| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0501/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/700 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/700
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Хурц,
насанд хүрээгүй хохирогч А.А түүний хууль ёсны төлөөлөгч О.А, /тусгаарлах өрөөнөөс/
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, М.Б.Э-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...........өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эрэгтэй. ...настай. Дээд боловсролтой, хуягт танкны ашиглалтын инженер мэргэжилтэй Замайн сервис ХХК-д механикч ажилтай. Ам бүл-............ тоотод оршин суудаг, урьд
Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1.6 жил хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.200.000 төгрөгөөр торгох,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар 2.066.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх М.Б.Э- / РД:............/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “хаалгаа тайлсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, А.Аыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. ... Би хийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шийтгэлээ хүлээнэ. Би хүүхдэдээ санаа зовж байна. Би судлаад үзэхэд харьяа дүүргийнхээ шүүхэд хандах шаардлагатай байсан байна. Ээж нь сэтгэл санааны хувьд муу байгаа, хүүхэд асран хамгаалах чадваргүй. Одоогийн байдлаар ээж нь Замын-Үүдээс ирж хамт байгаа болохоор одоогоор санаа зовох юмгүй байна. Ээж нь амиа хорлоно гэж байнга хэлдэг. Би хүүхдүүддээ маш их санаа зовж байна.” гэв.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мэдүүлэгтээ хэлсэн ярьсан зүйл үнэн зөв. Нэмж хэлэхэд хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоож чадаагүй гэж үзэж байна. Гэртээ орж ирээд утсаараа хийсэн бичлэгийг нотлох баримтаар тооцож, хэрэгт хавсаргаж өгнө үү гэж хүсэж байна. 2021 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 3 цагийн үед гэрийн гадаа ирэхэд цонх онгорхой байсан. Гэр дотор бага хүү маань уйлаад байсан. Би орцоороо ороод гэрийн халгаа тогшсон тайлахгүй байхаар нь буцаад гарч гүйгээд тагтаар дамжиж гэртээ ороход баг хүү маань шалан дээр хэвтсэн уйлаад, ээж нь байхгүй байдалтай байсан. Тэгээд би орж ирээд дүү чинь уйлж байхад хаалгаа тайлсангүй, дүүгээ аргадсангүй дүү чинь яагаад уйлаад байгаа юм гээд хүүгээ зодсон. Тэгээд гэртээ байгаа байдлыг утсаараа бичиж авсан. Өмнө нь манай хадмын талын хүмүүс Амраа дахин ийм асуудал гаргавал утсаараа бичиж аваарай битгий зодож цохиорой гэж хэлж байсны дагуу утсандаа тухайн үеийн байдлыг бичиж авсан. Бичлэг хийж байх үед нөүтбүүкээ асаалттай орхисон байсан. Нөүтбүүктээ дуудлагаар архи хүргэж өгдөг хүнтэй чаталсан байсан. Нөгөө хүн хамт уух уу хүрээд ир гээд хажуу айлын эмэгтэйн утасны дугаарыг өгсөн байсан. Тухайн үед утсаа хаясан байсан. Би тухайн дугаар руу нь 04 цагийн үед залгасан тэгэхэд утсаа авахгүй байсан. 3 цагийн дараа над руу буцааж залгасан. Тэгэхээр нь Амарбаясгалантай хамт байсан уу гэхэд тийм хамт байсан. Архи зарах гэж ирсэн хүмүүстэй уулзаад машинд нь суугаад хамт явсан. Би тэр хүмүүсээс нь айгаад гэртээ орсон Амраа ирээгүй юу гэж байсан. Би ирээгүй байна хүүхдээ цоожлоод явсан байна гэж хэлсэн. Тэгэхэд чи Амрааг хайж ол, би хүүхдүүдийг чинь хараад өгье гэж байсан. Тэгээд тухайн эмэгтэй 07 цагийн үед манайд орж ирэхээр нь би гэрийн ойр орчимд Амрааг хаанаас ирэх вэ гээд харж байсан. Өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. Ирэхээр нь яагаад гэртээ хүүхдүүд орхиж яваад ирж байгаа юм гээд шилнээс нь барьж аваад урагш түлхэхэд гүйгээд такси зогсоогоод яваад өгсөн, эргэж ирэхгүй байхаар нь цагдаагийн газар яваад очиход цагдаагийн газар очсон байсан
Насанд хүрээгүй хохирогч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шөнө унтаж байхад аав цонхоор орж ирээд намайг зодсон. Тэгээд аав гараад явсан, яаж цонхоор орж ирж чаддаг байна аа.” гэв.
Насанд хүрээгүй хохирогч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дүүгийн хамт гэртээ байсан. Ээж тухайн үед ажилтай гээд гараад явсан байсан. Аав Б.Э- гэнэт өглөө гэрийн жижиг цонхоор ороод ирсэн...Намайг унтаж байхад бос гээд сэрээгээд миний үснээс үсдээд миний хөлөөс татаж газар унагаагаад намайг шанаадаж миний үснээс базаж гараараа сэгсэрсэн. Намайг хэдэн нас хүрсэн ч тэр газарт чинь ална гээд байсан...миний толгой өвдөөд 8 удаа бөөлжсөн...өмнө нь намайг хэд хэдэн удаа алгадсан, юм шидэж байсан.” гэх мэдүүлэг /хх-8-20, 125-126-р тал/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Э-гийн яриад байгаа бүгд худал. Би тухайн өдрийн шөнө ажлын хүнтэй уулзах гэж гарсан. Манай хоёр хүүхэд унтсан байсан 12 цагийн үед буцаад ирэхэд Б.Э- гадаа байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ажил руу орсон. Би утасгүй болохоор хүнтэй ярьж чадаагүй. Тэгээд огцом ууртай болохоор намайг буруугаар ойлгоод яаж ч магадгүй гэж бодоод ажил руугаа ороод байж байсан. Тэгээд өглөө нь гэртээ ороход хутгатай дайрахаар нь би хүний араар зугатаад таксинд суугаад цагдаагийн хэлтэст очсон гэв. Тэгээд мэдүүлэг өгчхөөд гэртээ ирэхэд том хүүг маань зодож уйлуулаад, дуу нь гарахааргүй, хөдөлж, юм ярьж чадахгүй болсон байсан. Тэгээд 108 дугаар утсанд дуудлага өгөөд өрхийн эмнэлэг явсан. Өрхийн эмнэлэг дүүргийн эмнэлэг ор гээд дүүргийн эмнэлэг дээр нь очоод эм тан бичиж өгөхөөр нь авч уулгасан. Огцом ууртай, гэрийн даалгавар хийсэнгүй гэж өндөр дуутай ярьдаг, Түргэн ууртай болохоор хүүхэд тэвдээд хэцүү байдаг. Зүгээр байж байхад хүүхэд рүү юм аваад шиддэг энэ байдал нь надад хэцүү байдаг учраас салахаар шийдсэн. Салах нөхцөл бүрдэхгүй, уулзах нөхцөл бүрддэг байсан. Би тус тусын байр сууриа хөөе гэсэн байр суурьтай байгаа.” гэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны орой гэрээ иртэл нөхрийн машин гэрийн гадаа байхаар нь айгаад ороогүй, 09 цагийн үед гэртээ орох гэхэд нөхөр гүйж ирээд үсдээд газар унагааж чирээд тэгээд би зугтаад цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн . том хүү А.Аыг зодсон байсан. Толгой нь хавдаад бөөлжөөд байсан болохоор эмнэлэгт үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/
Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...жоохон хүүхдээ байнга зоддог, тэднийх манай дээд талд амьдардаг юм. миний хажууд Амарбаясгаланг ална шүү гэж сүрдүүлдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...хүргэнээ манай охиныг байнга зодож байгааг гадарлаад байсан. охин маань хэлэхдээ худлаа шалтаг шалтгаанаар болж үр хүүхдээ болон намайг зоддог гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130-р тал/
Шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6200 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...А.Аын биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/,
Шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6202 дугаартай “. ..М.А-гийн биед баруун бугуйд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36- 37/,
Тэргүүлэх зэргийн эмч Ц.Ганболдын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6385 дугаартай “...А.Аод дух, зүүн хацар, зүүн доод зовхинд цус хуралт тогтоогдлоо... .гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32/,
Шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6386 дугаартай “...М.А-гийн баруун хөхөнд цус хуралт тогтоогдсон ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-10/, хохирогчийн эрүүл мэндийн талаарх үзлэг, тэмдэглэл /хх-48-54/, Насанд хүрээгүй хохирогч А.Аын бичиг баримтыг үндэслэн түүнийг насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 44-45/, Б.Эгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-ийн 55-104/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/, тогтоолын хуулбарууд /63-75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү, 7 настай А.Аыг “та явахгүй юм уу, би дүүгээ харж чадна” гэж хэлсэнд уурлан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “хаалгаа тайлсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, А.Аыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 6200, 6385 тоот дүгнэлтүүд, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-10/, хохирогчийн эрүүл мэндийн талаарх үзлэг, тэмдэглэл /хх-48-54/, Насанд хүрээгүй хохирогч А.Аын бичиг баримтыг үндэслэн түүнийг насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 44-45/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Эд холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял дээр нэмж нэгтгэн 75 хоног тогтоож хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 15 хоногоор тогтоох саналтай байна. Шүүгдэгч Б.Эгийн цагдан хоригдсон хугацааг нь эдлэх ялд оруулан тооцох саналыг гаргасан.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагаас гэм буруу дээр маргахгүй байгаа учраас миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэргүүд нь хоёулаа зорчих эрхийг хязгаарлах ялын санкц байгаа. Заавал энэ хүнийг нийгмээс тусгаарлах шаардлага байна уу. Б.Э хүүхдэдээ халдсан байлаа гээд хүүхдээ тэжээн тэтгэх үндсэн хуульд заасан журамт үүрэг байдаг. Б.Эг 1 жил 8 сар хоригдоод ирэхэд энэ хүмүүс яаж амьдрах вэ гэдэг талаас нь бодож үзнэ үү. Гэр бүлээ тэжээн тэтгэх ар гэрээ тэжээгээд явна ийм учраас заавал хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл байгаа тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Ковид 19-ын нөхцөл байдал харгалзан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, ажил хөдөлмөрөө эрхлэх нөхцөл, А.А болон түүний дүү хоёр бага насны хүүхдийн цаашид амьдрах нөхцөл, идэх хоол, өмсөх хувцсаар дутаахгүй байх үүрэг зэрэг нөхцөл байдал, боломжийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү, ажил хөдөлмөр эрхлэх байдал, эдгээр нөхцөл боломжийг харан зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү. гэжээ
Насанд хүрээгүй хохирогч А.Аын эрүүл мэндэд учирсан “...зүүн чихний дэлбэнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, зүүн доод зовхинд цус хуралт” зэрэг бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Эгийн бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүнийг зодож, цохих, чирэх зэрэг үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э нь, Насанд хүрээгүй хохирогч А.А эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтай хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Б.Э нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох А.А, М.Амарбаясгалан нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо зөвхөн уг зүйлд заасан аль нэг үйлдлийг нь 3 удаа хийхийг ойлгох биш уг зүйлд заасан үйлдэл 3 ба түүнээс дээш удаа хийсэн байхыг хамааруулан ойлгох ба Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн нь тогтоогдсон тул “байнга” гэсэн шинжид хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.
Иймд дээрх дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Б.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний буюу бага насны хүүхдийг зодсон” гэх шинжийг бүрэн агуулж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу бага насны хүүхдийг зодсон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргүүдийн шинжийг тус тусдаа хангасан байна гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн түүнд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү, ажил хөдөлмөр эрхлэх байдал, эдгээр нөхцөл боломжийг харан зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 75 /600:8=75/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Эгийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Б.Эгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2.556 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.556.000 төгрөгийн торгох ялыг оногдуулжээ.
Үүнээс оногдуулсан торгох ялаас 490.000 төгрөгийн төлөлт хийж, 2.066.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.556 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.556.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 2.066 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.066.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хор нэхэмжлээгүй, баримт ирүүлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаа ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн энэ хэрэгтээ нийт цагдан хоригдсон 86 хоногийн түүний ял эдлэх хугацаанд оруулан тоолох нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Б.Э- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн,
- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хүүхдийн эсрэг хүч хэрэглэсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 8 /найм/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1723 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.556 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.556.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 2.066 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.066.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн урьдчилан цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ