| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0181/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/04 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Хохирогч О.Т,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 189 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лоомой овогт М.Мд холбогдох эрүүгийн 2107000000241 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт ............................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Лоомой овогт М.М /РД:............../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Ттай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн тус газарт нь гартаа төмөр эдлэл зүүн олон удаа цохиж “тархи доргилт, толгойн хуйханд шарх, дух, толгойн хуйх, цээжинд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр би хууль зүйн сургуульд байхдаа байсан клубын зугаалга болж байна гээд намайг урилгаар дуудсан юм. Тэгээд би өглөө 9 цагт автобусанд сууж очоод өдөржин тэмцээн уралдаанд оролцоод хоол унд идсэний дараа 5 цагийн үед хүмүүс нэмж ирж байна гэж харсан. Тэгэхэд төгссөн 5 дугаар курсынхан ирж байсан. Тэгээд орой болоод хүүхдүүд явсны дараа гэрт нь ууж байна гээд 2016 оны төгсөлтийн найзуудтайгаа байсан чинь хэдэн залуу хамт суугаач гэж урьсан. Тэгээд ороод 1 цаг гарангын дараа манай 2 найз маргааш ажилтай буцлаа гэсэн. Би ардаас нь удахгүй явах гэж байсан. Тэгээд дөнгөж танилцаад юм яриад сууж байсан чинь ширээний араас 1 залуу Т гэдэг чинь би байна гээд орилоод босоод ирсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ? би чамайг асуугаагүй гээд хэлсэн чинь дахиад Т гэдэг чинь би байна гээд орилоод байхаар нь би нэлээн бухимдаад би чамайг асуугаагүй шүү дээ гээд хэлсэн чинь найзууд нь аваад гарсан. Тэгээд орж ирэхдээ надтай гар барих гээд ирсэн. Тэгэхээр нь гараа сунгаад гар барих гэсэн чинь намайг тэврээд ор руу унасан. Тэгээд унахдаа би орны толгой дээр уначихсан болохоор өвдөөд байсан. Тэгээд болиулах гээд ноцолдож байхад найзууд нь салгаж байгаа нэртэй над руу дайраад байсан болохоор нь хамгийн ойрхон байгаа хүнийг гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг 1 найз нь тэндээс аваад гарсан. Гадаа гараад та нар над руу яагаад бөөнөөрөө дайрч байгаа юм бэ гээд хэрэлдээд байж байсан чинь чи хүн зодоод тархийг нь хагалчихсан байна гээд уурласан. Тэр үед л би хүний толгой хагалснаа мэдсэн. Тэгээд Тэмүүгэн гэх над дээр ирээд чи наад гартаа юу зүүчихсэн юм бэ? наадхаа өг гэхэд нь би тайлж өгсөн. Тэгээд орой нь тайвшраад нэлээн юм болсны дараа би уучлалт гуйя гэж хэлсэн чинь найзууд нь намайг уулзуулахгүй байсан. Тэгээд огт хараагүй болохоор сайн мэдэхгүй байсан. Тэгээд би орой нь хот руу явсан” гэв.
Хохирогч О.Тын шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн .................. гэх газар клуб болон курсийн зугаалга болсон. Тухайн үед надтай үерхэж байсан Д гэх охин тухайн курсийн хүндэт гишүүн болон, гишүүдийн хамт явсан. Би тухайн үед найз охинтойгоо курсийн найзуудын хамт явсан. Бид нар гэртээ архи, пиво уугаад сууж байтал М Т гэж хэн юм бэ гээд 2-3 удаа гэнэт чанга орилсон. Тэгээд би эхнийх дээр нь дуугай байсан. 2 дахь удаа орилохоор нь Т гэдэг чинь би байна. Чи яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Р.А, С 2 намайг гэрээс дагуулж гарсан. Тэгээд ийм газар муудалцаад яах юм бэ? Ороод найзууд болоод гар барьчихгүй юу гэхээр нь би ороод за хөгшнийгөө уучлаарай гээд баруун гараа өгтөл баруун гартаа төмөр зүүж гаргаж ирээд гартаа зүүснээ би төрийн тусгай хүн шүү би чамайг энүүгээр цохино гэж хэлсэн. Тэгээд миний дух руу шууд цохисон. Одоо хүртэл миний духны хавдар буугаагүй байна. Тэгээд би шууд ор руу тэврээд унасан. Тухайн үед би гараа хөдөлгөж чадахгүй байсан. Миний хуйх руу маш олон удаа цохисон. Тэгээд хүмүүс гялс салгасан. Тухайн үед М гэрээс гараад зугтаасан. Би гэртээ толгойныхоо цусыг арчаад тогтож өгөхгүй ухаан балартаад байсан. Тэгээд манай найзууд намайг Налайх дүүргийн эмнэлэг рүү дагуулаад явсан. Зодоон эхлэхээс өмнө М бүгдээрээ дуулъя, жагсаалын дуу мэдэх хүн байна уу? Би төрийн тусгайд ажилладаг хүн байгаа юм аа гээд хүмүүсээс асуугаад байсан. Үүнийхээ дараа Т гэж хэн юм бэ гэж хэлсэн. Тухайн төмрөө баруун халааснаасаа гаргаж ирсэн. Тухайн үед М куртикээ өмсөөгүй байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад хохирогчоор О.Тын өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сургуулийнхаа найзуудтайгаа хамт Налайх дүүргийн 6-р хороо .............. гэх амралтын газар амрахаар очсон. Тэгээд амралтынхаа гэрийг аваад хоол унд хийж идэцгээгээд 0.75 литрийн Эден нэртэй архи 4 шил, Сэнгүр нэртэй том савтай пиво 2-3 ширхгийг бөөндөө хувааж ууцгаасан. Ингээд шөнө 02 цагийн үед амралтынхаа гэр дотор бөөндөө юм яриад сууж байхад М гэх манай дээд үеийн оюутан гэнэт “Т гэж хэн юм бэ” гээд орилсон...би түүнд “Т гэдэг чинь би байна, чи надаар яг яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд жаахан муудалцах гээд байж байсан чинь хажууд цуг байсан манай найзууд бид хоёрыг “та хоёр болио, зүгээр хоорондоо эвлэрчих, гар барьчих” гэсэн. Тэгэхээр нь би Мтой эвлэрэх гээд түүнтэй гар барих санаатай баруун гараа өгтөл М халааснаасаа гарандаа зүүдэг төмөр гаргаж ирээд “би төрийн тусгай хүн шүү, тагнуул хүн шүү” гэж над руу орилсон. Тэгээд шууд миний толгой руу төмөртэй гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг болиулах гээд шууд тэвэрч аваад дарах гэтэл дээрээс толгой руу хоёр гараараа ээлжлээд маш олон удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг тэвэрсэн чигээрээ гэрийн модон орон дээр хамтдаа унасан. Тэгээд манай найзууд бид хоёрыг салгаад болиулсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9-10 дугаар тал/,
2. Мөрдөн байцаалтад гэрчээр Р.Аын өгсөн: “...Шөнө 01 билүү 02 цагийн үед бид хэд найзуудаараа амралтын гэр дотор тойрч суугаад бөөндөө юм ярьж байгаад би гэрээс гараад гадаа зогссон. Гэтэл гэр дотор зодоон болоод байгаа шинжтэй дуу чимээ гараад байхаар нь гэр лүү яваад орсон. Тэгсэн М, Т хоёр хоорондоо муудалцаад М толгой руу нь маш олон удаа цохиод байсан. Тэгээд бид хэд тэр хоёрыг очоод салгасан. Салгасны дараа очоод хартал Тын толгой нэлэнхийдээ цус болчихсон байсан...ер нь бол хамт сууж байхад М Ттай хэгжүүрхсэн байдалтай харьцаад байсан...бид нарт өөрийгөө “би бол тагнуулын ажилтан” гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Тий өгсөн: “...Бид хэд найзуудаараа амралтын гэр дотор тойрч суугаад бөөндөө юм ярьж байхад М гэнэт л “Т гэж хэн юм бэ, хаана байгаа юм, мэдэхгүй юм байна” гээд чанга орилоод эхэлсэн. Тэгсэн Т босож ирээд Мд “яасан юм бэ” гэсэн чинь М буцаад суучихсан. Тухайн үед би тэр хоёр луу анхаарал хандуулалгүй өөр хүнтэй юм ярьж байтал гэнэт М Тын толгой руу гараараа маш олон удаа цохиод байсан. Ингээд бид хэд тэр хоёрыг салгах гээд явж очоод хартал М гартаа нэг төмөр зүүчихсэн байсан. Тэгээд тэр хоёрыг салгах гэж байх үед М нь Т луу “би чамайг ална, миний цүнхэнд хутга байгаа” гээд орилоод байсан. Үүний дараа нь би М руу очиж “чи наад гартаа зүүчихсэн байгаа төмрөө тайлаад өгчих” гэж хэлээд түүнээс гартаа зүүчихсэн байсан төмрийг нь авсан. Удалгүй М гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Аийн өгсөн: “...Ороод иртэл Т, М хоёр хоорондоо муудалцсан шинжтэй байж байсан. Тэгээд М Ттай гар барих гээд босохдоо халааснаасаа гартаа зүүдэг төмөр гаргаж ирээд өөрийнхөө баруун гартаа зүүж байгаа харагдсан...Гэнэтхэн л М Тгийн толгой руу нь баруун гараараа цохисон. Тэгсэн Т Мыг тэвэрч ор луу хамт унасан. Бид хэд тэр хоёрыг салгах хооронд М Тгийн толгойд нэлээн олон удаа цохисон. Тэгээд салгасны дараа Тгийн толгой руу хартал толгой нь цус болчихсон, хагарчихсан юм шиг байсан. Удалгүй М гэрээс өөрөө гараад явчихсан...Ер нь бол бүгдээрээ уучихсан байсан. Гэхдээ болсон үйл явдлыг сайн санаж байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Сгийн өгсөн: “...Шөнө 01 билүү 02 цагийн үед бид хэд найзуудаараа амралтын гэр дотор тойрч суугаад бөөндөө юм ярьж байтал хамт байсан М гэх залуу гэнэтхэн л согтуурхан, бид хэд рүү “Т гэж хэн юм бэ” гээд 2-3 удаа чанга орилсон. Тэгсэн чинь манай найз Т М руу “би тэр Т гэдэг чинь байна, юу болсон юм бэ” гэж асуугаад хоорондоо зодолдох гээд байсан. Бид хэд тэр хоёрт хандаж “хоёроо одоо болио, битгий зодолдох гээд бай, хоорондоо эвлэрээд гар барьчих” гэж хэлсэн. Тэгэхэд Т Мтой гар барих гээд гараа өгтөл М Тгийн гарыг бариад толгой руу нь маш олон удаа цохисон. Тухайн үед Т Мыг тэвэрч аваад гэрийн ор луу унагаасан. Тэгэхээр нь бид хэд шууд л тэр хоёрыг салгаад болиулсан...Тухайн үед салгасны дараа Тгийн толгой руу хартал толгой хэсэг нэлэнхийдээ цус болчихсон, толгой нь хагарчихсан юм шиг л байсан. Бид хэд бүгдээрээ л адилхан ууцгаачихсан, согтуу байсан...О.Т, М хоёр хоёулаа л согтчихсон байсан...зодооныг салгасны дараа Мын гарыг хартал хоёр гартаа хоёуланд нь төмөр зүүчихсэн байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр тал/
6. Мөрдөн байцаалтад гэрчээр О.Чийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 6-р хороо .............. амралтын газар курсынхаа найзуудтайгаа хамт зугаалахаар явсан...Тэгээд 22 билүү 23 цагийн үед манай амралтын гэрт М.М гэх залуу орж ирээд бид хэдтэй хамт сууцгаагаад хамтдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгтэл шөнө 01 цагийн үед М.М гэдэг залуу манай найз О.Т луу “айн” гээд хоолойныхоо өнгийг өндөрсгөөд хэгжүүрхээд байгаа юм шиг зан байдал гаргасан...Ингээд би тэр хэдийг гэрт үлдээчхээд ганцаараа гэрээс гарч тамхи татах гээд гарсан. Миний араас О.Т, Ад хоёр бас гарч ирсэн. Тэгээд Ад О.Тт “асуудал үүсгэж яах юм бэ, буцаж ороод уучлалт гуйчих” гэж хэлээд О.Тыг дагуулаад буцаж гэр лүү орсон...Гэнэт л гэр дотор орилоон болоод, зодоон болоод байх шиг байхаар нь би буцаж гэр лүү ортол зодоон болоод дуусчихсан байсан. Манай найз О.Тын толгойноос их хэмжээний цус гарчихсан, дух нь булдруутай болчихсон байсан.” гэх мэдүүлэг,
7. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/507 дугаар: “О.Тын биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, дух, толгойн хуйх, цээжинд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 29 дүгээр тал/
8. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/08 дугаар: “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Лазермед” эмнэлгийн толгойн компьютер томограф шинжилгээний хариу хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 08 шэ/507 дугаартай дүгнэлтэд тусгагдсан байна. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Медтравма” эмнэлгийн толгойн MRI шинжилгээгээр нэмэлт шинэ гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 37 дугаар тал/
9. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/524 дүгээр: “...М.Мын биед дух, зүүн хацарт сорви, зүүн шилбэнд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,
/хх-ийн 42 дугаар тал/
9. Яаралтай тусламжийн 2323 дугаартай хуудас,
/хх-ийн 26-27 дугаар тал/
10. Дүрс оношилгооны шинжилгээний хариу,
/хх-ийн 33 дугаар тал/
11. Компьютер томографын шинжилгээ,
/хх-ийн 34 дүгээр тал/
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 55 дугаар тал/
13. М.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 60-71, 75 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн хохирол төлбөрийн тухайд хохирогчид учирсан 595.600 төгрөгийг хохирогчид төлж барагдуулах нь зүйтэй. Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1.000.000 төгрөгийн баримт цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой зүйлийг одоо төлөх боломжгүй. Харин энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг цаашид гаргуулж авах эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү...Эд мөрийн баримтаар хураагдсан төмрийг шийтгэх тогтоол гармагц устгуулах саналтай байна.
...Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулаад хуулийн хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хохирол төлбөрийг шүүх хуралдааны шатанд нөхөн төлсөн байдлууд хангагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанчлан Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа байдлуудыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол гармагц цуцлуулах саналыг гаргаж байна.” гэх,
Хохирогчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрийн асуудал дээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байгаа эсэх, хохирол төлбөр дээр ямар саналтай байгаа эсэх ямар санаачилга гаргаж байсныг нь харах нь зүйтэй. Мэдээж хэрэг хохирол төлбөрөө төлөөд, хохирогчоос сайн дураараа уучлалт гуйсан бол хандах бүрэн бололцоо байсан. Энэ тал дээр ямар нэгэн санаачилга гаргаагүй гэж харагдаж байна. Түүнээс гэм буруу дээр маргаан байхгүй учраас нэмж ярих зүйл байхгүй байна...
...Шүүгдэгчийн хувьд хэдийгээр ажил хөдөлмөр эрхэлдэг гэж байгаа боловч энэ хэрэг тэр талаар тусгагдаагүй байсан. Торгох ялаар шийтгэхэд уг торгох ял биелэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгохоос өөр төрлийн ялаар шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Хохирлын хувьд тооцоод гаргаж ирсэн 595.600 төгрөгийн хүрээнд шийдэж өгнө үү.
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн үндсэн зорилго нь хүнийг нийгэмшүүлэх зорилготой. 1000 нэгж хэт өндөр байна. Оюутан залууд 1 удаа боломж олгоод 450 нэгжээр торгох ялаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх бүрэн боломжтой. Өөрийнхөө халааснаас 450.000 төгрөгөө төлчих. Тэгээд сургуульдаа сур гэдэг зүйл маань энэ хүнийг нийгэмшүүлж байгаа. Хэт өндөр торгууль нь бусдыг нь хохироох, сурч хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарлах вий. Энэ талаар бодох хэрэгтэй. Иймд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, М.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Ттай “Т гэдэг чинь би байна гэж хэд хэдэн удаа ориллоо” гэх шалтгааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь гартаа төмөр эдлэл зүүн олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн хуйханд шарх, дух, толгойн хуйх, цээжинд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч М.Мын “...гар барих гэсэн чинь намайг тэврээд ор руу унасан. Тэгээд унахдаа би орны толгой дээр уначихсан болохоор өвдөөд байсан. Тэгээд болиулах гээд ноцолдож байхад найзууд нь салгаж байгаа нэртэй над руу дайраад байсан болохоор нь хамгийн ойрхон байгаа хүнийг гараараа хэд хэдэн удаа цохисон..” гэх,
Хохирогч О.Тын “...гартаа зүүснээ би төрийн тусгай хүн шүү би чамайг энүүгээр цохино гэж хэлсэн. Тэгээд миний дух руу шууд цохисон. Одоо хүртэл миний духны хавдар буугаагүй байна. Тэгээд би шууд ор руу тэврээд унасан. Тухайн үед би гараа хөдөлгөж чадахгүй байсан. Миний хуйх руу маш олон удаа цохисон.” гэх,
Гэрч Р.Аын “...М толгой руу нь маш олон удаа цохиод байсан. Тэгээд бид хэд тэр хоёрыг очоод салгасан. Салгасны дараа очоод хартал Тын толгой нэлэнхийдээ цус болчихсон байсан...” гэх,
Гэрч Б.Тий “...М Тын толгой руу гараараа маш олон удаа цохиод байсан. Ингээд бид хэд тэр хоёрыг салгах гээд явж очоод хартал М гартаа нэг төмөр зүүчихсэн байсан...” гэх,
Гэрч Н.Аийн “...М Тгийн толгой руу нь баруун гараараа цохисон. Тэгсэн Т Мыг тэвэрч ор луу хамт унасан. Бид хэд тэр хоёрыг салгах хооронд М Тгийн толгойд нэлээн олон удаа цохисон. Тэгээд салгасны дараа Тгийн толгой руу хартал толгой нь цус болчихсон, хагарчихсан юм шиг байсан...” гэх,
Гэрч Б.Сгийн “...М Тгийн гарыг бариад толгой руу нь маш олон удаа цохисон. Тухайн үед Т Мыг тэвэрч аваад гэрийн ор луу унагаасан... Тгийн толгой руу хартал толгой хэсэг нэлэнхийдээ цус болчихсон, толгой нь хагарчихсан юм шиг л байсан...” гэх,
Гэрч О.Чийн “...гэр дотор орилоон болоод, зодоон болоод байх шиг байхаар нь би буцаж гэр лүү ортол зодоон болоод дуусчихсан байсан. Манай найз О.Тын толгойноос их хэмжээний цус гарчихсан, дух нь булдруутай болчихсон байсан...” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/507 дугаар: “О.Тын биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, дух, толгойн хуйх, цээжинд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, №08 шэ/08 дугаар: “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Лазермед” эмнэлгийн толгойн компьютер томографи шинжилгээний хариу хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 08 шэ/507 дугаартай дүгнэлтэд тусгагдсан байна. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Медтравма” эмнэлгийн толгойн MRI шинжилгээгээр нэмэлт шинэ гэмтэл тогтоогдсонгүй.”, №08 шэ/524 дүгээр: “...М.Мын биед дух, зүүн хацарт сорви, зүүн шилбэнд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлтүүд, яаралтай тусламжийн 2323 дугаартай хуудас, дүрс оношилгооны шинжилгээний хариу, компьютер томографын шинжилгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд шүүгдэгчээс 1.815.880 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс нотлох баримтаар тогтоогдсон 595.600 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр “Knuckle” 2 ширхгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лоомой овогт М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Т нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан төмөр “Knuckle” 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
6. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ