Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0091/З |
Дугаар | 292 |
Огноо | 2019-05-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 292
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: НБГ
Гуравдагч этгээд: Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: “НБГ-ын Сонгон шалгаруулах комиссын Д.Э-г бүртгээгүй эс үйлдэл, сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэл, илт хууль бус сонгон шалгаруулалт явуулсан эс үйлдэл, шийдвэр, тус комиссын 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлсэн шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, БЗД-ийн 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Төрийн албан тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, НБГ-ын даргын 2016 оны А/32 дугаар тушаалаар баталсан “Нийслэлийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах заавар”-т заасан үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хандан гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл гомдлыг маань шийдвэрлэж, хариу өгөөгүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргаж байна.
НБГ-ын даргын шийдвэрээр Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд тус газрын Сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссоос 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2/002 дугаар мэдэгдэх хуудсаар надад сонгон шалгаруулалтад оролцохыг мэдэгдсэн. Гэтэл сонгон шалгаруулалтад бүртгүүлэх гэтэл “...багшаар ажилласан жил хүрэхгүй” гэх шалтгаанаар бүртгээгүй болно. “Нийслэлийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах заавар”-ын 3.5 дахь хэсэгт зааснаар “...нэмэлт материал гаргуулах, ажилласан байдлыг тогтоолгох зорилгоор холбогдох газруудад хандаж, тодорхойлолт, мэдээлэл авах үүргээ биелүүлээгүй нь тус бүртгэлийг хувийн сонирхолтой хийсэн гэх эргэлзээг төрүүлж байна.
Тус зааврын 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгон шалгаруулах комисст хандан намайг илт хууль бусаар сонгон шалгаруулалтын бүртгэлд бүртгээгүй тухай гомдлыг гаргасан. Комисс гомдлыг хүлээн авсан боловч шийдвэрлэлгүй, сонгон шалгаруулалтыг явуулж, дүнг гарган, нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн ба гомдол шийдвэрлэсэн шийдвэр, хариуг авахыг хүсэхэд “гомдлыг чинь олохгүй байна” гэх санаад оромгүй, бүдүүлэг, хариуцлагагүй хариултыг өгсөн нь илт хууль бус байсан болно. Энэ нь миний сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул тус комиссын сонгон шалгаруулалт явуулсан, нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн үйлдэл илт хууль бус болсон гэж үзэж гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НБГ-ын Сонгон шалгаруулах комиссын Д.Э-г бүртгээгүй эс үйлдэл, сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэл, илт хууль бус сонгон шалгаруулалт явуулсан үйлдэл, шийдвэр, тус комиссын 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлсэн шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг дахин зохион байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад аливаа нэг хэлбэрээр халдах эрх хэмжээгүй шүүх хуралдаанд ороолцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно.
Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд оролцсон бол нэхэмжлэлийн шаардлагынхаа аль хэсгийг дэмжиж, аль хэсгийг нь эс дэмжих байснаа илэрхийлэх байсан юм.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/174 дүгээр захирамжаар Д.Э-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацааг сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл хугацаагаар байгуулсан.
Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 10, цэцэрлэгийн эрхлэгчийн 18, нийт 28 ажлын байранд сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар хэсгийн 3.1-д заасны дагуу НБГ-ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх тухай” 01/1646 тоот далбан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн цахим хуудсанд байрлуулах талаар мэдэгдэж сайтад байрлуулсан.
2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас, өдөр тутмын “Өнөөдөр” сониноор олон нийтэд зарлаж, бүртгэлийг 2019 оны 11 дүгээр 27-ны өдөр зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 5 дугаар хэсгийн 5.1-д заасныг хангасан 54 иргэнийг бүртгэсэн.
Нэхэмжлэгч Д.Э 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох тухай 2/002 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.
Д.Э нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 5 дугаар хэсгийн 5.1.2-т “Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар”, 5.1.6-д “тухайн ажлын байранд ажилласан жил заасан тохиолдолд хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт”, гэж заасан баримт бичиг дутуу бүрдүүлж ирсэн байсан. Нийслэлийн Засаг даргын 2014 онд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагад “Боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлага байдаг.
Д.Э нь 1985 онд Улсын багшийн дээд сургуулийн “Түүхийн багш, пионерийн удирдагч” мэргэжлээр төгссөн дипломын хуулбарыг хавсаргасан боловч, нотариатаар гэрчлүүлээгүй, эх хувь байхгүй байсан.
Мөн ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон эх хувь байхгүй байсан ба баримт бичгийг тогтоосон хугацаанд бүрдүүлж өгөөгүй учир сонгон шалгаруулалтад бүртгээгүй.
Сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбогдуулан НБГ болон комисст иргэдээс ямар нэг гомдол, санал ирээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2018 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан гэх боловч Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 39 дүгээр зүйлд Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн эсэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
НБГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар Сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Бүртгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, шаардлага хангасан 54 иргэнийг 26 ажлын байранд бүртгэсэн.
Сонгон шалгаруулалтад оролцсон иргэдээс Комиссын шийдвэрийг үндэслэлгүй гэж шүүхэд хандсан иргэн байхгүй. Гэтэл сонгон шалгаруулалтад оролцоогүй иргэн илт хууль бус сонгон шалгаруулалт явуулсан гэж маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй байна.
Д.Э-г Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Б.А-г удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилсон.
Иймд Д.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Төрийн албаны шалгалтын бүртгэлд бүртгээгүй эс үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагын хувьд тухайн үед сонгон шалгаруулалтад бүртгүүлэх этгээдийн материалыг хүлээн авах, анхан шатны бүртгэл хийлгэхэд бүрдүүлэх материал нь зохих шаардлага болзлыг хангаагүй учир бүртгээгүй тухай гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл хэсэг, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээс харвал ямар ч эс үйлдэл байхгүй төдийгүй өөрөө зохих болзол шаардлагыг хангаагүй нь харагдана.
“Сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд Д.Э нь Төрийн албаны зөвлөлд тухайн сонгон шалгаруулалтад өөрийг нь бүртгээгүйтэй холбоотой гаргасан гомдолд Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14/27 тоот албан бичгээр Д.Э-д хариу хүргүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Мөн НБГ-ын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01/349 тоот албан бичгээр Д.Э-с сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл, гомдол ирээгүй болохыг шүүхэд мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч өргөдөл, гомдол гаргасан, түүнийг нь захиргааны зүгээс шийдвэрлэхгүй байгаа нөхцөл тогтоогдохгүй байгаа нь гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэл хууль бус болохыг тогтоох боломжгүй гэж үзэж байна.
НБГ-ын Сонгон шалгаруулалтын комиссын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дээрх сонгон шалгаруулалт нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг удирдлага болгон зарлагдсан ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу хийсэн байна.
Иймд ямар үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хууль бус хэмээн үзэх нь тодорхойгүй байна.
Комиссын 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах шаардлагын тухайд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 7 дугаар зүйл 7.1, 7.2, 7.3 дахь хэсгүүдэд тэнцсэн нэр дэвшигчийг Төрийн албаны салбар зөвлөлд 24 цагийн дотор шилжүүлэх, 3 хоногт багтаан шийдвэрлэх гэсэн зохицуулалттай байгаа нь нэр дэвшүүлсэн шийдвэрт ямар нэгэн илт хууль бус шийдвэр, үйл ажиллагаа байхгүй болохыг харуулж байна.
Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд захиргааны актыг гаргахаас өмнө татгалзсан шийдвэр, эсхүл шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах замаар нэхэмжлэл гаргах боломжтой.
Нэхэмжлэгч этгээд тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй, сонгон шалгаруулалт зохих журмын дагуу явагдсан эсэх асуудалтай маргах эрхгүй ба зөвхөн ажлын байрны тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн шаардлагыг хангаагүйгээс өөрөөс шалтгаалах нөхцөлөөр сонгон шалгаруулалтад оролцож чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э-с Нийслэл Боловсролын газрын сонгон шалгаруулах комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс НБГ-ын архив, бичиг баримтад хийсэн үзлэгээс үзэхэд,
1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/174 дүгээр захирамжаар “...төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэл хугацаанд Д.Э-г тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр” томилж, улмаар НБГ-ын дарга 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр СУ2018/13 дугаар хөдөлмөрийн гэрээг Д.Э-тэй байгуулжээ.
Уг гэрээний 1.6-д “хөдөлмөрийн гэрээний хугацаа: сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл” гэж заасан байна.
2. Хариуцагч НБГ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1646 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандан “Сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлэн, нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 10... нийт 28 ажлын байранд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын захиалгыг... хүргүүлж ... сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, ... шалгалтыг тус оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа” болохоо мэдэгдэж, сонгон шалгаруулалтын талаарх зар мэдээг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр НБГ-ын цахим хуудас /http://www.edub.edu.mn/ болон “Өнөөдөр” сонины 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаарт нийтэлж, нэхэмжлэгч Д.Э-д 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2/002 дугаар бүхий төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох мэдэгдэх хуудсыг өгчээ.
3. Улмаар Д.Э 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохоор НБГт материалаа өгснийг хариуцагчийн зүгээс баримт бичгийн бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрөн тус шүүхэд хандан “НБГ-ын Сонгон шалгаруулах комиссын Д.Э-г бүртгээгүй эс үйлдэл, сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэл, илт хууль бус сонгон шалгаруулалт явуулсан эс үйлдэл, шийдвэр, тус комиссын 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлсэн шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг дахин зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
4. Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д заасанчлан НБГ нь “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” бүрэн эрхтэй бөгөөд сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт нийцүүлэн Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” –ын дагуу зохион байгуулах үүрэгтэй.
Уг журмын “Сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх” гэсэн 5 дугаар зүйлийн 5.1-д “Комисс нь сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдээс дор дурдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд хүлээн авч бүртгэнэ”, 5.1.2-т “боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар”, 5.1.6-д “тухайн ажлын байранд ажилласан жил заасан тохиолдолд хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт”, 5.2-т “тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэхгүй” хэмээн тус тус заасан байна.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргаж өгсөн “Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцогчийн мэдүүлэг”, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, гэрч Ч.Ц-н мэдүүлэг болон шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр НБГ-ын архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр
нэхэмжлэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохоор НБГт материалаа өгөхдөө Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 5.1.2-т заасанчлан “боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар”-ыг гаргаж өгөөгүй, өөрийн Улсын багшийн дээд сургуулийг 1985 онд төгссөнийг гэрчлэх 110252 дугаар дипломыг гээгдүүлсэн болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс НБГт хадгалагдаж байсан өөрийн хувийн хэргээс нотариатаар гэрчлүүлсэн дипломын илүү хувийг гаргуулж авахыг хүссэн, түүнчлэн сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан гомдол гаргасныг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан хэмээн маргаж байх боловч НБГт хадгалагдаж буй Д.Э-н хувийн хэрэгт байх 2 хувь дипломын хуулбар нь нотариатаар гэрчлэгдээгүй байсан, мөн хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэгчээс НБГт 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-нийг өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн өргөдөл гаргаагүй болох нь НБГ-ын 2019 оны 01/349 дүгээр албан бичиг болон шүүхээс хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна.
Иймд, нэгэнт нэхэмжлэгч Д.Э нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” –ын 5 дугаар зүйлийн 5.1-д заагдсан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой нотлогдож байхад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилласан хариуцагчийг буруутан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэх, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үндсэн зорилгоор нэхэмжлэгч талын хүсэлтээр 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Д.Э-с “...шүүх хуралдаанд өвчний учир оролцох боломжгүй болсонг маань хүндэтгэн үзнэ үү” гэсэн тайлбарыг, “Мэлмий хурц” ӨЭМТ-ийн эмнэлгийн магадлагааны хамт ирүүлжээ.
Гэвч энэхүү эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А /243 тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.” гэх шаардлагыг хангаагүй, энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хэргийн оролцогчдоос шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан,
түүнчлэн НБГ-ын Сонгон шалгаруулах комисс нь татан буугдсантай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эрх залгамжлагчаар НБГ-ыг татан оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д заасныг үндэслэн НБГт холбогдуулан нэхэмжлэгч Д.Э-с гаргасан “Сонгон шалгаруулах комиссын Д.Э-г бүртгээгүй эс үйлдэл, сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэл, илт хууль бус сонгон шалгаруулалт явуулсан эс үйлдэл, шийдвэр, тус комиссын 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлсэн шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, БЗД-ийн 97 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА