| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Нармандах,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-ын Б-од холбогдох 2128001780145 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.С-г Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ..................... тоотод орших гэртээ 2021 оны 07 дугаар сарын эхээр 16,000 төрөг үрсэн байна гэх шалтгаанаар, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ..................... тоотод орших гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сард бид нар байшин барьж байгаад хэдэн хүнийг ажлаас нь чөлөө аваад байшин дээр ажиллуулсан. Надтай нийлээд 4 хүн байсан. Тэр өдөр би 20,000 төгрөг хүрэхгүй мөнгө эхнэрт өгөөд хадаас дуусчихлаа, гялс хадаасанд яваад ир гээд явуулсан. Бид хэд ажлаа хийгээд, нөгөө хэд маань хоол оройтлоо өлсөж, цангалаа гэж хэлсэн. Би эхнэр рүү залгаад байхад утсаа авахгүй байсан. Би ажил хийхээрээ яаруу хүн. Өнөөдөр заавал дуусгачихъя гээд ажиллаж байсан. Оройхон эхнэр ирсэн. Би эхнэрт энэ хүмүүст цалин мөнгө өгч байгаа, ажил алдуулаад яагаад алга болчихдог юм гээд уурласан. Тэгтэл эхнэр ач охин надаас салахгүй байхаар нь чихэр аваад өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад эхнэр би чиний зарц биш гэж өөдөөс дайраад ноцолдсон. Эхнэр тэр орой яваад өгсөн. Тэгэхээр нь би мессеж бичиж уучлалт гуйж байгаад маргааш өдөр нь бид хоёр эвлэрсэн. 8 сарын үйлдэл нь болохоор Цогтцэций сумаас эхнэр, нөхөр хоёртой цуг аймагт ирсэн. Тэр эхнэр, нөхөр хоёрынд архи уугаад гэртээ харьсан. Эхнэртэйгээ хардалтын улмаас муудалцсан. Би нэлээн согтуу байсан учир зарим зүйлээ санахгүй байгаа. Согтуудаа эхнэртэйгээ тэврэлдэж байгаад унаад гэмтэл авсан байх. Би эхнэрээ явуулахгүй гээд ноцолдож зууралдаж байгаад шүүгээний хажуу тал руу унасан. Тэгэхэд гэмтэл авсан байх гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явсан бөгөөд Цогтцэций сум орчхоод маргааш нь орой буюу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Цогтцэций сумаас Даланзадгад сум руу ирсэн. Цогтцэций сумаас Даланзадгад сум ирэх замдаа Б, Д М нар архи уугаад халамцаад ирсэн. Даланзадгад суманд ирсэн чинь Д М манай гэрт очиж бууя гээд Баруунсайханд байх /хаяг мэдэхгүй/ Д М-гийн гэрт буусан. Тэгсэн Б, Д М нар үргэлжлүүлээд архи ууна гэхээр нь би Б-ыг гэр рүүгээ аваад явсан. Бид хоёр ..................... тоотод байх гэртээ ирсэн чинь А гээд залуу согтуу унтаж байсан. А гэдэг залуу нь Б-ын барилгыг барихаар үлдсэн залуу бөгөөд барилга барина гэсэн хүн нь согтуу унтаж байсан чинь Б уурлаад нөгөө залуугаа гэрээс хөөж гаргасан. А хөөж гаргачхаад согтуурхаад байхаар нь унтаж амар гэж хэлсэн чинь над руу уурлаад намайг барьж авах гэхээр нь би гэр тойроод зугтааж байгаад гэрээс гараад зугтаасан чинь Б араас гарч ирээд намайг хөөсөн. Би хашаанд машин тойроод гүйж байхад Б над руу чулуу аваад шидсэн. Тэр чулуу нь миний баруун хөлийн шагай хэсэгт оносон. Би зөрүүлээд чулуу аваад шидсэн. Би хэсэг гүйж байгаад баригдсан. Би тухайн үед хөл нүцгэн байсан учраас баригдсан. Б намайг барьж аваад гэрт ороод намайг гэрийн баруун талын хөндий рүү чихэж байгаад миний үснээс зулгаагаад миний толгой руу цохиж авсан. Тэр үед нь арай гэж гарнаас нь мултарч гэрээс зугтааж гараад цагдаад дуудлага өгсөн, цагдаа ирээд Б-ыг авч яваад эрүүлжүүлсэн. Би яг нарийн сайн санахгүй байна. Архи уусан үедээ намайг их хардана, хардахгүй үедээ болохоороо өөрийн мэдрэлгүй намайг цохиж авдаг. Би яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр зодуулж байснаа санахгүй байна. Сүүлд намайг 2021 оны 07 дугаар сарын эхээр 16,000 төгрөг үрлээ байшин барьж байхад байшинд нэмрэлсэнгүй гэж эрүүл байхдаа надад уурлаад хэд хэдэн удаа намайг цохиж авсан. Түүнээс хойш 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зодоод би цагдаад дуудлага өгсөн... Нэхэмжлэх зүйл байхгүй... Д.Б бид хоёр 2011 онд анх танилцаад түүнээс хойш харилцаатай явж байгаад 2018 онд нэг гэрт орж хамтран амьдрах болсон бөгөөд бид хоёр хамтран амьдраад 3-4 жил орчим болж байгаа юм. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Би 3 хүүхэдтэй бөгөөд миний том хүү Г.М, дараагийн охин С.Г, охин С.С гэсэн 3 хүүхэдтэй юм. Миний том хүү Г.М Даланзадгад сумын төвд оршин суудаг, дараагийн охин Г Япон улсад сурдаг, дараагийн охин С Улаанбаатар хотод сая оюутан болсон. Би бага охин С-ийг Улаанбаатар хотод оюутан болохоор 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яваад Улаанбаатар хотод очоод хүүхдээ сургуульд нь оруулчхаад байж байхад манай том хүү Г.М-ын бие өвдсөн асуудлаас болоод Өмнөговь аймагт ирэхэд миний хүү М Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн сэхээн амьдруулах тасагт Сахарын гүн шок, ком гэсэн оноштойгоор хэвтэж эмчлүүлж байсан учраас би шууд сахиураар ороод 10 хоног хэвтүүлээд хүүгээ Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэг рүү авч яваад тэндээ эмчлүүлж байгаад тэндээсээ сая ирсэн. Одоо манай хүүгийн биеийн байдал тааруу гэрээр эмчлүүлж байна, миний бие сахиж байгаа юм... Миний толгойд няцрал үүссэн, зүүн бугуй болон зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт хөхрөл үүссэн. Тухайн явдлаас хойш нэг их удаагүй эдгэрээд зүгээр болсон, одоо биеийн байдал зүгээр байгаа... Миний зүгээс санал, хүсэлт, гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 11-12, 14-15 дахь тал/
Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Цогтцэций суманд ажилтай байж байгаад Б-той таараад Б, С нарын хамтаар Цогтцэций сумаас Даланзадгад суманд ирсэн. Машиныг нь нэг хүү барьж явсан санагдаж байна. Би тухайн үед архи уучихсан машинд суусан, мөн машинд суугаад Б-той нийлж архи уугаад тасарсан байсан, нэг мэдсэн маргааш нь гэртээ ирчихсэн байсан. Би хэзээ яаж гэртээ ирсэн бэ гэсэн чинь манай эхнэр намайг Б-той ирсэн гэж хэлсэн. Би тухайн үед архи ууж тасраад замд ямар асуудал болсныг мэдээгүй. Б, С нар хоорондоо янзын сайн харилцаатай л байх шиг байдаг юм. Б-ыг эхнэрээ зодож байсан талаар хараагүй, сонсоогүй юм байна. Б их энгийн дөлгөөн зан ааштай хүн байгаа юм.” /хавтаст хэргийн 29 дэх тал/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б миний төрсөн дүү байгаа юм. С дүү Б-той хамтран амьдардаг. Би хааяа л нэг гэрээр нь очдог. Намайг очих үед хоорондоо ямар нэгэн асуудалгүй. Хоол ундтай сайхан л айл байдаг. Б их л тусч цайлган хүн байгаа юм. Би багадаа айлд өргөгдөөд тусдаа өссөн хүн байгаа юм. С дөлгөөн дуу цөөтэй, аятайхан л хүүхэн байдаг. Би байнга тэднийхээр очоод байдаггүй болохоор нарийн сайн мэдэхгүй байна... Б архи уучихаараа ширүүн зан ааштай болдог гэж сонссон, бусдаар надад ямар нэгэн байдлаар буруу зөрүү зан гаргадаг зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 33 дахь тал/
Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С миний төрсөн дүү байгаа юм. Б миний дүүтэй хамтран амьдардаг. Би тэр хоёрын харилцааг сайн мэдэхгүй. Манай дүү С нь Б гэдэг хүнтэй хамтран амьдарснаас хойш надтай хөндийрөөд байгаа. 2020 оны 07 дугаар сард Б манайхаар нэг удаа согтуу ирж С-г сураглаж байсан. Түүнээс хойш Б манайхаар ирээгүй. Б-той түүнээс хойш уулзаагүй. Б-ыг архи ууж ирээд С-г сураглаж ирэхээр нь уурлаад явуулж байсан. Түүнээс болоод манай дүү С надтай хөндийрсөн байх гэж бодож байна... Манай дүү С уг нь их ажилсаг, тууштай хүн байгаа юм. Сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. С нөхрөөсөө салаад л Б гэдэг хүнтэй суугаад явсан, одоо Б-той амьдраад 10 орчим жил болж байгаа юм.” /хавтаст хэргийн 35 дахь тал/
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С миний төрсөн ээж байгаа юм. Б нь манай ээжтэй хамтран амьдардаг. Би 2017 он хүртэл ээжтэйгээ хамт амьдарч байгаад тусдаа гарсан. Намайг ээжтэй хамт амьдардаг байхад ээж Б гэдэг хүнтэй хамтран амьдраад ирж очоод байдаг байсан. Тэр хоёрын хооронд ямар харилцаатай байдаг талаар би нарийн мэдэхгүй. Тэр хоёрын дунд хэрүүл маргаантай асуудал гардаг юм шиг байгаа юм. Манай ээж нарийн зүйлээ надад хэлдэггүй болохоор сайн мэдэхгүй байна. Илтэд нүүр ам нь хөхөрсөн зодуулсан байдалтай бол явж байсан асуудал байхгүй. Би тэр хүнийг ямар зан ааштай хүн гэдгийг нь мэдэхгүй. Миний хувьд бол Б нь манай ээжийг ааваас салгаад суусан учраас миний хувьд нэг их харьцаад байхыг хүсдэггүй. Манай ээж даруухан хүний үгээр хүн байгаа юм.” /хавтаст хэргийн 37 дахь тал/
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би С-тэй 2011 онд танилцсан бөгөөд С манайхаар ирж очоод амьдраад байдаг байж байгаад 2017 оны үеэс байнга хамт амьдрах болсон. С 3 хүүхэдтэй хүн байгаа юм. С бид хоёрын дундаас хүүхэд байхгүй, бид хоёр гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Би он сараа мэдэхгүй байна. Тухайн үед Цогтцэций сумаас Д М, Д М-гийн дүү гэх залуу, С бид нар Даланзадгад суманд машинаар ирсэн. Д М-гийн дүү машин бариад Д М бид хоёр архи уугаад явсан. Бид нар Даланзадгад суманд ирээд Д М-г хүргэж өгөөд гэртээ харьсан. Гэртээ очоод С бид хоёр маргалдаж муудалцсан. Тухайн үед бид хоёр муудалцсан чинь С явна гээд байхаар нь би явуулахгүй гэж гар хөлөөс нь татаж чангаасан. Тэр үед л С-гийн биед гэмтэл учирсан байх, бусдаар би С-г зодож, цохиод байсан зүйл байхгүй... 2021 оны 07 дугаар сард байшин бариад хүн хөлсөлж ажиллуулж байсан бөгөөд С төв рүү хадаас авахаар явсан чинь ирэхгүй чигээрээ алга болсон. Тэгж байгаад орой ирэхдээ хадаас байхгүй хүрээд ирсэн. Тэр хооронд хоолгүй болоод би ажилчидтайгаа маргалдсан байсан. С-г ирэхээр нь хадаас хаана байна гэсэн чинь би хадаас авсангүй ач охин таараад охиндоо чихэр, жимс аваад мөнгөгүй болсон гэж хэлсэн. Түүнээс болоод бид хоёр муудалцаж маргалдаж байсан, бусдаар бол зодож алгадсан зүйл байхгүй. Амьдралын жижиг сажиг асуудлаас болоод л маргалдаж байсан. Байнга бол маргалдаад байсан зүйл байхгүй. Мөн хааяа хардалт сэрдэлтээс болж маргалдаж байсан.” /хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 392 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ч.С-гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуй, тавхайн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/
Шүүгдэгч Д.Б-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 89 дэх тал/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 92 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б-од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Сг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ..................... тоотод орших гэртээ 2021 оны 07 дугаар сарын эхээр 16,000 төрөг үрсэн байна гэх шалтгаанаар, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ..................... тоотод орших гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явсан бөгөөд Цогтцэций сум орчхоод маргааш нь орой буюу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Цогтцэций сумаас Даланзадгад сум руу ирсэн. Цогтцэций сумаас Даланзадгад сум ирэх замдаа Б, Д М нар архи уугаад халамцаад ирсэн. ...Бид хоёр ..................... тоотод байх гэртээ ирсэн чинь А гээд залуу согтуу унтаж байсан. Амбийг хөөж гаргачхаад согтуурхаад байхаар нь унтаж амар гэж хэлсэн чинь над руу уурлаад намайг барьж авах гэхээр нь би гэр тойроод зугтааж байгаад гэрээс гараад зугтаасан чинь Б араас гарч ирээд намайг хөөсөн. Би хашаанд машин тойроод гүйж байхад Б над руу чулуу аваад шидсэн. Тэр чулуу нь миний баруун хөлийн шагай хэсэгт оносон. Би зөрүүлээд чулуу аваад шидсэн. Би хэсэг гүйж байгаад баригдсан. Би тухайн үед хөл нүцгэн байсан учраас баригдсан. Б намайг барьж аваад гэрт ороод намайг гэрийн баруун талын хөндий рүү чихэж байгаад миний үснээс зулгаагаад миний толгой руу цохиж авсан. Тэр үед нь арай гэж гарнаас нь мултарч гэрээс зугтааж гараад цагдаад дуудлага өгсөн, цагдаа ирээд Б-ыг авч яваад эрүүлжүүлсэн... Сүүлд намайг 2021 оны 07 дугаар сарын эхээр 16,000 төгрөг үрлээ байшин барьж байхад байшинд нэмрэлсэнгүй гэж эрүүл байхдаа надад уурлаад хэд хэдэн удаа намайг цохиж авсан.” /хавтаст хэргийн 11-12, 14-15 дахь тал/,
Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Цогтцэций суманд ажилтай байж байгаад Б-той таараад Б, С нарын хамтаар Цогтцэций сумаас Даланзадгад суманд ирсэн. Машиныг нь нэг хүү барьж явсан санагдаж байна. Би тухайн үед архи уучихсан машинд суусан, мөн машинд суугаад Б-той нийлж архи уугаад тасарсан байсан, нэг мэдсэн маргааш нь гэртээ ирчихсэн байсан. Би хэзээ яаж гэртээ ирсэн бэ гэсэн чинь манай эхнэр намайг Б-той ирсэн гэж хэлсэн. Би тухайн үед архи ууж тасраад замд ямар асуудал болсныг мэдээгүй. Б, С нар хоорондоо янзын сайн харилцаатай л байх шиг байдаг юм. Б-ыг эхнэрээ зодож байсан талаар хараагүй, сонсоогүй юм байна. Б их энгийн дөлгөөн зан ааштай хүн байгаа юм.” /хавтаст хэргийн 29 дэх тал/ гэх мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 392 дугаартай Ч.С-гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуй, тавхайн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ч.С-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч Д.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.
Шүүгдэгч Д.Б, хохирогч Ч.С нар нь 2017 оноос хойш хамт амьдарч байгаа болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ч.С-гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуй, тавхайн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх боловч уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүйн зэрэгцээ түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гарахаас өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэх асуудал байхгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Д-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ