Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 07

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                  

                                                                                              Хэргийн индекс: 114/2020/0003/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигсувдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч  Н.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын нэхэмжлэлтэй

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Баасанжаргал, улсын байцаагч Д.Энхбаяр нарт холбогдох

          Нэхэмжлэлийн “Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23-06-04-19/100, 23-06-04-19/101 дугаар актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                        Б.Содболд                                                                    

          Хариуцагч:                                                                            Б.Баасанжаргал

                                                                                                          Д.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Сүхбаатар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Тухайн үед Н.Сүхбаатар нь 4-р сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргасан дуу хөгжмийн багш Ж.Ганболдод “Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2018.01.23-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар арга хэмжээ авсан. Тус тушаалыг Ж.Ганболд багш эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан болон давж заалдах шат, хяналтын шатны шүүхийн шийдвэр гарч тушаалыг хүчингүй болгож   шийдвэрлэсэн.  Хэрэг  маргаан  эцэслэн   шийдвэрлэгдээгүй  байхад  Н.Сүхбаатар

захирал ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2019.11.04-ний өдрийн 23-06-04-19/100 дугаартай улсын ахлах байцаагчийн актыг танилцуулсан. Акттай танилцахад 1.698.034 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтыг үндэслэн Н.Сүхбаатараар  2019.11.30-ны өдрийн дотор төлүүлэхээр акт тогтоосон.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл нь Захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаагүй нь тогтоогдсон тохиолдолд төрд учирсан хохирлыг төлүүлэхээр заасан заалт. Иймд дээрх хуулийн заалтыг үндэслэж сургуулийн захирал Н.Сүхбаатар гэдэг хүнд акт тогтоож байгаа нь хууль тогтоомжид заасан хохирол нөхөн төлөх субъект биш гэсэн үндэслэлээр энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Мөн Н.Сүхбаатар нь 2018 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирлаар түр хугацаанд ажилласан бөгөөд энэ хугацаанд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж мэргэжлийн бус багшаар хичээл заалгаж байна мэргэжлийн багшаар хичээл заалгаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг удаа дараа шаардсаны дагуу Т.Лхамаахүүгийн албан ёсны мэргэжлийнх нь дагуу мэргэжлийн бус хичээлийн цаг болох технологийн хичээлийнх нь цагийг хасч ажиллуулахаар Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс 2018.11.05-ны өдрийн Б/59 дугаар тушаал гаргасан. Энэ тушаалтай холбоотой гомдол санал тухайн үед огт гараагүй. Гэтэл энэ нөхцөл байдалтай давхцаад 1 сарын дотор Н.Сүхбаатар захирал ажлаасаа чөлөөлөгдөж, Ж.Маанийдаарий захирлаар томилогдсон. Ж.Маанийдаарий нь ажлаа хүлээж аваад өмнөх захирлын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд М.Лхамаахүү багшид дахин шийдвэр гардуулсан байдлаар баримт үйлдэж, үгсэн тохиролцож шүүхэд нэхэмжлэл гаргуулж тус нэхэмжлэлийнх нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдлаар буюу М.Лхамаахүү багшид цалингийн зөрүү болох 2.816.089 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байсныг Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2019.11.04-ний өдрийн 23-06-04-19/101 дугаар акттай танилцах үедээ мэдсэн. Тус актаар Дархан-уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.21-ний өдрийн 184 дугаар шийдвэрийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтыг үндэслэж Н.Сүхбаатараас дээрх мөнгийг гаргуулахаар тогтоосон байдаг.

Гэтэл шүүх хуралд Н.Сүхбаатар өөрөө оролцоогүй, тэгэхээр Н.Сүхбаатар гэдэг хүний гаргасан Б/59 тушаалыг хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хянасан анхан шатны шүүхийн шийдвэр нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан төрд учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөх асуудал нь өөрөө тухайн албан тушаалтны гэм буруугийн асуудалтай шууд шалтгаант холбоотой байх ёстойг хянаж үзэх талаар тус хуулийн тайлбарт тусгагдсан байна. Санхүүгийн аудит нь өөрөө захиргааны байгууллага бөгөөд гаргасан шийдвэр нь захиргааны акт болон захиргааны хэм хэмжээний актад хамаардаг. Тэгэхээр захиргааны актыг гаргахдаа захиргааны байгууллагаас хуульд заасан холбогдох ажиллагаануудыг хийсэн байх шаардлагатай. Н.Сүхбаатар захирлын гаргасан тушаал, шүүхээр шийдвэрлэгдэх явцад Ж.Маанийдаарий захирал оролцсон байдал гэсэн нөхцөл байдлуудыг шалгаж тогтоохгүйгээр Н.Сүхбаатар захирал тушаал дээр гарын үсэг зурсан гэдэг үндэслэлээр буруутай гэж үзэж байгаа нь захиргааны байгууллага буюу санхүүгийн хяналт, аудитын алба нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр энэ асуудалд буруутай этгээдийг тогтоож чадалгүйгээр акт тогтоосон нь үндэслэлгүй. Ерөнхий боловсролын сургууль бол Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага биш, мөн Н.Сүхбаатар нь захиргааны албан тушаалтан ч биш гэтэл хуулийн заалтыг илт буруу тайлбарлаж, төрийн хяналт шалгалтын байгууллагаас хууль бус акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.                                                   

Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч  Б.Баасанжаргал, улсын байцаагч Д.Энхбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-69.5 дахь зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын албаны дүрэм”, Дархан-Уул аймгийн Прокурорын газартай байгуулсан 2019 оны “Санамж бичиг”-ийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтад заасан үүргийг биелүүлэх үндэслэлээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Энхбаяртай хамтран Прокурорын газраас ирүүлсэн хүснэгтэнд дурдсан байгууллагуудын төсвийн шууд захирагч нарыг шалгалтанд хамруулсан.

Улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23-06-04-19/100 дугаарын актаар Дархан сумын 4 дүгээр сургуулийн багш Ж.Ганболдыг сургуулийн захирал Н.Сүхбаатар /тухайн үед/ 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаарын тушаалаар ажлаас халах шийдвэр гаргасныг 3 шатны шүүхээр хянагдаж шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар 1.698.034 төгрөгийг багш Ж.Ганболдод нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн багш М.Лхамаахүүг сургуулийн захирал Н.Сүхбаатар /тухайн үед/ 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б/59 дугаарын тушаалаар албан тушаал бууруулсан шийдвэр гаргаж цалингийн зөрүү гаргасан байсныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 184 дугаар шийдвэрээр үндэслэлгүйд тооцож 2.816.089 төгрөгийн цалингийн зөрүүг багш М.Лхамаахүүд нөхөн олгохоор шийдвэрлэсэн.

 М.Лхамаахүүд холбогдох 2.816.098 төгрөг яагаад хойшилсон бэ? гэхээр тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал нь шинэ төрлийн короно вирус /COVID-19/ өвчний улмаас бүгдийг царцаасан байгаа. Ийм цаг үеийн нөхцөл байдал үүсээгүй бол энэ мөнгийг 3 сард олгогдох байсан. М.Лхамаахүү гэдэг хүний мөнгө олгогдох уу? үгүй юу гэдгийг судалж үзээд энэ хүнд мөнгө олгогдох нь тодорхой гэж үзсэний үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23-06- 04-19/101 дугаарын  акт тогтоосон.

Нэхэмжлэгч Н.Сүхбаатарт захиргааны шийдвэр буюу Улсын ахлах байцаагчийн актаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэх гэж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн      27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын дагуу сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулж тайлбарыг авсан.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн өгсөн албан шаардлагыг дурьдвал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн удирдамжаар Ерөнхий боловсролын 12 дугаар сургууль дээр шалгалт хийж, албан шаардлага өгсөн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 16-ны 10-09-034/171 дугаарын албан шаардлагын 3 дахь хэсэгт “...эмэгтэй технологийн багшаар мэдээлэл зүйн мэргэжлийн багш ажиллаж байгаа...” талаар дурьдаж, технологийн багш гэдэгт хаалт дотор /эмэгтэй/ гэж заасныг үзэж эмэгтэй гэж тодорхойлсон. Үүнийг холбогдох байцаагчаас тодруулахад “энэ технологийн багшийн ажилд “эрэгтэй” хүн байх ёстой юм. Тэр үндэслэлээр эмэгтэй гэж тодорхойлсон. Түүнээс тэр хүн нь М.Лхамаахүү байна уу? хэн байх нь чухал биш. Яагаад гэвэл технологийн багш гэдэг нь мужаан, мод, чулууг хагалах, зүсэх зэрэг эрэгтэй хүүхдүүдэд хичээл ордог технологийн багш учраас энэ хичээлд тохирох багшийг ажиллуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр тодруулсан. Тухайн үеийн сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.Сүхбаатар нь албан шаардлагынхаа үндэслэлийг зөвөөр ойлгосон бол оронд нь дахиад эмэгтэй хүн авахгүй байсан.

Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан эсэх дээр манай байгууллага ажиллагаа явуулахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах үүргийг хуульчилсныг үндэслэн төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халж, буруу шийдвэр гаргасан Энэрэл цогцолбор сургууль, 4-р сургуулийн захиралаар ажиллаж байсан Н.Сүхбаатараар төрд учруулсан хохирол нийт 4.514.123 төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Нямаажав овогтой Сүхбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

М.Лхамаахүү шүүхэд өгсөн тайлбартаа: “... шүүхийн шийдвэр хүчин  төгөлдөр болсон ч одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 2.816.089 төгрөг олгогдоогүй байгаа...” гэв.

Гэрч Б.Одсайхан мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичиг ирсний дагуу манай сургуулиас Боловсролын газарт хүсэлт гаргаж 2.816.089 төгрөгийг 2020 оны төсөвт суулгаж энэ ондоо М.Лхамаахүүд шилжүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.

Гэрч Л.Ганзориг мэдүүлэгтээ: Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 454 дугаар шийдвэрийг үндэслэж манай сургуулиас Боловсролын газарт хүсэлт гаргаж 1.698.034 төгрөгийг 2019 оны төсөвт суулгаж 12 сард Ж.Ганболдын 5046474642 тоот дансанд шилжүүлсэн...” гэв.

Ж.Ганболд шүүхэд өгсөн тайлбартаа: “...миний бие шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох 1.698.034 төгрөгийг 2019 оны сүүлээр авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.                                                                                 

             Нэхэмжлэлийн “ Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр 04-ний өдрийн 23-06-04-19/100 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

           Тус актаар Дархан сумын 4 дүгээр сургуулийн багш Ж.Ганболдыг сургуулийн захирал Н.Сүхбаатар /тухайн үед/ 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаарын тушаалаар ажлаас халах шийдвэр гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 454 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 66 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХГ2018/01658 дугаар тогтоолоор тус тус хянаж дээрхи тушаалыг хүчингүй болгож, багш Ж.Ганболдод ажилгүй байсан хугацааны цалин 1.698.034 төгрөгийг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэнг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалт,Төрийн хянан шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг  баримтлан Дархан сумын 4 дүгээр сургуулийн захиралаар ажиллаж байсан Н.Сүхбаатараар 1.698.034 төгрөгийг төлүүлж төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Н.Сүхбаатарыг ажилд түр томилох тухай ” Б/45, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Н.Сүхбаатарыг ажилд томилох тухай ”Б/47 дугаар захирамжаар Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар багш Ж.Ганболдыг ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 454 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтаар “...ажилгүй байсан хугацааны цалинд 1.698.034 төгрөгийг Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ж.Ганболдод олгосугай “ гэж шийдвэрлэсэн,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Н.Сүхбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх тухай” 01-Б/20 дугаар захирамжаар тус сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн нь хэрэгт авагдсан дээрхи захирамжууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байна.

        Хариуцагч Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар цаг хугацааны хувьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 454 дугаар шийдвэр биелэгдэж, 12 жилийн 4 дүгээр дунд сургуулиас багш Ж.Ганболдод ажилгүй байсан хугацааны цалин 1.698.034 төгрөгийг нөхөн олгоогүй байхад буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөрХохирол нөхөн төлүүлэх тухай” 23-06-04-19/100 дугаар актыг  гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи шүүхийн шийдвэр биелэгдсэн болох нь хэрэгт авагдсан Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийнНөхөн олговор олгох тухай” Б/52 дугаар тушаал, 28 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  дуусгавар  болсон тухай тогтоол,  гэрчийн мэдүүлэг,  багш Ж.Ганболдын хохирол болох 1.698.034 төгрөгийг гаргуулан авсан гэх тайлбар, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

       Нэхэмжлэгч Н.Сүхбаатарын Дархан сумын 12 жилийн 4, 12 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан, одоо Шарын гол сумын 6 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаа албан тушаал, түүний гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ”нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн  этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”. 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль... зэрэг байгууллагын захиргаа”, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл “төрийн албаны ангилал” 6.1.4-т “...төрийн үйлчилгээний алба”, 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна 10.1.4-т “төрийн үйлчилгээний албан тушаал”, 10.4-т  “...10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасан хохирлыг нөхөн төлөх этгээд Н.Сүхбаатар биш гэх тайлбар нь дээрхи хуулийн заалтаар үгүйсгэгдэж  байна.

        Иймд Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/04 дугаар тушаалыг тухайн үед гаргасан захирал Н.Сүхбаатараар 1.698.034 төгрөгийг буцааж төлүүлэн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын актыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэнийн хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.” 103.2-т “энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж, уг актыг хүчингүй болгуулах үндэслэлгүй тул хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны  улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр 04-ний өдрийн “Хохирол нөхөн төлүүлэх тухай” 23-06-04-19/100 дугаар актыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэлийн “ Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23-06-04-19/101 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд

        Тус актаар Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн багш М.Лхамаахүүг сургуулийн захирал Н.Сүхбаатар /одоо 6 дугаар сургуулийн захиралаар ажиллаж байгаа/ 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/59 дугаарын тушаалаар албан тушаал бууруулсан шийдвэр гаргаж цалингийн зөрүү гаргасан байгаа ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 184 дүгээр шийдвэрээр 2.816.089 төгрөгийн цалингийн зөрүүг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэнг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалт,Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг  баримтлан Дархан сумын Энэрэл цогцолбор сургуулийн захиралаар ажиллаж байсан Н.Сүхбаатараар 1.698.034 төгрөгийг төлүүлж төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Н.Сүхбаатарыг ажилд томилох тухай ” 01-Б/27 дугаар  захирамжаар Дархан сумын 12 дугаар /Энэрэл цогцолбор/  дунд сургуулийн захирлаар томилогдож, ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас өөрчилж,цагийн багшаар томилох тухай” Б/59 дугаар тушаалаар багш М.Лхамаахүүг ажлаас нь өөрчилж, цалинг ТҮБД-4-2 шатлалаар тооцож олгохоор шийдвэрлэсэнг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтаар “... Дархан сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас цалингийн зөрүү 2.816.089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Лхамаахүүд  олгосугай“ гэж шийдвэрлэсэн, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Н.Сүхбаатарыг ажлаас чөлөөлөх тухай ” 01-Б/39 дугаар захирамжаар Дархан сумын 12 дугаар /Энэрэл цогцолбор/ дунд сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан дээрхи захирамжууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байна.

        Хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2.“...хариуцагч Дархан сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас цалингийн зөрүү 2.816.089 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лхамаахүүд олгосугай” гэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй байхад буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Хохирол нөхөн төлүүлэх тухай” 23-06-04-19/101 дугаар актыг гаргасан нь гэрчийн мэдүүлэг, М.Лхамаахүүгийн тайлбар, хариуцагч, нэхэмжлэгчийн тайлбаруудаар тогтоогдож байна.

Улмаар төсөвт уг хохирлын мөнгө суулгагдаж, М.Лхамаахүү багшид 2.816.089 төгрөг олгох нь тодорхой болсон гэдэг үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэнийн хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.” 103.2-т “энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэх хуулийн заалтыг баримтлан Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор  сургуулийн захирлын  2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас өөрчилж,цагийн багшаар томилох тухай” Б/59 дугаар тушаалыг тухайн үед гаргасан захирал Н.Сүхбаатараар 2.816.089 төгрөгийг 2019 оны 11 дүгээр 30-ний өдрийн дотор төлүүлэн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрхи хуулийн заалттай нийцээгүй, хууль бус  байх тул Санхүүгийн хяналт, аудитын албаны  улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр 04-ний өдрийн “Хохирол нөхөн төлүүлэх тухай”  23-06-04-19/101 дугаар актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

          1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д  заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Сүхбаатарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж “Дархан-Уул аймаг Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23-06-04-19/101 дугаартай актыг хүчингүй болгож, үлдэх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23-06-04-19/100 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Сүхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймаг Санхүүгийн хяналт, аудитын албанаас  35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сүхбаатарт олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНЧИМЭГ