Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 537

 

                                                                                                                               

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо 24/2 байр 33 тоотод оршин суух, Боржигон овогт Банкийн Оюунтуяа /РД:ГБ77070901/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамж 35 тоотод оршин суух,БНХАУ-ын иргэн  Цао Жин Гуан /Cao Jinquan/ УЗ1797334/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 157,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунтуяа, хариуцагч Цао Жин Гуан, хариуцагчийн орчуулагч Цүй Хай Пин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан нь Банк овогтой Оюунтуяа надаас 105,000,000 төгрөгийг зээлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Цао Жин Гуан нь зээлсэн мөнгөө өгнө гэсэн хугацаандаа өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа тул Цао Жин Гуанаас зээлж авсан 105,000,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу тооцсон 52,500,000 төгрөгийн алданги нийт 157,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Цао Жин гуан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө Б.Оюунтуяагаас 105,000,000 төгрөг зээлж аваагүй. Б.Оюунтуяагийн зүгээс танай шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт бол айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэх аргаар гаргуулж авсан баримт болно. 2012 оны 11 дүгээр сард манай компани яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан учир найзаараа дамжуулан танилцсан Ганболдтой танилцаж 40,000,000 төгрөгийн зээл авч өгсөн боловч надад 38,000,000 төгрөг л өгсөн. Бусдаас авсан учир 2,000,000 төгрөгийг ажил зохицуулах шаардлагаар хүмүүст өгсөн гэж хэлсэн. Тухайн үед 4 үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан баримт л бичсэн, үүнийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр барьцаанд тавьсан гэдгийг тодорхой бичээгүй, тухайн үед миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг зөвхөн хадгалаад өгнө л гэсэн. Би тохиролцсоны дагуу түүний 5032333232 дугаарын дансанд сар бүр 1,632,000 төгрөгийн хүү шилжүүлж байсан. 2012 оны 11 дүгээр сараас  2013 оны 9 дүгээр сарын 20-ны хооронд нийт 15,290,000 төгрөгийн хүү шилжүүлсэн байсан. Үүнийг Хаан банкны гүйлгээний баримтаар нотлоно. Баримтгүй сард би бэлнээр төлж байсан. 2013 оны 3 дугаар сарын 26-нд надад итгүүлэхийн тулд Ганболд бидэнд хуурамч зээлийн баримт бичиж өгсөн. Манай компанийн шүүхийн зардалд зориулж зээл авсан төдийггүй Ганболд намайг Хятад дахь төв компаний захиралтай цуг байх үеэр утсаар холбогдож байсан. Хятад дахь төв компанийн захирал ч энэ удаагийн зээлийг төлөхөө амласан боловч өнөөдрийг хүртэл надад зээл буцаан төлөх мөнгө өгөөгүй. Би Ганболдтой энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг удаа дараа ярилцаж байсан. Манай компани нь 2013 оноос эхлэн шүүхийн ажиллагаатай байсан учраас зээлийг цаг тухайд нь буцаан төлж чадаагүй. 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би Монголд ирсэн. 3 дугаар сарын 02-ны өдөр Гадаадын иргэн, харъяатын газар миний паспортыг хураан авсан учир би Ганболдоос тусламж хүссэн, тэр надад танил талтай байна гэсэн. Тэгэхэд Ганболд Гадаадын иргэн, харъяатын газраас чамайг нутаг буцаана гэсэн. Надад нэг арга байна гэж хэлээд надаар өөрт нь өртэй гэсэн хэд хэдэн баримт бичүүлэн авч, Гадаадын иргэн, харъяатын газар руу очсоны дараа намайг нутаг буцаагаагүй. Тэр надад хэд хэдэн зээлийн баримт өгч надаар гарын үсгийг зуруулсан. Ганболд миний гарын үсэгтэй зээлийн баримтуудыг авч Гадаадын иргэн, харъяатын газар руу явсан. Дараа нь тэр надад гараар бичсэн нь болохгүй, нотариатаар баталгаажуулах хэрэгтэй байна гэсэн. Би тухайн үед хариу өгөөгүй. 3 дугаар сарын 06-ны өдөр Гадаадын иргэн, харъяатын газраас нэг хүн над руу утасдаж намайг дуудсан. Би орчуулагч Халиунтай хамт Гадаадын иргэн, харъяатын газарт очсон. Ганболд болон түүний эхнэр Оюунтуяа нар тэнд байж байсан. Бид хоёрыг өөрсдийнхөө машинд суулгаж, айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэн  намайг нотариатын газар руу авч яван гараар бичсэн зээлийн баримтыг баталгаажуулж, зээл эргүүлэн төлөх хугацааг зааж бичүүлсэн. Тухайн үед би баталгаажуулж өгөхгүй бол тэр бид хоёрыг тавьж явуулахгүй байсан. Намайг айлган сүрдүүлсэн учир аргагүй байдалд орж би түүний хүслээр гарын үсэг зурсан. Ер нь бол нотариатаар баталгаажуулсан явдал нь хуулийн дагуу болоогүй. Учир нь тухайн үед миний паспорт байхгүй байсан ба тэр хөөцөлдөж байж миний паспортын хуулбарыг баталгаажуулсан. Би урьд өмнө нь Оюунтуяаг таньдаггүй байсан. Нотариатаар баталгаажуулах үед Ганболд түүний эхнэр Оюунтуяа болон надаар барьцаат зээлийн гэрээ хийлгүүлсэн. Ийм байдлаар би Б.Оюунтуяагаас 105,000,000 төгрөгийн  зээл авсан гэрээ бүрдсэн. Үнэн хэрэгтээ би Ганболдоос 38,000,000 төгрөг зээлж аван, 15,290,000 төгрөгийн хүү төлсөн. Бусад 40,000,000 төгрөгийг би түүнээс огт зээлж аваагүй. Би зөвхөн 38,000,000 төгрөгийн зээл болон хүүг хүлээн зөвшөөрнө. Бусад зээлийн баримтыг намайг залилан мэхлэх аргаар гарын үсэг зуруулж авсан. Би түүнээс их хэмжээний мөнгө огт зээлж аваагүй.  Би тухайн үед хэт их итгэж, миний хэдэн байрыг л мэхэлж авах санаатай байсныг одоо л ойлгож байна. 2015 оны 2 дугаар сарын 25-нд Ганболд бид хоёрын өр зээлийн асуудлаар Хан-Уул дүүргийн шүүхэд 08.30 минутад шүүх хуралдаан болсон. Тухайн үед Ганболд өмгөөлөгчтэй байсан. Би өөрийн биеэр шүүх хуралдаанд үг хэлээгүй, миний орчуулагч, өмгөөлөгч Сайнбаяр орсон. Шүүх хуралдааны дараа манай өмгөөлөгч надад хэрэг хаагдсан гэж хэлсэн. Ганболдтой байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь намайг айлган сүрдүүлж хийсэн, хууль бус тул Б.Оюунтуяагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Миний бие Б.Оюунтуяагаас 38,000,000 төгрөг авсан боловч 40,000,000 төгрөг зээлснээр буцаан төлөхөд татгалзах зүйлгүй авсан нь үнэн 65,000,000 төгрөгийг аваагүй, би 2 удаа зөрчил гаргасны улмаас гадаад паспортаа иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт хураалгасан байсан тул нэхэмжлэгчийн нөхөр болох Ганболдын дарамтанд  орсны улмаас зээлийн болон барьцааны мөн баталгааны баримтуудад гарын үсэг зурсан нь үнэн болно.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь хариуцагч Цао Жин Гуанд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 157,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

             Хариуцагч Цао Жин Гуан нь нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна,  65,000,000 төгрөгийг аваагүй, 2014 оны 03 сарын 06-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн баталгаа гаргасан баримтуудад намайг дарамталж гарцаагүй байдалд оруулж гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна

 

Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доор дурьдсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Хариуцагч Цао Жин Гуан нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Б.Оюунтуяатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 105,000,000 төгрөгийг хүүгүй, зээлийг 2014 оны 3 сарын 26-ны өдөр төлж дуусгах, хугацаа хэтрүүлсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон мөн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталгааг монгол, хятад хэл дээр бичин гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч  Цао Жин Гуанаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Цао Жин Гуан нь нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг авсан 65,000,000 төгрөг аваагүй гэх тайлбар нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан баталгаа “БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан би Монгол улсын иргэн Банк овогтой Оюунтуяагаас 105,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 16-наас 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хүүгүйгээр зээлж ..... 2014 оны 3 дугаар сарын 26-нд зээлээ төлөх ёстой байсан ч Цао Жин Гуан нь өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлж барагдуулаагүй, ... үндсэн зээл алдангийг төлж барагдуулаагүй тохиолдолд ... барьцаанд тавьсан гурван байрыг худалдахад татгалзах зүйлгүй болно” – гаар үгүйсгэгдэж байх ба хариуцагч баталгааг үйлдэхдээ өөрийн орчуулагч Э.Халиунтай нотариатын газар монгол, хятад хэл дээр бичин гарын үсэг зурсан баримтаар түүний тайлбар няцаагдаж байна. /ХХ 106,107хуудас/

 

Нэхэмжлэгч зээлийн мөнгө болох 40,000,000 болон 65,000,000 төгрөгийг өгөхдөө алинд ч бэлэн мөнгө өгсөн гэх баримт үйлдээгүй боловч сүүлд гэрээ болон баталгааг нөхөж хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч дарамтанд орж уг зээл болон барьцааны гэрээ, баталгаанд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хуулийн байгууллагад хандаагүй, гадаад паспортаа хураалгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлгээгүйгээс гадна, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, татгалзалаа баримтаар нотлоогүй тул шүүх тайлбарыг үнэлэх боломжгүй байна.

 

  Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээнд заасан тохиолдолд зээлдүүлэгч нь хүү, алданги авах эрхтэй бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 3 –т  алданги авахаар талууд харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь 105,000,000 х 0.3% х 883 хоног = 277,200,000 төгрөгийн алданги  боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 52,500,000 төгрөгийн алданги авах эрхтэй юм.

 

Иймд хариуцагч Цао Жин Гуан нь үндсэн зээл 105,000,000 төгрөг, алданги 52,500,000 төгрөг нийт 157,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 945,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Цао Жин Гуанаас 157,500,000 /нэг зуун тавин долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  945,450ы  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ