Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 789

 

Н.Цэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1350 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Цэд холбогдох 1708006020713 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б  овогт Н.Ц, 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторч мэргэжилтэй, “Эрхэсийн дамжлага” ХХК-д эксковаторын операторч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, түүний 2 хүүхдийн хамт .......................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Н.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9 дүгээр гудамжны 35 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Н.С зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Н.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Н.Цэд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлснийг хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт буюу “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж хуульчилсаныг хангаагүй гэж үзэж, дараах үндэслэлүүд заажээ. Үүнд:

          1. Хэргийн үйл баримт эргэлзээтэй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Н.Сэрчин, шүүгдэгч Н.Ц нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй байхад шүүх “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон” гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн прокурор яллагдагчаас гаргасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтаа хэрэгжүүлэх учиртай.

          2. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, эсхүл мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шийдвэр гаргана. Энэ хоёр зүйл, хэсэг нь хууль зүйн хувьд ажиллагааны болон агуулгын онцгой зөрөөтэй юм. Тодруулбал, “прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” болон “прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-ийн аль нь болохоос хамааран шүүгдэгчид ял халдаахад хамааралтай эрх зүйн байдал ноцтой өөрчлөгдөнө.

          Иймд хууль тогтоогч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх зүйл, хэсгийг ялгаатай хуульчилсан бөгөөд шүүх аль, зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснээс хамааран дээр дурдсан ял халдаах хоёр өөр зохицуулалтын алийг хэрэглэх эсэхээ тодорхойлно.

          Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль журмаар хэргийг шүүхэд шилжүүлж байгаагаас хамааран харгалзах зүйл, хэсгийг удирдлага болгох учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь ердийн журмаар хэргийг шүүхэд шилжүүлэхэд удирдлага болгох зүйл, хэсэг бөгөөд хэрэв шаардлагатай бол яллах дүгнэлтэд тавигдах хуулийн шаардлага болох мөн зүйлийн бусад хэсэг, заалтыг удирдлага болгох боломжтой юм.

          Иймд шүүгдэгч Н.Цэд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хууль зүйн нөхцөл хангагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Н.Цэд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Цийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. Үүнд:

          Мөрдөн байцаалтын явцад хохирогч Н.Сэрчинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүргийг нь танилцуулан авсан мэдүүлэгт “...2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед ...гаднаас Н.Ц орж ирээд ...”чи хаагуур тэнээд байгаа юм бэ, надад торгуулийн 100.000 төгрөг олдохгүй байна” гэж байснаа намайг алгадаад, үсдээд, ор луу дараад, дээр хэвтэж байгаад элэг, нүүр лүү гараараа олон удаа цохисон. ...” гэж мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байхад яллагдагч Н.Цийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхийнхээ дагуу өгсөн “... 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эрүүлжүүлэхээс гараад гэртээ очсон чинь Н.С“манай найз дуудаад байна” гэж хэлсэн. ...Сэрчингийн уулзах гэж байсан найз нь хоёр залуутай хамт, машинтай манайхыг нилээн өнгөрөөд зогссон байсан юм байна лээ. Н.Стэр машинд суугаад явсан. ...Би С-тэй маргалдаж байхдаа зодсон бөгөөд яг яаж зодсоноо санахгүй байна...” гэх мэдүүлгийг үнэлсэн нь ойлгомжгүй байна.

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримт байхгүй бөгөөд яллагдагч Н.Цийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Сэрчингийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9495 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдоно.

          Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад Н.Цэд асуулт тавьсны үндсэн дээр дээрх мэдүүлгийн зөрүүг гаргасан бөгөөд “... Сэрчинг гараад явчихаар нь би уурандаа гэрээс гарч, архи уугаад тэр шөнөдөө эрүүлжүүлэхэд хоносон юм. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад гэртээ очоод Сэрчинтэй маргалдаж зодсон. ...” гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэлгүйгээр түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан, 16 төрлийн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, эсхүл мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны аль хэсгээр нь шилжүүлж байгаа нь ойлгомжгүй байна гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь ойлгомжгүй байна.

          Мөн шүүгчийн захирамжид “... яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дээрх хоёр аль журмаар хэргийг шүүхэд шилжүүлж байгаагаас хамааран харгалзах зүйл, хэсгийг удирдлага болгох учиртай” гэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь хэргийг шийдвэрлэхэд саад болох, шүүгдэгчийн эрх зүйн байдал ноцтой өөрчлөгдөх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна.

          Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1350 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шүүгдэгч Н.Цэд холбогдох хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1350 дугаар шүүгчийн захирамж нь хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

          Анхан шатны шүүхээс Н.Цэд холбогдох эрүүгийн хэргийн үйл баримт эргэлзээтэй, хэрэгт цугларсан нотлох баримтууд илтэд зөрүүтэй, мөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ердийн журмаар хэргийг шүүхэд шилжүүлэх заалтыг баримталсан тул хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хууль зүйн нөхцөл хангагдаагүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

          Н.Цэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба дахин шалгах зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрх зүйн байдлыг нь дордуулсан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж зааснаар хавтаст хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэн заасан гэмт хэргийг холбогдох этгээд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргавал прокурор хүсэлтийг шийдвэрлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг хянаж, хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулахаар хуульд заажээ.

          Шүүгдэгч Н.Ц нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйл нь яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх нийтлэг заалт бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ дээрх заалтыг удирдлага болгосон нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй.  

Иймд прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1350 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1350 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Цэд холбогдох эрүүгийн хэргийг дахин  хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Н.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН