Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125 

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Б.Г,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бгийн Гт холбогдох 212800268 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Ө аймаг Д сумын 2 дугаар баг, Хан-Уулын 6-3 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.Гийн нуруун тус газар нь өмдний тэлээгээр 4-5 удаа ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Гыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10-р сарын 19-ний өдөр намайг гэртээ 3 хүүхэдтэйгээ байхад 19 цагийн үед манай нөхөр Г халамцуу орж ирээд гар утсаараа яриад өрөөндөө орсон. Тэгээд би хоол хийж байгаад хоол болохоор нь аягалж нөхөртөө өгсөн. Тэгээд ажил гараад 21 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад явж байсан чинь манай хүү Саас “Ээжээ хурдан ир. Аав дүүг зодоод байна гэж чат ирэхээр нь би шууд гэртээ очсон. Гэртээ орсон чинь манай охин Г зодуулсан байдалтай орны хажууд уйлаад сууж байхаар нь би гараас нь татаж аваад аавд нь уурлачихаад охиноо өөрийнх нь өрөөнд оруулсан. Дараа нь би гэрээсээ охиноо аваад гарч ахынхаа гэрт очоод юу болсон талаар асуухад охин маань чатнаас болоод намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд нурууг нь гаргаж харсан чинь нуруу нь улайсан байхаар нь маргааш өглөө нь аав руу нь чат бичээд чи арай ч дээ охиноо ийм болгоод гэсэн чинь чи далимдуулж гадуур хонолоо гэсэн. Тэгэхээр нь би угаасаа ахынхаа гэрт ирдэг. Чи яах гэж ингэдэг юм  гэж хэлээд цагдаад өгнө гэсэн чинь тэг тэг би яваад далд ороод өгье гэж хариу бичихээр нь уурандаа 108 дугаарын утсанд дуудлага өгөөд дараа нь цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 30-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10-р сарын 19-ний өдөр 19 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед ааваас бага зэрэг архи үнэртэж байсан. Би тухайн үед ээж ах эгчийн хамт гэртээ байсан. Тэгээд аав гэрт орж ирээд утсаараа ярьж байгаад хоолоо идчихээд орондоо орсон. Ээж гадуур ажилтай гээд 21 цагийн үед гарсан. Тэгээд аав ахыг дуудаад 30-аад минут болсны дараа намайг дуудаад яагаад чи банди руу ийм чат бичиж байгаа юм гэж хэлээд нөгөө банди руу залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд аав уурлаад агааг дуудаад тэлий аваад ир гэсэн чинь агаа шкапнаасаа өөрийнхөө тэлээг авчирч өгсөн. Тэгээд аав намайг урдаа зогсоож байгаад тэлээгээр 4-5 удаа ороолгосон. Би уйлаад байж байсан чинь ээж гаднаас орж ирээд намайг аваад гэрээс гараад ахындаа аваачиж ээж бид 2 тэнд хоносон. Ахындаа оччихоод ээж миний нурууг хараад арай ч дээ гээд байсан. Тэгээд би унтчихсан. Санал хүсэлт гомдол байхгүй. /хх-ийн 32-33-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Гийн биед баруун шанаа, цээжний ар хэсгийн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 37-р хуудас/

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 10-р сарын 19-ны өдөр өөрийн төрсөн охин Гийн биед энэ гэмтлийг тэлийгээр шавхарч учруулсан. Одоо бие нь бүрэн эдгэрсэн. /хх-ийн 48-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/

Ө аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 55-59-р хуудас/

Ө аймгийн Д сумын 2 дугаар багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр  сарын 25-ны өдрийн 663 дугаартай тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Ө аймаг Д сумын 2 дугаар баг, Хан-Уулын 6-3 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.Гийн нуруун тус газар нь өмдний тэлээгээр 4-5 удаа ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Гийн биед баруун шанаа, цээжний ар хэсгийн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 37-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Гын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “...Ө аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шитйгүүлсэн /хх-ийн 60-р хуудас/, Ө аймгийн Д сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод: Б.Г нь Д сумын Хан-Уул 2 дугаар баг 6-3а тоотод ам бүл 5 оршин суудаг нь үнэн болохыг хүн ам мэдээллийн санг үндэслэн тодорхойлов. /хх-ийн 53-р хуудас/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА