Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

 

 

 

 

 

 

 

   2022          01           03                                      2022/ШЦТ/22                             

                                                                                                                     

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х овогт Р-ын Ө, Б овогт З-ын Т нарт холбогдох эрүүгийн 2110 00000 1215 дугаартай дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, хохирогч, шүүгдэгч З.Т, шүүгдэгч Р.Ө нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Р-ын Ө /РД:хххх/,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, Монгол телевизд зураглаач ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт З-ын Т /РД:хххх,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Шүүгдэгч Р.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны 1 давхарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө иргэн З.Ттэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед баруун дээд нүдний зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч З.Т нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны 1 давхарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө иргэн М.Д-тай маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Р.Ө, З.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Р.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Хохирогч З.Т-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг би учруулсан, миний буруу. Тэр өдөр найзтайгаа хамт 1 шил архи уучихсан байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч З.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би хохирогч М.Д-ын эмчилгээний зардлыг төлсөн байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч З.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө тухайн маргаан болсон. Маргааш нь манай хүүгийн төрсөн өдөр болох гээд эхнэр бид 2 гадуур юм цуглуулж байгаад харихад үүдний манаач 2 хүнтэй хэрэлдэж байсан. Би дээшээ гарч юмаа оруулаад доошоо бууж ирэхэд хэрэлдэж байхаар нь “та нар болиоч, битгий маргалд” гэж хэлсэн. Маргааныг таслах зорилгоор би “гадаа гараад учраа ольё” гээд гарах гэхэд Р.Ө миний нүд рүү цохисон. Би үүдний жижүүрийг өмөөрөх гэж очоод тухайн зүйл болсон. Надад одоо гомдол санал байхгүй.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 2110 00000 1215 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, уг бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хэргийн 14 дэх тал, 15-18 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Т-ийн хохирогчоор өгсөн:

“...Манай гэр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны 44а байрны 401 тоотод байдаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай гэрийн хүн гэртээ хүнсний зүйл цуглуулаад ороход нь би гарч тоссон. Тэгэхэд үүдэнд манай байрны жижүүр ахтай 2 согтуу залуу маргалдаад зогсож байсан. Би “та хоёр настай хөгшин хүн лүү битгий дайраад бай, хамт яваа эмэгтэйгээ аваад явчих” гэж хэлээд маргалдсан ба өндөр залуу нь миний нүд рүү цохисон. Тэгэхэд би зөрүүлээд цохисон боловч оноогүй, тэгээд ноцолдоод зогсож байхад намхан залуу нь цохих гээд дайрахаар нь би түүнийг паар луу түлхсэн юм. Тэр залуу паар луу унасан ба миний нүдний дээд хэсгээс цус гараад хоёр тийш болцгоосон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Д-ын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд найз Р.Ө-ын хамт Алтаргана хотхоны “Түмэн” нэртэй ресторанд орж хоол идээд, нэг шил архи хувааж уусан. Ингээд ажил хэрэг ярина гээд сууж байхад нэг эмэгтэй хүн ирсэн, нэрийг нь мэдэхгүй байна. 21 цагийн үед тус газраас гараад нэг давхар луу буухад үл таних залуу надтай маргалдах өнгө аяастай яриад байсан. Удалгүй Р.Ө ирээд тэр залуутай үл ялиг зүйлээс болж маргалдаж, улмаар зодолдож эхэлсэн. Би очоод салгах гэж оролдсон боловч хамгаалагч ах миний араас боогоод байсан. Тэгж байгаад очиж салгахад тэр залуугийн хөмсөгнөөс цус гарч байсан. Тэгэхэд намайг цохиод би газар паар луу унаад, босоод зогсож байхад дахин миний хамар луу гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-27 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Алтанхуягийн гэрчээр өгсөн:

“...Би өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Алтаргана хотхонд ээлжинд гарч байсан юм. Орой 21 цагийн үед нэгдүгээр давхарт согтуу эмэгтэй бөөлжсөн байсан ба хажууд нь залуу байхаар “хамт явж байгаа юм уу” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Тэгэхэд удалгүй гаднаас өндөр залуу орж ирэхээр нь “та нар хамт явж байгаа юм бол бөөлжсөн бөөлжсийг цэвэрлээд, аваад яв” гэхэд тэр хоёр над руу дайраад байсан. Энэ үед манай байрны оршин суугч З.Т “настай хүнийг яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр залуучууд З.Т лүү дайраад, өндөр нь эхлээд цохиод авсан. Би голоор нь орж салгах гэсэн боловч дийлээгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 36 дахь тал),

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11952 дугаартай:

1. З.Т-ийн биед баруун нүдний дээд зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 40-41 дэх тал),

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11957 дугаартай:

1. М.Д-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Ө-ын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би З.Тийн биед учруулсан, хохирлын баримтыг үндэслэн төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 78-79 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 54 дэх тал) шүүгдэгч Р.Өоос өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 106 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Т-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед байрны хамгаалагч ахыг дээрэлхээд байхаар нь очиж өмөөрөөд ийм асуудал болсон. М.Д-ын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 86-87 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 63 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 64 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 67 дахь тал), шүүгдэгч З.Тээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 105 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Р.Ө, З.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч М.Д-ад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, нэр бүхий шүүгдэгч нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 105-106 дахь тал) 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 249 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Р.Ө, З.Т нарт холбогдох эрүүгийн 21100 0000 1215 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.Ө, З.Т нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Р.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны 1 давхарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө иргэн Ц.Алтанхуягаас “орцонд бөөлжснийг цэвэрлээд яв” гэж зүй ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн маргалдаж, улмаар З.Т “настай хүн рүү дайрлаа” гэхэд түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед “...баруун дээд нүдний зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч З.Т нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны 1 давхарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө иргэн М.Д-тай “настай хүн рүү дайрлаа” хэмээн маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “...тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамарт цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, уг бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хэргийн 14 дэх тал, 15-18 дахь тал),

- хохирогч З.Т (хэргийн 22 дахь тал), хохирогч М.Д- (хэргийн 27-27 дахь тал), гэрч Ц.Алтанхуяг (хэргийн 36 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11952 дугаартай:

1. З.Тийн биед баруун нүдний дээд зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 40-41 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11957 дугаартай:

1. М.Д-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

- шүүгдэгч Р.Ө, З.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 78-79, 86-87 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч З.Т, М.Д- нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нар нь гараараа цохих, түлхэж унагаах зэргээр зодож цохисноос үүссэн ба нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Р.Ө, З.Т нарын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нар нь тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Р.Ө, З.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч З.Т, М.Д- нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн (хэргийн 22, 100 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Ө, З.Т нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 54, 64 дэх талд тус тус авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, шүүгдэгч Р.Ө, З.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч нарын хувийн байдал болон нэр бүхий хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж /хэргийн 9х/ ирсэн Мишээл экспо төвийн гадна талбайн хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Р.Ө, З.Т нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Д-, З.Т нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                               

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Р-ын Ө, Б овогт З-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Ө, З.Т нарыг тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Ө, З.Т нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт Р.Ө, З.Т нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Д-, З.Т нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Ө, З.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД