| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0125/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/134 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/134
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Г.Э,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Эд холбогдох 212800000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Г.Э нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутаг “Хайрханы шинэ бууц” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн charmink бичигтэй ява маркийн мотоцикль ашиглан вепр маркийн /гол төмрийн дугаар 1995554367/ буугаар ховор амьтан болох хар сүүлтий 1 ширхэг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаж амьтны аймагт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Эг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Зээр агнасан. Гэрийнхээ араас агнасан байсан юм. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан.
Хохирогч Т.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хар сүүлт зээр нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан нэн ховор болон ховор амьтны жагсаалт болон амьтны Улаан номонд орсноор Монгол улсын ховор амьтанд багтдаг юм. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор батлагдсан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр хар сүүлт зээрийн эр нь 1.700.000 төгрөг, эм нь 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Иргэн аж ахуй нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаль орчин уур амьсгалын санд оруулна гэж заасан байдаг бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсгийн 2-д зааснаар Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг ноогдуулна гэж заасан байдаг юм. Иймд хууль бусаар агнагдсан 1 хар сүүлт зээр нь эр байх юм бол экологи эдийн засгийн үнэлгээг буюу 1.700.000 төгрөгийг 2 дахин нэмж тооцно. Харин эм байх юм бол 2.000.000 төгрөгийг мөн 2 дахин нэмэгдүүлэн тооцож нэхэмжлэл гаргана. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нийт газар нутагт Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байддаггүй. Би хэргийн материалтай танилцахад яллагдагч Г.Э нь эр, хар сүүлт зээр алсан гэж мэдүүлсэн байна. Иймд манай байгууллага иргэн Г.Эгээс Байгаль орчны тухай хуульд заасны дагуу 3.400.000 төгрөгний хохирлыг Төрийн сангийн байгаль хамгаалах санд төлүүлж хохиролгүй болгох талаар нэхэмжилж байна. /хх-ийн 32-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хариуцсан газар нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Булган, Ханхонгор, Хүрмэн зэрэг сумдын нутаг дэвсгэрт байрладаг. Мөн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулдаг. Тухайн хамгаалалтын захиргааны хариуцсан талбай нь Ханбогд сум болон Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын нутагт байрладаг. Монгол улсын засгийн газрын тогтоолоор хар сүүлт буюу иргэдийн хэллэгээр бор зээрийг Монгол улсын ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Тиймээс хар сүүлт буюу бор зээр нь Монгол улсын ховор амьтан юм. Тухайн амьтныг зөвшөөрөлгүй агнахыг хуулиар хориглосон байдаг. Ховор амьтны жагсаалтад хар сүүлтийг хар сүүлтий гэж бичиж тэмдэглэсэн байдаг. Харин иргэд хар сүүлтийг хар сүүлт болон бор зээр, бор гөрөөс гэх зэргээр хэлж заншсан. /хх-ийн 39-40-р хуудас/
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдөр манай аав нас барсан юм, Тэгээд 49 хоногийн дараагаар хоног хураахаар очиход манай ээж Дондогмаа надад энэ бууг өгсөн юм. Энэ буу аавын чинь буу байгаа гэж хэлээд өгсөн юм. Тухайн бууг надад гэрчилгээтэй өгсөн би бичиг үсэг мэдэхгүй учраас буу хэний нэр дээр байдаг талаар мэдэхгүй байна. Манай аавыг Мөнхбаяр гэдэг хүн байсан. Манай ээжийг Ө.Дондогмаа гэдэг юм. Энэ бууг яаж олж авсан талаар мэдээгүй, Намайг бага байхад аавд ийм буу байдаггүй байсан бөгөөд би ээж, ааваасаа тусдаа өссөн болохоор мэдэхгүй байна. Тухайн үед мөнгөний хэрэгцээ гарсан байсан бөгөөд энэ үед Э манай гэрт ирж миний бууг үзчихээд зарчих гэхээр нь зарчихсан юм. /хх-ийн 42-р хуудас/
Гэрч Ө.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ганзориг хөдөө мал аж ахуй дээр байдаг болохоор нь би хамгийн бага Ганзоригт аавынх нь хэрэглэж байсан галт зэвсэг буюу тэр бууг хэрэглэж яв гээд өгсөн юм. Манай талийгаач Мөнхбаяр нэг сум ороод ирэхдээ нэг буу аваад ирсэн байсан. Хаанаас яаж хэнээс ямар байдлаар авсныг мэдэхгүй. Галт зэвсгийн гэрчилгээ зэргийг надад үзүүлж байгаагүй. Би хүүдээ ганц буу л өгсөн. /хх-ийн 45-р хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай Өмнөговь аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн гуя, хаа, нуруу нь шинжилгээнд тэнцэв. Шинжилгээнд ирүүлсэн гуя, хаа, нуруу нь амьтан /хар сүүлт зээр/-ны мах мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн гуя, хаа, нуруунд насыг тодорхойлох боломжгүй. а) Шинжилгээнд ирүүлсэн гуя, хаа, нуруунд хүйсийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1 гуяны хэсэг газар галт зэвсгийн сумны ул мөр үлдсэн. /хх-ийн 56-р хуудас/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 418 дугаартай charmink мотоцикль үнэлгээгээр тогтоосон дүн: 100.000 төгрөг гэжээ.” /хх-ийн 59-р хуудас/
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. Бага насаа хөдөө аав, ээжийн гар дээр өнгөрөөгөөд 1993 онд Өмнөговь аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд сурч 7-р анги төгсөөд 2000 онд сургуулиас гарч Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутагт аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 2003-2004 онд Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядад хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Даланзадгад сумын төвд амьдарч байгаад 2008 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд малчин болохоор хөдөө гарсан юм. Үүнээс хойш хөдөө мал маллаж амьдарч байгаа юм. Би Мандал-Овоо сумын Баянхошуу багийн иргэн Р.Нандинцэцэгтэй 2008 онд гэр бүл болж 2007 онд том хүү Э.Давагдорж, 2011 онд Э.Даваажаргал, 2012 онд Э.Даваабаатар, 2019 онд Э.Дорждавга нар тус тус төрсөн юм. Манай эхнэр одоогийн байдлаар Даланзадгад сумын төвд хүүхдүүдээ хараад амьдардаг миний бие хөдөө мал дээрээ ганцаараа амьдардаг юм. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн. /хх-ийн 50-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/
Эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/
Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-р хуудас/
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1-204 дугаартай тодорхойлолт /хх-ийн 65-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66-р хуудас/
Бууны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 68-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 88-р хуудас/
Малын тоо толгойн тодорхойлолт /хх-ийн 90-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны аймагт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилжээ.
Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд: хар сүүлтий эр 1.700.000 төгрөг гэх тул шүүгдэгч Г.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас амьтны аймагт учирсан шууд хохирлыг 1.700.000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч Г.Э нь амьтны аймагт учруулсан шууд хохирлоо нөхөн төлөхдөө дээрх хуульд заасны дагуу 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах үүрэгтэй юм.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутаг “Хайрханы шинэ бууц” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн charmink бичигтэй ява маркийн мотоцикль ашиглан вепр маркийн /гол төмрийн дугаар 1995554367/ буугаар ховор амьтан болох хар сүүлтий 1 ширхэг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаж амьтны аймагт 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Эгийн буудаж агнасан амьтан нь хар сүүлтий буюу ховор амьтан мөн болох нь: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай Өмнөговь аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн гуя, хаа, нуруу нь шинжилгээнд тэнцэв. Шинжилгээнд ирүүлсэн гуя, хаа, нуруу нь амьтан /хар сүүлт зээр/-ны мах мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн гуя, хаа, нуруунд насыг тодорхойлох боломжгүй. а) Шинжилгээнд ирүүлсэн гуя, хаа, нуруунд хүйсийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1 гуяны хэсэг газар галт зэвсгийн сумны ул мөр үлдсэн. /хх-ийн 56-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Эгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 3.400.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Э нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн хохирол төлбөр төлсөн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 340 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Эгийн хувийн байдал нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1-204 дугаартай тодорхойлолтод: Г.Э нь тус багийн харъяат иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 65-р хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Бүртгэгдээгүй” /хх-ийн 69-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч Г.Эгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Прокурор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар галт зэвсэг өмчлөх эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд гаргав.
Иймд шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 ширхэг сум, буу 1 ширхэгийг тус тус Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7850 грамм зээрийн махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикль 1 ширхэгийг худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, Байгаль хамгаалах сан /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.П/-д 3.400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Г.Эд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 ширхэг сум, буу 1 ширхэгийг тс тус Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7850 грамм зээрийн махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикль 1 ширхэгийг худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, Байгаль хамгаалах сан /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.П/-д 3.400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА