| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01541/и |
| Дугаар | 1534 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1534
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Дунд гол гудамж 33 байр “Хийморь хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 19 дүгээр хороолол Дунд гол гудамж 33 байр 57 тоотод оршин суух, Боржигин овогт Алтанхуягийн Батбилэг /РД:ТЕ91012113/
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 662,400 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нь нэхэмжлэгч “Хийморь хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд 2014 оны 9 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл 32 сарын орон сууцны өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардал болох 662,400 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сар бүрийн 28-нд төлбөр хийж, бүрэн төлж барагдуулахаар тохирч эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хийморь хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 662,400 төгрөг гаргуулахаар хариуцагч А.Батбилэгт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч хариуцагч Ө.Батбилэг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт нэхэмжилсэн 662,400 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 28-нд 132,480 төгрөг, 7 дугаар сарын 28-нд 132,480 төгрөг, 8 дугаар сарын 28-нд 132,480 төгрөг, 9 дүгээр сарын 28-нд 132,480 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний дотор 132,480 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч А.Батбилэгээс 10,275 төгрөгийг гаргуулж нэхэжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хийморь хотхон” СӨХ-ны нэхэмжилсэн 662,400 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 28-нд 132,480 төгрөг, 7 дугаар сарын 28-нд 132,480 төгрөг, 8 дугаар сарын 28-нд 132,480 төгрөг, 9 дүгээр сарын 28-нд 132,480 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний дотор 132,480 төгрөгийг хариуцагч А.Батбилэг төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч А.Батбилэгээс 10,275 төгрөг, улсын төсвөөс 10,275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хийморь хотхон" СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ