Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: С.Э,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Сы Эд холбогдох 212800000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч С.Э нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Даланзадгад сумын Цогжавхлан-2 дэлгүүрийн зааланд орох хаалганы өөдөөс харсан хананд тулгаж өрсөн цаасан хайрцагтай бараан дээр байсан Ц.М-ийн redmi-8 загварын гар утас, 3 ширхэг хоолны талоныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 410.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Эг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Цогжавхлан-2 дэлгүүрт үйлчлэгчээр ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед би Цогжавхлан-2 дэлгүүрийн зааланд цэвэрлэгээ хийж байх үедээ өөрийн redmi note-8 маркийн гар утсаа дэлгүүрийн зааланд орох хаалганы өөдөөс харсан хананд тулгаж өрсөн цаасан хайрцагтай бараан дээр тавьж орхиод тэр хавьдаа цэвэрлэгээ хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ажлаа хийж дуусаад гар утсаа авахаар очтол миний гар утас алга болсон байсан. Мөн миний гар утасны /кэйс/ гэрний завсар миний төрийн банкны виза карт, Цогжавхлан дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, 3 хоногийн хоолны талон байсан юм. Тэгээд би дэлгүүрийн ажилчдаас өөрийн гар утсаа асууж сурагласан боловч мэдэх хүн байгаагүй. Би дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзтэл намайг зааланд цэвэрлэгээ хийж байх үед миний ар талд цаасан хайрцаг дээр тавиатай байсан гар утсыг үл таних хар хувцастай эмэгтэй хүн авсан видео бичлэг бичигдсэн байсан. Тэгээд уг эмэгтэй хүнийг дэлгүүрээс гараад хаашаа явсаныг нь харахаар дэлгүүрийн гадна талын камерыг шалгаж үзэхэд миний гар утсыг хулгайлж авсан эмэгтэй хүн 60-99 ӨМҮ гэсэн улсын дугаартай хар өнгийн авто машинд суугаад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан.Тухайн үед энэ талаар цагдаагийн байгууллагад хандахаа мэдээгүй юм. ...Би хулгайд алдсан эд зүйлээ бүгдийг нь тоо ширхгээр нь хүлээн авсан. Дутуу зүйл байхгүй. /хх-ийн 21-25-р хуудас/

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амралтын өдөр байсан байна. Би энэ өдрийн үдээс хойш цагийг нь хэлж мэдэхгүй байна. Өөрийн эхнэр Эгийн хамт Цог-Жавхлан дэлгүүрт очиж үйлчлүүлсэн. Тухайн үед манай эхнэр Э Цогжавхлан дэлгүүрт орж үйлчлүүлээд гарч ирсэн. Би Цогжавхлан дэлгүүрт оролгүй эхнэрээ хүлээгээд дэлгүүрийн гадаах авто машины зогсоол дээр машин дотроо суугаад үлдсэн. Эхнэрээ дэлгүүрээр үйлчлүүлээд гарч ирхэд нь би машинаа хөдөлгөөд явсан. /хх-ийн 28-р хуудас/

 “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 377 дугаартай эд зүйлсийн үнэлгээний дүгнэлтэд: Redmi note 8 гар утас 1 ширхэг 400.000 төгрөг, хоолны талон 3ширхэг 10500 төгрөг гэжээ.” /хх-ийн 36-р хуудас/

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр, хүүхэд, 2 зээгийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад суманд амьдардаг. Манай нөхөр дулааны цахилгаан станцад ажилладаг. Манай охин 8-р ангийн сурагч. Манай 2 зээ том нь 9 настай Булгансор 3-р ангийн сурагч, бага зээг Нандинсор 5 настай цэцэрлэгт хүмүүждэг. Манай том охин оюутан болохоор би 2 зээгээ хардаг. Би өмнө нь гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг хэлсэн одоо нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 46-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-13-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/

Хасудбат ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50-р хуудас/

002718 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Даланзадгад сумын Цогжавхлан-2 дэлгүүрийн зааланд орох хаалганы өөдөөс харсан хананд тулгаж өрсөн цаасан хайрцагтай бараан дээр байсан хохирогч Ц.М-ийн redmi-8 загварын гар утас, 3 ширхэг хоолны талоныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 410.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Шүүгдэгч С.Э нь хохирогч Ц.М-ийн redmi note 8 маркийн гар утас, хоолны талон зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Мт 410.500 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “......Би хулгайд алдсан эд зүйлээ бүгдийг нь тоо ширхгээр нь хүлээн авсан. Дутуу зүйл байхгүй. /хх-ийн 21-25-р хуудас/ гэснээр шүүгдэгч С.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Эгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 47-р хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолтод: С.Э нь Даланзадгад сум 3 дугаар баг Далан 11 байрны 1-8 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов /хх-ийн 48-р хуудас/, Хасудбат ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/41 дугаартай тодорхойлолтод: С:Э нь манай компанид оёдолчин ажилтай ба сарын үндсэн цалин нь 500.000 төгрөг болох нь үнэн болно /хх-ийн 49-р хуудас/,002718 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэжээ.

Улсын яллагч шүүхэд ирүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ялын саналдаа шүүгдэгч С.Эд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын дүрс бичлэг бүхий DVD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 410.500 төгрөгийн хохирол учруулж төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ш овогт Сы Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын дүрс бчилэг бүхий DVD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 410.500 төгрөгийн хохирол учруулж төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА