Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 170 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ө.Бд холбогдох эрүүгийн 2007001740219 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................................... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 869 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн /уг шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй байгаа/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн, Боржигон овогт Ө.Б /РД:................../,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ө.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Мэлхий хаданд үйл ажиллагаа явуулдаг 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрээс 137.100 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч төлбөрийг мобайл банкаар шилжүүлчихлээ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төлбөр төлөх боломжгүй бодит байдлыг нуух замаар хохирогч Д.Нийг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ө.Б нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “137.000 төгрөгийг төлсөн. Баримт нь байхгүй өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Хэрэгт төлбөр төлсөн баримт байхгүй. Дансаар явуулсан хохирогч мөнгийг хүлээн авсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар  Ө.Бгийн өгсөн: “...Мэлхий хадны ойролцоо нэг гэрт манай Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуульд сурч байсан ангийн хүүхэд болох Б байсан. Тэгэхээр нь Б хамт архи уух уу гэхээр нь би тухайн үед ажилгүй байсан учраас хамт архи уухаар болоод Мэлхий хадны зүүн талд байрлах дэлгүүрийн гадна очоод Бийг гадна байж бай би нэг шил архи аваад гараад ирье гэж хэлээд дэлгүүр рүү орсон. Тэгээд архи, пиво бэлэн гоймон, ундаа ус зэрэг идэж уух зүйл аваад тооцоо нь миний санаж байгаагаар 130.000-140.000 төгрөг болсон. Тэгэхээр нь дэлгүүрийн худалдагчид өмнө бэлдсэн байсан Худалдаа хөгжил юм уу Голомт банкны данснаас зарлага гарсан гэсэн мессежийг хуурамч байдлаар гар утсандаа авч харуултал худалдагч эгч ирчих байлгүй, чи над руу залгаад дугаараа үлдээчих ирэхгүй бол би чам руу залгая гээд миний дугаарыг аваад үлдсэн...Би анх дэлгүүр ороход 40.000 төгрөг байсан. Анхнаасаа данснаас зарлага гарахад ирдэг мессежийг дуурайлган гар утас нь дээрээ бэлтгэж дэлгүүрийн худалдагчийг хуураад болохгүй бол дансанд байсан 40.000 төгрөгөндөө эд зүйл авахаар төлөвлөж орсон...Би тухайн үед гэмт хэргийг хэн нэгэнтэй хамт үйлдээгүй. Б намайг дэлгүүрээс гарч ирэх үед тооцоо хэд болж байсан талаар асууж байсан. Тэгэхэд нь би хэлэлгүй өнөөдөр би дайлна гэж хэлээд тухайн амралтын газар руу явсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр .............. дугаартай байсан. Тухайн утасны дугаар нь манай ээж Өы нэр дээр байдаг. Би иргэний үнэмлэх авч байгаагүй болохоор өөрийн нэр дээр .............. дугаарыг шилжүүлж чадахгүй байдаг...” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 37-38 дугаар тал/,

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.Нийн өгсөн: “...Би Налайх дүүргийн 6 дугаар хороо Мэлхий хад 1 тоотод хувийн 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дэлгүүртээ сууж байтал 10:30 цагийн үед цагаан өнгийн цамц урт улаан цоохор пальтотой 20 гаран насны эрэгтэй хүн орж ирээд гар утсаа цэнэглэж байгаад асаагаад хүнтэй яриад 150.000 төгрөг шилжүүлчих гээд байсан. Тэгээд мөнгө орчихлоо гээд 137.100 төгрөгийн худалдан авалт хийгээд мобайл банкаар шилжүүлчихлээ гээд надад мессеж уншуулсан. Би өөрийнхөө гар утсанд мессеж ирэхийг хүлээхэд ирэхгүй болохоор нь Хаан банкны лавлах руу залгахад таны дансанд мөнгө ороогүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи ямар банкнаас шилжүүлж байгаа юм гэхэд Худалдаа хөгжлийн банкны аппликейшнээр тань руу шилжүүлсэн, банк нь сүлжээндээ засвар хийж байгаа гэсэн тэгээд гацаад байгаа байх гээд надад дахин мессеж уншуулсан. Тэгээд явах гээд байхаар нь чи гар утсаараа миний утас луу дохь мөнгө чинь орохгүй бол яах юм бэ гээд гар утас руугаа дохиулсан. Тэгээд тухайн залуу гараад явсан. Тухайн хүн .............. гэсэн дугаартай байсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 14 дүгээр тал/,

 

    3. Юнител ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05-01/4003 дугаартай албан тоот, орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа,

/хх-ийн 87-91 дүгээр тал/

 

  1.  Д.Нийн Хаан банкны депозит дансны хуулга,

           /хх-ийн 98-100 дугаар тал/

 

5.  Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 399/000219 дугаартай лавлагаа,

/хх-ийн 77 дугаар тал/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 41 дүгээр тал/

 

           7. Ө.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 43-87 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Шүүгдэгч Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирол төлбөрөө төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тус тус тооцуулж, түүнийг хохирлоо төлсөн, дуудсан цагт ирдэг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзээд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Түүний хувийн байдалтай холбогдуулаад Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байгаа бөгөөд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой гэж үзэж байгаа. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Ө.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ө.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо Мэлхий хаданд үйл ажиллагаа явуулдаг 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрт хохирогч Д.Нийг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож 137.100 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч төлбөрийг мобайл банкаар шилжүүлчихлээ хэмээн хуурч залилсан болох нь:

Шүүгдэгч Ө.Бгийн “...Худалдаа хөгжил юм уу Голомт банкны данснаас зарлага гарсан гэсэн мессежийг хуурамч байдлаар гар утсандаа авч харуултал худалдагч эгч ирчих байлгүй, чи над руу залгаад дугаараа үлдээчих ирэхгүй бол би чам руу залгая гээд миний дугаарыг аваад үлдсэн...Би анх дэлгүүр ороход 40.000 төгрөг байсан. Анхнаасаа данснаас зарлага гарахад ирдэг мессежийг дуурайлган гар утас нь дээрээ бэлтгэж дэлгүүрийн худалдагчийг хуураад болохгүй бол дансанд байсан 40.000 төгрөгөндөө эд зүйл авахаар төлөвлөж орсон.” гэх,

Хохирогч Д.Нийн “...мөнгө орчихлоо гээд 137.100 төгрөгийн худалдан авалт хийгээд мобайл банкаар шилжүүлчихлээ гээд надад мессеж уншуулсан. Би өөрийнхөө гар утсанд мессеж ирэхийг хүлээхэд ирэхгүй болохоор нь Хаан банкны лавлах руу залгахад таны дансанд мөнгө ороогүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи ямар банкнаас шилжүүлж байгаа юм гэхэд Худалдаа хөгжлийн банкны аппликейшнээр тань руу шилжүүлсэн, банк нь сүлжээндээ засвар хийж байгаа гэсэн тэгээд гацаад байгаа байх гээд надад дахин мессеж уншуулсан... гэх мэдүүлгүүд,  Юнител ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05-01/4003 дугаартай албан тоот, орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа,  Д.Нийн Хаан банкны депозит дансны хуулга, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 399/000219 дугаартай лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Бд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ө.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н  нь ...хохирол төлбөрөө авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ө.Бд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг тус тусад нь эдлүүлэх нь нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Энхбат нь...хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж  бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Боржигон овогт Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ