Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00929

 

Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03618 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 284 дүгээр магадлалтай,                                                                Ц гийн нэхэмжлэлтэй,

“Б ” ТӨҮГ-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 44,188,686.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Би 2012 оны 04 сарын 05-ны өдөр Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ-тай 3 сарын хугацаатай 27,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа буюу 2012 оны 05 сарын 04-ний өдөр Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ-ын дарга генерал М.Жаргалд хандаж зээлийн хүүд 1,620,000 төгрөг авсан. Үүний дараа зээлийн гэрээний хугацаа дуусч үндсэн зээл 27,000,000 төгрөг, нэг сарын хүү 810,000 төгрөг, нийт 27,810,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч байгууллага санхүүгийн хүндрэлтэй байгаа, таны мөнгийг удахгүй өгнө гэсэн. Ингээд 2013 оны 09 сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг өгсөн. Зээлдэгч байгууллага Батлан хамгаалах яамны сайдын тушаал, Засгийн газрын тогтоолоор удаа дараа өөрчлөгдөж, эрх залгамжлагчтайгаа татан буугдах зэргээр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг тухайн үеийн удирдлага нарт хандаж шаардсан боловч гэрээний үүргийг биелүүлээгүй. Зээлсэн 27,000,000 төгрөг нь Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын дарга М.Жаргал ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна туслаач гэсэн тул гэрээ байгуулан Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ, Батлан хамгаалах яаманд итгэж тэтгэвэрт гарахад улсаас олгосон 27,000,000 төгрөгийг зээлсэн боловч олон жил хохироож байна. Зээлийн гэрээний 2.4-т зээлдэгч зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан. Зээлдэгч гэрээний хугацаанд үүргээ биелүүлж, уг 27,000,000 төгрөгийг өгсөн бол зээлийн гэрээний хугацаа дуусмагц 2017 оны 07 сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 сарын 05-ны өдрийн хугацаанд 1 жилийн 14.4 хувийн хүүтэй хадгалуулсан бол жилийн 27,000,000 төгрөг дээр нэмж 66 сарын хүү буюу 21,378,686 төгрөгийг нэмж нийт 48,378,686 төгрөг болох байсан. Үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилнэ. Энэ нь зээлдэгч хугацаандаа үүргээ биелүүлсэн бол зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид олох байсан зайлшгүй орлого юм. Үүнээс 2013 оны 09 сарын 19-ний өдрийн 2,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний үндсэн сарын хүү болох 810,000 төгрөгийг хасч 1,190,000 төгрөг дээр 2014 онд авсан 3,000,000 төгрөгийг нэмж нийт 4,190,000 төгрөгийг хадгаламжид үүсэх байсан 21,378,686 төгрөгийг хасч, 17,188,686 төгрөгийн хүүг нэмж, нийт 44,188,686 төгрөгийн тооцоо гарч байна. Нэхэмжлэгчийн хувьд 2014, 2015 онуудад Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг байсан. Иймд 44,188,686 төгрөгийг хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлээс гаргуулж, 2014 оны 04 сарын 05-ны өдрийн түр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага болон маргааны үйл баримтаас татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч нь 2012 оны 04 сарын 05-ны өдөр Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ-ын захирал байсан М.Жаргалтай 27,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул үүнээс үүссэн хохирлыг Б  ТӨҮГ-аас нэхэмжилжээ. Учир нь тус гэрээ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн байсан. Энэ нь албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ-ын захирал М.Жаргал нь Аварга тосон амралтын газрын захирал Ц гийн дарга байсан бөгөөд уг Аварга тосон рашаан сувиллын газар нь Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ-ийн харьяа байгууллага байсан. М.Жаргал нь нэхэмжлэгч Ц  болон бусад 8 хүнээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ашиг олох зорилгоор хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаалт болон прокурорын тогтоолоор нотлогдсон. М.Жаргал нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон бөгөөд Өршөөлийн тухай хуулиар өршөөгдсөн байгаа. Тус гэмт хэргийг үйлдсэн М.Жаргал нас барсан учир хариуцагчийн хохирлыг хариуцах хуулийн этгээдийг Батлан хамгаалах аж үйлдвэр төрийн өмчит газрын ажил олгогч буюу Батлан хамгаалах яам гэж үзэж байна. Учир нь Төрийн өмчит үйлдвэрийн газрууд Батлан хамгаалах яамны харъяа байгууллага байдаг бөгөөд эзэмшигч нь төр буюу харъяа яам байдаг. Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ-ын ерөнхий захирлыг Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар томилж, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хөдөлмөрийн гэрээ байгуулсан учир Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. Тиймээс Иргэний хуулийн дагуу Ц тэй гэрээ хийж хохирол учруулсан Монгол цэрэг-Жуулчин ТӨҮГ-ын захирал М.Жаргал бол Батлан хамгаалах яамны ажилтан учир хариуцлагыг ажил олгогч Батлан хамгаалах яам хариуцна. Энэ нэхэмжлэл Б  ТӨҮГ-тай холбоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03618 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Б ” ТӨҮГ-аас 25,810,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 18,378,686 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,893.43 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагчаас 287,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 284 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж заасан. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хэдийгээр, татан буугдсан “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан М.Жаргал агсанд эрүүгийн хэрэг үүсгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан боловч уг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн гэмт хэргийн үйлдэл, холбогдолд энэ нэхэмжлэлийн зүйл хамааралгүй. Учир нь НПГ-ын 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 6/5070 тоот албан бичигт “... эрүүгийн хэрэгт Цэдэнгийн Цэвээнсүрэн хохирогчоор тогтоогдсон баримтгүй” гэсэн байна. Гэм хор учруулах үндэслэл болсон үйл баримтыг нотлох баримт нь прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр, улсын байцаагчийн акт, захиргааны бусад акт юм. 2014 оны 06 сарын 11-ний өдөр 5/214 дугаартай тогтоолоор УЕП-ын газрын хяналтын прокурор С.Алимаа АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах харьяалал тогтоосны дагуу мөрдөн байцаагч, комиссар Э.Ганбат уг эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан үндэслэлээ нотолж анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Нямдоржийн 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Прокурорын тогтоолд яллагдагчийн гэм буруутай үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон тухай “Яллагдагч М.Жаргал нь “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ашиг олох зорилгоор хувьдаа завшсан дараах гэмт хэргүүдийг үйлджээ. Үүнд: “Аварга Тосон” амралтын газрын даргаар ажиллаж байсан Ц тэй 2012 оны 04 сарын 05-ны өдөр 27,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан, 16,000,0000 төгрөгийг байгууллагын кассанд орлогод авч хувьдаа ашиг олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан 11,000,000 төгрөгийг хувьдаа ашиглан нийт 9 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 681,555,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож яллагдагчаар татаж ирүүлжээ. 9 дүгээр хавтаст хэргийн 193-209 дүгээрт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 195 тоот дүгнэлтээр яллагдагч М.Жаргал дээрх мөнгийг бусадтай бүлэглэж болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дангаараа хувьдаа завшсан болох нь тогтоогдсон гэжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээд хамаарна. М.Жаргалыг “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд Батлан хамгаалахын сайдын 2011 оны 03 сарын 23-ны өдрийн 92 дугаар тушаалаар “Монгол цэрэг констракшн" ТӨҮГ-ын захирлын албан тушаалд 2013 оны 08 сарын 08-ны өдрийн А/242 дугаар тушаалаар тус тус томилж, ажил олгогч БХЯ хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2014 оны 02 сарын 10-ны өдөр БХЯ нь нэхэмжлэгч Ц д 3,000,000 төгрөг төлж байсан хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон. Мөн Батлан хамгаалахын сайдын 2015 оны 04 сарын 02-ны өдрийн А/88 дугаар тушаалын 4 дэх заалтад “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ батлан хамгаалах салбарын байгууллагуудын хооронд үүссэн болон он удаан жил болсон өглөгийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг БХЯ- ны Өр авлага барагдуулах төв комисст даалгасан байх тул зээлийн гэрээний төлбөрийг БХЯ хариуцан төлөх үндэслэлтэй байна. Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагыг хүлээх этгээдийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааж өгсөн байхад шүүх хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа нэхэмжлэл гаргах үндэслэл болсон 2012 оны 04 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний тухай “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын захирал М.Жаргал манай байгууллага санхүүгийн хувьд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна туслаач гэхээр нь “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ, цаашлаад МУ-ын Батлан хамгаалах яаманд итгээд өгсөн” гэсэн бөгөөд харин М.Жаргал гэм буруутай үйлдлээрээ зээлийн гэрээний мөнгийг хувьдаа завшиж эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсоныг НПГ-ын прокурорын 13 дугаар тогтоолд заасан байхад БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч хэргийн нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлалгүйгээр зөвхөн нэг талын байр сууриас хандаж НПГ-ын 6/5070 тоот албан бичгийг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд... М.Жаргалд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар тайлбарлаж байв. Харин Нийслэлийн прокурорын 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 132 дугаар тогтоолоор М.Жаргал агсанд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон байдаг байна.” гэжээ. Хариуцагчийн зүгээс М.Жаргал агсанд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон НПГ-ын Прокурорын 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг анхан шатны шүүхэд гарган өгч хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шийдвэрийн Үндэслэх хэсэгт Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 132 дугаар тогтоолыг зааж өгсөн байна. ИХШХШ тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана." гэсэн тул хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаагүй, хурлаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааж өгсөн нь ИХШХШ тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдаагүй, шүүх хурлаар шинжлэн судлаагүй баримттай хариуцагч танилцаагүй тул 132 дугаар тогтоолоор М.Жаргалд холбогдох ямар эрүүгийн хэргийг Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосныг мэдэхгүй байна. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна.” гэж заасан тул М.Жаргал агсныг өршөөлийн хуульд хамруулсан прокурорын хүчин төгөлдөр нэг тогтоол гарсан гэж хариуцагч үзэж байна. 2019 оны 02 сарын 15-ны өдрийн НДЗШ-ны шүүхийн 284 дугаар магадлалын хянах хэсэгт “Гэрээнд зээлдэгч талыг “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ гэж тодорхойлон, тус байгууллагын санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Ж.Туяа төлөөлөн хийж, гарын үсгээр баталгаажуулсан, талууд гэрээний нөхцөл, харилцан хүлээх эрх, үүргийг тодорхойлсон  ” гэжээ. Үйлдвэрийн газрын захирлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1/-т “тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох” эрхтэй болохыг зааж өгсөн бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.” гэж заасан тул зээлийн гэрээ үйлдвэрийн захирал М.Жаргалын хуулийн дагуу албан үүргээ хэрэгжүүлэх эрхийн хүрээнд байгуулагдсан. Эрхэлж байсан албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын эрх, мэдлээ урвуулан ашиглан, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ашиг олох зорилгоор хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалт ба шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хамрагдсан өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заасан байх тул ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар яллагдагч М.Жаргалын гэм бурууг дахин нотлох шаардлагагүй бөгөөд түүний хууль бус гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорыг хуульд заасны дагуу хариуцвал зохих этгээдээр арилгуулж өгөхийг хүсье гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц  хариуцагч “Б ” ТӨҮГ-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 44,188,686.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийг хариуцах этгээд нь Батлан хамгаалах яам гэж маргажээ.

Ц  нь “Монгол цэрэг-Жуулчин” ТӨҮГ-т 27,000,000.00 төгрөгийг  3 сарын  хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, зээл олгосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4-т нийцсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар “Монгол цэрэг-Жуулчин” ТӨҮГ-ын эрх, үүрэг “Б ” ТӨҮГ-т шилжсэн нь тогтоогдсон, хариуцагч энэ тухайд маргаагүй. Зээлдэгч “Монгол цэрэг-Жуулчин” ТӨҮГ-ыг төлөөлж, санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Ж.Туяа зээлийн гэрээг баталгаажуулсан, талууд гэрээний нөхцөл, харилцан хүлээх эрх, үүргийг тодорхойлсноос гадна зээлийн төлбөрөөс 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,620,000.00 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000.00 төгрөг, нийт 3,620,000.00 төгрөгийг буцаан төлжээ. Төрийн өмчит үйлдвэрийн газрын өглөгийн жагсаалтад Ц гээс авсан зээл тусгагдсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

“Монгол цэрэг-Жуулчин” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан М.Жаргалд  эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд гэмт хэргийн үйлдэлд нэхэмжлэлийн энэ шаардлага хамааралгүй, түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6/5070 тоот албан бичигт “... тоот эрүүгийн хэрэгт Ц  хохирогчоор тогтоогдсон баримтгүй” гэсэн байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргийг хариуцагч хуулийн этгээдээс  шаардах эрхтэй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх хариуцагчаас 25,810,000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцжээ.

Нэхэмжлэгч нь зайлшгүй орох ёстой орлого буюу хохирол гэж 17,188,686.00 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03618 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 284 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 292,500.00 /хоёр зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН