| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0127/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/136 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/136
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Э.Ц,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Э-ийн Ц-д холбогдох 2128000000152 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр баг ................... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Н-н толгойн тус газарт нь заазуураар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Ц-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Б, Н хоёртой Манлай сумаас ирээд уулзсан. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсноос болж Н-н биед хохирол учруулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний орой манай найз Б намайг гэрээс ирж авсан. Бид хоёр гадуур явж байгаад найз Б-ын гэрт ирж 1 шил 0,75 граммын “Ерөөл” архи уугаад унтсан. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би 2 лааз пиво авч уусан. Тэгээд өдөр нэлээд унтаж байгаад сэрэхэд Б-ын найз гэх нэг залуу хүрээд ирсэн байсан. Б найздаа 1 шил архи гаргаж өгсөн. Тэр архийг нь бид гурав хувааж уусан. Тухайн архи нь 0,75 граммын “Хараа” архи байсан. Бид гурав архи ууж дуусчхаад Б-ын гэрийн зүүн талын орон дээр утсаараа дуу сонсоод хэвтэж байхад Бямбадоржийн найз өөрийгөө Ц гэж танилцуулсан залуу миний толгойг заазуураар нэг удаа заазуурдсан. Түүнээс болоод миний толгойноос их хэмжээний цус гоожсон. Миний толгойноос цус их гараад байхаар нь би түргэн дуудсан чинь түргэн тусламжийн машин ирээд намайг авч яваад эмнэлэг дээр очоод 4 оёдол тавьсан... Эмчилгээнд гарсан зардлуудаа нэхэмжилнэ... Ц-тай хоорондоо ярилцаж байгаад надад 500,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 13, 16 дахь тал/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н руу утсаар яриад бид хоёр гэрт архи уусан. Тэр өдрөө архи уугаад Н манайд хамт гэрт хоносон. Маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Ц утсаар ярихдаа Манлай сумаас сая ирлээ чи хаана байна гээд ярьсан. Би Н-тай хамт яваад Дундсайханы “Солонго” дэлгүүрийн хавьд Ц-тай уулзчихаад урагшаа яваад Зүүнсайханы “Хүрмэн” дэлгүүрийн тэндээс Б-ыг бас аваад бид дөрөв манай гэр рүү ирсэн. Гэр рүү ирэх замдаа “Ерөөл” нэртэй 0,75 граммын 2 шил архи аваад манай гэрт ирж бид хэд 1 шил архийг нь уучхаад Намайх гэрт үлдээд Ц, Б бид гурав Дундсайханы хаягийг нь мэдэхгүй Ц хүнтэй уулзах гээд нэг айлын хашаанд очсон. Ц уулзах хүнтэйгээ уулзчихаад, гэртээ ирээд унтаж байгаад орой 21 цагийн үед сэргээд Ц руу залгаад миний утсыг аваад ир гэж хэлсэн. Удалгүй Ц хүрээд ирсэн. Тэгэхээр нь Ц бид хоёр ярьж байгаад ахиад нэг шил архи уух уу? яах уу? гэж байгаад нэг шил архи дэлгүүрээс аваад тэр архийг гурвуулаа юм ярингаа хувааж уугаад байж байсан. Тэгсэн Н хүнтэй видео калл хийгээд байсан. Тэгсэн тэр хүн нь Н руу чи ямар хог шааруудтайгаа нийлчихсэн юм гээд харъя гэхэд нь Н видео калл хийж байснаа бид хэдийг харуулсан чинь Ц нэлээн халамцуу гэрийн хойморь хэсэгт хэвтэж байхдаа над руу чи бид хоёр хог шаар болсон юм байна даа гэж хэлж байсан. Н хийж байсан видео калл аа тасдсан. Тэгсэн гэнэт Ц Н руу босож очоод заамдаад авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгангуут л Ц тавагтай махан дээр байсан заазуурыг барьж аваад Н-гийн толгойн баруун дээд хэсэгт заазуураар зүссэн. Тэгэнгүүт нь Цас заазуурыг нь аваад дэвсгэр доогуур хийсэн. Тэр үед Н эмнэлэг дуудаарай толгойноос цус гараад байна гэж хэлсэн. Би эмнэлэг дуудах гэсэн дугаарыг нь мэддэггүй, тэгсэн Н эмнэлэг рүү өөрөө ярьж дуудлага өгсөн. Удалгүй эмнэлэг ирээд Н-г аваад явсан. Араас нь цагдаагийн машин ирээд Ц бид хоёрыг авч Цагдаагийн газар дээр ирсэн.” /хавтаст хэргийн 22 дахь тал/
Шүүгдэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Манлай сумаас аймгийн төвд ирээд өөрийн хамаатны эгч болох Эрдэнэтуяагийнд очиж хоноод маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагийн орчимд манай найз болох Б утсаар залгаад очоод авъя уулзъя гээд би байгаа газраа хэлсэн чинь Б Н хоёр удалгүй ирээд намайг авсан. Замаараа Б дэлгүүрээр ороод 2 шил архи авчхаад мөн замаараа найз Б-ыг аваад Б-ын гэрт 11 цагийн үед очсон. Тэндээ 1 шил “Ерөөл” нэртэй 0,75 граммын архийг дөрвүүлээ хувааж ууж дуусчхаад, Н гэрт үлдээд Б, Б бид гурав такси бариад Дундсайханд манай найзынд очоод үлдсэн байсан нэг шил архиа тэр найзындаа хамт ууцгаасан. Архи ч дууссан. Б, Б хоёр гэр гэр рүүгээ явцгаасан. Би тэндээ үлдээд тэр найзындаа байж байгаад 21 цаг дөхөж байсан байх Б-ын гэр рүү найзаараа хүргүүлээд очиход Б, Н тэр хоёр гэртээ байж байсан. Тэгээд би Б-ынд ороод өдрийн чанасан мах байсан, дээр нь заазуур харагдаж байсан. Тэр махнаас идчихээд ойр зуурын юм яриад сууцгааж байгаад Б дэлгүүр явж 0,75 граммын “Хараа” архи авчирсан. Тэрнээс ууж байснаа санаад байгаа юм, нэг сэрсэн чинь цагдаа ирчихсэн Н-гийн толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа нар Б бид хоёрыг аваад явсан... Би заазуураар Н-н толгойг хагалсан гэж Н хэлсэн, яг тэр үед яг яаснаа сайн санахгүй байгаа юм... Эмчилгээний мөнгө гээд 500,000 төгрөг нэхэмжилсэн, хохирлын мөнгө болох 500,000 төгрөгийг Н руу шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 603 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...С.Н-гийн биед баруун зулай-чамархайд зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 24-25 дахь тал/
Шүүгдэгч Э.Ц-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 53 дахь тал/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 55 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 41-42, 44 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Ц-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр баг ................... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Н-н толгойн тус газарт нь заазуураар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-ын гэрийн зүүн талын орон дээр утсаараа дуу сонсоод хэвтэж байхад Бямбадоржийн найз өөрийгөө Ц гэж танилцуулсан залуу миний толгойг заазуураар нэг удаа заазуурдсан. Түүнээс болоод миний толгойноос их хэмжээний цус гоожсон...” /хавтаст хэргийн 13, 16 дахь тал/ ,
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэнэт Ц Н руу босож очоод заамдаад авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгангуут л Ц тавагтай махан дээр байсан заазуурыг барьж аваад Н-гийн толгойн баруун дээд хэсэгт заазуураар зүссэн. Тэгэнгүүт нь Цас заазуурыг нь аваад дэвсгэр доогуур хийсэн. Тэр үед Н эмнэлэг дуудаарай толгойноос цус гараад байна гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 22 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 603 дугаартай хохирогчийн биед баруун зулай-чамархайд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Ц-ын хохирогч С.Н-гийн биед баруун зулай-чамархайд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Н-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Ц нь хохирогч С.Н-гийн биед баруун зулай-чамархайд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ц-тай хоорондоо ярилцаж байгаад надад 500,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Надад гомдол санал байхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Ц-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Э.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Н-д 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Э-ийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Ц нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Н-д 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ