Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

   2022          01           10                                      2022/ШЦТ/36                              

                                                                                                                     

 

                                                                                                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э овогт Н-ийн Б-д холбогдох эрүүгийн 2110 00000 1232 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ-ийн 7-46 тоот кузов засварын газарт ажилладаг, ам бүл 1, ганцаараа амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Э овогт Н-ийн Б- /РД:хххх/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кузов авто засварын газарт иргэн А.А-ыг үл ялиг зүйлээр шалтаглан нүүр толгой хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “...баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус харвалт, ууцанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогч А.А-ын дүүтэй нь хамт ажилладаг юм. Бид хоёрын дунд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй ээ. Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ийм асуудал гаргасан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой хэрэг болсны дараа нэг удаа уулзсан, надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Одоо бид хоёр хэвийн харилцаатай байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 2110 00000 1232 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Хямд бараа” нэртэй дэлгүүрийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш түрээслэн ажиллуулж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20-21 цагийн үед зүс таних Н.Б гэх залуутай уулзаад, архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тухайн үед бид хоёртой хамт манай хадам ах Батболд мөн пиво уугаад сууж байхад эхнэр нь ирээд гэр лүүгээ дагуулаад явсан. Тэгээд Н.Б бид хоёр үлдсэн. Орой 22-23 цаг хүртэл ууж суухад түүний хамт амьдардаг эмэгтэй, нэрийг нь мэдэхгүй байна, пиво аваад ороод ирсэн. Бид нар авчирсан пивоноос ууж байхад миний утасны цэнэг дуусаад унтрахаар нь би гар утсаа асаах гэж гэрээс гараад кузов засварт ороод зогсож байхад Н.Б араас орж ирээд хаалга хаасан. Би эргээд харахад хоолой боогоод, миний баруун нүд рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохиход нь би газар унасан. Тэгээд мөн гараа атгаж байгаад 7-8 удаа нүүр лүү цохисон. Би гарыг нь болиулаад босоход арын жижиг хаалгаар гараад гүйгээд явчихсан. Би гараад гэр лүү алхсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай:

1. А.А-ын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус харвалт, ууцанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 15-16 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн гэмтлүүдийг А.А-ын биед би цохиж учруулсан. А.А- нь манай гэрт намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд ийм үйлдэл гаргачихсан. Би гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна, дахин ийм асуудал үүсгэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 06 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 21 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 22 дахь тал), шүүгдэгч Н.Баас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.А-аас гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 40 дэх тал) 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Н.Б-д холбогдох эрүүгийн 21100 0000 1232 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кузов авто засварын газарт иргэн А.А-тай тодорхой шалтаг шалтгаангүйгээр согтуурхан маргалдаж, улмаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “...баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус харвалт, ууцанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч А.А-ын: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Хямд бараа” нэртэй дэлгүүрийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш түрээслэн ажиллуулж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20-21 цагийн үед зүс таних Н.Б гэх залуутай уулзаад, архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тухайн үед бид хоёртой хамт манай хадам ах Батболд мөн пиво уугаад сууж байхад эхнэр нь ирээд гэр лүүгээ дагуулаад явсан. Тэгээд Н.Б бид хоёр үлдсэн. Орой 22-23 цаг хүртэл ууж суухад түүний хамт амьдардаг эмэгтэй, нэрийг нь мэдэхгүй байна, пиво аваад ороод ирсэн. Бид нар авчирсан пивоноос ууж байхад миний утасны цэнэг дуусаад унтрахаар нь би гар утсаа асаах гэж гэрээс гараад кузов засварт ороод зогсож байхад Н.Б араас орж ирээд хаалга хаасан. Би эргээд харахад хоолой боогоод, миний баруун нүд рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохиход нь би газар унасан. Тэгээд мөн гараа атгаж байгаад 7-8 удаа нүүр лүү цохисон. Би гарыг нь болиулаад босоход арын жижиг хаалгаар гараад гүйгээд явчихсан. Би гараад гэр лүү алхсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай:

1. А.А-ын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус харвалт, ууцанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 15-16 дахь тал),

- шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 06 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.А-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.Б нь гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Б-ын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч А.А-ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч А.А нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хэргийн 39 дэхь тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Н.Б-аас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 22 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч А.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт Н.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Э овогт Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД