Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 

 2022            01           11                                         2022/ШЦТ/41                                

                                                                                                                     

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн /томилолтоор/, шүүгдэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д-ийн Б-өд холбогдох эрүүгийн 21100 0000 0964 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймагт төрсөн, 45 настай эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш, эрх зүйч мэргэжилтэй, Боловсрол хөгжил олон улсын төвд эрх зүйч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуут 9 гудамжны 23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 08 сарын хугацаагаар тогтоож, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3306 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 06 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 06 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийд эдлэх ялыг 07 жил 01 сарын хугацаагаар хорих ял гэж тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 57ө дугаартай шүүгчийн захирамжаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж, 11 сар 01 хоногийн хугацаагаар биечлэн эдлүүлэхээр тогтоосныг биечлэн эдэлж байгаад 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 6 хоногийг хасаж тооцон нийт 452 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосноос эдлээгүй 380 цагийн үлдэгдэлтэй байгаа гэх, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Д-ийн Б /РД:хххх/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь иргэн Б.Х-д өөрийгөө “өмгөөлөгч, прокурор, Улсын Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгчтэй найзууд, 7 хоногийн дотор чиний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө” гэж итгүүлэн, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5005хххх56 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би өөрийн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Б.Х- нь П.Сувд эгчийн хамаатан байгаа юм. П.Сувд нь намайг дуудаад, “манай хамаатны хүүхэд Улсын Дээд шүүхэд хөдөлмөрийн маргаанаар шүүх хуралдаанд орох гэж байгаа юм байна, чи итгэмжлэл аваад орчих” гэж хэлсэн. Тэгээд Б.Х- “урьд нь сонгож авсан өмгөөлөгчтэй, тэр нь хүн нэмж авч яах гэсэн юм бэ гэж уурлаад байна” гээд надад итгэмжлэлээ өгөхгүй яваад байсан.

Мөрдөн байцаалтын шатанд би ажил явдалтай байхад прокурор над руу утасдаад “гэм буруу дээр маргахгүй байгаа юм чинь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээрэй” гэж хэлсэн боловч хүсэлтээ өгч чадаагүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Ажил хөдөлмөр эрхэлж, хүүтэйгээ амьдрах боломж олгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Манай эхнэр хүүг маань 4 сартай байхад өнгөрсөн, одоо би 4 настай хүүтэйгээ хамт амьдардаг. Дахин ийм асуудал гаргахгүй. Улсын яллагчийн гаргасан гэм буруутайд тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналтай холбоотой хэлэх зүйл алга, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 21100 0000 0964 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х-ын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр авга эгч Сувдын ажлын газарт буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бундан Рага 205 тоотод очсон. “Өөрийн ажиллаж байсан газраасаа үндэслэлгүй халагдсан, шүүх дээр маргаан үүсээд явж байна” гэж эгчтэйгээ ярьж байхад Д.Б гэх хүн миний яриаг хөндлөнгөөс сонсож байгаад миний гар утсыг гуйж авсан. 2021 оны 8 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын орчимд залгаад “чиний асуудлын талаар сонссон, би Дээд шүүхийн тэргүүн шүүгчтэй найзууд байгаа юм. 7 хоногийн дотор чиний хэргийг хэрэгсэхгүй болгож өгье, харин яаралтай 500.000 төгрөг надад бэлнээр аваад ир” гэж хэлээд, над руу арваад удаа залгасан.

Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй, маргааш нөгөөдрөөс бодож байгаад болъё” гэхэд “чи хүн эвгүй байдалд оруулах гээд байна, би шүүгч найзтайгаа уулзах гээд тохирчихсон, ресторан руу явж байна” гэж хэлсэн. Би тухайн үед нь найзтайгаа Зайсан хилл цогцолборт байсан юм. Тэгэхээр нь би сандраад найзаасаа мөнгө асуугаад байхгүй болохоор нь танил хүнээс 7 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлсэн.

Тэгээд Д.Бтэй холбоо барихад өөрийнх нь эгчийн данс гэж Хаан банкны 5005539756 дугаартай данс өгөхөөр нь би өөрийн 5664127801 дугаартай данснаас 500.000 төгрөгийг “Khishigjargal” гэсэн утгатай шилжүүлсэн.

7 хоногийн дараа мөнгө зээлсэн хүн маань надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Би Д.Б рүү залгаад “миний мөнгө юу болж байна, хүнээс хүүтэй мөнгө зээлчихсөн, хугацаа нь болоод нэхэгдээд байна” гэхэд “чи хүлээцтэй тайван байж бай, 7 хоногт 2 удаа л шүүх хурал болж байгаа” гэж хэлсэн. Би өөрийн биеэр Дээд шүүхэд очоод, “миний хэрэг юу болж байгаа юм бол” гэж мэдээлэл лавлагааны ажилтнаас лавлаад шалгуулахад “энэ 7 хоногт багтахгүй бол дараа 7 хоногоос хурал болох юм байна. Дарааллаар хурал болж байгаа” гэж надад хэлсэн. Шүүх хурал 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болох байсан юм. Би хурлын дараа Д.Бтэй яриад “миний хурал юу болсон бэ” гэхэд “хурал товлогдоогүй байгаа юм уу, би завгүй байна, чамтай маргааш ярина” гээд утсаа тасалсан. Үүнээс 5-6 хоногийн дараа залгахад огт утсаа авахгүй байж байгаад сураггүй алга болсон.

Д.Б нь өөрийгөө өмгөөлөгч, нийслэлийн прокурор, төрийн банкны ажилтныг өмгөөлөөд явж байгаа гэж хэлээд, гартаа бичиг баримт бариад явж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал),

 

- Мөн хохирогчийн дахин өгсөн: “...Би цагдаагийн байгууллагад хандсаны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Б нь надад 500.000 төгрөг өгсөн. “Мөнгийг чинь хийчихлээ, цагдаадаа гомдолгүй гэж хэлээрэй” гэж хэлсэн. Миний хувьд одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Сувдын гэрчээр өгсөн:

“...Би зун Архангай аймагт очихдоо Б.Х-ын гэрийнхэнтэй золгосон юм. Тэгэхэд аав нь надад “манай охин хөдөлмөрийн маргаанаар шүүхээр яваад байгаа шүү, өөрөөс нь асуугаарай” гэж хэлсэн. Би 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ажлын газарт буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бундан Арага төвийн 205 тоотод Б.Х-ыг дуудаж уулзсан юм. Бид хоёр уулзаад байж байхад Д.Б орж ирээд, Б.Х-ын хөдөлмөрийн маргааны талаар хөндлөнгөөс сонссон байсан.

Тэгээд би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Х-ыг дахин дуудаад “Д.Б гэдэг хүнд мөнгө төгрөг, утсаа өгч болохгүй шүү, өгсөн ч надаас асууж байж өгөөрэй” гэж хэлсэн. Үүнээс хойш уулзаагүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Д.Бөд 500.000 төгрөг залилуулчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын намайг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 32 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 33 дахь тал), Батмөнх овогтой Тэмүүлэлийн төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 50 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд (хэргийн 55-59, 60-64, 65-71, 72-74 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь иргэн Б.Х-д өөрийгөө “өмгөөлөгч, прокурор, Улсын Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгчтэй найзууд, 7 хоногийн дотор чиний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө” гэж итгүүлэн, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5005хххх56 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч О.Нямхоролын: “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр авга эгч Сувдын ажлын газарт буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бундан Рага 205 тоотод очсон. “Өөрийн ажиллаж байсан газраасаа үндэслэлгүй халагдсан, шүүх дээр маргаан үүсээд явж байна” гэж эгчтэйгээ ярьж байхад Д.Б гэх хүн миний яриаг хөндлөнгөөс сонсож байгаад миний гар утсыг гуйж авсан. 2021 оны 8 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын орчимд залгаад “чиний асуудлын талаар сонссон, би Дээд шүүхийн тэргүүн шүүгчтэй найзууд байгаа юм. 7 хоногийн дотор чиний хэргийг хэрэгсэхгүй болгож өгье, харин яаралтай 500.000 төгрөг надад бэлнээр аваад ир” гэж хэлээд, над руу арваад удаа залгасан. Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй, маргааш нөгөөдрөөс бодож байгаад болъё” гэхэд “чи хүн эвгүй байдалд оруулах гээд байна, би шүүгч найзтайгаа уулзах гээд тохирчихсон. Ресторан руу явж байна” гэж хэлсэн. Би тухайн үед нь найзтайгаа Зайсан хилл цогцолборт байсан юм. Тэгэхээр нь би сандраад найзаасаа мөнгө асуугаад байхгүй болхооор нь танил хүнээс 7 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлсэн.

Тэгээд Д.Бтэй холбоо барихад өөрийнх нь эгчийн данс гэж Хаан банкны 5005539756 дугаартай данс өгөхөөр нь би өөрийн 5664127801 дугаартай данснаас 500.000 төгрөгийг “Khishigjargal” гэсэн утгатай шилжүүлсэн.

7 хоногийн дараа мөнгө зээлсэн хүн маань надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Би Д.Б рүү залгаад “миний мөнгө юу болж байна, хүнээс хүүтэй мөнгө зээлчихсөн, хугацаа нь болоод нэхэгдээд байна” гэхэд “чи хүлээцтэй тайван байж бай, 7 хоногт 2 удаа л шүүх хурал болж байгаа” гэж хэлсэн. Би өөрийн биеэр Дээд шүүхэд очоод, “миний хэрэг юу болж байгаа юм бол” гэж мэдээлэл лавлагааны ажилтнаас лавлаад шалгуулахад “энэ 7 хоногт багтахгүй бол дараа 7 хоногоос хурал болох юм байна. Дарааллаар хурал болж байгаа” гэж надад хэлсэн. Шүүх хурал 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болох байсан юм. Би хурлын дараа Д.Бтэй яриад “миний хурал юу болсон бэ” гэхэд “хурал товлогдоогүй байгаа юм уу, би завгүй байна, чамтай маргааш ярина” гээд утсаа тасалсан. Үүнээс 5-6 хоногийн дараа залгахад огт утсаа авахгүй байж байгаад сураггүй алга болсон.

Д.Б нь өөрийгөө өмгөөлөгч, нийслэлийн прокурор, төрийн банкны ажилтныг өмгөөлөөд явж байгаа гэж хэлээд, гартаа бичиг баримт бариад явж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал),

- мөн хохирогчийн: “...Би цагдаагийн байгууллагад хандсаны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Б нь надад 500.000 төгрөг өгсөн. “Мөнгийг чинь хийчихлээ, цагдаадаа гомдолгүй гэж хэлээрэй” гэж хэлсэн. Миний хувьд одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

- гэрч П.Сувдын: “...Би зун Архангай аймагт очихдоо Б.Х-ын гэрийнхэнтэй золгосон юм. тэгэхэд аав нь надад “манай охин хөдөлмөрийн маргаанаар шүүхээр яваад байгаа шүү, өөрөөс нь асуугаарай” гэж хэлсэн. Би 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ажлын газарт буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бундан Арага төвийн 205 тоотод Б.Х-ыг дуудаж уулзсан юм. Бид хоёр уулзаад байж байхад Д.Б орж ирээд, Б.Х-ын хөдөлмөрийн маргааны талаар хөндлөнгөөс сонссон байсан. Тэгээд би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Х-ыг дахин дуудаад “Д.Б гэдэг хүнд мөнгө төгрөг, утсаа өгч болохгүй шүү, өгсөн ч надаас асууж байж өгөөрэй” гэж хэлсэн. Үүнээс хойш уулзаагүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Д.Бөд 500.000 төгрөг залилуулчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал) болон шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Д.Б нь иргэн Б.Х-д өөрийгөө “өмгөөлөгч, прокурор, Улсын Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгчтэй найзууд, 7 хоногийн дотор чиний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө” гэж итгүүлэн, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5005хххх56 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-ын эд хөрөнгөд 500.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь Депозит дансны хуулга (хэргийн 49 дэх тал) баримтаар нотлогдсон байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.       

 

Шүүгдэгч Д.Б нь урьд хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 50 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар баримтууд (хэргийн 55-59, 60-64, 65-71, 72-74 дэх тал) тус тус хэрэгт авагдсан ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Бийн цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 48 цагийг хасч, биечлэн эдлэх ялыг 452 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосноос, шүүгдэгч нь 72 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлсэн, 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэл тооцоотой болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4/23953 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1573 дугаартай шийтгэх тогтоол баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн журмын дагуу түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг өмнөх буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.              

 

Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. С овогт Д-ийн Б-ийг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-өд 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, өмнөх буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Д.Б нь 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Х-д нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

6. Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД