| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2020/0006/з |
| Дугаар | 09 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2020/0006/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Хишигсувдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 12-р баг 14-р хороолол 2-1 тоот хаягт байрлах “Миракллэнд” ХХК-ийн гомдолтой
Хариуцагч:Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Батцэрэнд холбогдох
Гомдлын шаардлага: “Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 0174852 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламсүрэн
Хариуцагч Ц.Батцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Миракклэнд” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо: Манай байгууллага орон сууц барьж борлуулдаг үйл ажиллагаа эрхэлдэг юм. Байр захиалсан хүн маань гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлдөг. Төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж дуусах хүртэл янз бүрийн асуудал тохиолддог. Үлдэгдэл төлбөрөө зээлд хамрагдаж төлөхөөр байсан бол зээлээ авч чадахгүй хугацаа хойшлох, бүр зээлд хамрагдах боломжгүй болж захиалгын гэрээгээ цуцлах тохиолдол цөөнгүй гардаг. Иймд захиалсан байрны төлбөр тооцоо дууссан үед байраа борлуулсан гэж үзэж НӨАТ-ийн баримтыг захиалагч талдаа өгдөг юм.
Татварын албанаас НӨАТ-ийн баримтыг Г.Гэрэлт-Од гэдэг иргэнд олго гэж шаардлага хүргүүлэхэд бид учир байдлаа хэлсэн болно. Энэхүү захилагч маань манайд төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж дуусаагүй байгаа, тооцоогоо дуусгахад бид НӨАТ-ийн баримтыг Г.Гэрэлт-Одод бичиж өгөхөөр байна гэдгээ хэлсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс манай байгууллагад 8.016.043 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Иймд Дархан уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2020 оны 1-р сарын 31-ний өдрийн 0174852 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв
Хариуцагч Ц.Батцэрэн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Иргэн Г.Гэрэлт-Од нь татварын албаны 1800-1288 тусгай дугаарт 'Миракллэнд” ХХК нь “бэлэн мөнгөний төлбөрийн баримт олгохгүй байна” гэсэн гомдлын дагуу эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч Ц.Батцэрэн би удирдлагын үүрэг болгосноор тухайн компанийн зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд «17.3.Апбан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ; 17.3.2.бараа, ажил. үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно; 17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ; 17.3.4.албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ. 17.5.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, ...-ыг хориглоно.» гэж заасныг зөрчсөн болохыг 1918000673 дугаар зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 12.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулж, хохирогч Г.Гэрэлт-Од /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарханчимэг/-д 112.000.000 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримтыг гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн.
Мөн иргэн Л.Энхсайхан тухайн компанид холбогдуулан 124.000.000 төгрөгийн худалдан авалтад төлбөрийн баримт олгоогүй гэсэн мэдээллийг бичгээр гаргасан нь уг зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдан шалгагдсан бөгөөд хохирогчийн итгэмжпэл гаргаж өгөөгүй тул гэрчээр мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан. “Миракллэнд” ХХК нь ЗШША-нд Ч.Дуламсүрэнг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон бөгөөд түүний мэдүүлэгт өгсөн хаягаар ЗШША-ны тэмдэглэл, шийтгэлийн хуудасны хувийг хүргүүлсэн болно.
Иймд холбогдогчийн шаардлага нь үндэслэлгүй байх тул Зөрчлийн 1918000673 дугаар хэргийн материалтай танилцаад хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн гомдол, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааныг товлон зарлах 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламсүрэн оролцож түүний болон хариуцагч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 09 цагт хийхээр товлосон боловч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Гомдол гаргагч “Миракллэнд” ХХК-иас “Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 0174852 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0174852 дугаар шийтгэлийн хуудсаар “Миракллэнд” ХХК-ийн бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоогүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1-д заасны дагуу тайлант сарын хугацаанд олсон орлогын дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 8.016.043.44 төгрөгөөр торгож, хохирогч Г.Гэрэлт-Од, Б.Дарханчимэг нарт 112.000,000 төгрөгийн баримт олгох, оногдуулсан шийтгэлийн 8.016.043.44 төгрөгийг Төрийн сангийн дансанд сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.
Иргэн Г.Гэрэлт-Од, Б.Дарханчимэг нар нь “Миракллэнд” ХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сум 12-р баг 14-р хороолол Хүслийн хотхоны 3 дугаар байрны 84 тоот 80 м.кв 3 өрөө орон сууцыг 112.000.000 төгрөгөөр худалдан авч улмаар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11.000.000 төгрөг, 03 дугаар сарын 14-ний өдөр 12.000.000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 78.400.000 төгрөг, 09 дүгээр сарын 09-ний өдөр 10.600.000 төгрөг нийт 112.000.000 төгрөгийг төлж төлбөрөө дуусгасан, мөн иргэн Л.Энхсайхан тус байрны 66 тоот 80 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авч, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 37.200.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 86.800.000 төгрөг, нийт 124.000.000 төгрөгийг “Миракллэнд” ХХК-ийн харилцах дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, Хас, Хаан банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, гомдол гаргагч болон хариуцагчийн тайлбаруудаар нотлогдож байна.
Гомдол гаргагч “Миракллэнд” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.” гэх хуулийн заалтуудыг зөрчин иргэн Г.Гэрэлт-Од, Б.Дарханчимэг нарт орон сууц худалдан борлуулсан 112.000.000 төгрөгт төлбөрийн баримт олгохоос татгалзжээ.
Хариуцагч Татварын улсын байцаагч нь “Миракллэнд” ХХК–ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 “албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгээ”, 17.3.2 “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.3.3 “хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ” 17.3.4 “албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ” 17.5 “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг зөрчин Г.Гэрэлт-Од, Б.Дарханчимэг нарын 112.000.000 төгрөгийн баримтуудыг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгээгүй, тэдэнд төлбөрийн баримт олгохоос татгалзсаныг хэрэглэгчийн системийг хянах цахим систем, нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн сарын тайлангуудыг шалган тогтоож улмаар Зөрчлийн тухай хуулийн /зөрчлийн хэрэг нээх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 11.19 дүгээр зүйлийн 12.1-д “бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь” гэж заасны дагуу “Миракллэнд” ХХК-ийн тайлант сарын борлуулалтын 164.802.171,00 төгрөг дээр хохирогч нарын орон сууцны төлбөр төлсөн 236.000.000 төгрөг, нийт 400.802.171,80 төгрөгийн 2% буюу 8.016.043,44 төгрөгөөр торгож, хохирогч Г.Гэрэлт-Од, Б.Дарханчимэг нарт 112.000,000 төгрөгийн баримт олгох, оногдуулсан шийтгэлийн 8.016.043.44 төгрөгийг Төрийн сангийн дансанд сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь дээрхи хуулийн заалттай нийцсэн тул 0174852 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэн Г.Гэрэлт-Од нь захиалгын гэрээний дагуу хугацаа хоцроосон төлбөрөө төлөөгүй тул төлбөрийн баримтыг олгоогүй гэх гомдол гаргагчийн тайлбар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж заасантай нийцээгүй байна.
Иймд “Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 0174852 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргагч “Миракллэнд” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2,17.5, Зөрчлийн тухай хуулийн /зөрчлийн хэрэг нээх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 11.19 дүгээр зүйлийн 12.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “Миракллэнд” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 0174852 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагч “Миракклэнд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113. зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ