| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0182/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/195 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 188 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянгол овогт Б.Од холбогдох эрүүгийн 2107001440249 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, кадасдарчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................................ тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугуур зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээсэн,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугагцаагаар тэнцэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэснийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 1 сар 20 хоногийн хорих ял дээр 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугагцаагаар тэнцэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэснийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар 20 хоногийн хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Баянгол овогт Б.О /РД:..................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.О нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргээс Налайх дүүргийн чиглэлд өөрийн эзэмшлийн Тоёота Сай /Toyota Sai/ маркийн тээврийн хэрэгслээр таксины үйлчилгээ үзүүлэх үедээ уг тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн иргэн Г.Г нь Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Буян-Налайх төвийн урд буухдаа тухайн тээврийн хэрэгсэл дотор өөрийн эзэмшлийн Самсунг А-21 маркийн гар утсыг мартаж буусныг мэдсээр байж ашигласны улмаас хохирогч Г.Гд бага хэмжээнээс дээш буюу 451.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Огийн өгсөн: “...Тэр гар утсыг анх олоход унтраалттай байсан. Асаахад сим картны нууц үг нэхээд ерөөсөө хэн ашиглаж байсан талаар мэдэх боломж надад ерөөсөө байгаагүй. Ингээд би тухайн үедээ гайгүй байх гэж бодоод л өөрийнхөө сим картыг тэр гар утсанд хийж утсыг асаахад ямар нэгэн өөр нууц үг түгжээ байгаагүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 40 дүгээр тал/,
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ц.Ггийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хамаатны залуу Хтай хамт 2 ширхэг 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво ууж дуусаад 23 цагийн орчмын үед Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны автобусны буудлаас таксинд суухад хамаатны залуу интернэт банк ашиглан таксины мөнгийг шилжүүлж өгсөн. Тус такси нь цагаан өнгийн Тоёота сай маркийн автомашин байсан ба жолооч нь...30-35 орчим насны эрэгтэй хүн байсан. Би таксинд суугаад Хонхор дээр явж байхад хамаатны залуу залгаад жолоочдоо утсаа өгчих гэж хэлэхээр нь таксины жолоочид утсаа өгөөд яриулсан. Тэгээд “Буян-Налайх”-ын урд талын замд буугаад утсаа үзтэл байхгүй байхаар нь эргэж хараад таксины араас гүйгээд “хөөе зогсоорой” гэж хашхирч байхад зогсоогүй. Тэгэхээр нь хажууд байсан хүний утаснаас өөрийн утас руу залгахад 3 удаа дуудаад холбогдох боломжгүй болсон...сууж явсан такси дотор би утсаа алдсан. Миний утас Самсунг А21-с маркийн гар утас байсан. Надад найз Б 5 сарын өмнө худалдан авч өгч байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/,
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Хын өгсөн: “...Г.Гтэй хамт гэртээ пиво уучхаад орой болоод Налайх явдаг офицеруудын ордны автобусны буудал дээр хүргэж өгсөн чинь Налайх явах автобус зогссон байсан. Тэгээд буудал дээр байж байсан чинь Налайх явна гээд жижиг тээврийн хэрэгсэл хүн авч явна гээд орилоод зогсож байхаар нь бид хоёр очсон чинь Sia маркийн суудлын жижиг тэрэг Налайх руу хүн аваад явна гэхээр би очоод хэдэн төгрөгөөр явах юм бэ гэж асуусан чинь тэр танихгүй залуу 5000 төгрөгөөр явна гэж надад хэлэхээр нь хамт явсан. Г.Гг уг машинд суулгаад жолооч гэх хүний данс руу “Nalaikh” гэж гүйлгээний утга хэсэг дээр бичээд .................... дугаарын данс руу нь 5000 төгрөгийг эзэмшигчийн нэрийг харалгүй шилжүүлсэн юм. Тэр залуугаас миний мөнгө орсон уу гэж асуусан чинь тэр залуу миний өөдөөс орсон байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Г.Г над руу яриад утсаа өчигдрийн машинд унагасан юм шиг байна, чи дугаарыг нь харсан уу гэж надаас асуухаар нь би хараагүй гэж хэлсэн. Манай эхнэрийн .................... тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20 дугаар тал/
4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 6-9 дүгээр тал/
5. Эд зүйлийг хүлээлгэн өгсөн баримт,
/хх-ийн 12 дугаар тал/
6. Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан,
/хх-ийн 28-29 дүгээр тал/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 42 дугаар тал/
8. Мобиком корпораци ХХК-ны 4/5545 дугаартай албан тоот,
/хх-ийн 51-52 дугаар тал/
9. Б.Огийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 53-59, 66-90 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.Огийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргээс Налайх дүүргийн чиглэлд өөрийн эзэмшлийн Тоёота Сай /Toyota Sai/ маркийн тээврийн хэрэгслээр таксины үйлчилгээ үзүүлэх үедээ уг тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн иргэн Г.Г нь Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Буян-Налайх төвийн урд буухдаа тухайн тээврийн хэрэгсэл дотор өөрийн эзэмшлийн Самсунг А-21 маркийн гар утсыг мартаж буусныг мэдсээр байж ашигласны улмаас хохирогч Г.Гд бага хэмжээнээс дээш буюу 451.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Огийн “Ингээд би тухайн үедээ гайгүй байх гэж бодоод л өөрийнхөө сим картыг тэр гар утсанд хийж утсыг асаахад ямар нэгэн өөр нууц үг түгжээ байгаагүй” гэх,
Хохирогч Г.Ггийн “...Би таксинд суугаад Хонхор дээр явж байхад хамаатны залуу залгаад жолоочдоо утсаа өгчих гэж хэлэхээр нь таксины жолоочид утсаа өгөөд яриулсан. Тэгээд “Буян-Налайх”-ын урд талын замд буугаад утсаа үзтэл байхгүй байхаар нь эргэж хараад таксины араас гүйгээд “хөөе зогсоорой” гэж хашхирч байхад зогсоогүй. Тэгэхээр нь хажууд байсан хүний утаснаас өөрийн утас руу залгахад 3 удаа дуудаад холбогдох боломжгүй болсон” гэх,
Гэрч Х.Хын “...Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Г.Г над руу яриад утсаа өчигдрийн машинд унагасан юм шиг байна, чи дугаарыг нь харсан уу гэж надаас асуухаар нь би хараагүй гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлийг хүлээлгэн өгсөн баримт, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Мобиком корпораци ХХК-ны 4/5545 дугаартай албан тоот зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ог гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г нь “...гар утсаа авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэнийг, цаашид анхаарах нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баянгол овогт Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ