Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 791

 

 

И.Т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Солонго,

шүүгдэгч И.Т, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 991 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Т гаргасан давж заалдах гомдлоор И.Т холбогдох 1806008950945 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

В овогт И.Т, 1983 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ..............................................оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялаас 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр өршөөн хэлтрүүлсэн, /РД: ...................../;

И.Тнь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 6-280 тоотод байрлах иргэн Г.Оийн байшингийн цонхоор нэвтрэн орж, модны хөрөө, халбага, сэрээний ком зэрэг эд зүйлийг хулгайлж, 154.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: И.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Тг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар И.Т 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Т 154.900 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оолгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Т цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч И.Тдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед найз Амарзаяатай уулзахаар явж байхад хохирогч Г.Оийн 2 давхар байшингийн цонх хагархай байсан. Би хагархай цонхоор орж хөрөө, халбага, сэрээний ком хоёрыг авсан. Тэгээд Цайз зах дээр хөрөөг 7.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлсэн байхад мөрдөн байцаагч Гантулга нь намайг бичиг үсэг мэдэхгүйгээр далимдуулан 70.000 төгрөгөөр зарсан гэж бичсэн байсан. Мөн өмгөөлөгчгүйгээр байцаалт, мэдүүлэг авсан, 2 давхар байшингийн салхивчны цонхыг тоосгоор хагалж орсон гэж мөрдөн байцаагч нэмж бичсэн байдаг. Би цонхыг хагалж ороогүй. Намайг хавтаст хэргийн материалтай танилцуулж, гарын үсэг зуруулалгүйгээр шууд шүүхээр оруулж, 2 жилийн хорих ял оногдуулсан. Мөрдөн байцаагч Гантулга нь ямар хөрөө, халбага, сэрээний ком байсныг хараагүй байж, өөрөө дур мэдэн 130.000 төгрөгийн хохирол тогтоосон. Иймд хохирлын хэмжээг зөв тогтоож өгнө үү. Би хохирогч Г.Отэй уулзаж, шинэ хөрөө 45.000 төгрөг, халбага, сэрээний ком 15.000 төгрөг гэж байгаа, таны хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна гэхэд хохирогч Г.О нь “...300.000 төгрөг өг...” гэж хэлсэн. Надад ямар нэгэн цагдаагийн ахмад цолтой ах, дүү байдаггүй. Мөн хохирогч Г.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт намайг 9 удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгч, миний эрх зүйн байдлыг улам дордуулсан. Улсын яллагч “мөрдөн байцаалтын шатанд удаа дараа шалгасан, 9 удаагийн хэрэг үйлдээгүй гэдэг нь тогтоогдсон” гэж хэлсэн. 2 ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдээгүйг баталж өгсөн тул хэргийг хөнгөрүүлж үзнэ үү. Нэг удаагийн үйлдэлтэй, 154.900 төгрөгийн хохиролтой, хохирлын хэмжээ нь эрүүгийн хэрэг үүсэх хэмжээнд хүрэхгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Эхнэр маань удахгүй төрөх гэж байгаа. Би бусдын адил сайхан амьдрах хүсэлтэй байна. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж, намайг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч И.Т өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч И.Тай уулзахад “би уншиж, бичиж чадахгүй. Хэргийн материалтай танилцаагүй. Байцаагч мэдүүлэгт буруу, зөрүү зүйлс бичсэн байсан” гэж хэлж байсан. Хавтас хэргийн материалд шүүгдэгч И.Т “бага боловсролтой, нэгдүгээр ангид сурч байгаад гарсан” гэх зүйл байдаг боловч энэ талаар хувийн байдлыг нь тодорхойлсон баримт байхгүй. Бичиг, үсэг мэдэхгүй, хэргийн материалтай танилцаж чадаагүй учраас гомдол гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Бусад гомдолд дурдсан асуудлын талаар өөрт нь тайлбарлаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Монгол хэл, бичиг мэдэхгүй” хүнийг өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, процессийн зөрчил гарсан гэж үзсэн. Шүүгдэгч И.Т “Батсүх өмгөөлөгчийг оролцуулж мэдүүлэг авсан юм биш үү” гэж асуухаар, “би тийм байцаалтад ороогүй” гэж хэлдэг. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

          Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй. Яллагдагчаар татаж, байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгч “өмгөөлөгч авах уу” гэж асуухад, “би уншиж чаддаг” гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүгдэгч И.Т үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар И.Т холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч И.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь эдлүүлээгүй, зөрчсөн байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан.

“Бичиг мэдэхгүй” гэх ойлголтод үсэг мэддэг боловч үсгийг холбон уншиж, бичиж чаддаггүй, түүнчлэн үсэг мэддэг, уншдаг боловч үсэг холбон бичиж чаддаггүй байдал хамаарах бөгөөд бичиг мэдэхгүй яллагдагч, шүүгдэгч нь өөрт холбогдсон хэргийн талаар бичгээр тайлбар гаргах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаатай холбоотой асуудлаар бичгээр хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлж чаддаггүй тул зайлшгүй өмгөөлөгч оролцуулах талаар хуульчилсан байна.     

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд И.Тнь өөрийгөө бага боловсролтой гэж мэдүүлдэг хэдий ч энэ талаар хувийн байдлыг нь тодорхойлсон баримт байхгүй, тэрээр урьд 5 удаа ял шийтгэгдэж байсан ба шийтгэх тогтоолууд дээр түүнийг бага боловсролтой, боловсролгүй гэх мэтээр өөр өөр тэмдэглэжээ.

Түүнчлэн И.Тнь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ уншиж чаддаг хэмээн яллагдагчаар татах тогтоолыг уншсан талаарх баримт хэрэгт авагдсан хэдий ч гарын үсэг зурсан, зөвхөн нэрээ бичиж байгаа байдлаас нь харахад түүнийг бичиг мэддэг гэж үзэхэд эргэлзээтэй байх ба өөрт холбогдох хэргийн талаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэргийн материалтай биечлэн танилцах, бичгээр хүсэлт гаргах эрхээ өмгөөлөгчгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй хүн болох нь харагдаж байна.

Иймд шүүгдэгч И.Т Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангах нь зүйтэй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 991 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч И.Т гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 991 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол И.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН