| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0186/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/190 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 171 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Мад холбогдох эрүүгийн 2107000000226 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эмэгтэй, яс үндэс *******, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ................................... тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б.М /РД:................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.М нь “............................” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан бэлэн хувцас худалдан борлуулдаг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон ....................................... тоотод гэртээ байхдаа хохирогч Х.Мэс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Эгийн эзэмшлийн Хаан банкны .................. тоот дансаар дамжуулж 169.000 төгрөгийг, мөн оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн А.Оын эзэмшлийн Хаан банкны .................. тоот дансаар дамжуулж 151.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
Мөн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны хооронд Налайх дүүргийн 2 дугаар хорооны 32 дугаар байранд байх гэртээ байхдаа “..................” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан иргэн Ц.Гд “хурган дотортой дээл хямд оёж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 13 удаагийн үйлдлээр 2.440.000 төгрөгийг өөрийн сэтгэцийн өвчтэй бэр эгч З.******* Хаан банкны .............. тоот дансаар авч улмаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны бэлэн мөнгөний машинд тухайн дансны картыг уншуулан бэлэн мөнгө болгон авсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Мгийн өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн шинээр нээсэн “............................” гэх нэртэй фэйсбүүк хаягаар зарын группүүдээр юм үзэж байтал Х.М гэх нэртэй фэйсбүүк хаягаар зарын групп дээр “хүүхдийн хувцас, том хүний хувцас бөөндөж байна” гээд Х.М пост оруулчихсан байхаар нь би Х.Мийн фэйсбүүк рүү чат бичиж холбогдоод Х.М надад хүүхдийн болон том хүний хувцасны захиалга өгөөд 169.000 төгрөг шилжүүлснийг би өөрийн хадам ээж Б.Эгийн Хаан банкны данс руу хийлгэж авсан. Маргааш нь...дахиж хувцас захиалхаар нь би өөрийн бараагаа захиалдаг байсан А.О гэх хүний данс руу хийлгэж АОаас өөрийн худалдаж авсан пальтоны мөнгийг үлдээгээд үлдсэн мөнгийг нь өөрийн данс руу хийлгэж авсан. Би сошиалаар бол бараа худалдаж үзээгүй. “............................” гэх хаягийг тухайн үедээ хуурамчаар үүсгэсэн байсан хаяг байгаа юм. Надаас өөр хүн уг хаягийг ашиглаж байгаагүй. Одоо энэ хаягийг устгачихсан бүр орохоо больсон байгаа...
...2021 оны 01 дүгээр сард Г надаас дээл оёдог хүн байна уу гэхээр нь би манай хамаатны эгч дээл оёдог гээд худлаа ярьчихсан юм. Тэгээд өөрөө шинэ фэйсбүүк хаяг нээгээд “..................” гэж нэр зохиогоод Гд дээл өгнө гээд дээлийн зураг интернэтээс татаж аваад явуулаад Ггээс өөрийн бэр эгч Сы ............... тоот дансаар...цувуулаад 2.440.000 төгрөг авсан. Бэр эгч С бол энэ талаар юу ч мэдэхгүй. Би Хэнтий аймагт М гэдэг хүнийг залилсан. Өөр залилсан хүн үнэхээр байхгүй. Ер нь бол өөр хэрэг байвал нэгтгүүлээд шалгуулбал хөнгөн шийтгэгддэг гэж хүнээс сонсож байсан. Тийм учраас өөр хэрэг байсан бол хэлнэ” гэх мэдүүлэг,
/хх-ийн 40, 106-107 дугаар тал/,
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Х.Мийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк зарын дагуу хувцас захиалахаар болж “............................” гэсэн фейсбүүк хаягт зар тавьсан байхаар нь зарын дагуу холбогдож...нийт 320.000 төгрөгийн үнийн дүнтэй хувцас захиалсан. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бараа захиалж Э гэсэн эзэмшигчтэй .................. тоот Хаан банкны данс руу 169.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* тоот данснаас шилжүүлсэн. Уг өдөр 151.000 төгрөгийн бараа нэмж захиалсан бөгөөд А.О гэсэн хүний .................. гэсэн Хаан банкны данс руу мөн өөрийн данснаас интернэт банкаар шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хамгийн сүүлд холбогдоод түүнээс хойш дахин холбогдож чадаагүй. Утас болон фейсбүүк чатаас намайг хассан байсан. Түүнээс хойш би янз бүрийн өөр хүний дугаараас залгахаар утсаа мөн адил авдаггүй юм. Ингээд би цагдаад хандахаар болж цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12-13 дугаар тал/,
3. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ц.Ггийн өгсөн: “...Мгийн эгч нь манай малыг маллаж байх үед 2021 оны 01 сард М надад өөрийгөө М мираж гэх фейсбүүк хаягаас зураг илгээж ийм дээл маш хямдаар хийж өгье гээд хүн байна. Танайх хийлгэх үү манай нөхрийн эгч байгаа юм гээд над руу гоё гоё хурган дээлүүдийн зураг илгээсэн. Тэрийг нь би сонирхоод үнийг нь асуухад нэг дээлийг нь 300.000 төгрөгөөр хийнэ гэж байна лээ гэхээр нь яагаад ийм хямдхан байгааг нь асуухад эгч маань хөгширсөн хойноо ганц хүүхэдтэй. Тэр нь өвчтэй сэхээнд байгаа. Тэрний эмчилгээний мөнгө хэрэг болоод байгаа тул хямд хийж байгаа гэж хариулсан. Тэгээд М надад тэр хүний фейсбүүк “Tseteg” гээд хаяг, утасны дугаарыг чатаар явуулсан. Би тэр хүн рүү дээл хийх үү гээд чат бичихэд хийнэ гээд миний дугаарыг аваад над руу утсаар залгаж ярьсан. Тэгээд ярилцаад эхлээд 2 дээл хийлгэхээр болоод хэмжээгээ утсаар өгөөд дансыг нь аваад уулзаж мөнгөө өгөхөөр болсон. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би дээл хийж өгөх хүнтэйгээ Налайхын Соёлын ордны уулзаж мөнгөө өгөхөөр тохиролцоод тохиролцсон цагтаа иртэл нөгөө хүн гарч чадахааргүй болчихлоо гээд чат бичээд оронд нь М хүрээд ирсэн. Тэгээд нөгөө хүн Мд мөнгөө өгчхөөрэй гэхэд нь би данс руу чинь хийе гээд тэр хүний гэх ............... дугаарын Хаан банкны данс өгөхөөр нь 300.000, 200.000 төгрөгийг эхний ээлжид урьдчилгаа болгон шилжүүлсэн. Тэгээд урьдчилгаа шилжүүлсний маргааш нь нөгөө чатаар дээл бэлэн болсон, дахиад өөр дээл хийлгэх хүн байвал олж өгч туслаач дахиад 2 дээлийн бэлдэц байна гэхээр нь би дахиад ах дүү нартаа хийлгэе гээд 2 дээл захиалаад байж байтал дахиад хямдхан эсгүүр гараад байна гэсээр байгаад нийт 9 ширхэг хурган дотортой дээлийг мөнгийг нь хэд хонгийн дотор цувуулж шилжүүлсээр байгаад нийт 13 удаагийн гүйлгээгээр 2.440.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан байна. Би энэ мөнгөн дунд тэр хүн чатаар мөнгө зээлээч хүүхдийн эмчилгээний төлбөр болчхоод байна 70.000 төгрөг зээлээч гэхээр нь шилжүүлтэл үүнээс 3 хоногийн дараа манай хүүхэд нас барчихлаа моргоос авах гэсэн юм 220.000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гээд бас гуйж зээлж авсан. Ингээд дээрх мөнгөнүүдийг зээлж болон дээл захиалж өгчхөөд дээлээ авъя гэхээр нас барсан хүүхдээс корона илрээд би ойрын хавьтагч гээд эмнэлэгт байна гээд хойшлуулсан. Заримдаа намайг дээлээ ав гэж дуудаж ирүүлчхээд фейсбүүк болон өгсөн дугаараа хаачхаад алга болчихдог байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 96-97 дугаар тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр А.Оын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 29-нд М гэдэг эмэгтэй над руу утсаар холбогдоод би дахин чамаас плать худалдан авах гэсэн юм би өөрөө хөдөө ирсэн байна. Би чам руу дансаар чинь мөнгө шилжүүлье чи миний шилжүүлсэн мөнгөнөөс пальтоны мөнгийг аваад буцаагаад над руу үлдэгдлийн шилжүүлээд өгсөн. Тэгэхээр нь Мгийн гуйлтыг зөвшөөрч Хаан банкны дансны дугаараа өгч М над руу 151.000 төгрөгийг хүнээр шилжүүлж байсан. Тэгээд үүнээс өөрийнхөө зарсан пальтоны мөнгө болох 36.000 төгрөгийг авч үлдэгдэл 115.000 төгрөгийг Төрийн банкны 312500129142 гэсэн М гэх хүний данс руу хийсэн. Тус өдрийн 18 цаг 15 минутад гүйлгээний утга дээр ******* гэсэн дугаараа бичиж шилжүүлсэн. Би М гэх эмэгтэйг огт танихгүй. Би бараагаа цахимаар зарах гээд 10.000 төгрөг хямдруулсан байсан. Гэтэл над руу бараа захиалах гэсэн юм аа гэж холбогдсон хүн юм. Тэрнээс урьд өмнө нь би танихгүй юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16-18 дугаар тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Эгийн өгсөн: “...Манай бэр М гэх эмэгтэй миний хажууд утсаар ярьж байгаад хүнээс мөнгө авах гэсэн юм та Хаан банкныхаа дансны дугаарыг өгөөч гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансны дугаарыг түүнд өгсөн юм. Тэгээд миний Хаан банкны .................. дугааратай данс руу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 169.000 төгрөгийг манай бэр хүнээр хийлгүүлсэн байсан. Тэрнээс би ямар учиртай мөнгө миний данс руу орсныг огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20 дугаар тал/
6. Иргэн Б.Эгийн эзэмшлийн Хаан банкны .................. тоот дансны хуулга,
/хх-ийн 42 дугаар тал/
7. Иргэн А.Оын эзэмшлийн Хаан банкны .................. тоот дансны хуулга,
/хх-ийн 44 дүгээр тал/
8. Иргэн З.*******ы эзэмшлийн Хаан банкны ............... дугаартай дансны хуулга,
/хх-ийн 130-131 дүгээр тал/
9. ............................ гэх фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй харилцсан чатын хуулбар,
/хх-ийн 59-76 дугаар тал/
10. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 92-93 дугаар тал/
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 109 дүгээр тал/
12. Б.Мгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 155-164 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Хохирол төлбөрийн хувьд мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд хохирогч Х.Мд 169.000 төгрөгийг төлсөн байдаг. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогч Гд 2.440.000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгч байсан бол өнөөдөр шүүх хуралдааны үеэр Х.Мийн үлдэгдэл төлбөрийг гаргаж өгсөн байна. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилтын хүрээнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд амар хялбар аргаар бусдыг залилж, хуурч үйлдсэн гэж үзэж байгаа. Гол зорилгын хувьд амар хялбар амьдрах зорилготой бөгөөд шүүгдэгч нь учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Түүний хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь ял шалгах хуудас, мөн 5 сартай жирэмсэн болох нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө эмчийн гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Харин эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Уг ялыг оногдуулахдаа бие давхар буюу 5 сартай жирэмсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэлийн төвийн дүүргүүдээс хэтрэлгүй хязгаарлалт тогтоох саналтай байх бөгөөд энэ нь хүнлэг энэрэнгүй зарчимд нийцнэ гэж үзэж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй. Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлгэх саналыг гаргаж байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Б.Мгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5-т зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан. Хохирол төлбөр төлсөн талаар хохирогч Г нь гараар бичиж, Х.М нь мөн хохирол төлбөр төлсөн гэдэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Б.Магийн нөхрийн хувьд ******* компанид жолоочоор ажиллаж байгаа бөгөөд яваандаа манайх тэнд очиж амьдарна гэсэн тул улсын яллагчийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг зөвшөөрөхгүй байна. Б.М нь одоо 2 дахь хүүхдээ гаргах гэж байгаа. Б.М нь ажилгүй тул торгох ял оногдуулах боломжгүй. Мөн жирэмсэн учир нийтэд тустай ажил хийх ял тохиромжгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.Мгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч Б.М нь “............................” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан бэлэн хувцас худалдан борлуулдаг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон ....................................... тоотод гэртээ байхдаа хохирогч Х.Мэс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Эгийн эзэмшлийн Хаан банкны .................. тоот дансаар дамжуулж 169.000 төгрөгийг, мөн оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн А.Оын эзэмшлийн Хаан банкны .................. тоот дансаар дамжуулж 151.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан болох нь:
Шүүгдэгч Б.Мгийн “....М надад хүүхдийн болон том хүний хувцасны захиалга өгөөд 169.000 төгрөг шилжүүлснийг би өөрийн хадам ээж Б.Эгийн Хаан банкны данс руу хийлгэж авсан...” гэх,
Хохирогч Х.Мийн “...Э гэсэн эзэмшигчтэй .................. тоот Хаан банкны данс руу 169.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* тоот данснаас шилжүүлсэн. Уг өдөр 151.000 төгрөгийн бараа нэмж захиалсан бөгөөд А.О гэсэн хүний .................. гэсэн Хаан банкны данс руу мөн өөрийн данснаас интернэт банкаар шилжүүлсэн.” гэх,
Гэрч А.Оын “...М над руу 151.000 төгрөгийг хүнээр шилжүүлж байсан. Тэгээд үүнээс өөрийнхөө зарсан пальтоны мөнгө болох 36.000 төгрөгийг авч үлдэгдэл 115.000 төгрөгийг Төрийн банкны 312500129142 гэсэн М гэх хүний данс руу хийсэн.” гэх,
Гэрч Б.Эгийн “...миний Хаан банкны .................. дугаартай данс руу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 169.000 төгрөгийг манай бэр хүнээр хийлгүүлсэн байсан.” гэх мэдүүлгүүд, иргэн Б.Э, А.О нарын Хаан банкны дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
2. Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны хооронд Налайх дүүргийн 2 дугаар хорооны 32 дугаар байранд байх гэртээ байхдаа “..................” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан иргэн Ц.Гд “хурган дотортой дээл хямд оёж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 13 удаагийн үйлдлээр 2.440.000 төгрөгийг өөрийн сэтгэцийн өвчтэй бэр эгч З.*******ы Хаан банкны ............... тоот дансаар авч улмаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны бэлэн мөнгөний машинд тухайн дансны картыг уншуулан бэлэн мөнгө болгон авсан болох нь:
Шүүгдэгч Б.Мгийн “...бэр эгч Сы ............... тоот дансаар...цувуулаад 2.440.000 төгрөг авсан. Бэр эгч С бол энэ талаар юу ч мэдэхгүй...” гэх,
Хохирогч Ц.Ггийн “...тэр хүний гэх ............... дугаарын Хаан банкны данс өгөхөөр нь 300.000, 200.000 төгрөгийг эхний ээлжид урьдчилгаа болгон шилжүүлсэн... нийт 9 ширхэг хурган дотортой дээлийг мөнгийг нь хэд хонгийн дотор цувуулж шилжүүлсээр байгаад нийт 13 удаагийн гүйлгээгээр 2.440.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан байна. Би энэ мөнгөн дунд тэр хүн чатаар мөнгө зээлээч хүүхдийн эмчилгээний төлбөр болчхоод байна 70.000 төгрөг зээлээч гэхээр нь шилжүүлтэл үүнээс 3 хоногийн дараа манай хүүхэд нас барчихлаа моргоос авах гэсэн юм 220.000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гээд бас гуйж зээлж авсан.” гэх мэдүүлгүүд болон иргэн З.Сайяраны эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Маг зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.М, Ц.Г нар нь “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөрийг барагдуулсан, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: 5 сартай жирэмсэн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Үүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Хуулийн энэ үзэл баримтлал нь хэрвээ “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж зөвхөн “хорих” ялаар шийтгүүлсэн тохиолдолд л “зорчих эрхийг хязгаарлах” ялаар солих гэсэн ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хорих” ялаас өөр төрлийн /нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах/ ялаар шийтгүүлсэн тохиолдолд тухайн ялтны ялыг Өршөөлийн хуульд хамааруулахгүй /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, Ялаас өршөөн хасах, Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зэргийг/ гэсэн санаа юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульд заасан.
Иймд шүүгдэгч Б.Маг зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Мөнх-Очир нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Маг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ