| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0113/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч, хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч, хохирогч Д.Я, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл, Ц.Баярмаа,
Иргэдийн төлөөлөгч .........................,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овогт Д-ы Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д-ын Я нарт холбогдох эрүүгийн 2128001250098 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......................
Монгол Улсын иргэн, .......................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Я нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн ........................ тоотод хамтран амьдрагч Д.Т-гийн “гадуур тэнэлээ” гэх үгийг эсэргүүцэж, улмаар марган, хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн ........................ тоотод хамтран амьдрагч Д.Я-тай “гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар марган, улмаар түүнийг гараар алгадах, хөлөөр өшиглөх, буйдан руу түлхэх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, баруун, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Я, Д.Т нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Я шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Юуны өмнө энд цугласан хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т найз Б-гийнд очъё гээд хамт очсон. Тэгэхэд Б гэртээ пиво ууж байсан. Т Б-тэй нийлж хамт пиво уусан. Би одоо ууж идэж яах юм бэ явъя гэхэд миний үгэнд ороогүй. Би хүүгээ аваад Б-тэй Т-г орхиод гэр рүүгээ яваад өгсөн. Гэртээ очоод хүүтэйгээ амраад унтаж байгаад нэг сэрэхэд 5 цаг болж байсан. Т-г яаж байгаа юм бол айлд асуудал тарьчихсан байх вий гэж бодоод очиж айлаас авъя гэсэн бодолтой Б-гийн гэрт очсон. Намайг очиход Б архи нь гараагүй согтуу унтаж байсан. Т алга байсан. Би ороод зүүн талын буйдан дээр сууж байхад буйдангийн араас Т гараад ирсэн. Тэгээд ууж идэж дууссан бол гэртээ харъя гэхэд чи хаана хэнтэйгээ я... байгаад ирэв гэж хэлсэн. Би чамайг авах санаатай авахаар ирлээ гэхэд битгий худлаа яриад бай, хаана хоносноо хэл гээд над руу дайраад миний хацар руу 2, 3 удаа алгадсан. Чи түрүү түрүүчийн нүүрний хөх арилаагүй байхад дээрээс нэмж яах гээд байгаа юм бэ гэхэд тэгвэл далд газар чинь цохъё л доо гээд зүүн, баруун мөр рүү цохиод байсан. Намайг үг хэлээр доромжлоод байсан. Би гэртээ байж байгаад ирлээ гэхэд намайг худлаа яриад байна хаана, хэнтэйгээ я... байгаад ирж байгаа юм гээд зүүн гуя, шилбэ рүү өшиглөсөн. Тэгээд чи муу битгий гай болоод бай, нэг бол би чамайг алчхаад шоронд яваад өгье гээд над руу хутгаа бариад чичлээд байсан. Би тэр үедээ айсан. Тэгээд би Т-г одоо боль гээд тайвшир гэхэд тайвширсан. Түр тайвшраад Т хутгаа буцаагаад шкафны тавиур дээр тавьсан. Би хутгыг нь аваад далд хийчихье гэсэн бодолтой хутгыг аваад цааш хийх гэж байхад Т дахиад чи муу хаана хоночхоод ирж байгаа юм, чи битгий худлаа яриад бай гээд над руу дайраад эхэлсэн. Би хаана хонох вэ дээ, би чамд үнэнээ л хэлээд байна шүү дээ л гэж хэлсэн. Би хутга барьсан байснаа гэнэт сандраад айгаад намайг бас цохичих вий гэсэн бодолтой байсан. Намайг хувцаснаас татаад цохичих гээд байсан. Би хутга барьснаа ч мэдээгүй байтал гэтэл Т миний барьсан хутганд өртсөн. Би тэр үед тийм зүйл болно гэж бодоогүй. Тэгсэн Т чи намайг дүрчихлээ шүү дээ гэхэд нь би худлаа яриад байгаарай гэхэд хувцасных нь цаанаас цус нэвтрээд гараад ирсэн, юу болчхов гээд цамцыг нь дээш нь сөхөхөд цус гарч байсан. Цусыг нь арчихад цус нь хурдан тогтсон. Би өөрөө айж сандарсан. Түргэн дуудъя гэж бодоод эмнэлгийн тусламж дуудсан. Б-г найзыгаа аваач намайг зодоод байна гэхэд Б огт сэрээгүй. Б-гийн хажууд Т-г суулгахад тэр үед Б юу болов гээд сэрээд ирсэн. Тийм зүйл болно гэж бодоогүй. Тэр үед би айсан, маш их харамсаж байна. Энэ хүнийг санаатайгаар хутгалъя гэсэн бодол байхгүй. Энэ хүнийг гэр рүүгээ аваад явъя гэсэн бодол байсан. Энэ болсон явдалдаа үнэхээр их харамсаж байна. Болсон явдлыг үнэн зөвөөр шүүж өгнө үү гэж шүүгч та бүхнээс хүсэж байна. Би бага насны хүүхэдтэй өрх толгойлж амьдарч байгаа. Цаашдаа амьдармаар байна гэв.
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Д.Я шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Баруун, зүүн гарын шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэ хөхрөлттэй. Эд нар бүгд тухайн үед Т-гийн учруулсан гэмтлүүд байгаа. Энэ гэмтлүүд нь эдгэчихсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Д.Т шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед Я түүний хүү 4 настай Бу бид гурав машинтай Нисэхэд байх гэрээс гараад явж байсан чинь Б над руу залгаад намайг мөнгө зээлчих гэхээр нь би надад 40,000 төгрөг байна гэж хэлсэн. Б-гийн гэрт нь очсон чинь Б шартаж үхлээ гээд хэвтэж байсан. Бид гурав Б-г машиндаа суулгаад Б 1 дүгээр сургуулийн баруун талд байх айл руу ороод 2 ширхэг 2,5 литрийн пиво аваад гараад ирсэн. Би Б-тэй уулзаад 40,000 төгрөгөө зээлсэн хэдэн төгрөгөөр пиво авсныг нь мэдэхгүй. Б-г гэрт нь буулгаад Я бид гурав Дундсайханд байх манай гэрт очсон. Гэрт хамт оръё гэсэн чинь Я үгүй чи ганцаараа ор гэж хэлсэн. Гэрт орчхоод гараад ирсэн чинь хашааны гадаа Я байхгүй машинаа унаад явчихсан байсан. Я руу залгаад хаана байна гэсэн чинь хаана байх нь чамд хамаагүй гээд уурлаад байсан. Би Б-гийн гэр рүү очлоо араас ирээрэй гэж хэлээд Б-гийн гэр рүү алхаад очсон чинь Б 2,5 литрийн 1 пиво уугаад талд нь оруулсан байсан. Надад аягалж өгөхөөр нь би хамт уусан. Пиво дуусаж байхад 14 цагийн үед Я хүрээд ирсэн. Б хөргөгчөөс ахиад нэг 2,5 литрийн пиво гаргаж ирээд бид хоёр уусан чинь Б Яд аягалж өгсөн. Тэгэхээр нь би Яд битгий өг уухгүй байгаа гэж хэлсэн чинь Я ганц авъя гээд байсан. Би яах юм гээд Яд пиво уулгаагүй. Тэгсэн чинь Я машинаа унаад яваад өгсөн. Б бид хоёр 2 дахь пивоо ууж дуусахад Я буцаад ирсэн. Пиво ууж дуусаад Б хүнээс 150,000 төгрөг авахаар болоод Б, Я Бу бид дөрөв нэг цэгийн үйлчилгээний АТМ орж 100,000 төгрөг аваад дэлгүүр орсон. Би согтсон байсан болохоор хаана ямар дэлгүүр орсныг мэдэхгүй байна. Тэгээд нэг сэрэхэд Ба /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэрт очоод Батай уулзаад 2,5 литрийн 1 пиво Ба, Б бид гурав хувааж уугаад Я, Бу, Б, Ба бид тав Б-гийн гэрийн гадаа очоод тамхи татаж байсан чинь Я, Бу гэх хүүхдээ аваад машинтайгаа явсан. Тэгээд араас нь залгаад байсан чинь утсаа авахгүй байсан. Нэг мэдэхэд 0,5 граммын хар Чингис авчихсан Б, Ба бид гурав хувааж ууж байгаад орой нар жаргасан байсан. Б З-г дуудаад З бид нар нийлж уусан. Тэгээд орой 23 цагийн үед байх З, Ба хоёр гэр рүүгээ явсан, би Б-гийн гэрт хамт хоносон. Б баруун орон дээрээ унтсан, би гэрийн зүүн талд байх түшлэгтэй 2 ширхэг буйдан дээр унтаж байсан чинь өглөө 5 цаг өнгөрч байх үед Я гаднаас согтуу ганцаараа орж ирээд миний хажууд утсаар ярьж байсан. Би хаагуур яваад ирэв, хэнтэй ууж идэв гэсэн чинь Я над руу х.., м... гэж хэлээд надтай хэрүүл хийгээд байсан. Б-г п... минь бос гэж хэлээд Я хамар руу нь гараараа цохих шиг болсон. Б-гийн хамраас цус гарсан харагдсан. Дараа нь над руу ширээн дээр байсан ус буцалгагч аваад шидсэн. Миний нүүр болон биеийг самардаад байхаар нь боль гэж хэлээд буйдан руу түлхэж суулгаад 2 мөрөөс нь дарсан. Тэгээд гайгүй болохоор нь гараа авсан чинь Я Мэндээ гэх хүнтэй архи уусан, хамт явъя очиж архи ууя гэхээр нь би хамт явахгүй одоо архиа боль гэж хэлсэн. Би гэрийн зүүн талын баганын хажууд зогсож байсан чинь Я түшлэгтэй буйдан дээр сууж байснаа миний хажууд ирээд зогссон. Тэгээд харсан чинь Я-ын баруун гарт бор иштэй хутга харагдсан. Би Б-гээс тамхи аваад асааж байсан чинь Я баруун гараараа миний цээж рүү хүрээд авах шиг болсон. Би хойшоо алхсан чинь нойтон болсон цээж рүүгээ харсан чинь цус гараад байсан. Яд чи намайг дүрчихлээ гэсэн чинь худлаа яриад бай гэж хэлсэн. Чи битгий маяглаад бай гэхээр нь надаас цус гараад байна гэсэн чинь гараа өргө гэж хэлсэн. Тэгээд гараа өргөх гэсэн чинь гар дийлдэхгүй байсан. Миний зүүн гарыг өргөсөн чинь миний зүүн талын цээжнээс хий гараад түг түг гэж дуугараад байсан. Миний цамцыг сөхөж Я харчхаад бага шарх байна гэж хэлээд миний утсаар Зг дуудсан. З ирээд яаж байгаа юм, яагаад ийм зүйл болсон юм гэж асууж байгаад түргэн дууд гээд Я түргэн дуудсан гэж хэлсэн. Я, З хоёр гарч яваад эргэж гэрт орж ирээгүй. Б ахиад түргэн рүү залгаад ирж байна уу гэсэн чинь түргэн ирсэн. Тэгээд түргэн ирээд намайг эмнэлэг рүү авч явсан... Би эмчилгээний зардлаа Я-аас нэхэмжилнэ. Аппаратын мөнгө 240,000 төгрөг, ор хоногийн мөнгө 410,000 төгрөг болсон... Би Ятай хамтран амьдардаг. Я бид хоёр 2020 оны 10 дугаар сараас хойш Я-ын гэрт хамтран амьдарч байгаа. Я бид хоёр хамт амьдраад 7 сар болж байна. Я бид хоёр тус тусдаа хүүхэдтэй. Би хүү, охин хоёртой. Я 5 хүүхэдтэй. Я бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй. Гэр бүлээ батлуулаагүй байгаа... Манай ээж Бу намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хэрэглэсэн зүйл, идсэн хоолны баримтуудыг өгсөн гэж надад хэлж байсан, эдгээрийг би Я-аас нэхэмжлэхгүй. 1 гэсэн дугаартай баримт нь намайг эмнэлэгт байх хугацаанд ээж, Я хоёр хамт явж авч өгсөн хүнсний зүйл, ойр зуурын хэрэглэгдэх зүйлүүдийг авсан баримт байна, энэ зүйлүүдийн мөнгийг нь Я өгсөн байсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. 2 дугаартай баримт нь манай хүргэн ах Н.П гэх хүн надад өгсөн мөнгө байгаа юм. Энэ мөнгийг нэхэмжлэхгүй, 3, 4, 5 дугаартай баримтууд нь намайг эмнэлэгт байх хугацаанд хоол зөөж явсан үеийн бензиний баримтууд байна, би эдгээрийг нэхэмжлэхгүй, 6 дугаартай баримт нь манай эгч надад нэг удаа солих хувцаснууд авч өгсөн баримт байна, би энэ хувцаснуудыг өөрөө өмсөж байгаа учир мөнгийг нь нэхэмжлэхгүй, 7, 8 дугаартай баримтууд нь эмнэлэгт байх хугацаанд идсэн хоол болон махны баримт байна, би эдгээрийг Я-аас нэхэмжлэхгүй... Би Ятай сүүлийн 1 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа юм, одоо Я бид хоёр эв зүйгээ олсон, хамтдаа амьдарч байгаа учраас би эхнэрээсээ мөнгө төгрөг нэхэмжлэхгүй байгаа. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл огт байхгүй, Я миний эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 408,673 төгрөг, аппаратын 240,000 төгрөгийг төлсөн байгаа, миний зүгээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 26-28, 30, 37 дахь тал/,
Мөн хохирогч 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед би Я-ыг машин унаад хаагуур хоноод тэнээд яваад байгаа юм бэ гэж хэлж уурлаад бид хоёр муудалцаж байсан. Тэгэхэд Я миний нүүр рүү гараараа самардчих гээд байхаар нь би Я-ын цээж рүү түлхээд буйдан дээр суулгасан. Тэгсэн чинь Я хүнтэй ярих гээд утсаараа залгаад байхаар нь би утсыг нь булааж аваад одоо архиа боль гэж хэлсэн чинь өмнөөс хэрэлдээд хажуудаа байсан ус буцалгагч над руу шидсэн боловч тэр ус буцалгагч нь намайг оноогүй хажууд унасан. Тэгэхээр нь би хажууд хоолны шкаф нь дээр байсан хутгыг аваад Я-ын өмнө очоод айлгах санаатай чамайг алчихна шүү гэж хэлчхээд хутгыг шкаф нь дээр тавьсан. Тухайн үед би буйдангийн өмнө нь өөдөөс нь хараад зогсож байсан. Тэгэхэд Я миний утсыг аваад ир гээд загнаад байсан. Тэгж байснаа Я босч миний хажууд баруун гар талд зогсож байсан. Тэгэхэд Б согтоод тасарчихсан бололтой гэрийнхээ зүүн хойд хэсэгт надаас 2 метр орчим зайтай газарт завилаад суучихсан унтаад байх шиг байсан. Би Б-г дуудаж тамхи авч асаачхаад эргээд Я руу харсан чинь Я миний цээжний зүүн дээд хэсэгт гараараа хүрээд авах шиг болсон. Тэгсэн чинь миний цамцнаас цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь би Я-ын гарыг харсан чинь баруун гартаа хүрэн модон иштэй хутга барьчихсан зогсож байсан. Чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь Я өнгөцхөн л байна шүү дээ сүртэй юм гэж хэлсэн. Би хойшоо 2 алхаад намайг орон дээр хэвтүүлээд өг гэсэн чинь Я намайг орон дээр хэвтүүлсэн. Би түргэн дуудаач гэсэн чинь Я өөрийнхөө утсаар түргэн рүү залгаж дуудлага өгсөн. Тэгж байснаа гадаа гараад явчихсан. Удалгүй байж байтал Я-ын найз А-тай хамт орж ирээд А нь Я-ыг яаж байгаа юм бэ чи чинь хүн хутгалчихсан байна шүү дээ гэж хэлж байсан. Түргэн ирэхгүй болохоор нь би Б-г дахиад түргэн дуудаадах гэж хэлж байж яриулсан. А, Я нар гэрээс гараад явсан, эргэж орж ирээгүй... Миний зүгээс гомдол санал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/
Хохирогч Д.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т, хүү Бу нарын хамт гэрээс Т-гийн машинтай гараад Б-гийн гэрт оччихоод гадуур явж хүнсээ цуглуулчхаад буцаж Б-гийн гэрт очсон. Тэгээд “Баяндөхөм” дэлгүүрийн урд талаас машинтай хүнээс архи авчхаад Баянмөнхийн гэрт очсон. Тэгээд Б-гийн гэрт оччихоод би хүүгээ дагуулаад гэр рүүгээ очиж өөрийнхөө Нисэхийн 12-13 тоотод хоносон. Тэгээд маргааш буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 05-06 цагийн үед хүү Бу-ийг дагуулаад Т-гийн машинтай Б-гийн гэрт очсон. Т намайг эхлээд хэл амаар доромжилж нүүр рүү алгадаж, хөл гар руу цохиод тэгснээ шкафнаас хутга аваад чамайг би ер нь алчхаад шоронд явна гэж хэлээд хутгаараа далайж байгаад хутгаа буцааж шкаф нь дээр тавихаар нь би хутгыг нь шкаф нь дотор хийх гээд сугалгааг нь нээж байсан чинь Т урдаас дайраад байсан. Тэгээд би айгаад хутгатай байгаагаа мартаад арагшаа ухраад гэрийн зүүн талд 2 буйдангийн өмнө талд зогсож байсан чинь Т ирээд гар хөлөөрөө далайгаад байхаар нь би нүүрээ хутгатай гараараа хамгаалж байсан чинь Т ирээд оногдсон байх. Тэгээд Т-гийн цээжний зүүн хэсгээс цус урсахаар нь юу болов гэж Т-гээс асуухад Т чи намайг дүрчихсэн юм биш үү гэж хариулсан. Тэгээд цамцыг нь тайлсан чинь цээжний зүүн талаас нь цус урсаж байсан. Цусыг нь арчиж байсан чинь цус нь тогтсон... Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1975 онд төрсөн. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 2011 оноос 2014 онд “Оюу толгой” ХХК-нд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан, Ам бүл 6, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том хүү Улаанбаатар хотод 2 дугаар төрөх эмнэлэгт ажилладаг, дараагийн охин Даланзадгад суманд “Тэгш дүүрэн” эмнэлэгт бага эмч, дараагийн хүү Улаанбаатар хотод “Сүлд чуулга”-д бүжигчин, дараа нь 7 дугаар ангид сурдаг хүү эцэг дээрээ байдаг, хамгийн бага хүү 5 настай хүүхэд надтай хамт амьдардаг. Миний бүртгэлтэй хаяг Даланзадгад сум 6 дугаар баг Нисэхийн 12-13 тоот хаягт оршин суудаг юм. Д.Т-тэй 2020 оны 10 дугаар сараас эхлэн гэр бүл болж Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 12-13 тоотод Т болон өөрийн хүү Бу нарын хамт амьдарч байна... Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т бид хоёрын харилцаа их сайн байгаа, хоорондоо муудалцаж хэрэлдэхээ больсон, хамтдаа нэг гэрт амьдарч байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34, 41 дэх тал/
Гэрч Ц.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагаас маргааш өглөөнийх нь 09 цаг хүртэл Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн яаралтай тусламжийн эмчээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 06 цаг өнгөрч байхад ............. гэсэн дугаараас согтуу бололтой эмэгтэй хүн дуудлага өгөхдөө хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага өгөхөөр нь хаягаа хэлээрэй хаана вэ? Цагдаад хэлсэн үү гэсэн чинь утсаа тасалчихсан. Тэгээд эргүүлээд уг дугаар руу нь удаа дараа залгасан боловч утсаа аваагүй тул би хаягаа хэлэхгүй бол цагдаад хэлж дугаарыг чинь шүүлгэлээ шүү гэсэн мессеж бичсэн чинь 10 гаруй минутын дараа .................. гэсэн дугаар дахин манай 103 утасны дугаарын утас руу залгаад хүн хутгалуулчихлаа гээд .................... тоот гэхээр нь би та хэн бэ гэхэд Я гэж нэрээ хэлээд утсаа тасалсан. Тэгээд би 06 цаг 34 минутад дуудлага тэмдэглэж аваад шууд уг хаяг дээр очиход хашаанаас нэг өндөр бор залуу гарч ирээд байшингийн ард талд байх гэр рүү дагуулж ороход 30 гаруй насны согтуу эрэгтэй гэрийн баруун талын орон дээр цээж болон цагаан өнгийн пудволк нь цус болчихсон байхаар нь цамцыг нь сөхөж үзэхэд цээжний зүүн талын 5 болон 6 дугаар хавирганы дундуур 1 см хүрэхгүй үгүйтэй шархтай, цус бага хэмжээгээр алдаж байсан. Би тухайн үед яаралтай эмнэлэг рүү авч яваад багажны шинжилгээ буюу рентгенд харахад зүүн уушгинд гэмтэл байсан. Би юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан. Тэгээд яаралтай шингэн залгаж, цус тогтоож, өвчин намдаах гэх зэргээр эмчилгээ хийж шарханд нь оёдол тавиад дуудлага хэн өгсөн юм гэсэн чинь манай эхнэр өгсөн гэж хэлсэн. Би эхнэр рүү нь залгаж хаана байгаа юм бэ? эмнэлэг дээр яаралтай ир хэн хутгалчихсан юм бэ? гэсэн чинь яадаг юм би хутгалчихсан юм, би очиж чадахгүй, гэрийнхэн рүү нь залга гээд утсаа тасалчихсан. Дахин залгахад утсаа аваагүй. Тэгээд би уг хутгалуулсан Т гэх залуугаас юу болсон талаар дахин асуухад манай эхнэр хутгалчхаад зугтаагаад явчихсан гэж хэлсэн. Эгчийнх нь дугаарыг нь аваад Уранчимэг гэх эгчид утасдаж хэл хүргэсэн. Яаралтай эмчилгээнүүдээ дуусчхаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгэхэд цаг 08 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Т-г 2008 оноос хойш таньдаг байсан, одоог хүртэл найзууд. Я-ыг 2018 онд Т эхнэрээ гэж хэлээд надад танилцуулж байсан. Я-ыг би 2018 оноос хойш таньдаг болсон. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Я, Т хоёр хүүхэдтэйгээ манайд ирсэн. Би өмнөх өдөр нь архи уугаад шартсан байсан болохоор Т-д шартаж үхлээ 2 ширхэг пиво аваад ир гэсэн чинь Т, Я 2 хүүхдээ дагуулаад намайг хамт явъя гэж хэлсэн. Бид 4 манай гэрээс гараад 1 дүгээр сургуулийн баруун талд байдаг гэрийн хаягийг нь мэдэхгүй байна нэг хашаан дотор ганц байшин байдаг, тэр айлд би ороод ганц юм байна уу гэсэн чинь байхгүй пиво байна гэж хэлсэн. Би 2 ширхэг “Сэнгүүр” нэртэй 2.5 литрийн пиво аваад гарч ирсэн. Би айл руу орохдоо Т-гээс пивоны мөнгө гэж 40.000 төгрөг авсан байсан. Тэгээд 2 ширхэг пиво аваад 40.000 төгрөг өгсөн. Бид 4 буцаж манайд ирээд Т бид 2 авсан пивоо хуваагаад уусан чинь Я өөртөө пиво өгөхгүй байна гээд хүүхдээ дагуулаад машинаа унаад яваад өгсөн. Би хаашаа явсныг нь мэдэхгүй. Орой 23 цагийн үед Т бид 2 пивоо ууж дуусгаад Т гэрийн зүүн талд байх 2 ширхэг түшлэгтэй буйдан дээр унтсан, би гэрийн баруун талд байх орон дээр унтсан. Тэгсэн чинь өглөө 06 цагийн үед Я согтуу ганцаараа манай гэрт орж ирээд Т-тэй маргалдаад байсан. Дараа нь намайг бос п... минь гэхээр нь би унтаад байсан чинь Я миний хамар руу цохиод хамраас цус гаргачихсан. Би хамрын цусаа гоожуулаад унтаж байсан чинь Я авраарай Т намайг зодох гээд байна гээд гэрээр нэг хашхирч орилоод байсан. Тэгсэн чинь Т Я-ыг түлхэж нүүр рүү нь ганц нэг цохиж байгаа бололтой байсан. Тэгсэн чинь гэнэт Т Я над руу шаачлаа гэж хэлсэн. Би босоод ирсэн чинь Т-гийн цагаан өнгийн цамц болон дотуур нь өмссөн саарал өнгийн фудволк нь цус болчихсон байсан. Я эмнэлэгт дуудлага өгч байснаа би гарч шээчхээд ирье гэж гараад буцаж орж ирээгүй. Эмнэлэг ирэхгүй болохоор нь би ахиад эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн чинь очлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь Т би даараад байна хэвтье гэхээр нь гэрийн баруун талд байх орон дээр Тг хэвтүүлээд хөнжлөөр хучсан чинь эмнэлэг ирлээ гээд би гарч эмчийг гэрт оруулсан. Эмч үзээд Тг шарх нь гүнзгий биш байна гэхдээ эмнэлэг авч явж оёдол тавих хэрэгтэй гээд эмнэлэг рүү дагуулж явсан. Би өглөө 8 цагийн үед гэртээ байсан чинь манай найз Б манайд ирээд Шатын ам руу яваад ирье гэхээр нь хамт явсан. Орой уулнаас ирээд Б-ын гэрт хоночхоод маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирээд унтаж байсан чинь манай ээж гаднаас орж ирээд дараа нь гэр цэвэрлээд байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би эхнэр, охины хамт 2021 оны 05 дугаар сарын 18-ны орой 15 цагийн үед Даланзадгад сумаас Цогтцэций сум руу өөрийн машинтай явсан. Намайг хөдөө явахаас өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед Т Ятай хамт манайд ирсэн. Т, Я 2 манайд ирэхдээ эрүүл байсан. Т-д Цогтцэций сум явлаа чиний унаж байгаа машинаар хөдөө явмаар байна гэхээр нь намайг өөрийнхөө машинаар хөдөө явчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машинаар хөдөө явсан. Хөдөө явахдаа дэлгүүр орж ус, ундаа авах гэж “Цогтхан” дэлгүүр орсон чинь Б “Цогтхан” дэлгүүр дээр ирсэн. Манай охин Уранчимэгтэй уулзаад Т Б-гээс гар утас авсан гэнэ тэгээд 70.000 төгрөг өгчих гэсэн гээд Б-д 70.000 төгрөг өгчихлөө гэж хэлсэн. Бид нар Цогтцэций сум руу явсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед манай эхнэр Бу надад Т-г хүнд хутгалуулсан байна хурдан аймагт ир гэж эмнэлгээс хэллээ гэхээр нь хэн хутгалсан юм гэсэн чинь эхнэр нь хутгалсан гэж хэлсэн байна гэхээр нь би Я хутгалсан юм уу гэсэн чинь тийм гэж хэлсэн. Тэгээд хүнд байна хурдан ир гэж хэлүүлж байна гэж хэлсэн. Бид нар Цогтцэций сумаас гараад аймагт ирсэн чинь Т эмнэлэгт гэмтлийн тасагт хэвтэж байсан. Гэмтлийн тасагт орж Т-тэй уулзаж биеийн байдлыг нь асуухад аппарат хийлгэсэн одоо гайгүй гэж хэлсэн... Би Т-гээс асуухад Т надад хэлэхдээ би Я-ыг өглөө орж ирэхээр нь машин хаана байна гэж асуухад машинаа “Солонго” дэлгүүрийн хажууд тавьсан гэж хэлсэн. Машинаас болж маргалдаж байгаад Я намайг хутгалсан. Эхэндээ би тоглож байна гэж бодсон чинь миний цээжнээс цус гараад байхаар нь хутгалсан байна гэж мэдсэн гэж хэлсэн. Би эмнэлэг дээр Т-гийн хувцсыг нь солих гэж очоод шинэ хувцас өмсгөөд цустай өмсөж байсан хувцсыг нь аваад шатаачихсан. Бид нарт санал гомдол байхгүй. Я, Т-гийн эмчилгээний төлбөр гарах зардлыг бүгдийг төлж барагдуулна гэж хэлсэн. Т-гийн биеийн байдал одоо эдгэж байгаа, бид нар Яд буруу өгөхгүй байна, энэ бол нийгмийн буруу гэж бодож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/
Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 05 дугаар сарын 17-ноос хойш гэртээ байхгүй байж байгаад 2021 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед гэртээ ирсэн чинь манай хүү Б гэртээ ганцаараа унтаж байсан. Би буцаж гадуур явж байгаад гэртээ 11 цагийн үед ирсэн чинь Б унтаж байсан. Би гэрээ цэвэрлэж байхад цагдаагаас хүмүүс ирсэн. Б уг нь гэрийн өмнө талд байсан байшинд амьдардаг. Энэ өвөл байшинд халаалт байхгүй гээд надтай хамт гэрт өвөлжсөн. Одоо надтай хамт амьдарч байгаа... 2021 оны 05 дугаар сарын 20-ны өглөө З руу залгаад Б-гийн утас өчигдөр холбогдохгүй байна хаана байгааг нь мэдэх үү гэсэн чинь ууланд өчигдөр явсан байх гэж хэлсэн. З-гаас юу болсон талаар асуусан чинь өчигдөр Т гэх залуу танай гэрт байхдаа хутгалуулсан тэгээд түргэн дуудсан гэж хэлсэн. Манай гэрт 2 ширхэг бор иштэй хутга байдаг. Тэр хоёр хутганы нэгээр нь хутгалсан байх. Намайг өглөө гэрт ирэхэд нэг бор иштэй хутга нь хоолны шкаф нь дээр байсан. Нөгөө хутга нь хоолны шкафны дотор талд босоогоор нь аяганы ард тавьсан байсан. Би гэртээ ирээд шкафны дотор талд байсан босоо хутгыг авч мах хөшиглөж хоол хийсэн. Дараа нь цагдаа нар ирээд тэр хоёр хутгыг авч явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байхад орой 20 цагийн үед хашааны гадаа Т, Б, Ба гэх хүмүүс шуугилдаад байхаар нь би ........................ тоотод Б-гийн гэрт очиход Т, Б, Ба нар пиво уугаад сууж байсан. Би хамт Б-гийн гэрт пиво уусан. Орой 22-23 цагийн үед пиво дуусахаар нь би гэртээ харилаа гэсэн чинь Ба намайг хүргэж өгнө гээд надтай хамт манайх руу явсан. Намайг Ба манай гэрт хүргэж өгчхөөд Ба гэр рүүгээ явсан. Т Б нар Б-гийн гэрт үлдсэн. Маргааш өглөө нь 05 цаг өнгөрч байхад над руу Т залгаад Я Б-гийн гэрт хүрээд ирлээ тантай хамт байсан уу гэхээр нь би үгүй хамт байгаагүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 30-40 минутын дараа би Б-гийн гэрт очсон чинь Т баруун гараараа цээжнийхээ зүүн талд дарчихсан цаанаас нь цус гарч байсан. Би яасан юм бэ гэж асуусан чинь Я Т намайг эхэлж алгадаад байсан гэж хэлсэн. Тэгээд би Я-ыг хаана байсан юм бэ гэж асуусан чинь надад хэлээгүй. Яд түргэн дуудах хэрэгтэй гэж хэлсэн чинь Я түргэн дуудсан. Би Ятай хамт Б-гийн гэрээс нь гараад манай гэрийн гаднаас Ятай салаад гэр рүүгээ явсан... Т-гийн гадуур өмссөн цамц нь цус болчихсон байсан. Б гэрийн баруун орон дээр хэвтчихсэн энэ хоёр гэнэт маргалдаад ийм зүйл болчихлоо гэж хэлээд байж байсан. Гэрт цус гэх зүйл харагдаагүй. Намайг гэрт ороход Я би Т-г хутгалчихлаа гэхээр нь би битгий худлаа яриад бай гэж хэлсэн чинь Т-гийн цамцнаас цус гарсан байхаар нь итгээд Я-д яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Я хэлэхдээ Т Я-ыг алгадаж зодоод хэсэг маргалдаж байгаад Т хутга барьсан гэж хэлсэн. Я хутгыг нь булааж аваад дараа нь Т-г Я гэнэт хутгалсан байсан гэж хэлсэн... 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Я халамцуу байсан. Би Я-аас хаана архи уусан талаар асуухад надад хэлээгүй. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б баруун талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Я гэрийн зүүн талд Т-г зуураад би энэ хүнийг ийм болгочихлоо намайг Т алгадаж зодоод миний өөдөөс хутга барихаар нь би хутгыг нь булааж аваад ийм болгочихлоо гэж хэлж байсан. Т гэрийн зүүн талд Я-ын хойд талд нь буйдан дээр суугаад ёо дуу алдаад байсан. Би Б-д энэ хоёрыг салгахгүй яасан юм гэж эгчийн ёсоор хэлсэн чинь Б юм ойлгож байгаа шинжгүй архи уумаар байна гэж хэлэхээр нь би жоохон загнаж байгаад гэрээс гарсан. Би Я-д Б та хоёрыг хориогүй юм уу гэж асуусан чинь Я Б-г унтаж байсан гэж хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 54-55, 57 дахь тал/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Я нь миний төрсөн эгч байгаа юм, Т гэдэг нь манай эгч Ятай хамтран амьдардаг, гэхдээ сайн танихгүй, цөөхөн уулздаг юм. Д.Я ааш зан сайтай, хүнтэй их сайхан харьцдаг, хүнтэй муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Уг нь архи дарс хэрэглэдэг гэж мэдэгддэггүй байсан чинь сүүлийн үед архи уусан гэж сонсогдсон. Т-гийн хувьд сайн мэдэхгүй байна. Я эгч 5 хүүхэдтэй, 3 том хүүхэд нь тусдаа айл болсон, нэг хүүхэд нь аав бид хоёртой хамт амьдардаг, манай аав Б-с нь өөр дээрээ авч өсгөсөн юм, хамгийн бага хүүхэд нь өөр дээр нь амьдардаг. Миний хувьд байнга ийш тийшээ явж байдаг болохоор Я-ын хүү Бу-ийг харж хандах боломжгүй байна. Я-ын төрсөн хүүхдүүд нь ганцаараа амьдарцгаадаг болохоор хүүхдийг асран хамгаалаад явахад хэцүү л байх гэж бодож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Я миний төрсөн охин байгаа юм. Т гэдэг хүүхдийг бараг танихгүй, манай Ятай хамт амьдардаг л гэдэг манайхаар ч ирдэггүй, би ч тэднийхээр очиж байгаагүй. Д.Я нь миний 4 дэх хүүхэд байгаа юм, сүүлийн үед нөхрөөсөө салсан 5 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Хамгийн бага хүүхэд нь өөр дээр нь байгаа. Түүний дээд талын 14 настай хүү нь Б-саа над дээр өссөн одоо ч надтай хамт амьдардаг. Түүний дээд талын 3 хүүхэд нь тусдаа гэр бүл зохиогоод амьдарцгааж байгаа. Уг нь Я гайгүй л ааш зантай байдаг байсан, сүүлийн үед энэ Т гэдэг хүнтэй ханилснаас хойш жаахан архи дарс уудаг болсон сураг сонсогдоод байх болсон, гэхдээ над дээр согтуу ирж байгаагүй. Т гэдэг хүнтэй нь би огт уулзаж байгаагүй, мэдэхгүй. Я-ын хүү Бу-ийн эцэг нь тусдаа амьдралтай гэсэн, хэрэв шаардлагатай бол би авч өсгөх бололцоотой. Надтай хамт Я-ын төрсөн дүү Баярсайхан амьдардаг.” /1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/
Шүүгдэгч Д.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Т-тэй 2020 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа хүүхэд төрүүлээгүй. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед би Нисэхийн 12-13 тоотод байх гэрээсээ ганцаараа явж ........................ тоотод байрлах Б-гийн гэх айлд очсон. Тухайн үед манай нөхөр Т тэнд хоносон гэхээр нь би Т-г тэнд хоносон эсэхийг шалгаж үзэх гэж очсон юм. Намайг тэнд очиход тэр айлд Б унтаж байсан. Т бас унтаж байсан. Намайг орж очиход Т сэрсэн. Намайг хаагуур тэнээд байгаа юм гээд хоорондоо маргалдсан. Тэгж байхдаа Т намайг 2 удаа алгадаж аваад гэрийн зүүн талд байсан буйдан ор руу түлхэж унагасан. Намайг загнаж байгаад хоолны шкаф нь дээрээс нэг хутга авч бариад чамайг нэг мөсөн алчихъя гэж яриад хутгаа далайж байгаад тэр үедээ тайвшраад хутгаа шкаф нь дээр ил тавьчхаад надтай муудалцахаа больсон. Тэгж байгаад би тэнд ил байсан махаар нь хоол хийх санаатай хутгыг нь бариад шкафны хажууд цаашаа хараад зогсож байхад Т араас чи ер хаана хоносноо хэлэхгүй байна гээд элдэв юм яриад байхаар нь би намайг цохиод авах нь гэж бодоод эргэж хараад гартаа хутга барьснаа мартаад хутгатай гараараа Т-гийн зүүн талын цээж рүү нь гараараа түлхлээ гэж бодоод түлхчихсэн чинь гартаа барьсан байсан хутгаар Т-гийн зүүн талын цээж рүү цохичихсон. Тэр үед би хутгаар дүрсэн гэж мэдээгүй байсан. Тэгж байсан чинь Т-гийн цээжнээс цус гарсан. Тэгэхэд Т наад хутганд чинь би дүрэгдчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цамцыг нь сөхөөд харсан чинь цус гарсан байхаар нь арччихсан чинь цус нь тогтсон. Би өөрийнхөө утсаар эмнэлгийн 7053103 дугаар руу дуудлага өгсөн. Би тэнд байхдаа найз А руу залгаад Т бид хоёр нэг асуудалтай болчихлоо санамсаргүй байдлаас болоод гэж хэлсэн чинь А удалгүй ирсэн. Би Бг унтаад байхаар нь дуудаж сэрээсэн. Тэгээд А бид хоёр жаахан байж байгаад хамтдаа гарч яваад А гэр рүүгээ харилаа гээд явсан, би аавындаа очихоор явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал/
Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эхнэр Ятай 2021 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед ........................ тоот хашаанд Б-гийн гэрт байхдаа эхнэрийг өөр газар хоноод машин аваад явчихсан болохоор нь уурлаж хэрэлдсэн. Тэгж байхдаа би Я-ын хацар руу 2 удаа алгадаж авсан. Тэгээд ор руу түлхэж суулгасан. Тэгээд бас айлгах санаатай хутга бариад Я руу далайгаад буцаагаад хутгаа шкаф нь дээр тавьчхаад эхнэртэйгээ муудалцахаа болиод байж байсан. Тэгэхэд Я хөргөгчөөс нь мах аваад хутгаар хэрчих гэж байгаа бололтой цаашаа хараад зогсож байхаар нь би араас нь очоод чи гэртээ хоносон юм уу гэж асуугаад татсан чинь Я огцом эргэж над руу хараад цээж рүү түлхэх шиг болсон. Тэгэхээр нь би дахиж юм яриагүй гэнэт миний цээжний хавьд халуу оргиод эхэлсэн. Тэгэхээр нь харсан чинь цээжнээс цус гарчихсан байсан. Я сандраад түргэн рүү залгаж дуудлага өгсөн. Түүнээс хойш бид хоёр муудалцаагүй... Д.Я-ын биед учирсан гэмтлүүд 05 дугаар сарын 19-ний өглөө Яд бид хоёр муудалцаад би Я-ыг алгадаад ор руу түлхэж унагаж байхад учирсан гэмтлүүд байх гэж бодож байна, түүнээс өөрөөр гэмтэл учрахаар зүйл болоогүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Я-ын биед зүүн бугалга, баруун, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Д.Я-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Я-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Т-гийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Д.Т-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Д.Т-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2724 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн Хутга №1 дээрээс цус илрээгүй. Хутга №2 дээрээс цус илэрсэн. Уг цус нь нэг эрэгтэй хүнийх байна. Д.Т, Д.Я-ын гэх хуруу шилтэй шингэн цус, хутга №2 дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хутга №2 дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Д.Тгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хутга №2 дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Д.Я-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 78-82 дахь таль/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутга нь дээрээс гарын мөр илэрсэнгүй. Уг 2 ширхэг хутга нь дээрээс гарын мөр илрээгүй учир дээрх асуултанд хариулах боломжгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 87-91 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “2021.05.19-ний өдрийн Өмнөговь аймгийн БОЭТ-н Өвчний түүх №2636/223-т цээжний зүүн талд 3-4 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэлтэй гэж бичигджээ. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний 308 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд дурдагдсан байна. 2021.05.19-ний өдрийн Өмнөговь аймгийн БОЭТ-н Өвчний түүх №2636/223-т Шинжээч эмчийн 308 дугаартай дүгнэлтэд дурдагдаагүй гэмтэл тогтоогдсонгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31/21 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “Д.Я нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Д.Я нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.Я нь хэрэг хариуцах чадвартай.” /1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал/
Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо, эмчилгээний төвийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1386 дугаартай яаралтай тусламжийн хуудас, 1360 дугаартай яаралтай тусламжийн дуудлагын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дахь тал/
Өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 114-131 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 143, 144 дэх тал/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 146-155, 158, 162-163, 182-184, 210-211, 213-219, 228-241 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Я-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Д.Т-гийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй талаар, шүүгдэгч Д.Я-ын өмгөөлөгч Ц.Баярмаа, И.Оюунгэрэл нарын зүгээс шүүгдэгч Д.Я-ыг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас өөрийн биеэ хамгаалах зорилгоор болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх дүгнэлтийг тус тус гаргасан бол шүүгдэгч Д.Я-ын хувьд хохирогчид болгоомжгүй байдлаар хохирол учруулсан, шүүгдэгч Д.Т үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Я, Д.Т нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Я нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн ........................ тоотод хамтран амьдрагч Д.Т-гийн “гадуур тэнэлээ” гэх үгийг эсэргүүцэж, улмаар марган, хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... би гэрийн зүүн талд байх түшлэгтэй 2 ширхэг буйдан дээр унтаж байсан чинь өглөө 5 цаг өнгөрч байх үед Я гаднаас согтуу ганцаараа орж ирээд миний хажууд утсаар ярьж байсан. Би хаагуур яваад ирэв, хэнтэй ууж идэв гэсэн чинь Я над руу х.., м... гэж хэлээд надтай хэрүүл хийгээд байсан. Б-г п... минь бос гэж хэлээд Я хамар руу нь гараараа цохих шиг болсон. Б-гийн хамраас цус гарсан харагдсан. Дараа нь над руу ширээн дээр байсан ус буцалгагч аваад шидсэн. Миний нүүр болон биеийг самардаад байхаар нь боль гэж хэлээд буйдан руу түлхэж суулгаад 2 мөрөөс нь дарсан. Тэгээд гайгүй болохоор нь гараа авсан чинь Я Мэндээ гэх хүнтэй архи уусан, хамт явъя очиж архи ууя гэхээр нь би хамт явахгүй одоо архиа боль гэж хэлсэн. Би гэрийн зүүн талын баганын хажууд зогсож байсан чинь Я түшлэгтэй буйдан дээр сууж байснаа миний хажууд ирээд зогссон. Тэгээд харсан чинь Я-ын баруун гарт бор иштэй хутга харагдсан. Би Б-гээс тамхи аваад асааж байсан чинь Я баруун гараараа миний цээж рүү хүрээд авах шиг болсон. Би хойшоо алхсан чинь нойтон болсон цээж рүүгээ харсан чинь цус гараад байсан. Яд чи намайг дүрчихлээ гэсэн чинь худлаа яриад бай гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 26-28, 30, 37 дахь тал/,
Мөн хохирогч 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед би Я-ыг машин унаад хаагуур хоноод тэнээд яваад байгаа юм бэ гэж хэлж уурлаад бид хоёр муудалцаж байсан. ...Тэгж байснаа Я босч миний хажууд баруун гар талд зогсож байсан. Тэгэхэд Б согтоод тасарчихсан бололтой гэрийнхээ зүүн хойд хэсэгт надаас 2 метр орчим зайтай газарт завилаад суучихсан унтаад байх шиг байсан. Би Б-г дуудаж тамхи авч асаачхаад эргээд Я руу харсан чинь Я миний цээжний зүүн дээд хэсэгт гараараа хүрээд авах шиг болсон. Тэгсэн чинь миний цамцнаас цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь би Я-ын гарыг харсан чинь баруун гартаа хүрэн модон иштэй хутга барьчихсан зогсож байсан. Чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь Я өнгөцхөн л байна шүү дээ сүртэй юм гэж хэлсэн. Би хойшоо 2 алхаад намайг орон дээр хэвтүүлээд өг гэсэн чинь Я намайг орон дээр хэвтүүлсэн. Би түргэн дуудаач гэсэн чинь Я өөрийнхөө утсаар түргэн рүү залгаж дуудлага өгсөн. Тэгж байснаа гадаа гараад явчихсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/,
Гэрч Ц.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би 06 цаг 34 минутад дуудлага тэмдэглэж аваад шууд уг хаяг дээр очиход хашаанаас нэг өндөр бор залуу гарч ирээд байшингийн ард талд байх гэр рүү дагуулж ороход 30 гаруй насны согтуу эрэгтэй гэрийн баруун талын орон дээр цээж болон цагаан өнгийн пудволк нь цус болчихсон байхаар нь цамцыг нь сөхөж үзэхэд цээжний зүүн талын 5 болон 6 дугаар хавирганы дундуур 1 см хүрэхгүй үгүйтэй шархтай, цус бага хэмжээгээр алдаж байсан. Би тухайн үед яаралтай эмнэлэг рүү авч яваад багажны шинжилгээ буюу рентгенд харахад зүүн уушгинд гэмтэл байсан. Би юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан. Тэгээд яаралтай шингэн залгаж, цус тогтоож, өвчин намдаах гэх зэргээр эмчилгээ хийж шарханд нь оёдол тавиад дуудлага хэн өгсөн юм гэсэн чинь манай эхнэр өгсөн гэж хэлсэн. Би эхнэр рүү нь залгаж хаана байгаа юм бэ? эмнэлэг дээр яаралтай ир хэн хутгалчихсан юм бэ? гэсэн чинь яадаг юм би хутгалчихсан юм, би очиж чадахгүй, гэрийнхэн рүү нь залга гээд утсаа тасалчихсан. Дахин залгахад утсаа аваагүй. Тэгээд би уг хутгалуулсан Т гэх залуугаас юу болсон талаар дахин асуухад манай эхнэр хутгалчхаад зугтаагаад явчихсан гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Гэрч Х.Б-гийн “...гэнэт Т Я над руу шаачлаа гэж хэлсэн. Би босоод ирсэн чинь Т-гийн цагаан өнгийн цамц болон дотуур нь өмссөн саарал өнгийн фудволк нь цус болчихсон байсан. Я эмнэлэгт дуудлага өгч байснаа би гарч шээчхээд ирье гэж гараад буцаж орж ирээгүй. Эмнэлэг ирэхгүй болохоор нь би ахиад эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн чинь очлоо гэж хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Гэрч Х.Д-ы “Маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед манай эхнэр Бу надад Т-г хүнд хутгалуулсан байна хурдан аймагт ир гэж эмнэлгээс хэллээ гэхээр нь хэн хутгалсан юм гэсэн чинь эхнэр нь хутгалсан гэж хэлсэн байна гэхээр нь би Я хутгалсан юм уу гэсэн чинь тийм гэж хэлсэн... Би Т-гээс асуухад Т надад хэлэхдээ би Я-ыг өглөө орж ирэхээр нь машин хаана байна гэж асуухад машинаа “Солонго” дэлгүүрийн хажууд тавьсан гэж хэлсэн. Машинаас болж маргалдаж байгаад Я намайг хутгалсан. Эхэндээ би тоглож байна гэж бодсон чинь миний цээжнээс цус гараад байхаар нь хутгалсан байна гэж мэдсэн гэж хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
Гэрч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “З-гаас юу болсон талаар асуусан чинь өчигдөр Т гэх залуу танай гэрт байхдаа хутгалуулсан тэгээд түргэн дуудсан гэж хэлсэн. Манай гэрт 2 ширхэг бор иштэй хутга байдаг. Тэр хоёр хутганы нэгээр нь хутгалсан байх. Намайг өглөө гэрт ирэхэд нэг бор иштэй хутга нь хоолны шкаф нь дээр байсан. Нөгөө хутга нь хоолны шкафны дотор талд босоогоор нь аяганы ард тавьсан байсан. Би гэртээ ирээд шкафны дотор талд байсан босоо хутгыг авч мах хөшиглөж хоол хийсэн. Дараа нь цагдаа нар ирээд тэр хоёр хутгыг авч явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/,
Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “30-40 минутын дараа би Б-гийн гэрт очсон чинь Т баруун гараараа цээжнийхээ зүүн талд дарчихсан цаанаас нь цус гарч байсан. ...Намайг гэрт ороход Я би Т-г хутгалчихлаа гэхээр нь би битгий худлаа яриад бай гэж хэлсэн чинь Т-гийн цамцнаас цус гарсан байхаар нь итгээд Яд яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Я хэлэхдээ Т Я-ыг алгадаж зодоод хэсэг маргалдаж байгаад Т хутга барьсан гэж хэлсэн. Я хутгыг нь булааж аваад дараа нь Т-г Я гэнэт хутгалсан байсан гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 54-55, 57 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаартай Т-гийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2724 дугаартай хутга №2 дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Д.Т-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31/21 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн ........................ тоотод хамтран амьдрагч Д.Я-тай “гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар марган, улмаар түүнийг гараар алгадах, хөлөөр өшиглөх, буйдан руу түлхэх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, баруун, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т намайг эхлээд хэл амаар доромжилж нүүр рүү алгадаж, хөл гар руу цохисон. ...Тухайн хэрэг болох үед Т намайг буйдан руу түлхэж унагаасан, бас хацар руу алгадаж, гар, хөл рүү цохиод гэмтэл учирсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34, 41 дэх тал/,
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...өглөө 06 цагийн үед Я согтуу ганцаараа манай гэрт орж ирээд Т-тэй маргалдаад байсан. Дараа нь намайг бос п... минь гэхээр нь би унтаад байсан чинь Я миний хамар руу цохиод хамраас цус гаргачихсан. Би хамрын цусаа гоожуулаад унтаж байсан чинь Я авраарай Т намайг зодох гээд байна гээд гэрээр нэг хашхирч орилоод байсан. Тэгсэн чинь Т Я-ыг түлхэж нүүр рүү нь ганц нэг цохиж байгаа бололтой байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би яасан юм бэ гэж асуусан чинь Я Т намайг эхэлж алгадаад байсан гэж хэлсэн... Я хэлэхдээ Т Я-ыг алгадаж зодоод хэсэг маргалдаж байгаад Т хутга барьсан гэж хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 309 дугаартай Д.Я-ын биед зүүн бугалга, баруун, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Иргэдийн төлөөлөгч Н.Э гэм буруугийн саналдаа: Я, Т нар нь архи ууж хэл амаар нэг нэгнийгээ доромжилж, уг хэрэг үйлдэгдсэн, Я нь Т-гийн биед хүнд гэмтэл учруулсан, Т нь Я-ын биед хөнгөн гэмтэл учруулсан тул хэн хэнийх нь буруутай гэж үзлээ гэх дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтад тулгуурлаж гаргасан эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба шүүгдэгч Д.Я нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.
Иймд хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч Д.Я-ыг зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Я болон түүний өмгөөлөгч нарын зүгээс энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэх дүгнэлтийг гаргасан ба хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон туршилтын ажиллагааны үйл явц зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Д.Я нь хохирогч Д.Т-тэй маргалдан улмаар зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж буй үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хутга хэрэглэн бусдын эрх чөлөөнд халдах нь хууль бус гэдгийг ухамсарлаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврыг зориуд бий болгосон төдийгүй өөрийн үйлдлээ ухамсарлаж үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.Я-ын туршилт хийх тухай хүсэлтийг хангаж шүүхийн хэлэлцүүлгээр туршилтын ажиллагааг явуулсан ба шүүгдэгч Д.Я нь хохирогч Д.Т эхэлж намайг цохиж зодчихоод шкафны тавиур дээр байсан хутгыг авч над руу чичлээд байхаар нь түүнийг тайвшруулан хутгыг буцаагаад тавиулж, улмаар хутгыг нуухаар шкафнаас авах үед /баруун гарын мөр, цээж хэсгийнхээ өмнө ишнээс үзүүрийг нь гадагш чиглэлтэй барьсан/ Д.Т над руу дахиж дайрч, давшлаад өөр рүүгээ татаж дугтчиж байгаад хутганд өртсөн байсан гэх ба мөн хохирогч Д.Т би одоо л зарим үйлдлээ санаж байна, тухайн үед бор иштэй хутга нь шкафанд байсныг авч Д.Я руу чичиж байгаад буцаагаад шүүгээний тавиур дээр тавьсан байсан гэж тус тус мэдүүлж болсон үйл явдлыг үйлдлээрээ харуулсан болно.
Хэдийгээр шүүгдэгч Д.Я нь хохирогч Д.Т-д хүнд гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэх боловч хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “Я-ын баруун гарт бор иштэй хутга харагдсан. Би Б-гийн тамхинаас аваад асааж байсан чинь Я баруун гараараа миний цээж рүү хүрээд авах шиг болсон. Би хойшоо алхсан чинь нойтон болсон цээж рүүгээ харсан чинь цус гараад байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 26-28, 30, 37, 39 дэх тал/ гэх мэдүүлгийг удаа дараа тогтвортой мэдүүлснийг олж авсан эх сурвалжаа заасан гэрч Х.Б-гийн “Т Я над руу шаачлаа гэж хэлсэн. Би босоод ирсэн чинь Т-гийн цагаан өнгийн цамц болон дотуур нь өмссөн саарал өнгийн фудволк нь цус болчихсон байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/, гэрч Х.Д-ы “Би Т-гээс асуухад Т надад хэлэхдээ би Я-ыг өглөө орж ирэхээр нь машин хаана байна гэж асуухад машинаа “Солонго” дэлгүүрийн хажууд тавьсан гэж хэлсэн. Машинаас болж маргалдаж байгаад Я намайг хутгалсан. Эхэндээ би тоглож байна гэж бодсон чинь миний цээжнээс цус гараад байхаар нь хутгалсан байна гэж мэдсэн” /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/, гэрч /эмч/ Ц.Р-ийн “...Би эхнэр рүү нь залгаж хаана байгаа юм бэ? эмнэлэг дээр яаралтай хүрээд ир, хэн хутгалчихсан юм бэ? гэсэн чинь яадаг юм би хутгалчихсан юм, би очиж чадахгүй, гэрийнхэн рүү нь залга гээд утсаа тасалчихсан /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/ гэх мэдүүлгүүд давхар нотолсон ба эдгээр мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Д.Я нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэж мэдүүлж байгаа ч шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг мэдүүлэг дангаараа түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэж гэж дүгнэн яллах үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч Д.Я-ын зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь зэвсэг хэрэглэсэн /хутга барьсан/ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгохоор хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүйгээр гэмт хэрэг гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Я-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, шүүгдэгч Д.Т-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч, хохирогч нар гэрлэлтээ албан ёсоор холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй ч нэг гэрт амьдарч байсан нь тэдний мэдүүлгүүдээр тогтоогдсон тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болохоор байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Т, Д.Я нар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас гадуур тэнэлээ гэх шалтгаанаас болж зодсон нь тогтоогдсон ба хэн алиныг нь дээрх гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрээр байнга үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Я, Д.Т нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Я-ын хутга хэрэглэн хохирогч Д.Т-гийн биед цээжинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч Д.Т-гийн хохирогч Д.Я-ын биед зүүн бугалга, баруун, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Я, Д.Т нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Я нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31/21 дугаартай /1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал/ тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Д.Я-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Т-гийн биед цээжинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Т-д ор хоногийн төлбөрт 408,673 төгрөг, аппаратын төлбөрт 240,000 төгрөг, шүүхийн шатанд 60,000 төгрөг, нийт 708,673 төгрөг төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан хохирол төлбөр төлсөн баримт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба хохирогчийн зүгээс хүнд гэмтэл бүрэн эдгэрсэн учир цаашид эмчилгээний төлбөрийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Я-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Я-ын биед зүүн бугалга, баруун, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Т-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн хувьд улсын яллагч шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Я-ын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийг өршөөн хасаж, үлдэх хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Т-гийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Т-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг тус тус гаргасан бол шүүгдэгч нар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгч Д.Т-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Я-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Я-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж үзлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Я нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Мөн шүүгдэгч Д.Т-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй гэж үзлээ.
Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, уг зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж тус тус заасан байна.
Шүүх 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 232 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд ял оногдуулахгүйгээр түүнд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь илүү ашигтай гэж үзэв.
Шүүгдэгч Д.Т 2021 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах гэмт хэргээр шүүхээс торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч шүүхээс оногдуулсан дээрх ялыг эдэлсэн болох нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1114 дугаартай албан бичгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Д.Я-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих оногдуулж шийдвэрлэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ...гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, шүүгдэгч Д.Я-ын биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Я-ын анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахаар заасан бөгөөд ингэхдээ уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлагыг давхар хангасан байх учиртай.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялын дээд хэмжээнээс шалтгаалан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр байна.
Шүүгдэгч Д.Я-ын хувьд хохирогч Д.Т-д учруулсан гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргасан тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй тул дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.Я, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Я хохирогч Д.Т-д 708,673 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн модон бариултай, бариулын урт нь 10 см, ижил хэмжээний 22 см-ийн урттай 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Я-д хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүний бага насны хүүхэд болох 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Я.Бу, 2008 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Я.Өлзийжаргал нарыг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Мөн Монгол Улсын иргэнийх нь хувьд Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг нь шүүх зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэн орон байрны халдашгүй байдлыг нь хангах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-ын өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Их-Уулын 12-18 тоотод тоотод байрлах газар, орон байр болох 5 ханатай гэр, түүний доторх тавилга, эд хөрөнгийг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хариуцвал зохих этгээдэд хариуцуулах ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё овогт Д-ы Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овогт Д-ын Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Яд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Я-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, шүүгдэгч Д.Я-ын биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-ын бага насны хүүхэд болох 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Я.Бу, 2008 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Я.Өлзийжаргал нарыг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн модон бариултай, бариулын урт нь 10 см, ижил хэмжээний 22 см-ийн урттай 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Д.Я, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Я хохирогч Д.Т-д 708673 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-ын өмчлөлийн Өмнөговь аймаг Даланзадгад сум Их-Уулын 12-18 тоотод байрлах газар, орон байр болох 5 ханатай гэр, түүний доторх тавилга, эд хөрөнгийг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хариуцвал зохих этгээдэд хариуцуулах ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Я-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Г.МӨНХБАТ