Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 161 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сарлагт овогт Г.Гт холбогдох эрүүгийн 2007003120195 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........................................................ тоотод оршин суух бүртгэлтэй,

            Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Сарлагт овогт Г.Г /РД:..................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Г нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мойлтын тохойн урд энгэрт бэлчиж байсан иргэн Я.Ягийн эзэмшлийн 18 хонь, 44 ямаа нийт 62 тооны буюу олон тооны малыг мотоцикл ашиглан тууж авч яван мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Г.Г шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би хоёр бяруугаа хайж явж байгаад постын дээд талын Хүрэн дэл гээд уулын урд энгэрт 700 гаруй хонь бэлчиж байхыг харсан. Уулын хойд энгэрт бусдаасаа тасарсан хэдэн хонь байхаар нь доош Мойлтын тохой амралт хүртэл мотоциклоор тууж авчирсан. Уг нь тэндээс томыг нь ялгаад, жижгийг нь салгаж үлдээх гэсэн боловч нэг ижил мал тул салахгүй байсан. Тэгээд бүгдийг нь тууж Налайх яваад Ц гэх залууг зам гаргалцаад өгчих гэж гуйж авчраад зам хөндлөн гаргуулсан. Цыг буцааж зам дээр хүргэж өгчхөөд цааш нь өөрөө мотоциклтой тууж хашаа руугаа авчирсан. Тэр хониноос жижиг гэсэн бүх малыг бүс нуурын хойно авчраад орхисон. Малтайгаа нийлчих байх гэж бодсон. Дараа нь хохирогчоос асуусан чинь нийлээгүй гээд тэр нь мөн алга болсон байсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.Гын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед би үхрээ хураахаар явж байтал Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хүрэн дэл нэртэй газрын зүүн талын уулан дээр 600-700 орчим тооны хонь, ямаа бэлчиж байсан ба уулынхаа хойд талд бас 50 гаран тооны бололтой хонь, ямаа бэлчиж явахаар нь урд яваа хониноосоо тасарсан яваа юм байна гэж бодоод мотоциклтойгоо очоод туугаад Мойлтын тохой амралтын газрын урд энгэрт авчирч хаяад эргээд Налайх дүүрэгт ирээд манайхтай айл саахалт байдаг байсан Цаа гэх залуугийн гэрт нь очоод ах нь айлаас мал авсан юм ганцаараа туух гэсэн чинь явахгүй байна чи очоод туугаад өгөөч гэхэд Цаа ээж, аав хоёр хөдөө гэр рүүгээ  явах гээд намайг авч явах гэж байгаа удахгүй ирэх байх гэхээр нь би гуйгаад ахын дүү гялс мотоциклтой очоод туугаад зам гаргаад өгөөч гэж гуйгаад дагуулаад хамтдаа Мойлтын тохой дээр очоод нөгөө хонио Цаагаар туулгаад зам гаргаад баруун талд нь байрлах мобикомын антентай уулын энгэрт аваачсан. Тэгтэл Цаагийн утас нь дуугараад ээж нь залгаад яачив гэхээр нь зам дээр тосоод зогсож байя гэж хэлүүлээд би мотоциклоороо Цааг зам дээр буулгаад буцаагаад хонио мотоциклтойгоо туугаад Их амаар ороод элсний карьерын урд талаар уул давуулаад 014 дүгээр цэргийн ангийн хашааны зүүн талаар туугаад замд гаръя цайны газрын хажуу талаар нь туугаад 1 дүгээр хорооны голын шороон замаар тууж яваад хашаан дээрээ авчраад 19 цагийн үед амбаартаа оруулсан. Ингээд хонь, ямааны томыг нь ялгаад бага жижгүүдийг нь мөн ялгаад 24 байна уу 25 хонь, ямааг ялгаж үлдсэн хэдэн хонь, хэдэн ямаа авч үлдсэнээ одоо санахгүй байна. Тэгээд жижиг борлон төлөгнүүдийг нь буцааж туугаад бүс нуурын ард аваачиж орхиод буцаад гэртээ ирэхэд 23 цаг болж байсан. Тэгээд хонь, ямаагаа ганцаараа янзлаад 2 цагийн үед дуусаад өглөө 7 цагийн үед Дэнжийн мянга зах дээр очоод танихгүй ченж олж ирээд махаа харуулаад нийт 2.400.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 100 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Я.Ягийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүүхдүүд ирчихсэн бороо ороод байж байсан. Тэгээд 18 цагийн орчимд гэрт ирсэн хүмүүсийг явуулчхаад манай хүүхдүүд хониндоо явахад нь хонь байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад олоогүй...

...Тухайн жил 12 үхэр, хонь 19, ямаа 50 нийт 81 тооны мал тоолуулсан. Үүнээс 62 тооны мал алдсан. Уг нь манайх 69 тооны бог малтай байж байгаад 7 тооны мал идшинд идсэн. Уг 7 малаас 1 нь хонь бусад нь ямаа байгаа юм. Нийт 18 хонь, 44 ямаа байсан. 2020 оны хавар манайх огт төл хүлээж аваагүй. Учир нь хуц, ухна айлаас авчирч тавьсан боловч хээлтээгүй юм. Хониноос 8 төлөг, зусаг 10, ямаанаас зусаг 14, борлон 30 байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34, 36 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр П.Оын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Налайхаас манай эгч ирчихсэн байж байгаад 17 цагийн орчим Налайх хүргүүлнэ гэхээр нь хүргэж өгчхөөд буцаад очиход манай хонь, ямаа алга болчихсон байсан...маргааш нь босоод гэрийн ойр орчмоор болох Налайх, Хонхор, Эрдэнэ сум зэрэг газраар хайгаад манай хонь, ямаа олдоогүй. Тэгтэл манай ойр байрлах Ганаа гэх ах хонь, гүүгээ саах гэж байхад нь хонь туусан хүн явж байсан талаар хэлэхээр нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын постын хяналтын камерыг шүүж үзэхэд тус постын хажуугаар гараад Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам чиглэлтэй уул өгсөөгөөд тууж явсан. Нийт хонь, ямаа, хурга нийлсэн 62 тооны мал алдсан. 2019 оны малын тооноор 19 тооны хонь, 50 тооны ямаа тоолуулсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 43 дугаар тал/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр П.Дийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд бороо ороод байхаар нь хониндоо явж чадахгүй байж байгаад 17 цаг өнгөрөөгөөд бороо зогсохоор хониндоо явахад нь хонь байхгүй байсан. Тэгээд тухайн өдөр урд талын уулаар хайж байгаад орой болсон байсан учраас маргааш хайя гээд унтацгаачхаад маргааш нь босоод гэрийн ойр орчмоор болон Налайх, Хонхор, Эрдэнэ сум зэрэг газраар хайгаад манай хонь, ямаа олдоогүй. Тэгтэл манай ойр байрлах Ганаа гэх ах хонь, гүүгээ саах гэж байхад нь хонь туусан хүн явж байсан талаар хэлэхээр нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын постын хяналтын камерыг шүүж үзэхэд тус постын хажуугаар гараад Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Их ам чиглэлтэй уул өгсөөгөөд тууж явсан байсан.” гэх мэдүүлэг,

             /хх-ийн 45 дугаар тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр К.Сын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэртээ сууж байтал манай урд талын элсний карьерын урд жалга дагуулаад их хурдан мал тууж явахаар нь адуу тууж яваа хүн байна гээд дурангаар харахад мотоциклтой хүн хонь, ямаа туугаад Баянзүрх буюу Энгэр шанд чиглэл рүү дагуулаад туугаад явчихсан.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 50 дугаар тал/

 

            6. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Цы өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал Г ах утсаар яриад Ах нь хүнээс хэдэн хонь авсан, чи туугаад манай гэрт аваачаад өг гэж хэлэхээр нь би аав, ээж хоёр хөдөөгөөс ирж байгаа амжихгүй байх даа гэж хэлэхэд За тэгвэл ядаж мобикомын антентай уул дөхүүлээд өгчих, би чамайг буцаагаад хүргээд өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Г ах мотоциклтой ирээд намайг аваад явсан. Бид хоёр Мойлтын тохойн урд энгэрт очоод би явган хонийг нь туугаад Мобикомын антентай уулыг дөхөж байхад манай аав, ээж утсаар яриад очиж явна гэхээр нь Г ахад хэлээд овооны доод талын зам дээр хүргүүлсэн.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 59 дүгээр тал/

 

            7. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Эийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Я.Ягийн малыг тоолсон. Тооллогоор үхэр 12 ширхэг, хонь 19, ямаа 50 нийт 81 тооны мал тоолуулсан.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 65 дугаар тал/

 

            8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 12-16 дугаар тал/

 

            9. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 21-22 дугаар тал/

 

            10. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 24-30 дугаар тал/

 

            11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 3351 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 73-80 дугаар тал/

 

            12. Дамно ХХК-ны НА-21-63 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.700.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 86 дугаар тал/

 

            13. Вендо ХХК-ны №Н01/021 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь /Dayun загварын мотоцикл/ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 219.745 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 89 дүгээр тал/

 

            14. Нийслэлийн статистикийн газрын мал тооллого 2019 бичиг,

            /хх-ийн 104 дүгээр тал/

 

            15. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого,

            /хх-ийн 105-108 дугаар тал/

 

            16. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 133 дугаар тал/

           

            17. Г.Гын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 129-132, 135-153  дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Мал маллаж амьдардаг хохирогч Я.Яд 62 тооны хонь, ямааны хохирол учирсан буюу тухайн үеийн ханшаар 4.700.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Уг хохирлыг шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан бөгөөд хохирогч Я.Я нь гомдол саналгүй тухай бичгээр хүсэлтээ гаргасан.  Иймд шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэхгүй байна. Учир нь өмнө нь 2015 онд ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан. Мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ч гэсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг ихээр учирсан. Мөн түүний үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Г.Гт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээлгэх саналтай байна. Мөн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн улсын дугааргүй 219.740 төгрөгийн үнэ бүхий Яамахо маркийн мотоциклийг улсын орлого болгох саналтай байна. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй. Энэ өдрөөс эхлээд шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэдгийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө 2-8 жилийн хорих ялтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байгаа тохиолдолд хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болно гэж заасны дагуу хорих ялын доод хэмжээнээс доош ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Энэ хэрэг нь 2020 оны 07 сарын 14-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой гэж хуульчилсан байгаа. Хэдийгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар солихыг хуульчилсан байгаа боловч энэ зорчих эрхийг хязгаарлах ялыг яаж эдлүүлэх вэ гэдэг асуудлыг шүүх шийднэ. Шүүгдэгч нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилтай, энэ хэргээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, хэрэг зөрчилд холбогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ажил төрлөө хийх боломжийг хангаж Улаанбаатар хотоос гарахгүйгээр мөн нийгэмших гэр бүлийн тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч үзнэ үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Г.Гын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мойлтын тохойн урд энгэрт бэлчиж байсан иргэн Я.Ягийн эзэмшлийн 18 хонь, 44 ямаа нийт 62 тооны буюу олон тооны малыг мотоцикл ашиглан тууж авч яван мал хулгайлсан болох нь:

Шүүгдэгч  Г.Гын  “...Уулын хойд энгэрт бусдаасаа тасарсан хэдэн хонь байхаар нь доош Мойлтын тохой амралт хүртэл мотоциклоор тууж авчирсан. Уг нь тэндээс томыг нь ялгаад, жижгийг нь салгаж үлдээх гэсэн боловч нэг ижил мал тул салахгүй байсан. Тэгээд бүгдийг нь тууж Налайх яваад Ц гэх залууг зам гаргалцаад өгчих гэж гуйж авчраад зам хөндлөн гаргуулсан.” гэх,

Хохирогч Я.Ягийн  “...Тэгээд 18 цагийн орчимд гэрт ирсэн хүмүүсийг явуулчхаад манай хүүхдүүд хониндоо явахад нь хонь байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад олоогүй...” гэх,

Гэрч П.Оын “...Тэгээд 18 цагийн орчимд гэрт ирсэн хүмүүсийг явуулчхаад манай хүүхдүүд хониндоо явахад нь хонь байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад олоогүй... 17 цаг өнгөрөөгөөд бороо зогсохоор хониндоо явахад нь хонь байхгүй байсан. Тэгээд тухайн өдөр урд талын уулаар хайж байгаад орой болсон байсан учраас маргааш хайя гээд унтацгаачхаад маргааш нь босоод гэрийн ойр орчмоор болон Налайх, Хонхор, Эрдэнэ сум зэрэг газраар хайгаад манай хонь, ямаа олдоогүй...” гэх,

Гэрч П.Дийн “...17 цагийн орчим Налайх хүргүүлнэ гэхээр нь хүргэж өгчхөөд буцаад очиход манай хонь, ямаа алга болчихсон байсан...маргааш нь босоод гэрийн ойр орчмоор болох Налайх, Хонхор, Эрдэнэ сум зэрэг газраар хайгаад манай хонь, ямаа олдоогүй... постын хажуугаар гараад Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам чиглэлтэй уул өгсөөгөөд тууж явсан. Нийт хонь, ямаа, хурга нийлсэн 62 тооны мал алдсан...” гэх,

Гэрч Ж.Сын “...их хурдан мал тууж явахаар нь адуу тууж яваа хүн байна гээд дурангаар харахад мотоциклтой хүн хонь, ямаа туугаад Баянзүрх буюу Энгэр шанд чиглэл рүү дагуулаад туугаад явчихсан...” гэх,

Гэрч  Б.Цы “...Г ах утсаар яриад Ах нь хүнээс хэдэн хонь авсан, чи туугаад манай гэрт аваачаад өг гэж хэлэхээр нь би аав, ээж хоёр хөдөөгөөс ирж байгаа амжихгүй байх даа гэж хэлэхэд За тэгвэл ядаж мобикомын антентай уул дөхүүлээд өгчих, би чамайг буцаагаад хүргээд өгье гэхээр нь би зөвшөөрсөн...” гэх,

Гэрч Х.Эийн “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Я.Ягийн малыг тоолсон. Тооллогоор үхэр 12 ширхэг, хонь 19, ямаа 50 нийт 81 тооны мал тоолуулсан” гэх мэдүүлгүүд,

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 3351 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дамно ХХК-ны НА-21-63 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.700.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт, Вендо ХХК-ны №Н01/021 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь /Dayun загварын мотоцикл/ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 219.745 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн статистикийн газрын мал тооллого 2019 бичиг, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Я.Я нь “...5.000.000 төгрөгийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн байранд хүлээж авсан...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.

 

Гэтэл шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Я.Я нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

    

Иймд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ялын төрөл, хэмжээнээс өршөөн хэлтрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад С.Мөнхбаяр нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Даюун маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Сарлагт овогт Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Гыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг  3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш гарахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ........................................................ тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн  “Даюун маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ