| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2016/01541/и |
| Дугаар | 217 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 217
| 2017 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/00217 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Ургах наран хороолол 8 дугаар байр 46 тоотод оршин суух, Төлекрым овогт Асылбекийн Мамыр /РД:ХА87022681/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо өөрийн байранд байрлах, Эрэл ХХК /УБД: 9011115021, РД:2027194/ -нд холбогдох
Хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр төлөгдөх цалин 2 296 502 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Асылбек, өмгөөлөгч Р.Мухийт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр олгогдох ёстой цалин, цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй хугацааны алданги гаргуулахаар тус тус шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Асылбек нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй хугацааны алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна:
2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрэл ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт газарт төсөвчний ажлын байранд тодорхойлсон ажлыг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, мөн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчилж, 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Хариуцагч хөдөлмөрийн гэрээний 1.7-д заасан заалтыг биелүүлэхгүй, олгох ёстой цалингаа цаг хугацаанд нь олгохгүй байсан тул 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед, ажиллаж байх хугацааны буюу 2014 оны 12 сар, 2015 оны 1 сарын цалин тус тус хариуцагч олгоогүй тул цалингаа шаардаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
Хариуцагчаас цалин 2 296 502 төгрөг гаргуулж өгөхийг хүсч байна.
Хариуцагчийн шаардлага:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсч байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтээ дараах байдлаар тайлбарлаж байна:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон үйл баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь бодитоор ажил гүйцэтгээгүй байх тул цалин шаардах эрх байхгүй.
Хариуцагчийг шүүх хуралдаанд зохих журмын дагуу шүүх дуудсан болно. Тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн.
Шүүх 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 4 дугаар Эрэл ХХК-ийн ҮХХХ-ийн захирлын тушаал, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар ҮХХХ-ийн захирлын тушаал, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар ҮХХХ-ийн захирлын тушаал, А.Мамырын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016.10.27-ны өдрийн Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн 0228836 дугаар лавлагаа, Ариг банкны депозит дансны хуулгыг тус тус нотлох баримтын хувьд үнэлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
ؿ нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлээ.
Нэхэмжлэгч А.Мамыр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Эрэл ХХК-иас хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.
А.Мамыр нь төсөвчний ажлын байранд тодорхойлсон ажлыг хийж гүйцэтгэж байсан нь 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 4 дугаар Эрэл ХХК-ийн ҮХХХ-ийн захирлын тушаал, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар ҮХХХ-ийн захирлын тушаал, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар ҮХХХ-ийн захирлын тушаал, А.Мамырын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч нь бодитоор ажил гүйцэтгээгүй байх тул цалин авах эрхгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч А.Мамырын нийгмийн даатгалын дэвтэрт цалин олгосон тухай бичилт, нэхэмжлэгч ажил олгогч цалингаа хугацаандаа өгөхгүй байсан тул өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар ҮХХХ-ийн захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хариуцагчийн тайлбар няцаагдаж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон үйл баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэх тайлбар нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 4 дугаар Эрэл ХХК-ийн ҮХХХ-ийн захирлын тушаал, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар ҮХХХ-ийн захирлын тушаал, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар ҮХХХ-ийн захирлын тушаал, А.Мамырын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбаруудыг тус тус судалсан баримтуудаар үгүйсгэгдэж байна. /хх-2-10, 12-16 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Эрэл ХХК нь нэхэмжлэгч нь бодитоор ажил гүйцэтгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч түүнийгээ нотолсон няцаалтын нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтыг баримтаар үгүйсгээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч нь шаардах эрхийн хугацаа дууссан эсэх тал дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар, мөн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 47 минутад 99860629 дугаарын утсаар тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгч А.Мамырын ажиллаж байсан хугацааны цалинд 2014 оны 12 сард 1 384 292 төгрөг / 1 829 677 төгрөг 445 385 төгрөг (нийгмийн даатгал, ХХОАТ, ЭМД болон холбогдох татвар) / 2015 оны 1 сард 883 274 төгрөг /1 167 039 төгрөг -283 765 төгрөг (нийгмийн даатгал, ХХОАТ, ЭМД болон холбогдох татвар) / нийт 2 267 566 төгрөгийг хариуцагч Эрэл ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Мамырт олгож, үлдэх 28 936 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. /хх-9,10, 40,41 хуудас/
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 28 936 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Эрэл ХХК-иас цалин хөлсөнд 2 267 566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мамырт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 231 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ