Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Г, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Х.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 177 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэл овогт Д.Эад холбогдох эрүүгийн 2107000000183 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. тоосгоны үйлдвэрт цэвэрлэгч ажилтай, ам бүл 1, ........................................ тоотод оршин суух хаягтай,

Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймгийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 443 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн  4 сар 25 хоногийн  хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дэл овогт Д.Э /РД:................./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Их ам гэх газар байрлах ................. тоосгоны үйлдвэрийн ажилчдын амрах байранд архидан согтуурч С.Нтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн гуя, хэвлий, зүүн шилбэнд хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.Э нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2021 оны 08 дугаар сарын 15-ны үдээс хойш 17 цагийн үед цалин орсон байсан. Тэгээд орой 19 цагийн үед ажил тараад Хандаа гээд арын үйлдвэрийн хүүхэнтэй дэлгүүр явж идэж, уух юмаа авсан. Тэгээд замдаа 1 шил архи бид 2 хувааж уусан. Би талийгаачид 1 шил архи авсан байсан. Тэрийгээ шөнө 01 цагийн үед авчирч өгсөн. Тэгээд талийгаач бид авчирсан архинаасаа 1 татсан. Тэгээд хойд айлд хүмүүс ууж байхаар нь тийшээ орж уусан. Тэгээд 3 цагийн үед орж ирэхэд талийгаач зурагт үзээд сууж байсан. Тэгээд би 1 эмэгтэй дагуулж ирсэн байсан. Тэр эмэгтэйгээ асуусан чинь мэдэхгүй Г авч гарсан гэж хэлсэн. Тэгээд Г яахаараа авч гардаг юм гээд муудалцсан. Тэрнээс болж хутгаар 3,4 удаа сийчсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

             1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Эын өгсөн: “...Би авчирсан 0.75 литрийн архиа задалж хоёр татаад нөгөө хүүхэнд хийж өгөхөд уугаагүй, би хутгаа гаргаж ирээд авчирсан хиамаа зүсэж тавиад идэж уусан. Н өвгөнд архиа өгтөл хийгээд уугаад байсан. Тэгээд би Н өвгөнд энэ хүүхэн энд хонох юм. Би гарчхаад ирье гэж хэлээд гарч арын Аагийгийн гэрээр ороход амьдардаг ажилчид нь архи ууж байсан. Надад архинаас хийж өгөхөөр нь 2 удаа татсан. Тэнд жаахан сууж байгаад өрөөндөө ирэхэд хүүхэн маань байхгүй болохоор нь Н өвгөнөөс асуухад Г орж ирээд дагуулаад гарсан гэхээр нь тэр чинь мэдрэл муутай хүүхэн хамаагүй явуулж болохгүй шдээ, унаж тусвал яахын гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ Н өвгөнд уур хүрч айлгах санаатай орны гудсан доороосоо чинжаал хутгаа гаргаж ирээд хэн дагуулаад гарсан юм үнэнээ хэл гээд ойртоход Н орны толгой тал руу арагшаа хэвтэж хутганаас өөрийгөө хамгаалж хөлөө хумьж Г аваад гарсан шдээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г сая гэрт архи хундагалаад сууж байсан хүн чинь яахаараа ороод ирдэг юм битгий худлаа яриад бай чи  үнэнээ хэл гээд арагш налаад хөлөө өргөөд хамгаалж байгаа Н өвгөний хөл гуя руу хутгаараа хэд хэдэн удаа чичсэн. Тэгтэл Г аваад гарсан шдээ л гээд байсан. Тэгээд би гараад салхинд цохиулаад түүнээс хойш юм санахгүй байна. Нэг мэдсэн би жалганд хэвтчихсэн байхад хүн ирээд энд хэвтэж байна шдээ гэж хэлж байсан. Тэгээд сэрэх шиг болсноо түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг сэрсэн цагдаагийн эрүүлжүүлэх байранд байсан...” гэх мэдүүлэг, 

            /1 хх-ийн 197-198 дугаар тал/

 

  2. Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Насанчимэгийн өгсөн: “...манай аав, ээж Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул хүмүүс юм. Төрсөн ах дүү гэвэл 1955 онд төрсөн том эгч Санжмятавын Н, 1958 онд төрсөн удаах ах С.Н, дараагийн ах 1967 онд төрсөн Санжмятавын Б, түүний дараа миний бие ах дүү дөрвүүлээ байсан. 1980-аад онд би 10 орчим настай Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдарч байх үед ах С.Ныг манай аав, ээж хоёр хүнд үрчлүүлж өгсөн юм. Тухайн үед миний санаж байгаагаар ах С.Н маань цэргийн албанд байсан. Цэрэг хувцастай явдаг байсан. Түүнээс хойш С.Н ахыг мэдэхгүй болсон. Манай том эгч С.Н Улаанбаатар хотоос зүүн тийш Хонхор гэдэг газар амьдарч байгаад 2018 онд нас барсан. Миний дээд талын ах Б одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдарч байна. Б ах маань С.Н ахыг сайн мэдэхгүй. Надтай адилхан ойлголттой бөгөөд бие муутай хүн байдаг болохоор хүнд хорлогдож нас барсан талаар нь мэдэхгүй байвал сайн байна. Би 2015 оны үед Хонхорт амьдарч байсан эгч Нын гэрт очиход гараад явж байхад гэрийнх нь ойролцоо С.Н ахтай таарч уулзаж байсан. Түүнээс урьд болон хойно уулзаж байгаагүй. Нэг их юм яриагүй. Эгчийнхээр орчхоод гараад явж байсан юм билээ. Амьдрал ахуйн талаар юу ч яриагүй. Би 20.000 төгрөг авч өгөөд салсан. Архи уудаг болчихсон юм уу гэмээр харагдсан. С.Н ах Хонхорт эгч дээр хааяа ирдэг байсныг эгч ярьж байсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 36-38 дугаар тал/

 

            3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Жгийн өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай аав, ээж хоёр ажлаасаа 19 цаг 30 минутын үед ирээд хоол ундаа идэж уугаад шөнө 23 цагийн үед бид гурав унтаж амарсан. Тэгтэл шөнө 04 цагийн үед хажуу талд нэг эгч хойно цус алдаад байх шиг байна гэж дуугарах үед манай аав, ээж хоёр гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 40 дугаар тал/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Бийн өгсөн: “...Шөнө унтаж байхад эмэгтэй хүн чи хүн зодчихлоо, тэр хүнээ очиж хар гээд орилж хашхираад байхаар нь босож цонхоор хартал Дгаа эгч Эыг чирчихсэн, тэр хүн чинь цус нөжтэйгөө хутгалчихсан байна гээд явж байхаар нь хувцсаа өмсөж гараад Дгаа эгчийн араас дагаж яваад гэрт нь ортол Дгаа эгчийн гэрт С.Н ах цустайгаа хутгалдчихсан шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болов гэж Дгаа эгчээс асуухад Э С.Нын араас элдэж хөөж орж ирсэн. С.Н гаднаас орж ирээд бид хоёрыг хэвтэж байхад нөхрийн араар орж хэвтсэн. Намайг гэрлээ асаахад С.Н цус болчихсон газар уначихсан юм гэж хэлээд намайг цагдаа хурдан дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд цагдаагийн 102 дугаарт өөрийнхөө ............... гэсэн дугаараас дуудлага өгсөн. Дуудлага өгсний дагуу цагдаа нар ирсэн. Энэ үед Э алга болчихсон байсан бөгөөд цагдаа нартай нийлж бид нар ойр орчмоор нь хайхад цагдаа нар Э ахыг үйлдвэрээс баруун тийш байх жалганаас олж авах үед Э ахын баруун хөлийн гутлын түрийнд нь хутга байхаар нь цагдаад хэлж хураалгуулсан. Тэгээд бид нар цагдаагийн газар ирцгээсэн...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 42, 43 дугаар тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Гын өгсөн: “...Тэгээд шөнө яг хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна. Ямартай ч унтаж байтал манай эхнэр Дгаа гэнэт “хүүе Н ахаа” гээд орилоод намайг сэрээхэд нь юу болчхов гээд гайхаад хартал миний унтаж байсан орны урд талын шалан дээр талийгаач С.Н дээшээ хараад хэвтчихсэн газраар болон түүний өмсөж байсан өмд нь нэлэнхийдээ цус болчихсон байдалтай байсан. Тэгээд би орноосоо босоод хэвтэж байсан хэсэг рүүгээ хартал миний унтаж байсан орны ор хөнжлийн давуу ч бас тэр чигтээ цус болчихсон байсан. Ингээд яахаа мэдэхгүй байж байтал манай эхнэр Дгаа гэрээс гараад явчихсан. Удалгүй тэнд байсан бүх хүмүүс л сэрцгээгээд юу болсон талаар сонсож Б гэх хамт ажиллагдаг эмэгтэй маань эмнэлэг, цагдаа дуудаж удаагүй цагдаа, эмнэлэг хоёр хүрч ирсэн...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 45-46 дугаар тал/

 

6.  Мөрдөн байцаалтад гэрчээр О.Дгийн өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 15-ны орой 19 цаг 30 минутын үед ажил тарж машин тэрэгтэй хүмүүс нь гэр лүүгээ харьцгаагаад үйллдвэр дээрээ байрлаж ажилладаг хүмүүс нь үлдэцгээсэн...Өчигдрийн хувьд манай тоосгоны үйлдвэрийн цалин бууж бүгд мөнгөтэй болчихсон байсан учир ажил тарсны дараа 21 цаг билүү 22 цагийн үед манай нөхөр Г болон П, Г, М бид хэдийн байрладаг гэрт манай хажуу талын гэрт амьдардаг Ш, Г нарын хамт бөөндөө 0.75 литрийн хараа нэртэй архи 2 шилийг хувааж ууцгаагаад 23 цаг өнгөрч байхад тарцгааж бүгд тус тусынхаа гэр лүү явж унтацгаасан...Шөнө унтаж байтал талийгаач шууд манай гэр лүү гаднаас гүйж сандарсан байдалтай орж ирээд ямар ч үгийн зөрүүгүй манай нөхрийн араар ороод нуугдаад хэвтчихсэн. Дээрээс нь гэр дотор тухайн үед гэрэл асаагаагүй гадаа ч сайн гэгээ ороогүй байсан учир үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан болохоор талийгаач гаднаас орж ирэхдээ хаанаа ямар шарх гэмтэл авсан, цус болсон эсэхийг нь харж чадаагүй. Гэхдээ талийгаачийг орноос босоод гэр дотор шалан дээр унасны дараа талийгаачийн хэвтэж байсан орыг хартал тэр чигтээ цус болчихсон байсан. Дараа нь талийгаач руу дөхөөд ойртоод хартал түүний өмдний баруун тал тэр чигтээ цус болчихсон байсан. Тухайн үедээ би өөрөө айж сандраад сайн харж чадаагүй. Эын хувьд талийгаачийг араас нь хөөгөөд орж ирсэн байдалтай байсан. Ер нь бол нэлээн согтчихсон байдалтай архи үнэртүүлчихсэн байсан. Би тухайн үедээ Эыг сайн ажиглаж хараагүй учир гартаа ямар нэгэн зүйл барьсан байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Өмсөж байсан хувцсыг нь сайн ажиглаж хараагүй.   Намайг ажилчдын байр луу ороод урт коридороор талийгаачийн байрладаг өрөө рүү явж байхад коридороор жижиг жижиг дусалсан цуснууд байсан. Уг дусалсан цусыг дагаад явахад талийгчийн өрөөний хаалга хүртэл үргэлжилсэн байсан. Тэгээд хаалгыг онгойлгож өрөөнд нь ороход өрөөн доторх эд зүйлс нь эмх замбараагүй хааш яаш болчихсон. Өрөөн дотор хэрүүл маргаан болж муудалцсан шинжтэй байсан. Дээрээс нь өрөөний шал цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 47-49 дүгээр тал/

 

            7. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Дгийн өгсөн: “...Би нөхрийн хамт ажлаас бууж ирээд үйлдвэрийн ажилчдын тоосгон байрандаа хамт ирээд усанд орж, хувцсаа угааж хоол ундаа идэж 22 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Унтаж байхад шөнийн 04 цагийн үед байх дөнгөж үүр цайж байх шиг байсан гэнэт эмэгтэй хүн алчихлаа гэж орилж хашхирхаар нь нөхрийгөө босооч юу болов гээд нөхрөө босгоод би араас нь дагаж гартал үйлдвэрт ажилладаг Дгаа эгч хүн алчихлаа гэж орилж хашхираад байхаар гэрт нь явж ортол гэрийн зүүн талын орны талд толгой нь баруун хойш чигтээ Н ах гадуур хувцас нь цус болчихсон газар ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болсон юм гэхэд Дгаа эгч нөхөр бид хоёрыг орон дээр хэвтэж байхад Н ах орж ирээд бид хоёрын араар шууд орж хэвтэхээр нь юу болов яасан юм гэхэд орноос босож яваад хоёр алхаад уначихсан. Араас нь бутлагч машины ард цэвэрлэгээ хийдэг өвгөн орж ирээд зугтаагаад явчихсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа сэргийлэх, түргэн дуудаж байх зуур цэвэрлэгч өвгөн алга болчихсон байсан бөгөөд хөл муутай өвгөн хаа холдох билээ гэж хэлээд байж байтал цагдаа нар тэр өвгөнийг бариад ирсэн...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 50-51 дүгээр тал/

 

            8. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Пын өгсөн: “...Ингээд шөнө дунд цагийг нь сайн санахгүй байна. Намайг унтаж байтал Дгаа эгч намайг “дүү босоорой Н ах ороод ирчихсэн нэг л сонин байдалтай байна” гээд сэрээхээр нь босоод хартал талийгаач Н ах гэрийн хоймрын орны урд хэсэгт босоод зогсож байгаа харагдсан удалгүй гаднаас Э ах бас орж ирээд нэлээн согтуу амандаа яг юу гэж хэлээд байгаа нь ойлгогдохгүй юм бувтнаж байгаад Дгаа эгчид хөөгдөөд гэрээс гараад явсан. Үүний дараахан талийгаач Н ах гэрээс гарах гээд хаалга руу чиглээд 2-3 алхаж байснаа гэнэт хойшоогоо газар унаад өгсөн. Тэгэхээр нь Дгаа эгч бид нар сандраад ойртоод хартал өмд нь битүү цус болчихсон газраар болон хоймрын орны хөнжил даавуу тэр чигтээ цус болчихсон байсан. Тэгээд Дгаа эгч Э ахаас юу болсон талаар асуух гээд гэрээс ганцаараа гараад явсан. Удалгүй ерөнхийдөө бүх ажилчид сэрээд юу болсон талаар мэдээд бужигналдаад байж байтал тоосгоны үйлдвэрийн дарга А өөрийн эхнэр Бийн хамт хүрч ирээд цагдаа сэргийлэх дуудсан. Цагдаа нарыг ирэх үед Э өрөөндөө байгаагүй алга болчихсон байсан. Өрөө рүү нь орж үзэхэд өрөөнийх нь шалан дээгүүр цус болчихсон доторх эд зүйлс тавилганууд нь эмх замбараагүй хааш яаш болчихсон байдалтай байсан. Тэгээд бид хэд бөөндөө хэсэг хэсгээрээ салж Эыг хайхаар болж явцгаасан. Би Г, Б хоёрын хамтаар үйлдвэрийн хашаан дотор байдаг жалганы дотроос Эыг хэвтчихсэн нуугдаж байхаар нь олж цагдаа нарт зааж өгч бариулсан. Эыг олох үед түүний өмсөж байсан оймсны түрүүн дотроос хутга гарч ирсэн. Би холоос харсан учраас ямар хутга байсныг нь сайн харж чадаагүй. Цагдаа нар хураагаад авчихсан.” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 54-55 дугаар тал/

 

            9. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Гын өгсөн: “...Бид нар 22 цаг өнгөрөөж Дгаа, Г, М, Г, Ш буюу А бид нар 2 шил 0.75 литрийн Хараа архи 1 шил, 0.5 литрийн Хараа архи нийтдээ 3 шил архи уусан. Шөнө сууцгааж байхад Э ах орж ирээд Налайх явж архи ууж байгаад ирлээ гэж ярьж байсан. Тэгээд 20-30 минут болоод архинаас 2-3 удаа татчихаад гарсан. Тэгээд би нэлээн согтоод гарч салхинд цохиулаад нэг мэдсэн жаахан зайтай гараад унтчихсан байсан. Нэг мэдсэн гэгээ орчихсон сэрээд хартал тоосгоны үйлдвэр ойрхон байхаар нь босож алхаад очиход манайхан бөөн юм болчихсон. Н ахыг нас барчихсан гээд яриа гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 57 дугаар тал/

 

            10. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Дын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Э архи уусан бололтой халамцуу алхаж ирээд цугтаа хойшоо Нарангийн гэр хороолол руу алхаж нүүрний эгнээний Чийн дэлгүүр орж 0.75 литрийн Хараа архи 1 шил, 0.5 литрийн Хараа архи 1 шил, надад талх, сүү, тараг, ундаа, хиам авч өгсөн. Тэгээд хоёулаа танайд очъё гэхээр нь манайд нэг хүүхэн ирсэн байгаа очиж болохгүй гээд манай ажлын баруун талд Хумхайн тоосгоны үйлдвэрийн цуваа тоосгонд мөрөнд орж идэх уух юмаа гаргаж 0.5 литрийн Хараа архиа гаргаж ууцгаасан. Сууж байхдаа хоёулаа ойр зуурын юм ярьж хойшид хамт амьдарна, чамтай сууна өвөл болохоор байр хөлсөлнө гэх мэт зүйлс ярьж 2-3 цаг суусан. Тэгээд шөнийн 2 цаг өнгөрч байхад байхаа босоод үйлдвэрийн ажилчдын байшингийн үүдэнд ирэхэд цуг байдаг К намайг гадаа хүлээгээд сууж байсан. Э ах танайд орж унтъя гэхээр нь би Кээс санаа зовоод үгүй ээ та харьж унт гээд би өрөө рүүгээ орсон...К манайд ажилд орох гээд ирээд надтай хоёр хонож байгаа эгч А нь надад ажил захиад цуг дэргэдээ байлгаач гэж хэлсэн. К тоо, бичиг үсэг мэдэхгүй жаахан сэтгэцийн хувьд эрүүл биш, сэтгэцээр групп тогтоогдсон хүн юм билээ. Тэгсэн мөртлөө К болсон үйл явдлаа хэлээд байдаг. Хүн харахад эрүүл саруул хүн шиг...” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 59-60 дугаар тал/

 

            11. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Гын өгсөн: “...Би тоосгоны үйлдвэрээ хүлээж аваад бүх ажилчидтайгаа хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан. Э, С.Н нартай түр гэрээ байгуулсан. Одоо 18 хүн ажиллуулдаг. Э, С.Н нар нэг өдрийн 30.000 төгрөгийн тогтмол цалинтай бөгөөд Э дансаар цалингаа авдаг. С.Н дансгүй, банкны картгүй болохоор цалингаа бэлнээр авдаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би ажил дээрээ 08 цагт ирээд ажилчдаа засвар үйлчилгээнд гаргаж ажиллуулаад цалингаа 17 цагт ажилчдад олгосон. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад Аийг үлдээж ажилчдаа хариуц , цалин мөнгө буусан болохоор архи дарс уух вий, маргааш ажил эхлэх болохоор хүмүүсээ эртхэн амраа, орой үдэш хүмүүсээ битгий гарга, гаднаас хүн битгий оруулаарай гэж захиж хэлээд явсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 63-64 дүгээр тал/

 

            12. Мөрдөн байцаалтад гэрчээр Л.Аын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ажил тараад гэртээ хоол хүнсний зүйл цуглуулахаар Налайх руу явж ирсэн. Тэгэхдээ дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Хараа архи худалдан аваад ирсэн. Тэгээ манай арын гэрт Г, Г, Дгаа, П, Гантулга бид зургуулаа авчирсан архиа ууцгаасан. Эхний шил архийг ууж байхад би тасарчихсан. Суугаагаараа унтаж байхад шөнө эхнэр сэрээж гэр рүү орж унтсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, өглөө архи гараагүй байхад бужигналдаад байсан ба Н гэдэг өвгөн нас барсан тухай хэнээс нь ч билээ сонссон. Яг болсон асуудлыг мэдэхгүй байна. Би өдөржин ажиллачихсан, хүнд ажил хийдэг болохоор их ядардаг. Тэгээд амархан тасарчихсан байна лээ...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 75 дугаар тал/

 

            13. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.Эын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний бие ахлагч Ц.Эын хамт 24 цагаар машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 2021 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 04 цаг 40 минутад жижүүрээс холбогдож Налайх дүүргийн 3 дугаар хорооны ............... тоосгоны үйлдвэрт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу 4-5 минутын дотор хүрэлцэн очсон. Амь хохирогч байгаа гэх баруун талаасаа 3 дахь гэрт ороход гэрийн дотор зүүн талд настай эрэгтэй хүн шалан дээр нас барсан шинжтэй хөдөлгөөнгүй болсон. Ойр орчимд цус болсон байдалтай байсан. Тэгээд хэргийн газрын хамгаалалт авч гэр, эд зүйлд хүрэхгүй байх талаар анхааруулж, холбогдогчийг тэнд байсан 2-3 хүмүүсийн хамт ойр орчимд эрэн сурвалжилж ажиллахад тоосгоны үйлдвэрээсээ зүүн тийш 100 орчим метрт жалганд холбогдогч болох настай байрын эрэгтэй хүн нуугдаад хэвтчихсэн байсныг олж тогтоон баривчлан биед нь байгаа зүйлсийг шалгахаар гутал оймсыг нь тэмтэрч үзэхэд зүүн хөлийн оймсонд хүрэн иштэй хутга хавчуулсан байсныг гаргаж ирэхэд завсар уг хутга цус мэт зүйлээр бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 96 дугаар тал/

 

            14. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.Эын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний бие ахлагч Ц.Эын хамт 24 цагаар машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 2021 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 04 цаг 40 минутад жижүүрээс холбогдож Налайх дүүргийн 3 дугаар хорооны ............... тоосгоны үйлдвэрт хутгалуулсан хүн байна тийшээ яв гэсний дагуу хэдхэн минутын дотор хүрэлцэн очиж хохирогч байгаа гэх баруун талаасаа 3 дахь гэрт ороход гэрийн дотор зүүн талд настай эрэгтэй хүн шалан дээр нас барсан, ойр орчимд цус болсон байдалтай байсан. Тэгээд Энхбаатар бид 2 хэргийн газрын хамгаалалт авч гэр бусад зүйлд хүрэхгүй байх талаар анхааруулж, холбогдогчийг тэнд байсан хүмүүсийн хамт ойр орчмоор эрэн сурвалжилж ажиллахад тоосгоны үйлдвэрээсээ зүүн тийш 100 орчим метр жалганд ороод хэвтчихсэн байсныг олж тогтоон баривчлан биед нь байгаа зүйлсийг шалгаж гутал, оймсыг нь үзэхэд зүүн хөлийн оймсны завсраас цус мэт зүйлээр бохирлогдсон хүрэн иштэй хутга гарч ирснийг цагдаа Энхбаатар хурааж авсан....” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 98 дугаар тал/

 

15. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/67 дугаар:

“1. Талийгаачийн биед зүүн гуянд шарх, зүүн гуяны өнгөц тараагуур судасны тасрал, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Талийгаачийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй.

3. Талийгаачийн зүүн гуяны ар дээд хэсгийн шархны улмаас зүүн гуяны өнгөц тараагуур судас тасарч цочмог цус алдаж нас баржээ.

4. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчинтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна.

5. Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.

6. Талийгаачийн цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

7. Талийгаач нь цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байжээ.

8. Талийгаачид эмнэлгийн яаралтай анхны тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 103-108 дугаар тал/

 

16. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/427 дугаар:  “Д.Эын биед баруун зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 111 дүгээр тал/

 

17. Шүүх сэтгэц эмгэг судлалын 682 дугаар: “Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Э нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй. Д.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.” гэх дүгнэлт,

            /1 хх-ийн 114 дүгээр тал/

 

18. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.Галбадрахын 2340 дүгээр: “Шинжилгээнд ирүүлсэн цагаан цэнхэр өнгийн футболка шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан цэнхэр футболка 10 мм татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин сэмэрсэн гэмтэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан цэнхэр футболка ямар нэгэн байдлаар татагдаж сунгагдсан болох нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 117-119 дүгээр тал/

 

19. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Ш.Сүхбаярын 08/940 дугаар: “Шинжилгээнд хүргүүлсэн Хараа архины шил, кока кола ундааны сав, 2 ширхэг сэнжтэй аяганы гадаргуугаас гарын мөр илэрсэн. Гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 121-123 дугаар тал/

 

19. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.Шинэбаярын 3807 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн төмөр иштэй хутган дээрээс ABO системийн А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 125-126 дугаар тал/

 

20. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.Дэлгэрмаагийн 3799 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн Д.Э гэж хаягласан B87171529 гэсэн дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг хуруу шилтэй цус нь О/I/  бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 129-130 дугаар тал/

 

21. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын  шинжээч Г.Золжаргалын 3798 дугаар: “Ирүүлсэн дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Д.Э гэж хаягласан хуруу шилтэй цусанд спирт илрээгүй. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийхэд шинжилгээний дээж хүрэлцэхгүй болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 130-134 дүгээр тал/

 

22. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.Бадамсайханы 2338 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн фудболка 23 мм, өмдөнд 35 мм, 55мм, 60 мм, 100 мм хэмжээтэй хурц иртэй зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн зүсэгдэлт байна. Өмдний ар талд 14 см хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн хагас түрийтэй гутал ямар нэгэн гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 137-141 дүгээр тал/

 

23. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч А.Сайнхүүгийн 2339 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь N6009K маркийн 20210000000204 серийн дугаартай 2020.02.12-ны өдөр WFS систем ашиглаж эхэлсэн төхөөрөмж байна. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу дискт 2021.08.01 06:00:00 секундээс 2021-08-16 10:05:34 секундийн хоорондох цаг хугацааны 4 камерын сувгийн нийт 1507 ширхэг 476,940.02 МВ хэмжээтэй дүрс бичлэг бичигдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу дискээс 2021-08-13 23:00:00 секундээс 2021-08-16 10:05:34 секундийн хоорондох цаг хугацааны нийт 4 камерын сувгийн 246 ширхэг 70,962 МВ хэмжээтэй дүрс бичлэг хадгалагдаж байгааг хөрвүүлэн авч мөрдөгчийн ирүүлсэн флаш дискт бичиж хавсаргав. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжөөс хүний оролцоотой дүрс бичлэг устгагдаагүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 145-148 дугаар тал/

 

24. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.Гантуяагийн 3796 дугаар: “Цайвар хөндлөн судалтай улаан хүрэн өнгийн фудболка, улаан судалтай хар өнгийн өмд, цагаан үстэй дотортой хагас түрийтэй хар өнгийн нэг хос гутал дээр цус илэрсэн. Цайвар хөндлөн судалтай улаан хүрэн өнгийн фудболка, улаан судалтай хар өнгийн өмд, цагаан үстэй дотортой хагас түрийтэй хар өнгийн нэг хос гутал дээрх цус нь хүний цус байна. Уг илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 150-151 дүгээр тал/

 

            25. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.Гантуяагийн 4081 дугаар: “С.Нын өрөөний шалнаас авсан гэх бинтэнд шингээсэн арчдас дээр цус илэрсэн. Өрөөний шалнаас авсан гэх бинтэнд шингээсэн арчдас дээрх цус нь хүний цус байна. Уг илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 154-155 дугаар тал/

 

            26. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.Гантуяагийн 3809 дугаар: “Монгол гэрийн шалнаас авсан дээж гэх бинтэнд шингээсэн арчдас дээр цус илэрсэн. Монгол гэрийн шалнаас авсан дээж гэх бинтэнд шингээсэн арчдас дээрх цус нь хүний цус байна. Уг илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 158-159 дүгээр тал/

 

            27. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.Гантуяагийн 3795 дугаар: “Яллагдагч Д.Эын баруун болон зүүн гарын хурууны 10 ширхэг хумс дээр цус, арьс, үс болон биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 162-163 дугаар тал/

 

            28. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Ш.Пын 3808 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн даавууны хэсэг дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн даавууны хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь 5068 дугаартай шинжилгээнд объект болох С.Нын гэх бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /2 хх-ийн 50-51 дүгээр тал/

 

            29. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Ш.Пын 3797 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн Д.Эын өмсөж байсан гэх богино ханцуйтай, цайвар өнгийн цамцан дээр цус илэрсэн. Д.Эын өмсөж байсан гэх богино ханцуйтай, цайвар өнгийн цамцан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь 5068 дугаартай шинжилгээнд объект болох С.Нын гэх бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /2 хх-ийн 54-55 дугаар тал/

 

            30. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Ш.Пын 3804 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн цэцгэн хээтэй даавуун дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн цэцгэн хээтэй даавуун дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь С.Нын гэх бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /2 хх-ийн 58-59 дүгээр тал/

 

            31. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 02-07 дугаар тал/

 

            32. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 08-16 дугаар тал/

 

33. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

            /1 хх-ийн 17-19 дүгээр тал/

 

            34. Эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл,

            /1 хх-ийн 20-21 дүгээр тал/

 

            35. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

            /1 хх-ийн 23 дугаар тал/

 

36. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/1 хх-ийн 24-26 дугаар тал/,

 

37. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /1 хх-ийн 205 дугаар тал/,

 

            38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07/5596 дугаартай: “...амь хохирогч Санжмятав овогтой С.Н /РД: ХК58062511/-ын цогцсыг ШЭШГ-ын цогцос хадгалах байранд 33 хоног хадгалж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Зарим цогцос оршуулах” журмын дагуу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр баруун Нарангийн оршуулгын газарт №44 дугаартай оршуулсан болно” гэх албан тоот,

            /2 хх-ийн 40 дүгээр тал/

           

            39. Д.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх-ийн 231-234, 200-205, 220-242 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг гаргаж байна. Хохирогч С.Насанчимэгт хохирол 110.000 төгрөг төлөгдсөн. Шүүгдэгч Д. Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авагдсан. Нийт 114 хоног цагдан хоригдсон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь оршуулгын зардал төлөх боломжгүй. Эхнэр хүүхэд байхгүй зэрэг байдалтай байсан. Тэгсэн хэдий ч түүний Хаан Банкны дансанд байсан 110.000 төгрөгийг авч хохирогч С.Насанчимэгт шилжүүлсэн. Мөн талийгаачийг ар гэр, хамаатан садан нь хөдөөлүүлэх боломжгүй байсан учраас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зардал гарган хөдөөлүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зардал нэхэмжлээгүй. Тэгэхээр шүүгдэгчийн зүгээс хуульд зааснаар хохирол төлсөн байдлаар дүгнэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирол төлсөн. Хэдийгээр хохирол гараагүй боловч 110.000 төгрөгийг төлсөн тул хохирол төлсөнд тооцож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн доод хугацаа 8 жил байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан буюу хорих ялын доод хэмжээний 3.2-оос хэтрүүлэхгүйгээр ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Мөн энэ хүн одоо 59 настай, гэм буруугаа хүлээж байгаа байдал зэргийг харгалзан үзэж 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна.” гэх,

  Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийг буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч  Д.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Их ам гэх газар байрлах ................. тоосгоны үйлдвэрийн ажилчдын амрах байранд амь хохирогч С.Ныг “цуг байсан эмэгтэйг явууллаа” гэх шалтгаанаар маргалдан зүүн гуя, хэвлий, зүүн шилбэнд хутгалж эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх, зүүн гуяны өнгөц тараагуур судасны тасрал, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж зүүн гуяны ар дээд хэсгийн шархны улмаас зүүн гуяны өнгөц тараагуур судас тасарч цочмог цус алдаж амь насыг нь хохироосон болох нь:

Шүүгдэгч Д.Эын “...Тэгээд Г яахаараа авч гардаг юм гээд муудалцсан. Тэрнээс болж хутгаар 3, 4 удаа сийчсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

Гэрч Ч.Жгийн  “...Тэгтэл шөнө 04 цагийн үед хажуу талд нэг эгч хойно цус алдаад байх шиг байна гэж дуугарах үед манай аав, ээж хоёр гэрээс гараад явсан” гэх,

Гэрч Т.Бийн “...С.Н ах цустайгаа хутгалдчихсан шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болов гэж Дгаа эгчээс асуухад Э С.Нын араас элдэж хөөж орж ирсэн. С.Н гаднаас орж ирээд бид хоёрыг хэвтэж байхад нөхрийн араар орж хэвтсэн. Намайг гэрлээ асаахад С.Н цус болчихсон газар уначихсан юм гэж хэлээд намайг цагдаа хурдан дууд гэж хэлсэнгэх,

 Гэрч Б.Гын “...миний унтаж байсан орны урд талын шалан дээр талийгаач С.Н дээшээ хараад хэвтчихсэн газраар болон түүний өмсөж байсан өмд нь нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай байсан. Тэгээд би орноосоо босоод хэвтэж байсан хэсэг рүүгээ хартал миний унтаж байсан орны ор хөнжлийн давуу ч бас тэр чигтээ цус болчихсон байсан...” гэх,

Гэрч О.Дгаагийн “...Шөнө унтаж байтал талийгаач шууд манай гэр лүү гаднаас гүйж сандарсан байдалтай орж ирээд ямар ч үгийн зөрүүгүй манай нөхрийн араар ороод нуугдаад хэвтчихсэн... талийгаачийг орноос босоод гэр дотор шалан дээр унасны дараа талийгаачийн хэвтэж байсан орыг хартал тэр чигтээ цус болчихсон байсан. Дараа нь талийгаач руу дөхөөд ойртоод хартал түүний өмдний баруун тал тэр чигтээ цус болчихсон байсан. Тухайн үедээ би өөрөө айж сандраад сайн харж чадаагүй. Эын хувьд талийгаачийг араас нь хөөгөөд орж ирсэн байдалтай байсан.” гэх,

Гэрч Б.Дгийн “...гэрт нь явж ортол гэрийн зүүн талын орны талд толгой нь баруун хойш чигтээ Н ах гадуур хувцас нь цус болчихсон газар ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болсон юм гэхэд Дгаа эгч нөхөр бид хоёрыг орон дээр хэвтэж байхад Н ах орж ирээд бид хоёрын араар шууд орж хэвтэхээр нь юу болов яасан юм гэхэд орноос босож яваад хоёр алхаад уначихсан. Араас нь бутлагч машины ард цэвэрлэгээ хийдэг өвгөн орж ирээд зугтаагаад явчихсан гэж хэлсэн.” гэх, 

Гэрч Т.Пын “...Н ах гэрээс гарах гээд хаалга руу чиглээд 2-3 алхаж байснаа гэнэт хойшоогоо газар унаад өгсөн. Тэгэхээр нь Дгаа эгч бид нар сандраад ойртоод хартал өмд нь битүү цус болчихсон газраар болон хоймрын орны хөнжил даавуу тэр чигтээ цус болчихсон байсан.” гэх,

Гэрч Б.Гын “...тоосгоны үйлдвэр ойрхон байхаар нь босож алхаад очиход манайхан бөөн юм болчихсон. Н ахыг нас барчихсан гээд яриа гарчихсан байсан...” гэх,

Гэрч Ц.Эын “...Амь хохирогч байгаа гэх баруун талаасаа 3 дахь гэрт ороход гэрийн дотор зүүн талд настай эрэгтэй хүн шалан дээр нас барсан шинжтэй хөдөлгөөнгүй болсон. Ойр орчимд цус болсон байдалтай байсан.” гэх,

Гэрч Ц.Эын “...баруун талаасаа 3 дахь гэрт ороход гэрийн дотор зүүн талд настай эрэгтэй хүн шалан дээр нас барсан, ойр орчимд цус болсон байдалтай байсан.” гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/67 дугаар: “Талийгаачийн биед зүүн гуянд шарх, зүүн гуяны өнгөц тараагуур судасны тасрал, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Талийгаачийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн зүүн гуяны ар дээд хэсгийн шархны улмаас зүүн гуяны өнгөц тараагуур судас тасарч цочмог цус алдаж нас баржээ. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчинтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.Талийгаачийн цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.Талийгаач нь цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байжээ.Талийгаачид эмнэлгийн яаралтай анхны тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын №08 шэ/427,   682, 2340, 08/940, 3807, 3799, 3798, 2338, 2339, 3796, 4081, 3809, 3795, 3808, 3797, 3804, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07/5596 дугаартай: “...амь хохирогч Санжмятав овогтой С.Н /РД: ХК58062511/-ын цогцсыг ШЭШГ-ын цогцос хадгалах байранд 33 хоног хадгалж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Зарим цогцос оршуулах” журмын дагуу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр баруун Нарангийн оршуулгын газарт №44 дугаартай оршуулсан болно” гэх албан тоот зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эыг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэснийг шүүх шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхдээ харгалзаж үзсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

            Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Насанчимэг “...110.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

 

  Иймд Д.Эыг “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг диск, DVR төхөөрөмжөөс хуулбарлан авсан хяналтын камерын бичлэг бүхий 1ширхэг флаш дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, цагаан эрээн өнгийн дэвсгэр даавуу, цагаан эрээн хөнжлийн даавуунаас хэсэглэж авсан улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг, хараа нэртэй 0.75 литрийн архины шил, кока кола ундааны сав, бариултай цагаан өнгийн цайны аяга, шаргал өнгийн аяга, бинтэнд шингээсэн цус мэт дээж, 25.3 см урттай хүрэн иштэй металл хутга, амь хохирогч С.Нын нас барсан монгол гэрийн шалнаас самбай даавуунд шингээж авсан арчдас дээж, Д.Эын биед үзлэг хийж хураан авсан хумсны дээж, цусны дээж, өмсөж байсан цайвар өнгийн фудболк, амь хохирогч  С.Нын өмсөж байсан цагаан үстэй дотортой, хар түрийтэй, хар өнгийн гутал, улаан өнгийн богино ханцуйтай цамц, улаан судалтай хар өнгийн өмд зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нийт цагдан хоригдсон 114 хоногийг оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дэл овогт Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дэл овогт Д.Эыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Д.Эын цагдан хоригдсон 114 /зуун арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 9 /ес/  жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг диск, DVR төхөөрөмжөөс хуулбарлан авсан хяналтын камерын бичлэг бүхий флаш дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар цагаан эрээн өнгийн дэвсгэр даавуу, цагаан эрээн хөнжлийн даавуунаас хэсэглэж авсан улаан өнгийн  зүйлээр бохирлогдсон хэсэг, хараа нэртэй 0.75 литрийн архины шил, кока кола ундааны сав, бариултай цагаан өнгийн цайны аяга, шаргал өнгийн аяга, бинтэнд шингээсэн цус мэт дээж, 25.3 см урттай хүрэн иштэй металл хутга, амь хохирогч С.Нын нас барсан монгол гэрийн шалнаас самбай даавуунд шингээж авсан арчдас дээж, Д.Эын биед үзлэг хийж хураан авсан хумсны дээж, цусны дээж, өмсөж байсан цайвар өнгийн фудболк, амь хохирогч  С.Нын өмсөж байсан цагаан үстэй дотортой, хар түрийтэй, хар өнгийн гутал, улаан өнгийн богино ханцуйтай цамц, улаан судалтай хар өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ

 

 

                           

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.Ганболд

 

 

                

                      ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ