Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/709

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Хурц,

насанд хүрээгүй хохирогч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц,

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн  Б.Д.Ж-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эрэгтэй, ...настай. Бага боловсролтой. Мэргэжилгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл-........тоотод оршин суудаг. Урьд

Ажилчны районы шүүхийн 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 сар, нийт 3 жил 10 хоног хорих,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан. Хэрэг хариуцах чадвартай. Б.Д.Ж-/РД:ШГ64100572/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Гарден вилла хотхоны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр бага насны хүүхэд болох 11 настай А.Мыг хашлага дээр зогсож байхад нь татаж унагаан эрүүл мэндэд нь их тархины тал бөмбөлгийн ховил хоорондын таславч, баруун талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины доргилт, зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу А.Мыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний бие гэртээ хоол хийх гээд гурил элдэж байхад ач 6 настай Есүгэн гадаа тоглож байгаад уйлж орж ирээд өвөө тэр охин намайг тоглуулахгүй гэнээ гэсэн. Би сонсоод аан тийм үү өвөө нь очъё гээд ачийгаа дагуулаад очсон. Тэр охин хашлага нь дээр тэгнээд хоёр гараараа барьчихсан зогсож байхаар нь очоод чи жоохон хүүхдийн хажууд том хүүхэд байна. Дандаа тоглуулахгүй гэж байх юм, урьд нь бас тэгсэн. Том хүүхэд байж жоохон хүүхэд дээрэлхээ гэж хэлсэн. Минутын дараа би чи наанаасаа буугаач гээд суга хэсгийн тэндээс нь барьж аваад наанаасаа буу гэхэд үгүй гэж байна гээд гараа угз татаад авахад суганы хэсгийн хувцас нь оёогоороо урагдсан. Тэгээд жоохон байж байгаад дахиад чи буугаач гэж хэлэхэд буухгүй байсан. “Үү” гээд хоёр гараа алдлаад доошоо болоход нь би ерөөсөө гараа тавиагүй, барьсан чигээр нь түшээд хоёр хөл дээрээ газар буугаад, жоохон хазаагаад байхаар нь дээшээ татахад тавиач, тавь гээд хоёр гараа түлхэхээр нь хоёр хөл дээрээ буугаад одоо түлхэж байгаа юм чинь зүгээр гэж бодоод гараа авсан. Энэ хүүхэд нь хагас суугаад намайг харснаа болох гэж байгаа бололтой, баруун гараа түшээд босох гэж аядсанаа ар нуруугаараа хэвтээд өгсөн. Би босгож өгсөн. Камерын бичлэг дээр босгож өгсөн хэсэг байхгүй, тавиач гээд түлхэж байгаа бичлэг тасарсан байсан. Тухайн үед таван том хүн, арав гаруй хүүхэд тоглож байсан. Би ачийгаа аваад хажуу талын савлуур дээр сууж байхад энэ охин арав гаруй хүүхэд дагуулж ирээд чи хөөе намайг босгож өгсөн юм уу, нэг том охин байхаар нь өөрөө ээж нь үү гэхэд эгч нь гэсэн. Нөгөө охин чи хөөе намайг босгож өгсөн юм уу гээд нөгөө хүүхдүүд нь чи унагасан, чи унагасан гэж орилоод, ач маань уйлаад байхаар нь гэртээ орсон. Удаагүй хаалга нүдээд цагдаа ирсэн. Д.Ж- мөн үү, гэхээр нь тийм гэсэн за явъя гээд цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Цагдаагийн газар очоод тэр охиныг ээжийгээ дууд гээд байсан. Мэдүүлэг өгөх гэж байхад ээж нь ирсэн. Цагдаагийн газрын гадаа үүдэнд сууж байхад тэр охин, ээжтэйгээ гарч ирээд чи хөөе чи намайг босгож өгөөгүй гэж хэлсэн. Ээж нь юу ч хэлээгүй, би ч юм хэлсэнгүй. Ээж нь охиноо түшчихсэн, охин доголоод гараад ирсэн. Цагдаагийн хэлтсийн үүднээс доголж явж байгаад хаалгаар гараад зөв зүгээр яваад өгсөн. Би мэдүүлэг өгсөн. Унагасан зүйл байхгүй харин босгож өгсөн гэдгээ хэлсэн. Маргааш нь хорооны цагдаа дуудаад хэлтэс дээр оч гээд очиход тэр охин ээжтэйгээ сууж байсан. Наад хүүхэд чинь унаагүй, би босгож өгсөн. Камерын бичлэг шүүгээд гараад ирнэ гэдгээ хэлсэн. Тэгээд намайг гараад байж бай гээд үүдэнд нь сууж байхад, ээжтэйгээ нөгөө охин гарч ирээд цагдаа бас ирсэн. Цагдаа та хоёр тохирчих гэсэн чинь ээж нь үгүй, би гомдолтой байна. Миний хүүхдийг зодсон гэсэн. Хэд хонгийн дараа 10 гаруй хоносон байхаа цагдаагаас ярьсан шүүхийн шинжилгээний бичиг ирсэн хүрээд ир гэсэн. Би цагдаагийн газар очоод мэдүүлэг, өгөөд гарын үсэг зурсан. Шүүх шинжилгээний бичгийг уншихад тархи нь доргисон гэсэн байсан. Сарын гаруй хонгийн дараа ахмад Адьяатөмөр гэж хүн ярихад нь би мэдүүлэг өгсөн гэхэд тэр хамаагүй гэсэн. Би мэдүүлэг өгөөд энэ хүүхдийг би босгож өгсөн. Хоёр хөлөөрөө газар буугаад хагас нугараад нуруугаараа хэвтсэн. Гэмтэл бэртэл учруулсан зүйл байхгүй. Би шүүхийн өмнө үнэнээ хэллээ.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би байрныхаа голд хүүхдийн тоглоомын талбай дээр найзуудтайгаа хамт тоглож байсан чинь Есүгэн гээд 6 настай охин хамт тоглоё гээд ирсэн. Бид нар тухайн үед чоно туулай болж тоглож байсан юм. Тэгээд Есүгэн хамт тоглож байгаад чоно болчихсон байсан, найздаа Есүгэний нуугдаж байгаа газрыг заагаад өгчихсөн юм. Тэгээд би Есүгэнийг заагаад өгчихсөн юм чинь би өөрөө чоно болъё гэж бодоод байж байтал Есүгэн уурлаад өвөөдөө хэллээ гээд яваад өгсөн. Тэгээд бид нар үргэлжлүүлээд тоглож байгаад би саадын хажууд байдаг хашлага дээр гараад зогсчихсон байхад Есүгэн өвөөтэйгөө хамт ирж байгаа харагдсан. Би бодохдоо зүгээр л загнаад өнгөрнө гэж бодсон чинь Есүгэний өвөө шууд над дээр ирээд миний зогсож байсан хашлаганаас намайг шууд татаад газар унагаачихсан. Би газар маш хүчтэй унасан, бас толгойгоороо унасан.” гэх мэдүүлэг /хх-21-24-р тал/

 

Насанд хүрээгүй хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Найзуудтайгаа чоно туулай тоглоомыг саравчинд тоглож байсан. Есүгэн би тоглоё гээд хүрээд ирсэн. Манай нэг найз чоно болоод Есүгэн бариад авсан. Есүгэн гомдохоор нь эгч нь чоно болъё гэхэд үгүй гээд уйлаад явсан. Өвөөтэйгөө дуудаж ирээд, өвөө нь буугаад ир хэлэхгүй вакцинтай гараас татаж унагаасан. Намайг босгож өгөөгүй, нуруугаар босгож өгсөн. Манай найзууд босгож өгсөн.” Гэв

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эмэгтэй хүүхэд сав нь доргих асуудал алсдаа гарах талаар санаа зовж байна. Шүүхийн шийдвэр яаж гарах талаар харж байгаад охиноо үзүүлнэ гэж бодож байгаа. Цаашид гарах зардал нэхэмжилнэ. Одоо толгой өвдөөд байна гэхээр нь толгойны эм уулгаж байгаа. Баримтаар 128.000 төгрөгийн хохирол  байгаа төлөгдөөгүй гэв..” гэх мэдүүлэг /хх-16-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6073 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...А.Мын биед их тархины тал бөмбөлгийн ховил хоорондын таславч, баруун талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины доргилт, зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений дотор хэсэгт цус хуралт, зүүн шилбэний урд дээд гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/

 

Д.Жы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11/ Д.Жы хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ж нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Гарден вилла хотхоны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр бага насны хүүхэд болох 11 настай А.Мыг хашлага дээр зогсож байхад нь татаж унагаан эрүүл мэндэд нь их тархины тал бөмбөлгийн ховил хоорондын таславч, баруун талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины доргилт, зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу А.Мыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч А.М, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №6073 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ: “...Гэмтэл бэртэл учруулсан зүйл байхгүй.” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байр зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх тул буруутгах үндэслэлгүй юм.

Насанд хүрээгүй хохирогч А.Мыг эрүүл мэндэд нь “...их тархины тал бөмбөлгийн ховил хоорондын таславч, баруун талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины доргилт, зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений дотор хэсэгт цус хуралт, зүүн шилбэний урд дээд гадна хэсэгт зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Д.Жы түүнийг хашлага дээр зогсож байхад нь татаж унагасан үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Ж, насан хүрээгүй хохирогч А.Мыг эрүүл мэндэд нь “...их тархины тал бөмбөлгийн ховил хоорондын таславч, баруун талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины доргилт, зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений дотор хэсэгт цус хуралт, зүүн шилбэний урд дээд гадна хэсэгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй тул ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ж нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд баримтаар 120.000 төгрөгийг шүүх хангаж, шүүгдэгч Д.Жаас гаргуулж шийдвэрлэв.

Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жыг 640 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Жд нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жаас 120.000 /нэг зуун хохин мянга/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цд олгосугай.

 

5. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ