Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв, 

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Ж.Б, түүний  өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

            Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 23 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцгээ овогт Б.О, Түмэн овогт Ж.Б, Боржигон овогт Ч.А нарт холбогдох эрүүгийн 2007001350152 дугаартай хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, “........................... ХХК-ны Шарын гол суман дахь алтны уурхайд механизмын оператор ажилтай, ................................................ тоотод аав, ээжийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цэцгээ овогт Б.О, /РД:...................../,

 

Монгол Улсын иргэн, 1991оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Казакстан улсад Алмата хотын “..................... эмнэлэгт уламжлалт ухааны эмч ажилтай, .................................................. тоотод аав, ээж хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Түмэн овогт Жаргалсайхан Б /РД:...................../,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага эрх зүйч мэргэжилтэй, ................. ХХК-д х үний нөөцийн мэргэжилтэн ажилтай, .................................................. тоотод аав, ээж, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Ч.А /РД:................./,

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 02-оос 03-ны шилжих шөнө ............................................... тоотод байрлах М.Сийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Ж.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.С гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.Сийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн,

Яллагдагч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М.С араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой байна” гэж М.Сийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би найз Б.Г, Ж.Б нартайгаа уулзаж байх үед Ч.Агийн утаснаас М.С гэх хүүхэн залгасан. Ч.А бид хоёр хамт байна хүрээд ир гэхэд нь би очихгүй гэсэн. Олон удаа залгасны эцэст очихоор болж, Ж.Б гадаадаас авчирсан архиа гэрээсээ очиж авчраад, 10 шард байх байранд М.Сийн гэрт нь орсон. Гэрт нь ороход ЧА газар гудас дэвсчихсэн унтаж байсан. М.С бид гурвыг оруулж суулгаад утсан дээрээ дарсан зургаа надад үзүүлсэн. Ийм хүнтэй ингэж чааталсан байна гээд би эхнэрт нь үзүүлэх гэж зургийг нь дараад авсан байгаа гэсэн. Өөдөөс тийм юмнууд харуулаад байхаар нь чи яагаад хүний утсан дээр байсан юм дараад авчихсан юм бэ гээд хэлсэн чинь Ч.А босож ирээд аягүй хурдан утсыг аваад нойл руу гүйгээд орсон. Тэнд хэсэг сууж байгаад явлаа гэхэд М.С явуулахгүй гээд байсан. Архинаас чинь цуг ууя гээд тал шил архи үлдсэнээс ихэнхийг нь ганцаараа уусан. Тэгсний дараагаар Ч.Атай маргалдаж эхэлсэн. Чи яагаад энэ хүнийг ийм байдалд оруулж байгаа юм бэ гээд тэр хоёр маргалдаад Ч.А босож ирээд би Б.Оийг аваад явлаа Б.Г та хэд үлдэхгүй юу гэхэд М.С чи эд нарыгаа аваад зайл гэж хэлээд өрөөнөөс гарах гэж байхад араас нь үсдээд унагаасан. Бид гурав очоод боль гээд салгасан. Б.Г би явлаа энэ хэд муудалцаад байна гэхээр нь ядаж тамхилаад явъя гээд гадаа гарч тамхилаад Б.Гийг явуулаад байж байтал Ч.Агийн аав нь ирээд А хаана байна гэсэн. Би дээр гурван давхарт байгаа гээд цуг ороход Ч.Агийн нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд цагдаа нар хүрч ирээд хэн ийм болгосон юм бэ гээд Ж.Б бид хоёрыг эрүүлжүүлсэн. Тэр өдөр юу болсныг ч сайн мэдээгүй маргааш нь байцаалт авна гээд нэг нэгээр нь байцаасан тийм л зүйл болсон.” гэв.

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг болсон өдөр Б.О, Б.Г нар манай гэрийн үүдэнд ирээд бид гурав машинд нь юм яриад, гэрээсээ гаргаж ирсэн архиа уугаад суусан. Юм яриад сууж байхад Б.О рүү Ч.А залгасан. Ч.А энэ хоёр өмнө нь үерхэж байгаад салчихсан гэж ярьж байсан. Тэгэхэд нь Б.Г бид хоёр А залгаж байгаа юм бол яваад очъё гэсэн. Тэр үед С залгасан байх. Нэлээд хэд залгахад нь очихгүй гэж хэлж байсан. Тэгээд сүүлдээ А өөрөө залгаад хүрээд ир гэж хэлэхэд нь за за тэгвэл очъё гээд бид гурав цуг очсон. Машин дотор нэлээд уучихсан байсан мөн пиво, архи авчихсан байсан. Гэрт нь ороход  А гудсан дээр унтаад цааш хараад хэвтэж байсан. Ороод Б.Г бид хэд тойроод суусан бас нэлээд уусан. Олон удаа гэж миний санаж байгаагаар нэг л удаа нойл ороод гараад ирэхэд түг хийдэг чимээ сонсоогүй. Миний хажууд Б.О сууж байсан болохоор тэр хоёр маргалдаагүйг би мэдэж байна. Миний санаж байгаагаар огт маргалдаагүй. Цохисныг хараагүй. Харин үсдээд дарсан байсныг хальт санаж байна бид гурав салгасан. Дараа нь гадаа гарч тамхилж байсныг санаж байна. Гадаа байхад аав нь ирснийг сайн санахгүй байгаа.   Дотор орсны дараа ардаас 2 цагдаа ирснийг сайн санаж байна. Цагдаа ирснээс хойш эрүүлжүүлэхэд орсон. Минийхээр Б.О, Ч.А хоёр муудалцаагүй гэдгийг би баттай хэлж чадна. Нойлоос гарахад түг хийх чимээ гарсан гэж нойлоос гараад очиход Ч.А хэвтдэгээрээ хэвтэж байсан бөгөөд хажууд нь Б.О сууж байсан. Тэгж л санаж байна. Санаж байгаагаа хэлж байгаа болохоос хүн гүтгэсэн зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 03 дугаар сарын 02-нд байх. Тэр өдөр би юу болсныг санахгүй байгаа. Ийм хэрэг боллоо би хохирчихлоо гэж хэлсний үндсэн дээр энэ хэрэг үүссэн. Би хохирлоо барагдуулах гээд явсныхаа төлөө ийм байдалтай болсон.  Байцаагчдаа хэн намайг ингэчхэв ээ олоод өгөөч гэснийхээ төлөө намайг нэг талаа барьсангүй, чамд ял өгчихье гээд их дарамтууд ирсэн. Одоо ч мөн прокурортойгоо муудалцаад ойлголцоогүй ийм байдалтай явж байгаа. Хэрэг болсноос хойш 1 жил 10 сар өнгөрлөө. Өөрөө биеийн болоод сэтгэл санааны хохирол авчхаад одоо ингээд шүүгдэгч болоод явж байна өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

            1. Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Агийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. Тухайн үед миний хажууд М /С/, Г, Б нар хараад байж байсан. Өмнө нь 2019 оны 10 дугаар сард О намайг хардаад зодож байсан.” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 30 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ч.Агийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Сэрэхэд С хөөе 2 хүүхэдтэй янхан авгай минь наана чинь хүн уйлаад байна. Жаахан хүүхэдтэй явдаг байж уйлуулаад байхдаа яадгийн гэхээр нь би харахад О суучихсан уйлж байсан. Би чамд ингэж доромжлуулж чадахгүй харилаа гээд үүдэнд очоод куртикээ өмсөх гээд өлгүүрээс авахад араас М.С гүйж ирээд “юу гэнээ янхан” гээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан байх, нэг сэрэхэд би том өрөөнд нь гудсан дээр нь хана налаад сууж байсан, тэр үед зүүн нүд хавдаад аньчихсан толио өгчих гээд Сээс авч толинд харахад хавдчихсан байхаар нь М.Сд чи яаж байгаа юм бэ гэж намайг хэлэхэд “таныг сая Б.О өшиглөчхөөд гараад явчихлаа” гэхээр нь аав, ээжрүүгээ залгаж ээжид О намайг өшиглөчихлөө гэж хэлсэн...Би Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 16-17 дугаар тал/  

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Бын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:“...шөнө дундын орчимд Г гэх хүүхэн Атай маргалдаад байсан. О чамайг хайрлаад байхад чи новшийн зан гаргалаа манайхаас зайл гээд хэрэлдсэн. Би тэр үед 00 өрөөнд ороход 2 хүүхэн орилолдоод явчихаар нь гараад очиход гэрийн дотор үүдний хавьд шалан дээр Г гэх хүүхэн нь Аг үстээд дарчихсан байхаар нь бид 3 гар хөлийг нь татаж байж салгасан...Б.О Ч.А хоёр огт муудаагүй, Б.О огт биед нь гар хүрсэн, өшиглөсөн, зодсон зүйл байхгүй. Ч.Аг М.С /Г/ гэдэг хүүхэн нь зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үсдээд газраар чирж дараад толгой руу нь өшиглөж байсныг би харсан. Салгахад зүүн нүдний доор нь хавдсан харагдсан. Ч.А согтчихсон эсэргүүцэх чадваргүй байсан. М.С /Г/ Ч.Агийн толгойд нь 1 удаа өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 38-39 дүгээр тал/

 

            4. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Оийн 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Нэлээн сууж байгаад Б, С, Г 3 нойлын өрөө рүү тамхи татахаар орсон. Түүний дараа Аг том өрөөнд 2 удаа нүүрэнд нь цохисон.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 82 дугаар тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Сийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр...Ч.А эгчтэй уулзаж 8 Сэнгүр пиво аваад манай гэрт хувааж уусан. Тэгээд удалгүй Б.О хоёр найзын хамт манай гэрт ирсэн...Б.Г тамхилъя гэхээр нь Б гурвуулаа дахин 00 өрөөнд ороод тамхилж байхад том өрөөний хана түг хийх чимээ гарахаар нь би гарч том өрөөнд ороод юу болоод байгаа юм бэ гэхэд “энэ намайг цохидог байна шдээ” гээд Ч.А ёолоод толгойгоо бариад харин Б.О “энэ надаас салаад 7 ч хоноогүй байж шинэ хаяг нээгээд баахан залуучуудтай чаталсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд хоёр найз нь за за больцгоо гэж хэлээд намжиж суусан. Тэгээд Б.Г, Ч.А хоёр гал тогооны өрөөнөөс орж ирээд жаахан сууж байгаад Б.Г тамхилъя гэхээр нь Б гурвуулаа дахин 00 өрөөнд орж тамхи татаж байхад тэр хоёр А А нарыг хоорондоо чаталсан чатыг яриад байсан. Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.А газар уначихсан Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наана чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан. Ч.А босож үүдэнд очоод Б.Отэй маргалдаж чи намайг зодож нүүр ам ийм болголоо чи наанаа үлд Б бид хоёр явлаа гэхэд Б.О “чи намайг юу гэнээ” гээд араас нь очиж үүдэнд цохиж зодож эхэлсэн. Би очиход том өрөө, гал тогооны өрөө хоёрын хоорондох хананы дунд Ч.Аг суулгачихсан чи янхандаад яв гээд Б.О толгой  руу нь цохиж байхад нь боль гээд дундуур нь орж салгахад ЧА босож ирээд чамаас боллоо гээд намайг үснээс хальт бариад авахаар нь би яасан юм гээд Ч.Аг түлхэж холдуулаад өөрөө холдсон.

...Ч.А /А/ эгчийг Б.О зодож байхад Ж.Б салгах нь битгий хэл “чамайг манай найз тоосон нь их юм янхан минь баярлаж яв” гэх мэтээр доромжилж байсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 44-46 дугаар тал/

           

             6. Мөрдөн байцаалтад хохирогчоор М.Сийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Анх хана мөргүүлэх чимээг Б.Г, Ж.Б гурвуулаа сонссон. Коридорт нүд рүү нь цохиход Ж.Б бид хоёр хараад зогсож байсан. Г яг хаана байсныг анзаараагүй. Би нээх их согтолттой байгаагүй болсон асуудлыг мэдэх чадвартай байсан. Тэр өдөр мэдүүлэг өгөх бүрэн чадвартай байсан. А эгч тасарчихсан согтуу байгаагүй. Хийгээгүй хэрэгтээ гүтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Өөрсдөө манай гэрт орж ирчхээд дээрээс нь хүн нэмж дуудчихаад тэгээд намайг өөрийгөө зодсон болгож ярьж байгаад үнэхээр харамсаж гомдож байна.” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 23-25 дугаар тал/

 

            7. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Гийн өгсөн: “...М.С, Ж.Б бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар уначихсан Б.О хажууд нь байсан. Б.О Ч.Агийн утсыг үзэж өөр хүнтэй чаталсан болохыг мэдчихээд уурлаад Ч.Атай маргалдаад байсан. Ч.А үүдэнд очоод амандаа бувтнахад С чи юу гэнээ би гэртээ оруулж байхад давраад байгаарай гээд үснээс нь татаж доошоо дарахад нь бид нар 2 тийш нь салгасан...Аг О цохиж зодож байгааг хараагүй, 00 өрөөнд байхад хана юмуу шал түс хийх чимээ гарсан...”  гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 41-42 дугаар тал/

 

            8. Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Чын өгсөн: “...шөнө унтаж байхад манай охин А ээж рүүгээ залгаад намайг О аллаа, зодоод нүд таглачихлаа гээд уйлаад ярихаар нь би босоод гэрээс гараад 02 цагийн үед машинаа унаад 58 дугаар байрны гадаа очиход орцны үүдэнд 2 залуу зогсож байхаар нь А хаана байна гэхэд энд байгаа гээд дагуулаад 3 давхарт гарахад нэг хүүхэд хаалга нээж өгсөн. Цаад өрөөнд нь охин А нүд нүүр нь хөхөрчихсөн уйлчихсан сууж байхаар нь би дагуулж гараад цагдаа руу бүгд гарсан. Манай хөгшин рүү А залгаад хэлэхдээ О намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ч.А нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан.” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 50 дугаар тал/

 

            9. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Дгийн өгсөн: “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ хаана байгаа юм хэлээч гэхэд “О зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд 58 дугаар байр гэсэн...хэдэн минутын дараа охин над руу залгахаар нь автал “Даваахүү эгчээ сайн байна уу би үсчин хийдэг С байна” гэхэд за гэсэн чинь “сая О танай охиныг зодчихсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 52 дугаар тал/

 

10. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 3244 дугаар:“ Ч.Агийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт

/1 хх-ийн 66 дугаар тал/

 

11. Яаралтай тусламжийн хуудас,

/1 хх-ийн 62-63 дугаар тал/

 

12. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 хх-ийн 8-13 дугаар тал/

 

13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1 хх-ийн 96, 105, 111 дүгээр тал/

 

14. Иргэний үнэмлэхийн лавлагаа

/1 хх-ийн 116, 132, 133 дугаар тал/

 

15. Б.Оийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /1 хх-ийн116-131 дүгээр тал/

           

            16. Ж.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /1 хх-ийн 132-137 дугаар тал/

 

            17. Ч.Агийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /1 хх-ийн 133-141 дүгээр тал/

 

            18. Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгасан баримтууд,

            /1 хх-ийн 145-150 дугаар тал/

 

            19. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

            /1 хх-ийн 241-247 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Ингэхдээ Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.А, Ж.Б нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн хохирогч М.С нь өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Ч.А, Ж.Б нарыг бусдад төлөх төлбөргүйд, хохирогч Ч.Агийн хувьд өмнөх шүүх хуралдаанд  120.000 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг төлсөн тул Б.Оийг мөн адил бусдад төлөх төлбөргүйд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...

...Шүүгдэгч Б.Оийн хувьд шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай холбоотойгоор ямар нэгэн хохирол төлбөр байхгүй тул түүний хувийн байдлыг нь харгалзаад 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ж.Бын хувьд шүүх хуралдаан эхлэхээс өмнө танд эрхэлсэн тодорхой ажил байгаа юу? Орлого байгаа юу гэж асуулт асуухад оюутан, орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэж хариулсан. Шүүгдэгчийн үйлдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялтай гэмт хэрэг бөгөөд энэ хүн нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн тул хорих ял, торгох ял оногдуулах нь зохимжгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Хязгаарлалтын бүсийн хувьд Улаанбаатар хот буюу 9 дүүргээс гарахгүй байх ял оногдуулсан дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт холбогдуулаад шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.  Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчулууны ...Б.Оийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хохирол төлбөрийг барагдуулсан. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон. Ийм учраас шүүгдэгч Б.Оийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид 190.000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй тооцуулах, Б.О нь цагдан хоригдсон хоног, хохирол төлбөргүй болохыг дурдуулах дүгнэлтийг гаргаж байна...

... Улсын яллагчаас шүүгдэгч Б.Оөд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цагийн  нийтэд тустай ажил хийлгүүлэх ял оногдуулах саналыг гаргасан. Шүүгдэгч Б.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байгаа тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-т зааснаар Б.Оөд холбогдох хэрэг нь өршөөлд хамрагдаж байгаа учраас Б.Оөд холбогдох Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн болон цагдан хоригдсон хоноггүй” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы ...Иймд шүүгдэгч Ч.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна. гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн ...Энэ хэргийг үйлдсэн хүнийг тогтоож чадаагүй байж хэрэгт татаж байгаа нь үндэслэлгүй байна. Гүтгэгдсэн гэх М.С нь цагаатгасан шийдвэрт нь ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд өнөөдөр ч мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Ж.Б нь М.Сийг гүтгэсэн гэж үзээд байгаа боловч М.Сд ямар нэгэн байдлаар хохирол учраагүй. Санаатайгаар зориуд гүтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх Ж.Бд холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд зориуд худал мэдүүлсэн гүтгэсэн гэх гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. Үгүйсгэж байгаа нөхцөл байдал нь  бүрэн үндэстэй гэж саналаа дэмжиж байна...

...Эмчийн мэргэжлээрээ хаана ч ажил үүргээ гүйцэтгээд явах боломжтой бөгөөд Улаанбаатар хотоос гарахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял нь эзэмшсэн мэргэжилд тохиромжгүй бөгөөд оновчтой биш байна. Хэрэг гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд багтаж байгаа, зориудаар худал мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй байх бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаад энэ зүйл ангид заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа тул хорих оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна. Иймд хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. Эмч ажилтан дутагдалтай байгаа энэ үед эрхэлсэн ажлаа хийх боломжоор хангаж шийдвэрлэж өгнө үү. гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.О, Ж.Б, Ч.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

1. Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 02-оос 03-ны шилжих шөнө ............................................... тоотод байрлах М.Сийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Оийн ...Түүний дараа Аг том өрөөнд 2 удаа нүүрэнд нь цохисон.” гэх,

шүүгдэгч Ч.Агийн “...Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна...

... 2020 оны 03 дугаар сарын 02-нд байх. Тэр өдөр би юу болсныг санахгүй байгаа. Ийм хэрэг боллоо би хохирчихлоо гэж хэлсний үндсэн дээр энэ хэрэг үүссэн. Би хохирлоо барагдуулах гээд явсныхаа төлөө ийм байдалтай болсон.  Байцаагчдаа хэн намайг ингэчхэв ээ олоод өгөөч гэснийхээ төлөө намайг нэг талаа барьсангүй, чамд ял өгчихье гээд их дарамтууд ирсэн. Одоо ч мөн прокурортойгоо муудалцаад ойлголцоогүй ийм байдалтай явж байгаа. Хэрэг болсноос хойш 1 жил 10 сар өнгөрлөө. Өөрөө биеийн болоод сэтгэл санааны хохирол авчхаад одоо ингээд шүүгдэгч болоод явж байна өөр хэлэх зүйл байхгүй” гэх,

Гэрч М.Сийн ...дээр Ч.А газар уначихсан Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наана чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан. Ч.А босож үүдэнд очоод Б.Отэй маргалдаж чи намайг зодож нүүр ам ийм болголоо чи наанаа үлд Б бид хоёр явлаа гэхэд Б.О “чи намайг юу гэнээ” гээд араас нь очиж үүдэнд цохиж зодож эхэлсэн.” гэх,

Гэрч Б.Гийн ...шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар уначихсан Б.О хажууд нь байсан. Б.О Ч.Агийн утсыг үзэж өөр хүнтэй чаталсан болохыг мэдчихээд уурлаад Ч.Атай маргалдаад байсан.” гэх,

Гэрч Ч.Ч ...Цаад өрөөнд нь охин А нүд нүүр нь хөхөрчихсөн уйлчихсан сууж байхаар нь би дагуулж гараад цагдаа руу бүгд гарсан... А залгаад хэлэхдээ О намайг зодчихлоо гээд уйлаад байсан.” гэх,

Гэрч Н.Дгийн ...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ хаана байгаа юм хэлээч гэхэд “О зодчихсон” гэсэн.” гэх,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 3244 дугаар:“ Ч.Агийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оийг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

2. Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.С гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж худал мэдүүлэг өгсөн болох нь:

Шүүгдэгч Ж.Бын ...Би тэр үед 00 өрөөнд ороход 2 хүүхэн орилолдоод явчихаар нь гараад очиход гэрийн дотор үүдний хавьд шалан дээр Г гэх хүүхэн нь Аг үстээд дарчихсан байхаар нь бид 3 гар хөлийг нь татаж байж салгасан...Б.О Ч.А хоёр огт муудаагүй, Б.О огт биед нь гар хүрсэн, өшиглөсөн, зодсон зүйл байхгүй. Ч.Аг М.С /Г/ гэдэг хүүхэн нь зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үсдээд газраар чирж дараад толгой руу нь өшиглөж байсныг би харсан. Салгахад зүүн нүдний доор нь хавдсан харагдсан. Ч.А согтчихсон эсэргүүцэх чадваргүй байсан. М.С /Г/ Ч.Агийн толгойд нь 1 удаа өшиглөж харагдсан” гэх,

Мөрдөн байцаалтад хохирогчоор М.Сийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Анх хана мөргүүлэх чимээг Б.Г, Ж.Б гурвуулаа сонссон. Коридорт нүд рүү нь цохиход Ж.Б бид хоёр хараад зогсож байсан. Г яг хаана байсныг анзаараагүй. Би нээх их согтолттой байгаагүй болсон асуудлыг мэдэх чадвартай байсан. Тэр өдөр мэдүүлэг өгөх бүрэн чадвартай байсан. А эгч тасарчихсан согтуу байгаагүй. Хийгээгүй хэрэгтээ гүтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Өөрсдөө манай гэрт орж ирчхээд дээрээс нь хүн нэмж дуудчихаад тэгээд намайг өөрийгөө зодсон болгож ярьж байгаад үнэхээр харамсаж гомдож байна.” гэх мэдүүлгүүд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

3. Харин хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 2020 оны 03 дугаар сарын 03 ны өдөр “/80051910/ НД-ийн 8-р хороо 58-р байрны 24 тоодод манай охин Ч.А нь бусдад зодуулсан байна.” /1хх-02/,

Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Агийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 02 цаг 55 минутад өгсөн Ч.Агийн ...Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна.”, 1хх-29-30/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Дгийн 2020 оны 04 дугаар сарын 15-ны өдөр өгсөн ...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ хаана байгаа юм хэлээч гэхэд “О зодчихсон гэсэн.”, /1хх 51-52/

Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Чын 2020 оны 04 дугаар сарын 15-ны өдөр өгсөн ...2020-03-02-ноос 03-нд шилжих шөнө унтаж байхад манай охин Ариунтаяа ээж рүүгээ залгаад намайг О аллаа, зодоод нүд таглачихлаа гээд уйлаад  ярихаар нь босоод гэрээс гарахал 02 цаг өнгөрч байсан.  ...Цаад өрөөнд нь охин А нүд нүүр нь хөхөрчихсөн уйлчихсан сууж байхаар нь би дагуулж гараад цагдаа руу бүгд гарсан... А залгаад хэлэхдээ О намайг зодчихлоо гээд уйлаад байсан.”, /1 хх-ийн 50 дугаар тал/

 Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Оийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 47 минутад өгсөн ...Би огт зодоогүй Ариунтаяа яагаад намайг гүтгээд байгааг.”, /1хх-36-37/ гэх мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд гэрчээр түрүүлж хууль сануулж өгсөн мэдүүлгийг үнэлж, түүнийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгсөнийг ...М.С араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой байна гэж М.Сийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Хохирогч М.Сийн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Ад холбогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Ч.Аг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.О, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй 120.000 төгрөг авсан гэсэн...” тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Б.О, Ж.Б нарын Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж ирсэн байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйгаагүй, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өгч байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Бд “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Хязгаарлалтын бүсийн хувьд Улаанбаатар хот буюу 9 дүүргээс гарахгүй байх ял оногдуулсан дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн ...Эмчийн мэргэжлээрээ хаана ч ажил үүргээ гүйцэтгээд явах боломжтой бөгөөд Улаанбаатар хотоос гарахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял нь эзэмшсэн мэргэжилд тохиромжгүй бөгөөд оновчтой биш байна...Гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа тул хорих оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна. Иймд хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. Эмч ажилтан дутагдалтай байгаа энэ үед эрхэлсэн ажлаа хийх боломжоор хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар гаргасныг шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хүлээн авах боломжтой байна гэж үзэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Харин Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба  Ч.А нь “2020 оны 03 дугаар сарын 02-нд байх. ...Ийм хэрэг боллоо би хохирчихлоо гэж хэлсний үндсэн дээр энэ хэрэг үүссэн. Би хохирлоо барагдуулах гээд явсныхаа төлөө ийм байдалтай болсон. Байцаагчдаа хэн намайг ингэчхэв ээ олоод өгөөч гэснийхээ төлөө намайг нэг талаа барьсангүй, чамд ял өгчихье гээд их дарамтууд ирсэн. Одоо ч мөн прокурортойгоо муудалцаад ойлголцоогүй ийм байдалтай явж байгаа. Хэрэг болсноос хойш 1 жил 10 сар өнгөрлөө. Өөрөө биеийн болоод сэтгэл санааны хохирол авчхаад одоо ингээд шүүгдэгч болоод явж байна”, гэх зэргээс дүгнэхэд өршөөлд хамруулах боломжгүй гэж шүүх үзэв.  

 

  Иймд Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр,

Ж.Быг мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэм буруутайд тооцож 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэх,

   Мөн шүүгдэгч Ч.Аг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Бусад асуудлаар                                                                                                                             

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О, Ж.Б, Ч.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Цэцгээ овогт Б.О, Түмэн овогт Жаргалсайхан Б, Боржигон овогт Ч.А нарт холбогдох 2007001350152 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ч.Агийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Аг цагаатгасугай.

 

          Шүүгдэгч Түмэн овогт Жаргалсайхан Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” заасан гэмт хэрэг үйлдсэн,

 

         Шүүгдэгч Цэцгээ овогт Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.О нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

          6. Шүүгдэгч Ж.Б, Ч.А, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЧИНЗОРИГ