Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0634

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.М-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ц.М-ийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З давж заалдах гомдолдоо: ...Шүүгч нотлох баримтыг хуульд зааснаар тал бүрээс нь ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй, хариуцагчийн талд хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

1.     Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжаар Ц.М-т 503 м.кв газрыг ногоон байгууламж, тохижилтын
зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг захирамжид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 буюу Засаг дарга захирамж гаргах бүрэн эрх, Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4, 33.1.1 дэх заалт буюу хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хүрээнд дээрх хуулийг баримталж, шинээр газар олгосон байхад өмнөх гэрээг сунгуулах замаар хуурамч баримт бүрдүүлж авсан гэж илт хууль бус дүгнэлт хийсэн.

Газар олгогч шинээр газар эзэмших эрх олгож, энэ тухай хуулиа баримталж шийдвэрээ гаргасан байхад шүүгч бодитой дүгнэлт хийсэнгүй.

Захирамжид “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455” гэж бичсэн явдалд би буруугүй, ингэж бичсэн нь ч газар эзэмших хугацааг сунгасан гэх ямар ч агуулга байхгүй, харин 503 м.кв газар шинээр олгосон шийдвэр байгаа. Илт тодорхой, ойлгомжтой зүйлийг шүүгч яагаад ингэж үнэлээд байгааг ойлгохгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар олгосон газар энэ 503 м.кв газарт огт хамааралгүй юм.

2.  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар
захирамжаар  503  м.кв газар олгосон  асуудлыг  шийдвэрлэсэн  байхад  шүүх энэ
захирамжид огт хамааралгүй, 1100 м.кв газрыг эзэмших эрхийг сунгасан нь буруу гэж
маргаанд хамаарахгүй асуудлаар маш дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийг
хэрэгсэхгүй болгох шийдвэрээ батлах
, ямар нэгэн зүйлээр буруутгахын тулд байгаа мэт санагдаж байна.

Газар эзэмших эрх дуусгавар болсон байхад эзэмших эрхтэй мэтээр төөрөгдүүлж, бүрдүүлбэл зохих баримтыг үнэн зөв бүрдүүлээгүй байна гэж ямар ч баримтыг үндэслэхгүйгээр үнэлсэнд гомдолтой байна.

   3.  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан ба энэ үндэслэлд дүгнэлт өгөх байтал шүүх бүрдүүлсэн баримт хуурамч гэж дээрх эрхийн акттай огт холбоогүй дүгнэлт хийж, Засаг даргын талд нэгт талыг барьсан. Миний өмнөөс хуурамч баримт бүрдүүлсэн юм бол би өөрөө гомдол гаргах байтал миний өмнөөс ийм дүгнэлт хийх нь утгагүй. Би өөрөө зөвшөөрөөгүй бол газар эзэмших гэрээ ч байгуулахгүй.

Миний хувьд 503 м.кв газар эзэмших гэрээг удаа дараа, ноцтой зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. Энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. А/189 дүгээр захирамж ямар ч хуулийн үндэслэлгүй. Зүгээр л хүчингүй болгохын тулд гаргасан эрхийн акт байсан.

    4. Монгол Улсад жирийн иргэн газар эзэмшихэд асар их хүндрэл, дарамт учирдаг юм байна. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зыг Авилгатай тэмцэх газар дуудаж, байцаасан, хуурамч баримт бүрдүүлсэн гэж Газрын алба руу албан бичиг явуулсан. Энэ бүгд нь уг газрыг эзэмших өөр этгээдийн хүсэл зорилготой холбоотой, яаж л бол захирамжийг хүчингүй болгох арга зам байх ёсгүй. Анхан шатны шүүх хэргийг шударгаар зөв шийдэх хүсэл сонирхол байсан юм уу.

    Иймд, хэрэгт байгаа баримтуудыг шударга, үнэн зөвөөр үнэлж, миний эрхийг сэргээж өгнө үүНийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                        Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иргэн Ц.М- нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий А/189 дүгээр актаар “нэхэмжлэгч Ц.М-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн 503 м.кв газар эзэмших эрх олж авсан” гэсэн үндэслэлээр түүнд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчээс “хуурамч бичиг баримт бүрдүүлэн газар эзэмших эрх олж авсныг тогтоосон шийдвэр байхгүй байхад миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль бус” гэж маргаж байна.

1.     Нийслэлийн Засаг дарга нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Материал хянуулах тухай” 06/7960 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тус албан бичигт “хяналт шалгалтаар Д.Батбаяр гэгч нь Ц.М-ийн тухайн талбайд өмнө газар эзэмшиж байсан бичиг баримтыг ашиглан хуурамч баримт бүрдүүлэх замаар дээр дурдагдсан газрыг эзэмшихээр гэрчилгээг гаргуулан авсан болох нь тогтоогдсон, Ц.М-ийн нэр дээр олгосон 503 м.кв газрын асуудлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу арга хэмжээ авч, хариуг ирүүлнэ үү” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Ц.М- нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутагт 503 м.кв газрын эзэмших эрхийг олж авсан болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдохгүй байна.

Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал”Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 257 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол зэргээс үзэхэд П.З, Д.Батбаяр нарыг “газар эзэмших эрхийг гаргуулан авахдаа бүрдүүлвэл зохих баримтуудыг хуурамчаар үйлдэж, Ц.М-ийн нэрийг ашиглан гэрчилгээ авсан болох нь шалгалтаар тогтоогдсон, ...ямар нэгэн албан тушаалтанд авилга өгсөн болох нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс тус тус татгалзаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Ц.М-ийг “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэж гэм буруутайд тооцсон ямар нэгэн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчөөгүй, газрыг зориулалт бусаар ашигласан болон газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн үйлдэл гаргаагүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй байна.

            Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаас үзвэл иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэр нь хууль зөрчсөнөөс гадна бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх нөхцөлд эрх бүхий этгээдээс газар эзэмшихтэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгохоор байна.

            Нэхэмжлэгч Ц.М-ийн тухайд хууль зөрчиж газар эзэмшсэн нь тогтоогдоогүй, түүнд Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутагт 503 м.кв газрыг эзэмшүүлсний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн асуудал байхгүй байна.

2.     Ц.М- нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутагт 503 м.кв газрыг шинээр ногоон байгууламж, тохижилтын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, улмаар 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулагдаж гэрчилгээ олгогдсон байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт гаргахдаа газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад газар эзэмших эрхтэй мэтээр төөрөгдүүлж, бүрдүүлбэл зохих баримтуудыг үнэн зөвөөр бүрдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан бөгөөд захиргааны байгууллага нь “хүсэлтэд дурдсан газрыг нэхэмжлэгч ямар зориулалтаар эзэмших гэж байгаа, тухайн газрын эзэмших эрх дуусгавар болсон эсхүл шинээр эзэмших газар мөн эсэх, түүнд хавсаргасан баримтууд нь үнэн зөв эсэх”-ийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Хариуцагч нь маргаан бүхий А/189 дүгээр захирамжаар “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид 503 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа “2010 онд гэрээний хугацаа дууссан байхад газар эзэмших эрхийн хугацааг сунгуулаагүй, урьд нь далан байсан, 2012 оны зам засварын ажлаар далан руу шороо асгаж тэгшилснээр бий болсон газар бөгөөд цаашид суулт өгөх эрсдэлтэй тул нэхэмжлэгчид 503 м.кв газрыг эзэмшүүлэх боломжгүй” гэсэн тайлбар гарган маргаж байгаа нь үндэслэлгүй юм.  

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаад давж заалдах шатны шүүх хуралдааны товыг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу тухайн хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

        ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

        ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР