Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0305

 

Д.Жамъяндагвын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, А.Мишээлт нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Жамъяндагвын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуульд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Жамъяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 тоот тушаалаар миний биеийг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн байсан. Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 тоот тушаалыг миний бие эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан өргөдөл гаргасныг хүлээн авч, хуулийн дагуу Хууль зүйн яамны Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, хянан шалгаж, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 тоот тушаалыг үндэслэл буруу байх тул хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл дахин Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар бүхий тушаал гарч, миний 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэн дахин хууль бусаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн тухай тушаал гарсныг хүлээн авсан. Миний бие дээрх тушаалыг эс зөвшөөрч Хууль зүйн яамны Төрийн албаны салбар зөвлөлд дахин өргөдөл гаргасан боловч өргөдлийг хүлээн авах боломжгүй тухай албан бичгийг ирүүлсэн.

Ийнхүү миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүх хурлаар хэргийн харьяалал бус, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд иргэн Д.Жамъяндагва миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар хууль бус тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Эрдэм шинжилгээний ажилтан албан тушаалд эргүүлэн томилуулахыг буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны үндсэн цалин бусад нэмэгдэл буюу 13 сарын цалин болох 14.812.126 төгрөг /арван дөрвөн сая найман зуун арван хоёр нэг зуун хорин зургаан/-ийг гаргуулахыг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Хууль сахиулахын их сургуулиас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр их сургуулийн захирлын 2014 оны Б/746 дугаар тушаалын үндэслэл буруу байна гэсэн шалтгаанаар хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Төрийн албаны салбар зөвлөл нь хуралдаанаараа хэлэлцээд 2014 оны Б/746 дугаар тушаалын үндэслэл буруу байх тул хүчингүй гэж үзсүгэй гэсэн бөгөөд иргэн Д.Жамъяндагвыг ажилд нь буцаан авах тухай шийдвэр гаргаагүй юм.

Их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дууссан учраас 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн их сургуулийн захирлын нэр дээр гаргасан өргөдлийнх нь дагуу Д.Жамъяндагвыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн болно.

Дүгнэн үзвэл Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй иргэн Д.Жамъяндагва нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд энэ хооронд түүний гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх боломжгүй түр түдгэлзсэн байсан.

Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөс тухайн маргааныг хянан шийдвэрлэсний дараа түүний 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр их сургуулийн захирлын нэр дээр бичсэн өргөдлийг нь үндэслэн төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлынх нь дагуу 2014 оны 10 дугаар сар хүртэлх ажилласан цалинг нь бодон олгож хүсэлтээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаартай тушаал гарган урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрийг биелүүлсэн болно.

Иргэн Д.Жамъяндагва нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах талаар нэхэмжилсэн бөгөөд энэ нь их сургуулийн захирлын Б/746 дугаартай тушаал гарсан өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаа юм.

Иргэн Д.Жамъяндагва нь өөрөө дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, мөн хууль зүйн зөвлөгөө авах эрх нь нээлттэй байсан бөгөөд шүүхийн харьяалал андуурсан асуудал нь тус их сургуулийн үйл ажиллагаанаас болоогүй учраас урьдчилан сэргийлэх ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд зарцуулагдсан хугацаа болон шүүхийн харьяалал андууран иргэний хэргийн шүүхэд хандсан хугацааны цалин хөлсийг олгох хууль зүйн үндэслэл байхгүй ба их сургууль нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд иргэн Д.Жамъяндагвын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 13 дугаар зүйлийн 13.3, 16 дугаар зүйлийн 16.1, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Д.Жамъяндагвын Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Эрдэм шинжилгээний ажилтан албан тушаалд эргүүлэн томилж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны үндсэн болон бусад нэмэгдэл цалин болох 15.240.960 төгрөг /арван таван сая хоёр зуун дөчин мянга есөн зуун жар/-ийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ...Иргэн Д.Жамъяндагва 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "Хууль сахиулахын их сургуулийн захирлын хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү" гэж Төрийн албаны зөвлөлд хандсан байна.

Төрийн албаны зөвлөлөөс Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдлыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж, Хууль зүйн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Их сургуулийн захирлын 2014 оны Б/746 дугаар тушаалын үндэслэл буруу байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам", Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өргөдөл, маргааныг шийдвэрлэх хугацаа, журмыг тодорхой заасан байх боловч Төрийн албаны салбар зөвлөл иргэн Д.Жамъяндагвын гомдлыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан өдрөөс хойш 5 сарын дараа, Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор сургуулийн захирлын 2014 оны Б/746 дугаартай тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Д.Жамъяндагвыг ажилд нь буцаан авах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.

Дээрх шийдвэрийн дагуу Их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сургуулийн захирлын нэр дээр гаргасан өргөдлийнх нь дагуу иргэн Д.Жамъяндагвыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Харин Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй иргэн Д.Жамъяндагва нь Төрийн албаны салбар зөвлөлд хандсан бөгөөд гомдолд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд түүний гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй байсан болно.

Иргэн Д.Жамъяндагва нь Төрийн албаны зөвлөлд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гомдолдоо ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах талаар нэхэмжилсэн бөгөөд үүнийг Их сургуулийн захирлын Б/746 дугаартай тушаал гарсан өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаа гэж үзэж байна. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, нэхэмжлэгч Д.Жамъяндагвын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг буруу тооцож нэхэмжлэлийг хангасан байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч Д.Жамъяндагва нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжиж ажиллах хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг гаргахаас өмнө Хууль сахиулахын их сургуулийн захирал 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр дээрх Б/746 дугаар тушаалыг хүчингүй болгосноор уг маргаан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдэж дууссан байна.

Гэтэл хариуцагч Хууль сахиулахын их сургуулийн захирал нь уг маргаан шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэгчийн шилжиж ажиллах хүсэлт гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн байхад Д.Жамъяндагваас хүсэлт нь хэвээр байгаа эсэхийг тодруулалгүйгээр 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ... төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож ... шилжүүлэн ажиллуулж болно гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо ... Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2014 оны Б/746 дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч Д.Жамъяндагвыг ажилд нь буцаан авах тухай шийдвэр гаргаагүй ... гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь ... иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол ...-ын дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ... харилцааг зохицуулахад оршино гэж зааснаас үзэхэд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зорилго бол гомдол гаргагчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээхэд орших бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлөөс хариуцагчийн хууль бус актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Д.Жамъяндагвын төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчигдсөн эрх сэргэсэн байх тул дээрх гомдол үндэслэлгүй. Мөн давж заалдах гомдолд ... урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан учраас нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй байсан ... гэх боловч нэхэмжлэгчийн төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдал, цаг хугацааны хувьд Д.Жамъяндагвын шилжиж ажиллах хүсэлтийг өөрөөс нь тодруулахгүйгээр 6 сарын дараа шууд шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасан тохиролцох ажиллагаа хийгдсэн гэж үзэхээргүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон нь үндэслэлтэй байх боловч Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүй, ажилгүй байсан хугацаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 16 сар 5 хоногийн (ажлын) цалинтай тэнцэх олговрыг буруу тооцсон байх тул шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчилж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу 11,401,264 /арван нэгэн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийн олговор олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жамъяндагвын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, Д.Жамъяндагвыг урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрт

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Жамъяндагвын ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 11,401,264 /арван нэгэн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Хууль сахиулахын их сургуульд даалгасугай. гэсэн 2 дахь заалтыг нэмж, тогтоох хэсгийн 2 гэсэн дугаарыг 3 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч Хууль сахиулахын их сургууль нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ