| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0191/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/07 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,
Хохирогч Б.О,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 193 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М.Бөд холбогдох эрүүгийн 2107000000246 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, оюутан, ................... зурагчны газарт зурагчин ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт ........................................... тоотод оршин суух,
Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Боржигон овогт М.Б /РД:.................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...........................................анд байрлах “...................” зурагчны газарт Б.Отой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, хамар ясны хугарал, нүүр, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Манайх 2 дадлагын оюутантай. Тэр хоёртоо юм аа заагаад байж байсан. Тухайн үед манай дадлагын 2 хүүхэд ажлаа удаан хийгээд байсан. Би цаана нь зүсэгч машин дээр ажиллаж байсан. Тэгээд хойноос намайг ундаанд яваад ир гээд гарах гэсэн чинь энэ залуу зогсож байсан. Тэгээд би юмыг нь зааж өгчхөөд дэлгүүр гарч ундаагаа авч ирсэн. Намайг ороод ирэхэд юм аа явуулж чадахгүй байна гээд нэлээн ууртай зогсож байсан. Тэгээд явуулах юмыг нь зааврын дагуу явуулж өгсөн. Тэгээд нэлээн удаан оочирлолоо гээд манай дадлагын 2 хүүхэд рүү уурлаад байсан. Тэгээд юмыг нь хийж өгсөн. Тэгсэн чинь хэдэн төгрөг болсон гэхээр нь 1500 болсон гэж хэлсэн. Тэгсэн чинь яахаараа ийм үнэтэй байдаг юм бэ гэхээр нь хойд Титэм адилхан үнэтэй гээд хэлсэн. Тэгээд та аль эсвэл өөр газар хийлгэчихгүй юу гэсэн чинь би мөнгийг чинь өгчихнө гэсэн. Тэгээд юмыг нь өгөх гээд яваад очсон чинь нүүр рүү цохисон. Намайг цохисон бичлэгээ цагдаад өгсөн байгаа” гэв.
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “................... зурагчны газар зураг угаалгах гээд орсон. Өглөө 10 цагийн үед орсон. Тэгээд утаснаасаа зураг явуулах гэсэн чинь цаад хүн нь хүлээж авахгүй байна гэдэг зүйл гарч ирсэн. Одоохондоо би ангил хэл сайн сурч амжаагүй болохоор асар олон давтаж хийсэн талаараа энэ залууд хэлсэн чинь энэ залуу тойроод уурлаад гараад ирсэн. Тэгээд гарч явчхаад буцаж орж ирээд ийм зүйл болсон. Миний хувьд уурласан зүйл байгаагүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.Бий өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би ажил болох ................... дээр зурагчны ажлаа хийж байсан. Гаднаас үл таних залуу орж ирээд зураг угаалгах гэсэн юм. Тэгэхээр нь би та зургаа явуулж бай оочир дарааллаар зургаа гаргуулж аваарай гэж хэлээд зураг явуулах заавар өгөөд би дэлгүүр лүү гарч идэж уух юм авчхаад ороод ирэхэд оочир болоогүй байсан. Тухайн залуу нэлээн ууртай зураг авч болохгүй байна гээд байсан. Тэгэхээр нь зааврын зааж өгөөд зургийг нь хэвлэж байх үед уурлаад үнэ хэд вэ гэхээр нь 1500 гэхэд яагаад ийм үнэтэй байдаг юм гэхэд би үнийн дүн хэлчихлээ бусад газар ялгаагүй ийм үнэтэй байдаг өөр газар хэвлүүлж болно гэхэд мөнгийг чинь өгчих болно зургаа авъя гэхээр нь яваад очтол над руу нэг гараараа далайсан би цохичих гэхэд гараа буулгасан. Би яасан гэж цохих гээд байгаа юм гээд өөр тийшээ хараад буцаад хартал миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би уурлаад очоод заамдаад унагах гэж оролдох үед тэр залуу унаагүй. Тэр үед ах Дамдин хүрч ирээд салгахаар нь би буцаад орох гэж байтал алчихна шүү гэхээр нь би уурлаад малгайны саравч хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгэхээр нь заамдаад тухайн залуугийн дух хэсэг рүү 2-3 удаа мөргөсөн. Тэгэх үед тухайн залуу толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгэх үед үйлчлүүлж байсан танихгүй хүн салгасан. Тэгээд би нөгөө талаар тойроод яваад очтол тухайн залуу нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд 2 цохисон. Оносон үгүйг сайн мэдэхгүй байна. Тэр үед Дамдин ах салгасан. Тэгэх үед би арын өрөө рүү явах гэж байхад араас хүрч ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь бид хоёр цохилцож эхэлсэн. Тухайн үед би хамрын цохисон. Тэгээд би салаад арын өрөө рүү ороод байтал тухайн залуу цагдаа дуудсан...Тухайн залуу бид хоёр цохилцож байх үед би хамар нүүр цохисон. Тэгэх үед тухайн гэмтэл үүссэн байх...Миний биед хуучин гэмтэл дээр минь нэмж гэмтсэн зүйл бол мэдэгдэхгүй байгаа. Бага зэргийн зовуурьтай байгаа...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32-33 дугаар тал/,
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.Огийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед утаснаас зураг угаалгах гэж Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “...................” зурагчны газар луу орох үед зурагчин залуу намайг наанаа зогсож бай гээд үл тоогоод тэгээд би зургаа шилжүүлэх үед компьютер дээрээсээ хүлээж авахгүй байсан мөртлөө намайг явуулаад бай гээд байсан. Тэгээд би тухайн үйлдлээ 8-10 удаагийн давтамжтай байх үед гарч ирээд намайг нэг тойруулж харчхаад гараад явчихсан. Удалгүй ороод ирэхээр нь би ийм бичиг гарч ирээд явахгүй байна гээд үзүүлэх үед харчхаад компьютерын ардаа суугаад миний зургийг хуулж байх үедээ амандаа үглээд уцаарлаад уурлаад байсан. Тэгээд миний зургийг угаачхаад миний зургийг надад өгөлгүй намайг чи зайл гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би мөнгийг чинь өгөх болно дансны дугаараа өгчих гэх үед өгөхгүй зайл гэсээр байсан. Тэгэхээр нь би уурлаад мөнгийг чинь төлөх гээд байна гэх үед хүрээд ирэхээр нь би зураг өгөх гэж байна гэж бодоод цонх руу нь гараа оруулах үед урдуур унжуулсан байсан хаалт гялгар уутанд хүрэхэд тухайн залуу уурлаад гарч ирээд шууд намайг унагаах гэж оролдсон. Тэгээд би тухайн залуугийн хувцаснаас зуураад байж байтал миний нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон. Тухайн үед хамт ажиллаж байсан хүн нь салгаад тэгээд би уурлаад гараад ир гараад уулзъя гэх үед тэгье гэж хэлээд тухайн газартаа намайг гаргахгүй шууд нүүр хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би заамдаад автал үйлчлүүлж байсан хэлгүй ах салгах гээд тэврээд авсан. Тэгэх үед надтай маргалдаж байсан залуу миний хамар хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгэхэд хүмүүс салгаад тухайн залуу арын өрөө рүү орчихсон. Тэгэхээр нь би цагдаа дуудаад хүлээсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 7 дугаар тал/,
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Ды өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...........................................анд байрлах ................... зурагчны газарт арын өрөөндөө сууж байх үед Б нь маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би шалихгүй юм байлгүй гэж бодоод тоохгүй сууж байтал Б нь чи май цохичих гээд нүүрээ өгөөд тэгэхээр нь би яваад очтол Б нь гараад зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод салгаж байх үед Б тухайн залуу хоёр цохилцоод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад маргалдаад байсан залууг сандал дээр суулгаад тайвшруулж байх үед Б тэр хоёр хэрэлдээд зогсоод байсан. Тэгэхээр нь би Бийг арын өрөө хэсэг рүү оруулаад хаалгыг нь хаагаад тухайн залуугийн хамраас цус гарчихсан байсан. Тэрийг нь угаалгаад тэр залуу гараад ир гээд Бийг дуудаад байхаар нь тийм юм байхгүй цагдаа сэргийлэх дээрээ өргөдлөө өг та хоёр хамт бол гаргахгүй гэхэд тухайн залуу цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 3 дугаар тал/
5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/532 дугаар: “...М.Бийн биед хүзүү, цээжинд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,
/хх-ийн 14 дүгээр тал/
6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/531 дугаар: “...Б.Огийн биед зүүн дээд 2-р шүдний булгарал, хамар ясны хугарал, нүүр хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 22 дугаар тал/
7. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 17-18 дугаар тал/
8. Дүрс оношилгооны шинжилгээний хариу,
/хх-ийн 19 дүгээр тал/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 34 дүгээр тал/
10. М.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 49-66 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлууд тогтоогдсон. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох саналыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хэрэгт эд мөрийн баримтаар сиди бичлэгийг хэрэгт хадгалах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, М.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10-11 цагийн орчим ...........................................анд байрлах “...................” зурагчны газарт Б.Отой “нүүр лүү цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, хамар ясны хугарал, нүүр, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч М.Бийн “...буцаад хартал миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би уурлаад очоод заамдаад унагах гэж оролдох үед тэр залуу унаагүй. Тэр үед ах Дамдин хүрч ирээд салгахаар нь би буцаад орох гэж байтал алчихна шүү гэхээр нь би уурлаад малгайны саравч хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгэхээр нь заамдаад тухайн залуугийн дух хэсэг рүү 2-3 удаа мөргөсөн. Тэгэх үед тухайн залуу толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгэх үед үйлчлүүлж байсан танихгүй хүн салгасан. Тэгээд би нөгөө талаар тойроод яваад очтол тухайн залуу нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд 2 цохисон. Оносон үгүйг сайн мэдэхгүй байна....” гэх,
Хохирогч Б.Огийн “...тухайн залуу уурлаад гарч ирээд шууд намайг унагаах гэж оролдсон. Тэгээд би тухайн залуугийн хувцаснаас зуураад байж байтал миний нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон. Тухайн үед хамт ажиллаж байсан хүн нь салгаад тэгээд би уурлаад гараад ир гараад уулзъя гэх үед тэгье гэж хэлээд тухайн газартаа намайг гаргахгүй шууд нүүр хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би заамдаад автал үйлчлүүлж байсан хэлгүй ах салгах гээд тэврээд авсан. Тэгэх үед надтай маргалдаж байсан залуу миний хамар хэсэг рүү 2-3 удаа цохисон...” гэх,
Гэрч Б.Ды “...би яваад очтол Б нь гараад зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод салгаж байх үед Б тухайн залуу хоёр цохилцоод байсан....” гэх мэдүүлгүүд,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/532 дугаар: “...М.Бийн биед хүзүү, цээжинд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”, №08 шэ/531 дугаар: “...Б.Огийн биед зүүн дээд 2-р шүдний булгарал, хамар ясны хугарал, нүүр хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, дүрс оношилгооны шинжилгээний хариу, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд шүүгдэгчээс баримтаар 177.400 төгрөг нэхэмжилснийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан сиди бичлэгийг шинжлэн судлахад хохирогч түрүүлж шүүгдэгчид гар хүрч зүй бус үйлдэл гаргаж байгаа байдал,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Энхбат нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ