| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0187/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/197 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
Хохирогч Ц.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 187 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Н.Эт холбогдох эрүүгийн 2107000000244 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ....................................... тоотод оршин суух,
Урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар хойшлогдсон, ялын хугацаа 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дууссан,
Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 3/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан Боржигон овгийн Н.Э /РД:...................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Этай маргалдан хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газар нь гараараа, нуруун тус газарт нь модон сандлаар цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би архи уугаад өглөө гэртээ орондоо сэрсэн. Эхнэр намайг орондоо шээсэн гээд байсан. Би шээгээгүй гэхэд чи шээсэн гээд дайраад байхаар нь би Э шээсэн байх гэж хэлэхэд үгүй чи шээсэн чамаас өөр хэн шээдэг юм гээд байсан. Тэгээд хэрүүл гараад би нүүр лүү нь гараараа цохиод, нуруу руу нь сандлаар цохисон” гэв.
Хохирогч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр манай хүн согтуу ирээд унтсан байсан. Би ажлаасаа тараад шууд гэртээ ирээд унтсан. Өглөөгүүр сэрээд шээсэн гээд орилоод л байсан. Яг одоогоор тухайн өдрийн байдлыг сайн санахгүй байна. Тухайн үед хэцүү байсан болохоор мартахыг хичээсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Н.Эын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө би 7 юм уу 8 цагийн үед сэрэхэд ор нойтон болчихсон байсан. Тэгээд би бага охин Эг шээчихсэн гэх үед эхнэр Ц.Э ямар заваан юм бэ чи шээчихсэн байна гаргаж хатаа гэх үед би уурлаад үгүй шээгээгүй гэж байгаад эхнэр Ц.Эгийн нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд хажууд нэлээн хуучны модон сандал байхаар нь би аваад нуруу хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгэх үед гаднаас эхнэрийн эгч Т орж ирээд цагдаа дуудна гэх үед би гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 28 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ц.Эгийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 6 цагийн үед Н.Э сэрчхээд хэн оронд шээсэн, бага охин Эг шээсэн байна гээд байсан. Тэгэхээр нь би өөрөө шээчихсэн байж наад ор дэвсгэрээ гаргаад хатаагаач гэхэд Э уурлаад миний нүүр, хамар хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би өндийгөөд доошоо тонгойтол гэрт байсан модон сандал аваад нуруу хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би эгч Ж.Т руу залгаад Н.Э намайг зодчихлоо та хүрээд ирээч гэж хэлээд байж байтал Э орилж хашхираад байсан. Н.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга орилоод хэрүүл маргаан хийдэг. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баруун талын гар луу гараараа цохиж байсан...гэрт байсан модон сандал нэлээд хуучин сандал байсан учир намайг цохисны дараа тухайн сандал яажийгаад хүн суух боломжгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би хогийн цэгт хаячихсан. Дараа нь хаясан газраа харахад тухайн хогийг шатаачихсан байсан...надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй, өвчин намдаах тос авч түрхсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 4-5 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Тын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний үүрээр 5 цагийн орчимд дүү болох Ц.Э над руу залгаад Н.Э намайг зодоод байна та манай гэрт ороод ирээч гэхээр нь би Н.Эын гэр лүү ороход Ц.Э уйлчихсан хамраас нь цус гарчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/535 дугаар: “Ц.Эгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, нүүр, зүүн дал, баруун мөрөнд цус хуралт, баруун гуя, цээжинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 17 дугаар тал/
5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-ийн 30-32 дугаар тал/
6. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,
/хх-ийн 33-39 дүгээр тал/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 40 дүгээр тал/
8. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 73 дугаар тал/
9. Н.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 74-88 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Ч.Эг зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрийн эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, тос авч түрхсэн өөр эмчилгээ хийлгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул бусдад төлөх төлбөргүйд дурдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал буюу зөөлөн эдийн няцрал, нуруу шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл зэрэг хөнгөн хохирол учирсан зэрэг байдлыг харгалзаж үзээд шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналыг гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгч нь хохирогчийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнтэй ямар нэгэн байдлаар маргахгүй. Прокурорын зүйлчлэлтэй санал нэг байна. Шүүхээс гэм буруутайд тооцсон тохиолдолд оногдуулах ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг байдлаар орж ирсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа тохиолдолд цаашид гэр бүлээ хадгалах, аав нь хүүхдүүддээ аав шиг, ээж нь хүүхдүүддээ ээж шиг нь байх боломжийг олгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед аль аль нь гэр бүлийн харилцаанаас хөндийрсөн бөгөөд хөндийрсний улмаас ийм асуудал үүссэн байна. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг улсын яллагч тавьж байна. Жилийн дөрвөн улиралд ажил хийдэг нөхцөл бололцоог нь харгалзаад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж өгнө үү. Уг торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шаардлагатай гэж үзвэл ял оногдуулахын зэрэгцээ гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үүднээс албадлагын арга хэмжээ авах боломж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг хэрэглэх боломжтой байна. Торгох ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 6 цагийн орчим ................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Эг “намайг орондоо шээсэн” гэх шалтгаанаар маргаж түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа, модон сандлаар нуруу хэсэг рүү нь 2 удаа тус тус цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, нүүр, зүүн дал, баруун мөрөнд цус хуралт, баруун гуя, цээжинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.Эын “...чи шээсэн чамаас өөр хэн шээдэг юм гээд байсан. Тэгээд хэрүүл гараад би нүүр лүү нь гараараа цохиод, нуруу руу нь сандлаар цохисон” гэх,
Хохирогч Ц.Эгийн “...би өөрөө шээчихсэн байж наад ор дэвсгэрээ гаргаад хатаагаач гэхэд Э уурлаад миний нүүр, хамар хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би өндийгөөд доошоо тонгойтол гэрт байсан модон сандал аваад нуруу хэсэг рүү 2 удаа цохисон.” гэх,
Гэрч Ж.Тын “...Н.Э намайг зодоод байна та манай гэрт ороод ирээч гэхээр нь би Н.Эын гэр лүү ороход Ц.Э уйлчихсан хамраас нь цус гарчихсан сууж байсан” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/535 дугаар: “Ц.Эгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, нүүр, зүүн дал, баруун мөрөнд цус хуралт, баруун гуя, цээжинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Н.Эыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эгийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээ хийлгэсэн баримт хэрэгт хавсаргаагүй, нотлох баримт байхгүй...” тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Энхбат нь......шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэн зөрчлийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ