Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0243/З |
Дугаар | 221/МА2016/0032 |
Огноо | 2016-01-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2016/0032
2016 оны 1 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2016/0032 | Улаанбаатар хот |
“М”ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 715 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Бүрхээр нэртэй газарт байрлах ХV-14194X тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү. Тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө Төрийн сан дахь Ашигт малтмалын газрын дансанд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, үйлчилгээний төлбөрийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлсөн болно. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 дахь хэсэгт үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 дахь хэсэгт байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 дэх хэсэгт хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан,түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлдөө ирүүлэхээр заасан бөгөөд компанийн зүгээс хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай шаардлага хангасан баримтыг хуулийн хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө Ашигт малтмалын газрын Геологийн хэлтэст хүргүүлж, тухайн хэлтэс хянаж байх хугацаанд манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан билээ. Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогүйгээс манай компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр, манай компанийн өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж буруутгаж, 6 жил үйл ажиллагаа явуулж зарцуулсан хөрөнгө оруулалт, цаг хугацаа, эдийн засагт хохирол учруулж байна." гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана, 22 дугаар зүйлийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-тхайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө ирүүлэхээр хуульчилсан байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт огт гаргаж өгөөгүй байна.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14/38 тоот албан бичгээр өөрийн ажилтны буруугаас болж санхүүгийн болон хайгуулын ажлын зардлын хэмжээ зөрсөн, аудитаар залруулах явцад тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул зохих журмын дагуу сунгалт хийж өгнө үү гэсэн өргөдөл Ашигт малтмалын газарт гаргаж байсан байна. “М” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын XV-14194Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 27-ны 715 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “М” ХХК-ийн Бүрхээр гэх нэртэй газарт байрлах XV-14194X тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, мөн уг өргөдлийгхариуцагчаас хянан шийдвэрлэхэд холбогдох хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Бүрхээр гэх нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-14194X тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч,холбогдох журмын дагуу хянан шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван давж заалдах гомдолдоо: ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана, 22 дугаар зүйлийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө ирүүлэхээр хуульчилсан байна.
Нэхэмжлэгч нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай шаардлага хангасан баримтыг хуулийн хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан материалуудын бүрдэл хангуулан хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаж холбогдох алба, хэлтсээр шаардлага хангасан эсэхээ хянуулан, баталгаажуулсан байхыг ойлгодог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлөө гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй, түүний нэгж хоорондын уялдаа холбоогүй байдлаас үүдэн нэхэмжлэгчээс өргөдлөө нөгөө хэлтэст нь гаргаж амжаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд өргөдлөө ирүүлээгүй, мөн тус хуулиар Ашигт малтмалын газрын алба, хэлтсүүдийн үндсэн чиг үүргүүдийг хуваарилж, нарийн зохицуулж өгсөн байдал нь уялдаа холбоогүй байх үндэслэлгүй бөгөөд тус компани нь хуулийн шаардлага хангаагүй материал ирүүлж байсан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг нь холбогдох баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газарт 2014 онд хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлээгүй, хайгуулын ажлын жилийн тайлан 2012 оноос 2014 онуудад ирүүлээгүй, геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 2012-2015 онуудад баталгаажуулж ирүүлээгүй байгаа нь Геологийн албаны тодорхойлолтоор нотлогдож байна. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14/38 тоот албан бичгээр өөрийн ажилтны буруугаас болж санхүүгийн болон хайгуулын ажлын зардлын хэмжээ зөрсөн, аудитаар залруулах явцад тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан болсон тул зохих журмын дагуу сунгалт хийж өгнө үү гэсэн өргөдөл гаргаж байсан байна.
Мөн хайгуулын ажлын тайланд тавигдах шаардлага буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т ...02 дугаар сарын 15-ны өдрийн тодор гэж заасан хуулийн хугацаанд хүргүүлээгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна гэж заасан мөн Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 411 дүгээр тушаалаар батлагдсан 1, 2 дугаар хавсралтад заагдсан шаардлагуудыг хангаагүй байсан зэрэг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх үндэслэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 "байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтзэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна. Мөн хуулийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол ... сунгаж, ... бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заажээ.
Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК нь 14194Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусахаас өмнө дээрх хуульд заасан шаардлагыг хангасан өргөдлөө гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/7636 дугаар албан бичиг [1], Ашигт малтмалын газрын Геологийн албанаас ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх лавлагаа[2] зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хугацаанд нь өргөдлөө гаргаагүй шалтгаанаа тайлбарлахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай шаардлага хангасан баримтаа Ашигт малтмалын газрын Геологийн хэлтэст хүргүүлж, тухайн хэлтэс хянаж байх хугацаанд манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссан... Төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогүйгээс шалтгаалсан ... гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалах нөхцлийг заахдаа ... эзэмшигч нь 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй ... гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ., 33.2-т ... зардлын хэмжээг ... хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна, 48 дугаар зүйлийн 48.1.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ гэж заажээ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээрх хуульд заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 15-ны дотор хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд гаргаж баталгаажуулсан байх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4-д зааснаар хугацаа сунгуулах өргөдөлдөө зөвхөн тайлангаа баталгаажуулсан баримтаа хавсаргахаар заасан, өөрөөр хэлбэл хугацаа сунгуулах үедээ дээрх баримтыг бүрдүүлэх биш, харин урьд нь бүрдүүлсэн баримтыг хавсаргахаар зохицуулжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь хуульд зааснаар 2 дугаар сарын 15-ны дотор хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй ажил гүйцэтгэсэн тайлангаа баталгаажуулах үүргээ биелүүлээгүйгээс 09 дүгээр сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдөлд хавсаргах боломжгүй болжээ.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж заасны дагуу хариуцагч Кадастрын хэлтэс нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэх бөгөөд хуулиар өөр нэгжид хариуцуулсан асуудлыг шийдвэрлэх эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн Геологийн хэлтэст уг тайлангаа баталгаажуулахаар хүргүүлснийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гэж үзэхгүйгээс гадна хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч үүргээ биелүүлээгүйг захиргааны байгууллагын буруу гэж үзэх үндэслэлгүй.
Энэ талаар анхан шатны шүүх ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж шууд үзэж, буруутгах үндэслэлгүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл тухайн тайланг баталгаажуулах хугацаа, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийн талаар зохицуулсан дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 31, 33, 48 дугаар зүйлд заасныг хэрэглээгүйгээс гадна ... Ашигт малтмалын газрын нэгж, хэлтсүүд нь хоорондоо уялдаа холбоогүйгээс ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон ... гэж дүгнэхдээ хууль хэрэглээгүй, аль хуулиар Геологийн алба болон Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад хэрхэн уялдаатай ажиллах ёстой байсан талаар дүгнээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан Ашигт малтмалын газрын нэгжүүдийн чиг үүргийг хэрхэн үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэлд хуульд заасан шаардлага хангасан сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Кадастрын хэлтэст гаргаагүй гэдгээ дурдсан байх ба үүний улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ”М” ХХК-ийн ...14194Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 715 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 48 дугаар зүйлийн 48.1.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан ...14194Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ