Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 790

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Нарангэрэл,

өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч Э.Батболд,

өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч Э.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох 1710010020067 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Б.М, 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/;

Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16-17 цагийн хооронд Хан -Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын амны задгайд оршин суух иргэн С.Гийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, хэт хутга 1 ширхэгийг дагалдах хэрэгслийн хамт, цагаан өнгийн шүрэн хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, улаан шүрэн эрхи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 10.006.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Б.Мд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолох, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг нарийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэжээ.

          Өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч Э.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний төрсөн хүү Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хорих ял оногдуулсныг дахин хянаж, миний хүүд хорихоос өөр төрлийн хөнгөн ял болох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Б.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хүнд тусархуу, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст байнга тусалдаг. Мөн Б.М нь эхээс гурвуулаа, дээрээ 2 ахтай, айлын бага хүүхэд юм. Бид хүүхдээ болчимгүй үйлдэл хийсэнд маш их харамсаж байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Миний хүү Б.М болон эцэг, эх бидний зүгээс хохирогчоос уучлалт гуйсан. Цагдаагийн байгууллагад шалгуулж байх хугацаанд нь би байнга хамт очдог, 2 ах, ээж нар нь байнга хараа хяналт тавьж, дахин хэрэг зөрчил үйлдэж болохгүй гэдгийг байнга хэлж, ойлгуулдаг байсан. Үйлдсэн үйлдэлдээ гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ миний хүү ухамсарлаж ойлгосон.

          Иймд хүүд минь төрийн зүгээс нэг удаа боломж олгож, оногдуулсан 1 жилийн хорих ялыг нь хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял болох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

          Хохирогч С.Г давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Би Б.Мн эцэг, эх, ах, эгч нартай эртний дотно харьцаатай, бие биенийхээрээ орж  гардаг, нэг дор амьдарцгаадаг. Учир мэдэхгүй хүүхэд манай гэрээс эд зүйл хэлэлгүй аваад, тэр даруй нь эцэг, эх нь надад хэлж эргүүлж өгсөн. Хохирогчийн зүгээс ямар ч гомдол саналгүй, Б.Мг аль болох ял шийтгэлгүй гаргаж өгөхийг хүсэж байна. Мөн түүний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдолтой танилцаад түүний  хүсэлтийг дэмжиж байна. Б.М нь манайхаар орж гарч, гэр орны ажилд тусалдаг байсан хүнд тусархуу сайн хүүхэд байгаа юм. ...” гэжээ.

          Өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.М нь 15 нас 13 хоногтой байхдаа айлын гэрт нэвтэрч, хулгай хийсэн гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орж, хүнд гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн өсвөр насны хүмүүст ял оногдуулахдаа хойшлуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалт орсон учраас хуулийн энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Хулгайн гэмт хэрэг хийснээс хойш 2 хоногийн дараа шүүгдэгчийн ар гэрийнхэн нь мэдээд өөр, өөр газар нуусан байсан эд зүйлсийг хохирогчид буцаан өгч, хохиролгүй болгосон. ...” гэв.

          Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон” эсхүл “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж өөрчлөлт орсон. Шүүгдэгчийн хувийн байдлаас үзэхэд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас прокурорын зүгээс ял хойшлуулж, үүрэг хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16-17 цагийн хооронд, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын амны задгайд оршин суух иргэн С.Гийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, хэт хутга 1 ширхэгийг дагалдах хэрэгслийн хамт, цагаан өнгийн шүрэн хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, улаан шүрэн эрхи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 10.006.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Г /хх-29-30, 31-32/, гэрч Л.Оюунтуяа /хх-35-36/, Д.Олзвой /хх-44-46/, Х.Мөнхбаяр /хх-47-48/, О.Батмандах /хх-49-51/ нарын болон, Б.Мгийн яллагдагчаар өгсөн /хх-80-84/ мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-19/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-22-24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6619 дугаартай дүгнэлт /хх-61-62/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/033 дугаартай дүгнэлт /хх-70-71/, эд зүйлийн үнэлгээ /хх-138/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.Мг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Мд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч Э.Батболдоос “... миний хүүд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял болох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.  

Учир нь, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хөнгөн” гэснийг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй” гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор өөрчлөлт орж, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.  

Түүнчлэн Б.М нь 15 нас 13 хоногтой байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч Э.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд хорих ял оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэсэн,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Мд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Шүүгдэгч Б.Мг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН