Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1321

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Оргил гарден 85б байр 502 тоотод байрлах, “Ай И Ар Пи консалтинг” ХХК /РД:5383331/-д холбогдох

Татварын өр төлбөрт 46,893,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, З.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татвар төлөгчийн 5383331 дугаартай “Ай И Ар Пи консалтинг” ХХК нь 2010 онд байгуулагдсан улсын бүртгэлийн 9011236149 тоот гэрчилгээтэй, бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажилалгаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компаний өр төлбөр нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар 46,893,200 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 40,802,876 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын өр 6,090,324 төгрөг байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах, зэрэг арга хэмжээг авсан боловч өнөөдрийыг хүртэл төлөөгүй байна. “Ай И Ар Пи консалтинг” ХХК нь нийслэлд лавлагаагаар гарсан үл хөдлөх хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, авто машингүй, бусдаас авах авлагагүй болно. Иймд Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “...хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63,64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана...” гэж заасны дагуу тус компаниар 46,893,200 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэв.

Хариуцагч “Ай И Ар Пи консалтинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хугацаанд төлөөгүй татварын өр 46,893,200 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байна. Татвар төлөгчийн 5383331 дугаартай “Ай И Ар Пи консалтинг” ХХК нь 2010 онд байгуулагдсан. Тус компанийн өр төлбөр нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар 46,893,200 төгрөг, дээрх өр төлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 40,802,876 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын өр 6,090,324 төгрөг байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах, зэрэг арга хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. “Ай И Ар Пи консалтинг” ХХК нь лавлагаагаар гарсан үл хөдлөх хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, автомашингүй, бусдаас авах авлагагүй болно гэжээ. Манай компани нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 151,880,706,03 төгрөгийн өртэй. Тус газраас нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр дээрх өрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Манай компанийн хувьд дээрх татварын газраас гаргасан нэхэмжлэлийн дагуу дээрх төлбөрийг одоогийн байдлаар төлөх боломжгүй байгаа болно. Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу 46,893,200 төгрөгийг төлөх боломжгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Ай И Ар Пи консалтинг” ХХК-д холбогдуулан татварын өр 46,893,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          

            Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Ай И Ар Пи консалтинг” ХХК- нд 2017 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар 46,893,200 төгрөгийн татвар ногдуулалтыг гаргасан байна. /ХХ-ийн 4,5,/

 

       Хариуцагч “Ай И Ар Пи консалтинг” ХХК  нь цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын өр,  нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тодорхойлсон нэмэгдсэн өртгийн албан татварыг  тус тус хуульд заасан хугацаанд төлөөгүй байгаа нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар татварын өрөнд хамаарч байх бөгөөд хариуцагч нь уг татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан тогтоосон хугацаанд татвар төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

          Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь татвар төлөлтөд хяналт тавих үүргээ биелүүлж Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2 дахь хэсэгт заасны дагуу  “Ай И Ар Пи консалтинг” ХХК -д татварын өр, төлбөрийг төлөх талаар 2017.01.10 өдөр  “мэдэгдэх хуудас” хүргүүлсэн болох нь 2017 оны 1 дүгээр сарын 10 өдрийн мэдэгдэх хуудас, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл, ярилцлагын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Уг мэдэгдэх хуудсыг татвар төлөгч “Ай И Ар Пи консалтинг” ХХК ийн захирал Ц.Бадраа нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан байна. /хх-ийн 10,12, 13/

        Хариуцагч “Ай И Ар Пи консалтинг” ХХК  нь дээрх мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд татварын өрийг төлөөгүйгээс Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрөнд тооцогджээ. 

 

         Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн Нийслэлийн газрын албаны 2017.03.09-ний өдрийн 03/955 тоот албан бичиг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.03.10-ны өдрийн 12/1893 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017.03.09-ний өдрийн 355 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017.03.09-ний өдрийн 311 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017.03.10-ны өдрийн 368 тоот албан бичиг, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017.03.10-ны өдрийн 455 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017.03.14-ний өдрийн 1/320 тоот албан бичиг, мэдэгдэх хуудас гардуулсан тухай Татварын улсын байцаагчийн тэмдэглэл, мэдэгдэх хуудас нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

        Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй байх тул хариуцагч “Ай И Ар Пи консалтинг” ХХК-иас татварын өр төлбөрт 46,893,200  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.  

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан  “Ай И Ар Пи консалтинг” ХХК -иас татварын өр төлбөрт 46,893,200 / дөчин зургаан сая найман зуун ерэн гурван мянга хоёр зуун/ төгрөгийг  гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгосугай.

 

2.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ай И Ар Пи консалтинг” ХХК -иас  улсын тэмдэгтийн хураамжид 392 416 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ