байцаагч нь ТТ-12-оор цалинждаг бол гаалийн улсын байцаагч нь ТТ-10-аар цалинждаг. Иймд миний албан тушаалыг бууруулснаар авах цалин хөлс, энэ хэмжээгээр буурсан.

Иймд ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүний олговрыг гаргуулах, дутуу төлөгдсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Т-г албан тушаал бууруулан томилохдоо ГЕГД  Н.А нь түүнтэй адил хэд хэдэн хүнийг албан тушаал ахиулан томилсон байдаг. Гаалийн ерөнхий газар нь 2013 оноос хойш гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт огт явуулаагүй.

 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Гааль, татварын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам” батлагдсан байдаг боловч уг журмыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн баталсан байдаг.

Н.Т-г ахлах байцаагчаар томилсон тушаал нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байдаг. Уг журмын 3.13 дахь хэсэгт “Улсын байцаагчийн туршлага, мэргэшлийн ур чадвар, ажлын үр дүнгийн үзүүлэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлнэ.”, 3.14 дэх хэсэгт “Улсын ахлах байцаагч болон Гааль, татварын ерөнхий газрын дарга, дэд даргаас бусад удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулна” гэж заасан байна. Үүнээс үзвэл улсын байцаагчийн үр дүнгийн биелэлт, туршлага зэргийг харгалзсан ахлах байцаагчаар дэвшүүлэн томилдог болох нь харагдаж байна. Энэ туршлагаар Н.Т-с гадна нэр бүхий хэд хэдэн байцаагчийг улсын ахлах байцаагчаар томилоод, тэдгээр нь одоо хүртэл албан тушаал бууралгүй ажлаа үргэлжлүүлэн хийсээр байхад Н.Т-г зөвхөн албан тушаал бууруулан томилж, уг хууль бус шийдвэрээ шүүхийн өмнө зөвтгөх байдлаар тайлбар хийж буй нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан байна.

Н.Т-г гаалийн улсын байцаагчаас гаалийн улсын ахлах байцаагчаар дэвшүүлэн томилсон асуудал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд ямар нэг хууль бус шийдвэр байгаагүй болох нь харагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ГЕГД-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/173 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагч Н.Т-г гаалийн улсын ахлах байцаагчаар томилохдоо Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн төвшингөөр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасныг зөрчсөн тушаал байсан. Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчийн орон тоог зарлаж, түүний дагуу ямар нэг сонгон шалгаруулалт болсон зүйл байхгүй. Мөн гаалийн улсын байцаагч Н.Т нь гаалийн улсын ахлах байцаагчийн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан зүйл огт байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан Захиргааны илт хууль бус акт байсан юм. Иймд дээрх хууль бус тушаалыг ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 дугаар тушаалаар зөвтгөж зассан болно. Ингэхдээ Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон нь урьд эрхэлж байсан албан тушаалтай адил буюу гаалийн улсын байцаагчаар сэлгэн томилсон. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл гаалийн нэг газраас нөгөө газарт сэлгэн ажиллаж байгаа нь эрх, ашиг нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ нь ГЕГД-ын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-ыг баталсан бөгөөд Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт мөн албан тушаалаар томилогдсон байна.

Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагчаар томилохдоо түүний цалин болон нэмэгдэл нь ТТ-10-24, Туслах түшмэл, үндсэн цалин нь 667.784 төгрөг, тэргүүн зэрэг дэвийн 25 хувь, төрийн албан хаасан хугацааны 20 хувь, онцгой нөхцөлийн 10 хувь, цолны 15 хувь, хилийн нэмэгдлийн 25 хувийг тус тус авч байхаар тооцсон. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй” гэсний дагуу цолны нэмэгдэл 15 хувийг хасаж олгож байсан. Өөрөөр хэлбэл нийт нэмэгдэл 80 хувиар бодогдож байжээ.

Харин Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт томилохдоо түүний цалин болон нэмэгдэл ТТ-10-26 Туслах түшмэл, үндсэн цалин 721.207 төгрөг, тэргүүн зэрэг дэвийн 25 хувь, төрийн албан хаасан хугацааны 25 хувь, онцгой нөхцөлийн 10 хувь, хилийн нэмэгдлийн 25 хувийг тус тус авч, нийт 80 хувийн нэмэгдэл авч байхаар тооцсон байна.

Харин эдгээр нэмэгдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.13 дахь хэсэгт “Энэ зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан цалингийн нэмэгдлийн дээд хэмжээ нь төрийн албан хаагчийн цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй байна” гэх хуулийн зохицуулалтын дагуу цалин хөлс нь олгогдож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 дугаар тушаалаар “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.3, 28.3 дэх хэсэг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн 1. Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.Т-г 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсугай. 2. Н.Т-н сарын үндсэн цалинг 721207 /ТТ-10-26/ төгрөгөөр тогтоож, албан тушаалын туслах түшмэл, тэргүүн зэрэг дэвийн 25, төрийн алба хаасан хугацааны 25, албан ажлын онцгой нөхцөлийн 10, хилийн 25 хувийн нэмэгдэл олгохоор байгаа тул нийт нэмэгдлийг 67 хувиар тооцож олгохыг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Д.Д/, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар /М.Д/-т тус тус зөвшөөрсүгэй.” хэмээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Т уг тушаалыг эс зөвшөөрөн, тус шүүхэд хандан “ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүний олговрыг гаргуулах, дутуу төлөгдсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг  шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

            1. Нэхэмжлэгч Н.Т, түүний өмгөөлөгч П.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хууль зүйн үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн гэх асуудалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Ийм байтал хуулийн хэрэгжилтийг хангуулах нэрийдлээр хуулийн тодорхой үндэслэлгүйгээр, Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчид тайлбар гаргах боломж олголгүй ажил, албан тушаалаас чөлөөлж, томилсон” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлалын үндэслэлээ “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн журам зөрчсөн шийдвэрээ ГЕГД  өөрөө хуульд нийцүүлэх хүрээнд хүчингүй болгосон” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч ГЕГД  нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/173 дугаар тушаалаар Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч Н.Т-г Гаалын ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилжээ.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэг,  Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т тус тус заасанчлан ГЕГД  нь хууль тогтоомжид нийцээгүй тушаалаа өөрөө хүчингүй болгох эрхтэй.

Хуульд заасан хариуцагчийн энэхүү бүрэн эрх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “хууль ёсыг сахих” зарчимд нийцсэн байдлаар хэрэгжих учиртай.  

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэргээс үзэхэд хариуцагч ГЕГД  нь маргаан бүхий акт болох  2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 дугаар тушаалыг гаргахдаа тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Н.Т-д Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд

шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/2156 болон 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2517 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хандан Захиргааны ерөнхий хуулийн 24, 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох чиг үүргийнхээ хүрээнд ямар ажиллагаа хийсэн талаарх тайлбар, тодруулгыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариуцагчаас сонсох ажиллагаа хийсэн болон Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасанчлан сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “... /захиргааны акт/ үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмуудыг хангасан байх талаар тусгайлан заасан.

4. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлалын үндэслэлээ “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн журам зөрчсөн шийдвэрээ ГЕГД  өөрөө хуульд нийцүүлэх хүрээнд хүчингүй болгосон” хэмээн тайлбарлаж байх боловч Н.Т-г анх гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/112 дугаар тушаалаар батлагдсан “Гааль, татварын албаны хөдөлмөрийн дотоод журам“-ын 3.13-т “Улсын байцаагчийн туршлага, мэргэшлийн ур чадвар, ажлын үр дүнгийн үзүүлэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлнэ”, 3.14-т “Улсын ахлах байцаагч болон Гааль, татварын дарга, дэд даргаас бусад удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд төрийн албаны тухай хуулийн дагуу Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулна” хэмээн тус тус заасан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.22-т мөн агуулгаар тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл гаалийн улсын ахлах байцаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалтын үндсэн дээр бус “туршлага, мэргэшлийн ур чадвар, ажлын үр дүнгийн үзүүлэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлнэ” гэх журмыг хариуцагч өөрөө тогтоосон нь өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

5. Үүнтэй холбогдуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 43 дугаар тогтоолоор “Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-г баримталсан хэмээн тайлбарлаж байх боловч Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоол нь гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орж буй этгээдэд хамааралтай болохоос бус уг байгууллагад 27 жил ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахгүй журам болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан журмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь дээр дурдсан үндэслэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 тоот тушаалыг хүчингүй болгож, Н.Т-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Т-н 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсний зөрүүний олговрыг гаргуулах, дутуу төлөгдсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 тоот тушаалыг хүчингүй болгож, Н.Т-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн  тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хугацаанд нэхэмжлэгч Н.Т-н цалин хөлсний зөрүү 6.143.751 /зургаан сая нэг зуун дөчин гурван мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Н.Т-д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч ГЕГД д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА