Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.О,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ын О-д холбогдох 2128002970164 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

  Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........................

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюутын 2 дугаар баг, ............................... тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.О-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа яваад орой 18 цагийн орчимд гэртээ очиход манай нөхөр О нь гэртээ дүү болох Б хоёр архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд хүүхдүүддээ хоол унд хийж өгчхөөд манай зүүн талд манай ээжийнх байдаг юм, ээжийн гэрт ороод байж байсан чинь О утсаар яриад гэртээ орж ирж унт гэж хэлэхээр нь би орохгүй ээжийнд унтана гэж хэлсэн чинь О дахин дахин залгаад байхаар нь гэр рүү ороод очтол О намайг 2 удаа толгой руу нясалсан. Тэгэхээр нь буцаж гараад ээжийнх рүү ороод байж байтал араас орж ирснээ нүүр рүү нүд хавьд нэг удаа цохиход нь ээж хажуугаас Ог аваад гэрээс гарах хооронд би цагдаагийн газрын 102 утас руу залгаад дуудлага өгсөн... Миний нүүр хэсэгт нэг удаа цохиж зүүн нүд хөхрүүлсэн... О бид хоёр хамт амьдраад 8 жил болж байна, дундаасаа 3 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаа байхгүй... Өвдөж зовоод байсан юм бол байхгүй, хаван буулгах эм, өвчин намдаах эм, тархины цусан хангамж сайжруулах эм зэрэг 10 хоног уух эм бичүүлж аваад уугаад дууссан. Эмчлүүлсэн баримтаа гаргаж өгнө, дээрээс нь ажлаа хийгээгүй 10 хоног гэртээ байсан учир тэр 10 өдрийн ажлын алдангаа тооцож авмаар байна. Би өдөртөө бараг 50,000 төгрөгийн ажил хийдэг 10 хоног гээд тооцохоор 500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Байнгын айдастай байдаг, байнгын хардалттай сэтгэл санаа тогтвортой байж болохгүй байгаа юм, хохирол барагдуулбал надад ямар нэгэн санал, гомдол байхгүй... Одоо миний бие зүгээр байгаа, толгой хаад өвдөөд байгаа юм, Т.О эмчилгээний мөнгө гэж 500,000 төгрөг өгсөн, тэр мөнгөөр эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа юм, эм тариа авч, эмчилгээ хийлгэж байсан баримтаа гэртээ эрээд олдоогүй. Бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 11, 14 дэх тал/

Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой манай охин Д нь гэртээ ирчхээд гэр орондоо хүүхдүүддээ хоол ундыг нь хийж өгчхөөд 21 агийн орчимд байх гэрт ороод ирсэн. Тэгээд гэрт байж байхад нөхөр О нь утсаар гэртээ ороод ир гээд байх шиг байсан. Удалгүй О халамцуухан гэрт орж ирээд баруун орон дээр Д-гийн хажууд очоод суусан. Тэгээд гэртээ оръё гээд байсан. Нөгөөдөх нь үгүй ээ гэртээ орохгүй гээд байсан. Тэгсэн гэнэт О зүүн гараараа Д-гийн нүд нүүр хавьд нь цохихоор нь би хөөе юу болж байна аа гээд О-г аваад гэр рүү нь оруулсан. Тэр хойгуур манай охин цагдаа руу дуудлага өгсөн юм шиг байна лээ, удалгүй цагдаа нар ирээд О-г аваад явсан... Д О-д цохиулсны дараа зүүн нүд хөхөрч, хавдаж улайсан байсан, өөр ил харагдаж шарх сорви байгаагүй.” /хавтаст хэргийн 18 дахь тал/

Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн дүү болох Бямбачулуун манайд өдөр 14 цагийн орчимд ирсэн. Б нэг шил архи гаргаж өгөөд тэр архийг бид хоёр хамт хувааж уусан. Архиа хувааж уучхаад манай дүү Б 16 цагийн үед гэр рүүгээ явсан. Орой 18 цагийн үед манай эхнэр Д ажлаасаа тараад гэртээ ирсэн. Ирчхээд хоол унд хийж дуусчхаад зүүн гэр болох хадам ээжийн гэр рүү орчхоод гэртээ орж ирэхгүй байхаар нь би Д руу утсаар яриад гэртээ орж ирээч гээд хэлсэн чинь орж очихгүй гээд байсан. Тэгэнгүүт би зүүн гэр рүү ороод очсон чинь хадам ээж Насанжаргал, эхнэр Д хоёр гэрт байсан. Би баруун орон дээр Д-гийн хажууд очиж суугаад гэр рүүгээ оръё гэсэн чинь орохгүй гээд байхаар нь гарын ар хэсгээр нүүр нүд хавьд нь нэг удаа цохисон. Тэгсэн хадам ээж Н намайг боль гээд гэрээс дагуулж гэр рүү оруулсан. Гэрт байж байсан чинь цагдаа дуудлага өгсөн гээд гэрт орж ирээд намайг машиндаа суулгаад цагдаагийн газарт ирж эрүүлжүүлэхэд хонуулсан.” /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 622 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Д-гийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/

Шүүгдэгч Т.О-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюутын 2 дугаар баг ............................... тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа яваад орой 18 цагийн орчимд гэртээ очиход манай нөхөр О нь гэртээ дүү болох Б хоёр архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд хүүхдүүддээ хоол унд хийж өгчхөөд манай зүүн талд манай ээжийнх байдаг юм, ээжийн гэрт ороод байж байсан чинь О утсаар яриад гэртээ орж ирж унт гэж хэлэхээр нь би орохгүй ээжийнд унтана гэж хэлсэн чинь О дахин дахин залгаад байхаар нь гэр рүү ороод очтол О намайг 2 удаа толгой руу нясалсан. Тэгэхээр нь буцаж гараад ээжийнх рүү ороод байж байтал араас орж ирснээ нүүр рүү нүд хавьд нэг удаа цохиход нь ээж хажуугаас Ог аваад гэрээс гарах хооронд би цагдаагийн газрын 102 утас руу залгаад дуудлага өгсөн... Миний нүүр хэсэгт нэг удаа цохиж зүүн нүд хөхрүүлсэн...” /хавтаст хэргийн 11, 14 дэх тал/,

Гэрч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой манай охин Д нь гэртээ ирчхээд гэр орондоо хүүхдүүддээ хоол ундыг нь хийж өгчхөөд 21 агийн орчимд байх гэрт ороод ирсэн. Тэгээд гэрт байж байхад нөхөр О нь утсаар гэртээ ороод ир гээд байх шиг байсан. ...Тэгсэн гэнэт О зүүн гараараа Д-гийн нүд нүүр хавьд нь цохихоор нь би хөөе юу болж байна аа гээд О-г аваад гэр рүү нь оруулсан. Тэр хойгуур манай охин цагдаа руу дуудлага өгсөн юм шиг байна лээ, удалгүй цагдаа нар ирээд О-г аваад явсан... Д О-д цохиулсны дараа зүүн нүд хөхөрч, хавдаж улайсан байсан, өөр ил харагдаж шарх сорви байгаагүй.” /хавтаст хэргийн 18 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 622 дугаартай шинжээчийн Н.Д-гийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.О нь хохирогч Н.Д-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Т.О нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.О-гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Т.О, хохирогч Н.Д нар нь 8 жил хамт амьдарч, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.  

Иймд шүүгдэгч Т.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.    

Шүүгдэгч Т.О нь хохирогч Н.Д-гийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Т.О-гийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Т.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.        

Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Н.Дд 500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.О нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/64 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Т-ын О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.О нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Н.Дд 500,000 төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ