Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 816

 

Л.Чхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Халиун,

шүүгдэгч Л.Ч, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Чийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Чхолбогдох 1809008130353 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овогт Лхагваагийн Л.Ч, 1964 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Завхан аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хүүхдийн төв номын санд жижүүрээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........................................................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Л.Ч нь 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төв номын сан”-д жижүүрээр ажиллаж байхдаа, номын сангийн агуулахад нэвтэрч, “Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” нэртэй, 3 боть номыг хулгайлж, бусдад 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Л.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Л.Чийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Чоногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 5 ширхэг түлхүүрийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, Л.Чавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Л.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирол төлбөрийг төлж, гомдол саналгүй болгосон. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Л.Чийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үйл баримтыг шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримттай уялдуулж ойлгоосой гэж хүсч байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Л.Чийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нь тухайн байгууллагад 8 жил харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн ба тухайн агуулахад нэвтэрч орох эрхтэй хүн юм. Мөн шүүхийн шийдвэрээр зохих байгууллагад нь шилжүүлсэн 5 ширхэг түлхүүр нь манаачийн ажлын хэсэгт хадгалагддаг ба ямар нэгэн зүйл болоход манаач нь орох эрхтэй гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл юу байсныг ялгаж өгөхийг хүсч байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Ч нь 1 ширхэг нь 70.000 төгрөгийн үнэ бүхий 3 боть номыг авсан, эдгээр номыг зарчихсан гэдгээ хэлдэг. Гэтэл энэ номыг зараагүй ба охиныхоо танин мэдэхүйд зориулж, уг 3 боть номыг авсан байдаг. Хүүхдийнхээ танин мэдэхүйн үйл ажиллагаанд зориулж авсан үйлдлийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Л.Чийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байх тул зүйлчлэлийг зөвтгөж, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх шинжүүдийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Тэрээр тухайн байгууллагад 8 жил ажиллах хугацаандаа нэг ч удаа зөрчил, сахилгын шийтгэл гаргаж байгаагүй болно. ...” гэв.

          Прокурор Э.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж, шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулсан нь хуулийн бүх боломжит нөхцөлийг ашиглаж түүнд хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс тусгайлан хамгаалсан байр гэж үзэх үндэслэлгүй гэж хэлж байна. Тухайн агуулахыг тусгайлан хамгаалсан байр гэж үзнэ. Учир нь шүүгдэгч тухайн номын санд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Мөн Л.Чийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “би 21 цагийн үед өөрийн хариуцаж манадаг  номын скалад дээр очоод хаалганы түгжээг төмрийн хөрөөгөөр хэлийг нь хөшиж онгойлгоод хайрцаганд байсан номоос 1 боть буюу 3 ширхэгийг аваад 13 цагийн үед, Бөмбөгөр худалдааны төвийн баруун хаалган дээр зогсож байгаад, 50 гаруй настай эмэгтэйд 100.000 төгрөгөөр зарсан” гэж хэлдэг. Мөн Л.Чийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтрэн орох эрх байхгүй гэж үзэж байна. Оюунбилэгээс “танай агуулахад харуул Л.Ч орох эрхтэй юу” гэж мөрдөгч асуухад “Тийм эрх байхгүй, харин түлхүүр нь нярав болон надад байдаг” гэж хэлдэг. Иймд Л.Чийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр батлах саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Л.Ч нь 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төв номын сан”-д жижүүрээр ажиллаж байхдаа, номын сангийн агуулахад нэвтэрч, “Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” нэртэй, 3 боть номыг хулгайлж, бусдад 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Оюунбилэг /хх-33-35/, гэрч С.Тунгалаг /хх-36-37/ нарын болон Л.Чийн яллагдагчаар өгсөн /хх-49-50/ мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа /хх-10-14/, “Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” номын тооцоо /хх-15-21/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-22-25/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-27-30/, эд зүйлийн үнэлгээ /хх-42-43/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.  

Л.Чхолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс Л.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн хорих ялыг хөнгөрүүлэн, тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

Л.Чийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” бол хохирлын хэмжээ хамаарахгүй байхаар хуульчилсан тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Л.Ч нь бусдад 210.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан хэдий ч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан номын сангийн агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Л.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН