Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  О.Байгалын нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн Засаг дарга,

Цагаан алтан хүнс ХХК-д холбогдох

                                                        иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2017/00816 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : О.Байгалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Орхон аймгийн Засаг дарга, Цагаан алтан хүнс ХХК-д холбогдох,

Орхон аймгийн Засаг даргаас үл хөдлөх хөрөнгийн үнэ болон бусад хохирол 256.608.700 төгрөг гаргуулах, хууль бусаар барьж буй барилгыг буулгаж, Цагаан-Алтан хүнс ХХК-иас 165 м2 газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагч  Цагаан алтан хүнс ХХК-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Байгаль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Цагаан алтан хүнс ХХК-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Чинбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч О.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80 м2, 85м2 газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/497 дугаар  захирамжаар буулгасан. Би тухайн газрыг 2021 он хүртэл эзэмших гэрээтэй байсан.Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар  магадлал, УДШ-ийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар  тогтоолоор миний эрх ашгийг хангаж хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгасныг тогтоож газрын эзэмшил хэвээр байгааг тогтоосон.Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээр байсан хөрөнгийг Засаг дарга үнэлж буулгасан бөгөөд өнөөдрийг хүртэл намайг хохироосон хохиролоо барагдуулаагүй. Миний хөрөнгийг Засаг даргын захиалгаар Найдвар-Од Аудит ХХК нь 211.118.100 төгрөгөөр үнэлсэн. Дээрхи үнэлгээ бүхий худалдааны төвийг юу ч үгүй буулгаж намайг хохироосон. Иймд дараахь хохирлыг нэхэмжилж байна. Миний эзэмшиж, өмчилж байсан үл хөдлөх хөрөнгө болох худалдааны зориулалттай барилгын үнэ 211.118. 100 төгрөг, түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан орлого болох 2015 оны 10 дугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэл олох байсан орлого 60.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, замын зардал 200.000 төгрөг, нийт 271.818.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Байгал нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа :

Миний эзэмшиж , өмчилж байсан худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ 195.908.700 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах, Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэргийг шийдвэрлэхэд гарсан зардал болон замын зардал 200.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, Худалдааны зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгөө тус бүр 2.500.000 төгрөгөөр түрээслүүлэн ашиг орлого олж байсан ба хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгаснаас хойших хугацааны түрээсийн үйл ажиллагаанаас олох байсан орлого болох 2015 оны 10 дугаар сарын 07-ноос 2016 оны 10 дугаар сарын 7 ны өдрийг  хүртэлх 60.000.000 төгрөгийн түрээсийн орлого нийт  256.608.700 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулахаар  нэхэмжилж, Найдвар Од ХХК-ийн үнэлгээчнээс үнэлсэн миний газрын үнэ болох 15.209.400 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Байгал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ  :

2016 оны 10 дугаар сарын 05 ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэл болох хууль бусаар барьж буй барилгыг буулгаж газрыг чөлөөлнө үү гэсэн шаардлагаа тодруулж, миний эзэмшилд хууль ёсоор одоо байгаа 80м2,85 м2 газар дээр баригдсан барилга болох ЦАХ маркет хүнсний зах худалдааны төвийг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү. Уг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар Орхон аймгийн засаг дарга, Цагаан алтан Хүнс ХХК татаж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Аймгийн ИТХ-ын 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлогын 3.3.6-д Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан,хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна гэж заасны дагуу уг гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдтэй удаа дараа уулзалт зохион байгуулж санал солилцсон байдаг бөгөөд тухайн хэсэг талбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэж шинээр баригдах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулах тухай Засаг даргын захирамж гарсан байдаг.Ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж Цагаан алтан хүнс ХХК шалгарсан байдаг бөгөөд тус компани худалдааны төв барих ажлаа эхлүүлэхээс өмнө тус газар үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, шинээр баригдах худалдааны төвийн хамгийн ашигтай байрлалд тухайн иргэний эзэмшиж байсан газрын хэмжээгээр ямар ч нэмүү өртөггүйгээр талбай худалдан авах зэрэг харилцан ашигтай тохиролцоог хийсэн байдаг.Энэ тухай саналаа иргэн О.Байгалд удаа дараа албан бичгээр хүргүүлснээс гадна аман байдлаар олон удаа санал тавьсан байдаг ба одоо барилгын ажил хийгдэж 4 хүртэл давхар баригдаад байна.Гэвч иргэн О.Байгал ямар нэг шалтгаангүйгээр энэ асуудалд хувийн эрх ашгийг дээгүүр тавьж хандаж байсан бөгөөд Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж эзэмшиж буй павилоны газраа чөлөөлөхийг 2015 оны 03 дугаар 02-ны өдрийн 155  дугаар , 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 808 дугаар  албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг. Улмаар павилоноо өөрийн зардлаар буулгах боломжгүй гэдгээ Засаг даргад мэдэгдсэн тул тухайн павилоныг төрийн зардлаар буулгасан ба үнэлгээг мөн төрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байдаг.Үнэлгээг Найдвар-Од аудит ХХК хийсэн бөгөөд Засаг дарга болон Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан байдаг.Иймд иргэн О.Байгалын нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй, нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй, үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О.Лхагвасүрэн нар  шүүхэд гаргасан шаардлагадаа:

Энэ шаардлагыг гаргаж байгаа бид Хүлэг захын орчим тодорхой хэмжээний газар эзэмшин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөн худалдаа үйлчилгээ эрхлэн явуулж байсан хүмүүс юм. Аймгийн хурлаас худалдааны гудамжийг иж бүрэн тохижуулах, зах орчмыг орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч Засаг дарга, түүний тамгын газар хэрэгжүүлэх болсныг бидэнд мэдэгдсэн. Бид эхлээд учрыг мэдэхгүй үймэлдэж, зөв буруу гэсэн олно янзын санаа үзэл бодол гарч байсан боловч аажимдаа учраа олж, ер нь жаахан  хэмжээний газраа чөлөөлж тэр хэмжээнээсээ буурахгүй талбайг худалдаа үйлчилгээний дотор өмчилж авч үйл ажиллагаагаа явуулах нь бидний ажиллах орчин, эрүүл мэндийн хувьд ч худалдаа үйлчилгээний соёл, худалдан авагчийн талд ч зөв юм гэж шийдээд өөрсдийн эрх ашгийг хамгаалах Кувейтийн гудамжны газрын эздийн холбоо төрийн бус байгууллагыг  байгуулж, улмаар уг газар дээр худалдаа, үйлчилгээний төв барихаар шалгарсан Цагаан алтан хүнс ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Цагаан алтан хүнс ХХК газрын эрх авч худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нэгэнт барьсан, одоо зарим хэсгийг ашиглаж байна. Гэрээ байгуулсан хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгийг оруулсан. Гэрээ байгуулсан хүмүүс дутуу мөнгөө гэрээний дагуу Цагаан алтан хүнс ХХК-нд төлнө. Одоо барилга баригдсан ч газрын маргаантай гэдгээр улсын комисс ажиллахгүй байгаагаас бид өмчлөх ёстой хэсгээ өмчилж авч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Гэтэл энэ газарт хамаарах иргэн О.Байгалын нэхэмжлэлээр худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлбөл 4 давхар барилгыг нураахаас өөр аргагүй юм байна. Ингэвэл бид оруулсан хөрөнгөөрөө хохирох төдийгүй, газрын эрхээ сэргээлгэх, өмнө чөлөөлсөн худалдаа үйлчилгээний павилонуудаа үнэлүүлж үнийг болон буулгах дахин барих зардлыг гаргуулах, энэ хугацаанд алдсан орлогоо буруутай этгээдүүдээс нэхэмжлэх шаардлага гарч байна. Энэ нь мэргэжлийн байгууллагын оролцоотой хийгдэх нарийн ажил учир бид одоогоор нарийвчилсан тооцоог гаргаж чадахгүй байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар зөвхөн өөр өөрсдийн эрх ашгийг хичээж учраа олж асуудлаа эв зохицлоор шийдэж чадахгүй байгаа нь бусад олон хүний эрх ашгийг шууд хохироож байгаа тул бид байгаа баримтаа өгч шинжээч томилуулах замаар дээр дурьдсан бүх хохирлоо тогтоолгон энэ хэрэгт нэгтгэн буруутай этгээдүүдээр төлүүлэх болно. Энэхүү шаардлагыг хариуцагч, нэхэмжлэгч нарт танилцуулан зохих тайлбар авна уу, хэргийн явцад хохирлын хэмжээ тодорхой болмогц бие даасан шаардлагаа хүн бүрээр эцэслэн тодорхой болгоно гэжээ.

Хариуцагч Цагаан Алтан хүнс ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

2014 онд Орхон аймгийн ИТХ-аас Кувейтын гудамжны орчмын эмх замбараа муутай, гадаа худалдаа эрхэлдэг, худалдааны павилонууд нь олон янзын хэв загвар, хийц байдалтай хотын өнгө үзэмж, хот төлөвлөлтөд тохиромжгүй байдлыг харгалзан худалдаа үйлчилгээний хэсгийг дахин төлөвлөж, тэнд шинээр барих барилга байгууламж, шинээр барих худалдааны гудамжийг төлөвлөсөн зураг төсөл, газар зохион байгуулалтыг баталсан. Ингээд манай компани уг төлөвлөгдсөн газарт худалдааны төв барих төсөл бэлтгэн шинээр барилга барих төсөл сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Үүнийг үндэслээд Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны А/502 дугаар  захирамжаар манай компанид 1400м2  газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Энэ байдалтай уялдан шаардлага гаргасан эдгээр хүмүүс нэгдэн "Кувейтын гудамжны газрын эздийн холбоо төрийн бус байгууллага байгуулдан ажиллаж манай компанитай хэлэлцээ хийсний үр дүнд тохиролцоонд хүрч орчин үеийн худалдааны төв барихад хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгө болон эзэмшиж байсан газар, худалдаа үйлчилгээний павилоны хэмжээтэйгээ дүйцүүлэн шинэ баригдах худалдаа үйлчилгээний төвөөс өөрт оногдох хэсгийг нь өмчлөн авч үйл ажиллагаагаа явуулахаар тохиролцсон. Энэхүү тохиролцооны үр дүнд тэнд үйл ажиллагаа явуулж байсан О.Байгалаас бусад хүмүүс газраа чөлөөлсөн ба иргэн О.Байгал газраа чөлөөлөөгүй тул Засаг дарга захирамж гарган газрыг албадан чөлөөлснөөр манай компани уг газарт 2015-2016 онд сууриараа 900м2  подвальтай 3 давхар худалдаа үйлчилгээний барилга барьсан ба О.Байгалийн маргааны улмаас улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй байна. Дээрх иргэдийн оруулсан мөнгийг барилгад ашиглаж дуусаад одоо хөрөнгө болсон ба манай санхүүгийн тайланд энэ барилга эргэлтийн бус хөрөнгө гэсэн ангилалаар 1 тэрбум 361 сая төгрөгөөр тусгагдсан байгаа. Барилгыг улсын комисс хүлээж авмагц манай өөрийн компанид үлдэх хэсгийг үндсэн хөрөнгөндөө бүртгэж, хөрөнгө оруулагч нарт өмчлөх хэсгийг балансаас тэдгээр хүмүүс рүү шилжүүлж санхүүгийн бүртгэл хийгдэнэ.Энэ байдлыг харуулсан 2017 оны нэгдүгээр улирлын тайланг шүүхэд өгсөн. Хэрвээ барилгыг буулгаж, газрыг албадан чөлөөлөхөөр шүүхийн шийдвэр гарч хэрэгжвэл  О.Байгалийн газрыг албадан чөлөөлсөн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны А/497 дугаар  захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны 147 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны 175 дугаар тогтоолоор хүчингүй болсон байх тул барилгад хөрөнгө оруулсан эдгээр хүмүүсийн оруулсан хөрөнгө 634 сая төгрөг үнэгүйдэх ба эдгээр хүмүүст газрын эрхээ сэргээлгэх, хуучин эзэмшиж байсан хөрөнгөө гаргуулах, олох байсан орлогоо тооцон гаргуулах гээд олон асуудал тавигдах юм байна. Барилгыг буулгавал манай компанид ч гэсэн ихээхэн хэмжээний хохирол үүсэх бөгөөд үүнийг нэг бүрчлэн гаргаж нэхэмжлэх шаардлага үүснэ.Одоо нэгэнт баригдсан худалдааны төвийн барилгыг үнэлүүлэх асуудал ч гарна. Хүлэг хүнсний захын орчимд 1400м2 газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмших эрх авсан, уг газарт барилга барьсан зэрэгт Цагаан алтан хүнс ХХК ямар ч буруугүй тул эдгээр хүмүүсийн өмнө эд хөрөнгийн болон нөхөх хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2017/00816 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас 195.908.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Байгалд олгож, Иргэнийй хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах О.Байгалийн эзэмшлийн 165 мкв/ 80мкв, 85мкв /талбай бүхий газрыг Цагаан алтан хүнс ХХК-ны эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 60 700 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 1 641 240 төгрөг, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 327 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймгийн Засаг даргаас 1 137 493 төгрөг, Цагаан алтан хүнс ХХК-аас 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Байгалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Цагаан алтан хүнс ХХК-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

Шүүх Цагаан алтан хүнс ХХК-ийг бусдын эзэмшлийн газарт барилга барьсан ба О.Байгаль газрын шударга эзэмшигч тул уг газраа чөлөөлүүлэхээр /Цагаан алтан хүнс ХХК-иас гэж ойлгогдоно/ шаардах эрхтэй гэсэн нь хэргийн бодит үйл баримттай нийцэхгүй байна. Учир нь:

2014 онд Орхон аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дахь хавсралтад зааснаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт" зарласны дагуу Уурхайчин баг, Кувейтын гудамж, Хүлэг хүнсний захын ард 1400м2 газар эзэмших төслийг "Цагаан алтан хүнс" ХХК боловсруулан оролцож сонгон шалгаруултын болзол, журмыг ханган тэнцсэн байна. Энэ төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон, хүчингүйд тооцсон зүйл одоогоор байхгүй байна.

Төсөл сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 22-нд А/502 дугаар захирамж гарган 1400 м2 газрыг "Цагаан алтан хүнс" ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэн улмаар Газрын харилцаа, хот байгуулалтын газраас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан /хэргийн 2 дахь хавтас 127 дахь талд/ байна. "Цагаан алтан хүнс" ХХК-д дээрх байрлалд газар эзэмшүүлсэн энэ шийдвэр, гэрчилгээ ямар нэг байдлаар хүчингүй болоогүй байна.

Төсөл сонгон шалгаруулалт зарласан дээрх байршилд О.Байгалиас гадна Ц.Ойдов болон бусад нэр бүхий 15 иргэн газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж байсан байна. Энэ баримтыг нэр бүхий иргэдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлага, хөрөнгө оруулалтын гэрээ зэргээс харж дүгнэж болно. Дээрх иргэд Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 12 дугаар сарын 24-нд 03 дугаар  тогтоолоор баталсан 2014 онд Газрын харилцааны талаар баримтлах бодлогын 3.3.б-д заасан /хэргийн 2 дугаар хавтас 124-126 талд/ нэгдсэн бодлого шийдвэрийг хүндэтгэн Газрын албаны оролцоотойгоор төсөлд шалгарсан "Цагаан алтан хүнс" ХХК-тай тохиролцон газар, үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж, улмаар шинээр баригдах тохилог худалдааны төвөөс газар, хөрөнгийн хэмжээтэй дүйцэх талбай, хэсгийг өмчлөхөөр гэрээ байгуулж, "Цагаан алтан хүнс" ХХК хөнгөлөлтэй нөхцлөөр барьж өгөхөөр тохиролцон хэрэгжүүлжээ. Харин иргэн О.Байгаль ганцаараа ийнхүү тохиролцоонд оролцоогүй бөгөөд энэ хэрэгт авагдсан Захиргааны хэргийн шүүхийн 147 дугаар  магадлал, 175 дугаар шийдвэрээс үзвэл хоёр павилоны үнэд 480,0 сая, олох байсан орлогод 360,0 сая, нийтдээ 840,0 сая төгрөг гаргуулах зорилготой байсан бололтой байна.Дээрх байдлууд нь одоогийн "ЦАХ маркет" худалдааны төв баригдсан 900м2 газар түүний орчны 500м2 газрыг "Цагаан алтан хүнс" ХХК болон нэр бүхий бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд /тэд барилгын доторх өмчлөл хэсгээрээ хамаарна/ шударгаар эзэмшиж байгааг харуулна.

Нэхэмжлэгч О.Байгалын шаардах эрхийн хувьд Иргэний хуулийн 92.1 дэх заалт хамаарахгүй. Нэхэмжлэгч О.Байгаль газар эзэмших эрхээ сэргээлгэхээр Засаг даргаас шаардах эрхтэй болох талаар маргахгүй боловч "Цагаан алтан хүнс" ХХК-ийн эзэмшил газраас түүнд 165м2 газрыг шилжүүлэх замаар уг эрхийг сэргээх боломжгүй. Учир нь: Цагаан алтан хүнс  ХХК болон нэр бүхий бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хувьд газар эзэмших, газар дээрх эд хөрөнгө өмчлөх эзэмшихдээ хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан, үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй. Цагаан алтан хүнс ХХК-ийн эзэмшил газрын 900м2 талбайд нь хариуцагчийн болон гуравдагч этгээдүүдийн хамтарсан хөрөнгөөр 1.314.479.580 өртөг бүхий барилга нэгэнт баригдсан ба хэсэгчлэн ашиглагдаж байгаа. Үлдэх 500м2 талбай нь барилгын норм ба дүрмээр орц, гарц, явган хүний зам, орчин зэрэг нийтийн эзэмшлийн чанартай ашиглагдана. Энэхүү талбай нь баригдсан барилгын хаяавчаас тал тал тийшээ 5-10 метр талбайг хамаарах бөгөөд энд О.Байгаль барилга барих ямар ч боломжгүй. "ЦАХ маркет" худалдааны төвийн барилгатай тулган барилга барилаа ч энэ нь Барилгын тухай хуулийн 5, 14 болон бусад зүйл заалт, "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30.01.04-ийн "Заавал мөрдөх шаардлага"-ын 4 дүгээр хавсралт "Галын аюулаас хамгаалах шаардлага", 13 дугаар хавсралт "Олон нийт, иргэний барилгын эдэлбэр газрын доод хэмжээ", 16 дугаар хавсралт "Хотын тохижилтын норматив" гэсэн шаардлагуудыг зөрчинө.

3. Иргэн О.Байгалын газар эзэмших эрхийг өөр байршилд газар олгох, эсхүл газрын суурь үнийг нөхөн төлөхөөс өөр аргаар сэргээх бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнд: Иргэн О.Байгал өөр газарт газар авахгүй, зөвхөн хуучин 2 павилон байсан газраа авна /Хэргийн 2 дугаар хавтас 161 тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж шаардаж байгаа. "ЦАХ маркет" худалддааны төвийг буулгах замаар газрыг чөлөөлж О.Байгалын эрхийг сэргээнэ гэвэл барилгын өртөг 1.314. 479.580 төгрөгөөс гадна уг барилгын одоогийн үнэ цэнээр үнэлсэн үнэлгээ, хөрөнгө оруулсан нэр бүхий хүмүүүсийн тэнд байсан хөрөнгийн үнэ, олох байсан орлого, барилгад оруулсан хөрөнгө оруулалт, буулгах зардал гээд дор хаяж 3-4 тэрбум төгрөгийн асуудал яригдана. Иймд хууль, шүүхийн өмнө "Цагаан алтан хүнс" ХХК Ц.Ойдов, нэр бүхий хөрөнгө оруулагч шаардлага гаргагч 15 иргэн, Орхон аймгийн иргэд, төсвийн нийтлэг эрх ашиг, иргэн О.Байгалын эрх ашиг адил түвшинд хамгаалагдах ёстой. Шүүх нэхэмжлэгч О.Байгалын эрхийг сэргээхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаа гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 816 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж "Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан / Засгийн газрын 1997.6.25-ны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар тогтоосон нэг гектар газрын суурь үнэлгээгээр /165кв.м х 200 000 000төг/:10000 кв.м = 3, 300, 000/ Засаг даргаас 3, 300, 000 төгрөг гаргуулж О.Байгальд олгохоор шийдвэрлэнэ үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Байгал нь Орхон аймгийн Засаг даргаас үл хөдлөх хөрөнгийн үнэ болон бусад хохирол 256.608.700 төгрөг гаргуулах, хууль бусаар барьж буй барилгыг буулгаж, Цагаан-Алтан хүнс ХХК-иас 165 м2 газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас 195.908.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Байгалд олгож, Иргэнийй хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах О.Байгалийн эзэмшлийн 165 мкв/ 80мкв, 85мкв /талбай бүхий газрыг Цагаан алтан хүнс ХХК-ны эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 60.700.000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2017 оны 05 дугаар сарын 03 ны өдөр нэхэмжлэгч О.Байгал нэхэмжлэлийн шаардлагаа “ ... миний эзэмшилд хууль ёсоор одоо байгаа 80м 2,85 м2 газар дээр баригдсан барилга болох ЦАХ маркет хүнсний зах худалдааны төвийг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү. Уг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар Орхон аймгийн засаг дарга, Цагаан алтан Хүнс ХХК татаж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Орхон аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгсөд гардуулсан атлаа  хариуцагч “Цагаан алтан хүнс” ХХК-нд гардуулж өгөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2.-т заасан нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-т заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөхийг эрхийг нь Цагаан алтан хүнс ХХК-д олгоогүй  байна.

2017 оны 05 дугаар сарын 09 ний  өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжаар нэр бүхий 14 хүнийг гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцуулахаар заажээ. /х/х-ийн 249 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 14 ний өдрийн эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад гуравдагч этгээд 4 хүний гарын үсэг зуруулжээ. /х/х-ийн 2 дугаар хавтаст хэрэг 12 дугаар хуудас/, гуравдагч этгээдээр 15 хүн тогтоогдсон байхад 4 хүнд эрх, үүрэг тайлбарлан өгсөн  мөн гуравдагч этгээд 15 хүнд хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.4., 168 дугаар зүйлийн 168.1.3. дахь заалтуудыг  зөрчжээ.  

Гуравдагч этгээдүүдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт тэдэнд холбогдох улсын тэмдэгтийн асуудлыг шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.т заасан Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтыг  зөрчжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Цагаан алтан хүнс ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2017/00816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Цагаан алтан хүнс ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                                  Б.БАТТӨР