Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, нарийн бичгийн дарга О.Болормаа,

          Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          Шүүгдэгч Ц.Энхийн-Есөнбаатар,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Д.Хэрлэнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Энхийн-Есөнбаатарт холбогдох 201525012893 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1967 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлагын мэрэгжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүү, найз нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчний гудамж, 33 дугаар байрны 76 тоотод оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Тамир овогт Цэгмидийн Энхийн-Есөнбаатар /Регистрийн дугаар: УХ67122413/,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Ц.Энхийн-Есөнбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 76 тоот өөрийн гэртээ байлдааны зориулалттай галт зэвсэг болох 1 төрлийн буу, гар хийцийн 4 төрлийн буу, байлдааны галт хэрэгсэл болох 5 төрлийн сум хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс  бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Энхийн-Есөнбаатарын: “Нийслэлийн эрүүгийн цагдаагаас над руу утасдаад хүрч ирээд уулз гэсэн. Намайг яваад очиход та хүнээс “Наган” буу авсан байна. Тэр буу хаана байгаа вэ гэхээр нь би гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд манай гэрт очиж үзсэн” гэсэн мэдүүлэг,

         

          Мөрдөн байцаалтад гэрч А.Даваадоржийн: “... Би зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагчийн орлогч ерөнхий инженер, Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн зэвсэглэлийн хэлтсийн мэргэжилтэн ажилтай юм. ... Байлдааны зэвсэг гэж нэрлэгдэж байгаа зэвсгүүдэд хэрэглэгдэж байгаа сумыг байлдааны галт хэрэглэл гэнэ. ...Байлдааны зорилалттай галт хэрэглэл, галт зэвсгийг хүчний байгууллага, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тагнуулын ерөнхий газар, тахар зэрэг албадууд л тусгай зөвшөөрөлтэйгээр ашигладаг. Түүнээс энгийн иргэд галт зэвсэг, байлдааны хэрэглэл ашиглаж болохгүй. Галт зэвсэг болон галт хэрэглэлийг хэрэглэх зааврыг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг юм. Сумны малгайн дээрээ 2 талдаа тоотой байвал байлдааны галт хэрэглэл байдаг. Малгайн дээрээ калибрыг заасан болон үсгээр тэмдэглэсэн байвал ан агнуурын зориулалттай байдаг юм. Малгайн дээрх тооны дээд дугаар нь үйлдвэрийн дугаар, доод талын тоо нь дарьны тоог заасан байдаг юм. Өөрөөр хэлбэл доод дугаар нь тэд дэх дарь гэж заасан гэсэн үг... 7.62x38 калибртай, ОХУ-д 1963 онд үйлдвэрлэсэн, байлдааны зориулалттай Нагаан маркийн бууг манай зэвсэгт хүчин одоо ашигладаггүй..." гэсэн мэдүүлэг /хх.1.88/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Х.Атарын: “... Энхийн-Есөнбаатар надаар бууныхаа дуранг засуулж байсан юм... Пу Хараа гээд жижигхэн бууны дуранг надаас нилээд олон жилийн өмнө 130.000 төгрөгөөр авч байсан..." гэсэн мэдүүлэг /хх.1.90/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ж.Гантөгсийн: “... Би Эртний эдлэлийн дэлгүүртэй, ... Манай дэлгүүр дээрээс 2013 оны 12 дугаар сард бярдан буу гэж нэрлэгддэг буу зарсан... энэ бууг 2005 оны үед үл таних хүн манай дэлгүүр дээр ирж зарж байсан юм. Тухайн үед хуучны эдлэл, эд зүйл гэдэг утгаар нь худалдаж аваад дэлгүүртээ тавьж байсан юм. Уг буу нь замаггүй, их бие буюу мод нь хугархай байсан. Өөрөөр хэлбэл бууны гол төмөр худалдаж авсан юм. Энэ чигээр нь байлгаж байгаад зарсан. Энэ буу нь ямар нэг бичиг баримтгүй... Энэ бууг ашиглах боломжгүй, хэрэглээнээс гарсан буу юм. Энэ буу нь 1800 аад оны үеийн буу юм...” гэсэн мэдүүлэг /хх.1.94/

       

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5927 дугаартай дүгнэлт /хх.1.94/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ламчингийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10788 дугаартай дүгнэлт /хх.1.99/

         

          Мөрдөн байцаалтад шинжээч Б.Батгэрэлийн: “... 2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлсэн Наган загварын буу нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн юм. 5, 6 гэж дугаарласан 2 бердан буу нь 1868, 1870 онд анхны загварууд үйлдвэрлэгдэж байсан эртний буунууд юм. Иргэний буу гэдэгт үзмэр цуглуулга, ан агнуур, спорт сургалтын буу багтдаг  учир би  иргэний гэсэн ойлголтод 2 бердан бууг оруулсан.

Одоо бердан бууны сум үйлдвэрлэгдээгүй, буунууд үйлдвэрлэгдэхээ больсон. Гар хийцийн буунуудын зориулалтыг тогтоох боломжгүй байсан учир дүгнэлт гаргасан хүснэгтэд дурьдаж оруулж өгөөгүй. ...Үйлдвэрийн бус нөхцөлд үйлдвэрлэсэн буюу гар хийцийн галт зэвсгийг дотор нь 3 ангилдаг. Нэгдүгээрт тухайн галт зэвсгийн бүхий л эд анги, механизмыг гараар хийж угсарсан. Хоёрдугаарт тухайн галт зэвсгийн үндсэн эд анги дээр суурилж бусад эд ангийг гар аргаар хийж угсарсан. Жишээ нь галт зэвсгийн гол төмрийг гар аргаар солих, сангийн ангийг гар аргаар сольж өөрчлөх гэдгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл нэг бууны нэг төрөл эд ангийг гараар хийж галт зэвсгийн үндсэн биенд угсрах, эсвэл 2 өөр төрлийн галт зэвгийн эд ангийг солихыг ойлгоно. Гуравдугаарт тухайн галт зэвсгийн гол төмрийг тойрч баллистикийн үзүүлэлтийг /техникийн үзүүлэлтийг/ өөрчлөхийг ойлгоно. Шинжилгээнд ирүүлсэн 12 ширхэг галт зэвсгээс 1 гэж дугаарласан галт зэвгийн бүх эд ангийг гараар хийж угсарсан гар хийцийн галт зэвсэг байсан. Энэ гар хийцийн бууг хэдэн онд угсарсан болохыг тогтоох боломжгүй. Мөн гар хийцийн буун дээр зориулалт яригдахгүй. Нэг гэж дугаарласан галт зэвсэг буудлага үйлдэх боломжтой зэвсэг байсан. Шинжээчийн дүгнэлт дээр байгаа хүснэгтийн загвар гэсэн хүснэгтэнд гар хийц гэж бичсэн галт зэвсгүүд гар хийцийнх байсан. Шинжилгээнд 7 гэж дугаарлан ирүүлсэн бууны Мосин карбин маркийн гол төмрийг 7.62 мм-ийн хагас автомат бууны гол төмрөөр сольсон байсан. Шинжилгээнд 9 гэж дугаарлан ирүүлсэн бууны гол төмрийг тайрч, сумны байрны доторх хэсгийг өргөн болгож 12x70 мм калибртай сумаар буудах зориулалттай болгон гар аргаар янзалсан байсан. Шинжилгээнд 10 гэж дугаарлан ирүүлсэн буу нь бялтат асаагууртай маш эртний дархан хүн хийдэг буу байсан ба цохигч чавхыг гар аргаар хийсэн байсан. Цохигч чавхыг дээрх буунд хэзээ угсарсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Мөн энэ буу нь буудлага үйлдэх боломжгүй, ажиллагаагүй буу байсан. Шинжилгээнд ирүүлсэн 7, 9 гэж дугаарлан ирүүлсэн гар хийцийн буунууд нь буудлага үйлдэх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.119-121/

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн галт зэвсгийн шинжээч Б.Түвшинбаатарын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5925 дугаартай дүгнэлт /хх.1.101/,

 

          Мөрдөн байцаалтад шинжээч Б.Түвшинбаатарын өгсөн:  “... 1, 10, 11, 12, 13 гэж дугаарлан шинжилгээнд ирүүлсэн сумнуудын хошуу нь ган зүрхэвчтэй байсан тул байлдааны зориулалттай сум юм... байлдааны зориулалттай сумнуудаас шинжилгээнд ирүүлсэн бусад сумнууд нь ган зүрхэвчгүй, тугалган хошуутай тул ан агнуурын зориулалттай сумнууд юм ...” гэсэн мэдүүлэг /хх.1.118/,

         

          Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.9-10/

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх.1.11-71/

          Шүүгдэгч Ц.Энхийн-Есөнбаатарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх.1.140-145/

          Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх.1.151/,

          Прокурорын 96 дугаар тогтоол /хх.2.68-69/,

 

          Эмнэлгийн магадлагаа /хх.2.70-72/ зэрэг болно.

 

          Ц.Энхийн-Есөнбаатар нь 2012 оноос 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 76 тоот өөрийн гэртээ байлдааны зориулалттай галт зэвсэг болох 1 буу, гар хийцийн 4 буу, сум, хонгио, бялт зэрэг 2381 ширхэг байлдааны галт хэрэгслийг зарим туслах хэрэгслийн хамт хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тал бүрээс хангалттай тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Ц.Энхийн-Есөнбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчийг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл хууль бусаар хийж бэлтгэх, хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байлдааны зориулалттай галт зэвсэг болох 1 буу, гар хийцийн 4 буу, сум, хонгио, бялт зэрэг 2381 ширхэг байлдааны галт хэрэгсэл болон туслах хэрэгслийг зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч Ц.Энхийн-Есөнбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай пардамент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхийн-Есөнбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болговол зохино гэх боловч мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар энэ хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 24 цагаас өмнө энэ гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.

 

Иймд 2012 оноос 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл хууль бусаар хийж бэлтгэх, хадгалах үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.Энхийн-Есөнбаатарт холбогдох хэргийг дээрх өршөөлийн тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч  Ц.Энхийн-Есөнбаатарын  анх  удаа  хүндэвтэр гэмт хэрэг

үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тамир овогт Цэгмидийн Энхийн-Есөнбаатарыг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл хууль бусаар хийж бэлтгэх, хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Энхийн-Есөнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, ялтан Ц.Энхийн-Есөнбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дах заалтыг үндэслэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:

1. 7.5 см урттай, малгайн хэсэгтээ "188 90" гэсэн тэмдэглэгээтэй 139 ширхэг

сум,

2. Малгайн хэсэгтээ "6пЗ 7.62х54Р" гэсэн тэмдэглэгээтэй 78 ширхэг сум,

З. Малгайн хэсэгтээ "С" гэсэн бичигтэй 899 ширхэг сум,

4. Малгайн хэсэгтээ гурвалжин дүрс мэт тэмдэглэгээтэй 39 ширхэг сум,

5. Малгайн хэсэгтээ "СНЕ01ТЕ-12" гэсэн тэмдэглэгээтэй 19 ширхэг сум

6. Хар өнгийн пивор хонгио 4 ширхэг,

7. Ногоон өнгийн пивор хонгио 1 ширхэг,

8. Металл хонгио 2 ширхэг,

9. дугуй хэлбэртэй эсгий мэт зүйл 15 ширхэг,

1О. Бялт 114 ширхэг,

11. Малгайн хэсэгтээ "60 62" гэсэн тэмдэглэгээтэй 9 ширхэг сум,

12. Малгайн хэсэгтээ "188 90" гэсэн тэмдэглэгээтэй сум 6 ширхэг,

13. Малгайн хэсэгтээ "3 В 7.62х54Р" гэсэн тэмдэглэгээтэй сум 1 ширхэг,

14. Малгайн хэсэгтээ "3 В 37" гэсэн тэмдэглэгээтэй сум 5 ширхэг,

15. Малгайн хэсэгтээ "38 83" гэсэн тэмдэглэгээтэй 1049 ширхэг сум,

16. Дээд талдаа "7.62 Пстгж Н60-8338, 1260 ШТ" гэсэн бичигтэй сумны хайрцаг 1 ширхэг,

17. Гадуураа шар өнгийн зүйлээр бүрсэн гар хийцийн гар буу 1 ширхэг,

18. Байлдааны зориулалттай Наган буу 1 ширхэг,

19. ОР1021 замагны дугаартай гар хийцийн гар буу 1 ширхэг,

20. ДК01519 гол төмрийн дугаартай, П56824 замагны дугаартай гар хийцийн

 

гар буу 1 ширхэг,

 

21. Гар хийцийн, бялтат асаагууртай буу 1 ширхэг зэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус шилжүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Энхийн-Есөнбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар, ялтан Ц.Энхийн-Есөнбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтан Ц.Энхийн-Есөнбаатарт хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

         

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Энхийн-Есөнбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   С.ӨСӨХБАЯР