Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 672

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.о даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: НМХГД .

Нэхэмжлэлийн шаардлага: “НМХГД-ын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Бийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг, нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгч М.Б миний бие 2017 оноос Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч билээ. Миний бие албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл НМХГД-ын 2019 оны 05 дугаар сарын 10- ны өдрийн Б/165 дугаар тушаалаар намайг албан тушаал бууруулж Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Уг тушаалаар намайг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтууд болон Авилгатай тэмцэх газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 05/3805 дугаар албан бичгүүдийг үндэслэн албан тушаал бууруулсан байна. Миний бие Авилгатай тэмцэх газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 05/3805 дугаар албан бичгийн талаар огт мэдэхгүй бөгөөд Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүр Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргасан бөгөөд ямар нэгэн зөрчил байгаагүй болно. Намайг албан тушаал бууруулсан тушаалд баримталсан хуулийн заалт болон тушаалын агуулгаас харахад намайг буруутгаж байгаа зөрчил гэгч нь давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр энэ албан тушаалд томилогдохоос өмнө сонгогдсон байсан ба анх Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор Хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газраар хянуулсан бөгөөд уг мэдүүлэгт дээрх сонгуульт ажлыг мэдүүлсэн бөгөөд Авилгатай тэмцэх газраас сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж албан тушаалд томилсон болно. Гэтэл гэнэт дээрх нөхцөл байдлыг зөрчил гэж үзэж албан тушаал бууруулсан нь ойлгомжгүй, тангараг өргөсөн төрийн албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

“Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгч гэдэг нь сонгуульт ажил бөгөөд миний бие уг төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр сролцдоггүй болно. Нөгөөтэйгүүр намайг албан тушаал бууруулсан тушаалд баримталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь хязгаарлалт нь албан тушаалд томилогдсон этгээд давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалт байх бөгөөд миний бие албан тушаалд анх орохдоо энэ сонгуульт ажилд сонгогдсон байсан, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ тусган хянуулсан, Авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж албан тушаалд томилохыг зөвшөөрсөн байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд намайг хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн дээрх тушаалаар намайг албан тушаал бууруулж Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилохдоо хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газраар хянуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа төрийн албан хаагч надад мэдэгдэж, тайлбар, нотлох баримт, санал, хүсэлт гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр шууд албан тушаал бууруулж томилсон нь Үндсэн хуульд заасан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах зэрэг эрхийг зөрчөөд зогсохгүй, Төрийн албаны тухай хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах. ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн зөрчил болсон гэж үзэж байна. Миний дээрх асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 699 дүгээр албан бичгээр таны гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн учир тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд НМХГД-ын 2019 оны 5 дугаар сарын 10- ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Бийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д шүүхэд гаргасан бичгээр гаргасан тайлбартаа: “...М.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Ерөнхий шаардлага

1.1.Авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 /Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үурэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авилгын талаар мэдээллийг Авилгатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй/, 8.2 /Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй/ гэж зааснаар М.Бид холбогдуулан албан тушаалын давуу эрхээ ашиглан “Анд интернейшнл” ХХК-иас хандив авсан, “Монголын тогооч нарын холбоо” ТББ-аас гаргасан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөмж, гарын авлага номыг худалдан борлуулж ашиг орлого олсон байж болзошгүй, мөн М.Б нь “Монголын тогооч нарын холбоо” ТББ-ын тэргүүн бөгөөд тус байгууллагын 25 жилийн ойд 10 сая төгрөгийг хандивласан байна.Тус хандивын 10 сая төгрөгийг М.Бийн удирдлага дор ажил үүрэг гүйцэтгэх эрх оүхий улсын /ахлах/ байцаагч Л.У*******, Ц.О******* нар Сүхбаатар дүүрэгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нараас “хандив” нэрээр цуглуулсан үндэслэлээр Авилгатай тэмцэх газарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02-01/1038 дугаартай албан бичгээр хандсан болно.

1.2 Монгол улсын Авилгатай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар Авилгатай тэмцэх газар нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд М.Биийн талаарх мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 05/3805 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байна. Авилгатай тэмцэх газрын 05/3805 дугаартай албан бичигт: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б нь удирдах злбан тушаалтан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Монгопын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан хориглолтыг зөрчсөн байна. Мөн М.Б нь ажлын байр , албан тушаалын тодорхойлолтод заасан дүүргийн нутаг дэвсгэрт Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг Монгол улсын хууль, дүрэм, журмын хүрээнд явуулахдаа хэлтсийн байцаагчдыг удирдлагаар ханган, тасралтгүй жигд ажиллагааг ханган ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна. Иймд мэдүүлэг гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Бийн гаргасан зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасныг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож 2019 оны 05 дугаар сарын 23-ны дотор тус газарт хариу ирүүлнэ үү гэж заасан байна. Иймд М.Бид НМХГД-ын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаартай тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажлаас албан тушаал бууруулан Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр томилж, үндсэн цалинг ТЗ-7-5 зэрэглэлийн 855978 төгрөг, зэрэг дэвийн 25 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байна. М.Бийг албан тушаал бууруулан Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан ба М.Б нь хүлээн зөвшөөрсөн болно.

1.4. Монгол улсын Төрийн албаны Зөвлөлд НМХГД-ын 2019 оны 05 дугаар сарын Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг шалгаад Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 699 дугаартай албан бичгээр “Таны гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” хэмээн хариу өгсөн байна.

Хоёр. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Бийн албан тушаал бууруулан улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулсан үндэслэл, шалтгаан.

2.1. Авилгатай тэмцэх газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 05/3805 дугаартай албан бичиг.

2.2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 11/2595 дугаартай албан бичгээр РД1011995 бүртгэлтэй "Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын Ерөнхийлөгчөөр Мөнхтөрийн Баасандорж ажилладаг болохыг тодорхойлсон байна. "Монголын тогооч нарын холбоо” НҮТББ нь аймаг, нийслэлийн 22 салбартай байна. М.Б нь дээрх нэр бүхий холбооны Ерөнхийлөгч төдийгүй РД 1087479 “Буянт тэлмэн холбоо”, РД8090556 “Улаанбаатар эрдэм судлал дээд сургуулийн төгсөгчдийн холбоо”, РД8149518, “Монголын үндэсний хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн холбоо”, РД8196346 “Ж.Октябрь сан”, РД8203776 “Монголын тогооч нарын үйлдвэрчний звлэлийн хороо" олон нийтийн байгууллагад Удирдах Зөвлөлийн даргын ажил үүргийг гүйцэтгэж байна.

2.3. Монгол улсын Шадар Сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-цы өдрийн 99 дүгээр | тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ын 4.5 /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дотоод хяналтын нэгж байж болно/, 7.1.4 /Байгууллагын (удирдлагаас өгсөн үүргийн дагуу тодорхой асуудлаар хууль, тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийх/, Монгол улсын Сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн Албаны Зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 36/32 хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1 Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно/, 2.2 /Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод яналт шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно/ гэж заасны дагуу тус газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст “Монголын тогооч нарын холбоо” ТББ-аас гаргасан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан номыг худалдан борлуулж, Сүхбаатар дүүрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нараас “хандив” авсан тухай асуудлыг шалгасан болно. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ын 6.3 /Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дах хзсэгт заасны дагуу шалгаж ирүүпсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлага хүлээлгэх тогтоол гаргана/ гэснийг баримтлан Газрын даргын 2019 оны А/13 дугаартай тушаалаар баталсан Газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлөөр Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс ирүүлсэн танилцуулга, материалыг үндэслэн уг асуудлыг хэлэлцэж, улсын /ахлах/ байцаагч Л.У*******, Ц.О******* нарын 10 хүнд дээрх дүрмийн 4.2.2-д зааснаар ёс зүйн сануулах хариуцлага ногдуулсан байна.

2.4. Хэлтсийн даргын Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын Ажпын байрны үндсэн зорилтын 8 /Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах/ -дах заалтыг М.Б бүрэн хэрэгжүүлээгүйгээс түүний удирдлага дор ажиллаж буй улсын /ахлах/ байцаагч нараас ёс зүйн зөрчил гаргасан нь шууд хамааралтай байна.

2.5 Авилгатай тэмцэх газар хүргүүлсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 онь 05 дугаар сарын 01-ны өдрийн 02-01/1672 дугаартай албан бичиг.

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б нь Төрийн бус байгуулагуудын Ерөнхийлөгч болон удирдах бүтцэд ажилладаг бөгөөд ингэхдээ Нийтийн танд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, гэж заасны дагуу мэдэгдэл гаргаж байгаагүй, мөн 18 дугаар зүйлийн 18.5.3-т “ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг” гэж заасны дагуу бичгээр хандаж байгаагүй болно гэж дурдаж Авилгатай тэмцэх газрын албан бичгийн хариу явуулсан байна.

2.6.2 Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/484 дугаартай тушаал.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр “сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, Төрийн албаны 2018 оны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” тогтоол, Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.2 дах заалтыг үндэслэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу улсын байцаагчдыг удирдлагаар хангаж ажиллаагүй тул дээрх тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан байна.

Гурав. М.Бийн нэхэмжлэлд дурдсан албан тушаалын цалингийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зөрүү олгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч  М.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн  мэдээллийг Авлигтай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх” үүрэгтэй гэж заасны дагуу НМХГД  Л.Эрдэнэчулуун нь Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б нь Төрийн бус байгууллагуудын Ерөнхийлөгч болон удирдах бүтцэд ажилладаг бөгөөд ингэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д ”Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу мэдэгдэл гаргаж байгаагүй гэж үзэн  мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасныг тус тус зөрчсөн эсэхийг шалгуулахаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/1672 дугаар албан бичгээр Авилагтай тэмцэх газарт ханджээ.

Дээрх албан бичгийн дагуу Авилагтай тэмцэх газраас хяналт шалгалт хийж 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 05/3805 тоот албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуунд “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б нь удирдах албан тушаалтан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан хориглолтыг зөрчсөн байна.

Иймд мэдүүлэг гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Бийн гаргасан зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасныг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож 2019 оны 05 дугаар сарын 23-ны дотор тус газарт хариуг ирүүл” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна.

Хариуцагч хуулиар өөрт олгогдсон эрхийнхээ дагуу НМХГД  2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/165 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б нь өөрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж, ашиг сонирхлын зөрчил үүссэн байх тул тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас албан тушаал бууруулан Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр томилон ажиллуулхаар болсон байна.

Нэхэмжлэгч М.Б болон түүний өмгөөлөгчөөс “     

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь хязгаарлалт нь албан тушаалд томилогдсон этгээд давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалт байх бөгөөд миний бие албан тушаалд анх орохдоо энэ сонгуульт ажилд сонгогдсон байсан, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ тусган хянуулсан, Авилагтай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж албан тушаалд томилохыг зөвшөөрсөн, намайг хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, би жил бүр хөрөнгө оролгийн мэдүүлгээ бөгөлж явуулдаг, Монголын тогооч нарын холбооны тэргүүн гэдгээ бичиж байсан” гэж маргажээ.

М.Б нь Авилагтай тэмцэх газарт Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар томилогдохоос өмнө  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг хариуг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05/3060 дугаар албан бичгээр авч өөрийн хүссэн албан тушаалдаа томилогдсон хэдий ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид, тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг, 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөж болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” тус тус зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хэдийгээр тухайн албан тушаалд томилогдохоос өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэж Авлигтай тэмцэх газраас дээрх дүгнэлтийг ирүүлж байсан хэдий ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт, 12 дугаар зүйлд шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглоно гэсэн заалтын дагуу хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байсан байна.

            Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11/2595 дугаартай албан бичгээс үзвэл  РД 1011995 бүртгэлтэй “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын Ерөнхийлөгчөөр Мөнхтөрийн Баасандорж ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт болон холбооны дүрэм зэргээс үзвэл “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ нь аймаг, нийслэлийн 22 салбартай бие даасан өмч хөрөнгөтэй, санхүүгийн эх үүсвэртэй, тайлан тооцоо гаргадаг төдийгүй М.Б нь тус холбооны ерөнхийлөгчийн хувьд дотоод гадаадад төлөөлөх, холбооны үйл ажиллагааг өргөжин бэхжүүлэх, санхүү эд хөрөнгөд хяналт тавьж ажиллах үүрэгтэйгээр холбоог удирддаг байна.

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглох”, Төрийн албаны тухай /шинэ/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д “үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” үүрэгтэй зэрэг хуулийн зохицуулалтаас дүгнэвэл хэдийгээр “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгч ч гэсэн нэхэмжлэгч М.Б нь төрийн жинхэнэ албан тушаалтныхаа хувьд хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байхыг хуулиар үүрэг болгосон байхад уг үүргээ биелүүлэлгүй Нийтийн хоолны газруудад өөрөө хяналт тавьдаг улсын ахлах байцаагчийн эрхтэй атлаа дээрх хуулиудын хориглосон заалтыг зөрчиж төрийн албан хаагчийнхаа үүргийг биелүүлэлгүй дээрх хуулиудыг зөрчиж өөрийн үндсэн ажлаас гадуур “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь хууль бус байна.

Хэдийгээр хариуцагч НМХГД   2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалаар “М.Бийн албан тушаалыг бууруулах” тухай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хууль бариагүй ч гэсэн  нэхэмжлэгч М.Б нь Төрийн албыг хийж гүйцэтгэхдээ дээрх хуулиудын хориглосон заалтыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээр нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг хариуцагч зөрчсөн захиргааны актыг 2019 оны 05 дугаар сарын 10-нд гаргасан энэ өдөр нэхэмжлэгчтэй уулзсан тайлбар гаргах боломж олгоогүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргадаг хэдий ч хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн  27 дугаар зүйлийн 27.4.6-д зааснаар сонсох ажиллагааг хариуцагч явуулахдаа өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан асуулт хариулт хэлбэрээр  явуулж тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан зэргээс дүгнэвэл хариуцагчийг огт сонсох ажиллагаа явуулаагүй байна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албыг хэрэгжүүлэхдээ давхар ажил хийхийг хуулиар хориглож, хязгаарлаад байхад уг хориглосон заалтыг хэрэгжүүлэлгүй хуулиар  хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул маргаан бүхий актыг сонсох ажиллагааг хуулийн дагуу огт явуулаагүй байна гэж үзэж шууд буруутган маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч М.Бийн “НМХГД-ын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Бийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.1, 3.1.2, мөн хуулийн 11,12 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.5.3, Төрийн албаны тухай /шинэ/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-т заасныг тус тус баримтлан  “НМХГД-ын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Бийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий М.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.О