Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Б.Ө,

Өмгөөлөгч: Н.Нарангарав,

Хохирогчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн Өт холбогдох 212800267 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ө аймгийн Д сумын 2 дугаар баг, Хан-Уулын 21-23 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.С, Б.Б нартай маргаж, эрх чөлөөнд нь гараар цохих хөлөөр өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж, С.С-ийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Өийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хоорондоо жаахан маргалдсан. Хохирол төлбөр төлсөн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... С бид гурвыг очиход гэртээ ганцаараа эрүүл байсан. ...Манай найз эмэгтэй Н архи уудаггүй болохоор би нэг пиво задалж өгсөн. Тэрийг уусан. Өөр пиво уугаагүй байх. Дараа нь Ө гэрээсээ гарахдаа нэг шил 0.5 литрийн Экс нэртэй архи авсан байсан. Тэрийг уух уу гээд бид 3 хувааж уусан. Тэгээд Ө бид 2 гэрээс гарч тамхилж байгаад би Өийг дүү дээрэлхээд байгаарай гэж хэлээд гараараа нүүр рүү нь цохьсон. Тэгсэн чинь Ө намайг өшиглөсөн. Дараа нь миний нүүр рүү гараараа цохьсон санагдаж байна. Тухайн үед би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. С хүн алчихлаа гэж хашхирахаар нь манай найз эмэгтэй Н гэрээс гарч ирээд цагдаа дуудсан гэсэн. Цагдаа ирээд эмнэлэг дуудсан гэсэн. Тэгээд намайг эмнэлэг аваад явахаар нь Н гэр рүүгээ алхаж явсан гэсэн. Би 3 сар ажилгүй байгаа. Сард би 850.000 төгрөгийн цалин авдаг. Бас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би 6 сарын дараа нүүрэндээ тавиулсан төмрөө авна. Хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Эмчид үзүүлээд дараа нь мөнгөн дүнг хэлнэ. Надад Ө Улаанбаатар хот руу явахад 3.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр би хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. ...Эмчилгээндээ зарцуулах 1.700.000 төгрөг нэмж нэхэмжилнэ. ...Хохирол төлбөр барагдуулсан. /хх-ийн 13-14, 16, 123-р хуудас/

Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б над руу залгаад танайд очиж пиво ууя гэсэн. Тэгэхээр нь би ээж маргааш хөдөөнөөс ирнэ, манайд болохгүй ээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б за юун сүртэй юм. Ганц хоёр пиво уугаад л явчих юм чинь хоёрын хооронд битгий охин шиг зан гаргаад бай гэсэн. 23 цагийн үед хашааны хаалга дуугараад Б, Ө хоёр машинтай орж ирсэн. Тэр 2 манайд ирэхдээ хоёулаа нэлээд согтуу гэмээр нэг нэгнийгээ цохиж аваад бас инээж хөхрөөд байсан. Гэрт ирээд Ө, Б 2 надтай мэндлээд Ө машинаасаа 7 ширхэг лаазтай Сэрүүн, Нийслэл, Сэнгүр гэх пиво авчраад надад өгөхөөр нь би аваагүй. Тэгсэн чинь Ө надад нэг лаазтай пиво аваад задлаад өгөхөөр нь би тэрийг авч уусан. Тэгээд ууж дуусгаад дахиад нэг лаазтай пиво хажууд тавьсан байхаар нь авч уусан. Тэр 2 үлдсэн 5 ширхэг пивог уусан. Пиво ууж дуусгаад Ө машинаасаа дахиад том 2.5 литрийн пиво авчраад намайг аягалж өг гэхээр нь би аягалж өгсөн. Би тэр пивоноос нэг аяга пиво уусан. Бусдыг нь тэр хоёрт аягалж өгсөн. Маргааш нь ээж хөдөөнөөс ирнэ гээд би нэг их уугаагүй. Тэгээд пиво аягалж дууссан чинь Б ах намайг машины суудал доороос нэг шил 0.5 литрийн Экс нэртэй архи байгаа аваад ир гэхээр нь би гарч машинд үзсэн чинь архи байсан. Тэгээд тэр 2 дээр очоод архи байхгүй байна гэж хэлсэн чинь Ө ах би суудлын доороо нэг шил архи хийснээ санаж байна гараад аваад ир гэхээр нь би гарч архийг нь авчирч өгөөд орон дээрээ гараад унтах гэсэн чинь цэрэгт явах гэж байж ганц шил архи аягалаад өгчихгүй гээд байхаар нь би босч очоод архийг нь аягалж өгсөн. Тэгээд архиа талд нь оруулаад би тамхи татах гээд Б ахын тамхинаас нэг ширхэг тамхи авсан чинь нэг ширхэг тамхи илүү газар унасан. Тэгэхээр нь би нөгөө тамхийг аваад хайрцагтай тамхитай хамт ор руу шидсэн чинь Ө чи хүний тамхинаас авлаа гээд уурлаад байхаар нь Б ах чиний тамхинаас авсан юм уу миний тамхинаас авсан гээд тэр 2 маргалдаж байгаад бид 3 гэрээс гарч тамхилсан. Тэгээд бид 3 гэрт ороод сууж байсан чинь тэр 2 хоорондоо зиндаархаж маргалдаад байсан. Тухайн үед цаг шөнийн 03 цаг болж байсан байх. Би гэрт утсаа ухаад хэвтэж байсан чинь гадаа нэг нэгнийгээ хараагаад хашааны хаалга дуугарахаар нь би гэрээс гарсан чинь тэр 2 хашааны үүдэнд Б ахын хамарнаас цус гарчихсан Ө ах тэр 2 заамдалцаад зогсож байхаар нь би дундуур нь орж салгасан чинь Ө миний цамцны захаар намайг боож унагахад нь би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Тэгээд урд талын хашааны хажууд сэрсэн чинь манай зүүн талын айлын 3 замын уулзвар дээр гэрлийн үзүүрт Б ахыг газар хэвтүүлээд Ө өшиглөж байгаа харагдахаар нь би гүйж очоод салгах гэсэн чинь намайг баруун гараараа 2 удаа цохьсон чинь миний толгойны зүүн талын орой хэсгээс цус гараад би толгойгоо дараад доошоо суусан чинь Ө ах Б ахыг нэг удаа өшиглөөд манай гэр рүү гараад гүйсэн. Тэгээд хэсэг удаж байгаад гэрээс гарч ирээд машиндаа суугаад бид 2 дээр ирээд би та хоёрыг мөнгөндөө тааруулж зодсон шүү гэж хэлчихээд машинаа унаад явсан. Тэгээд би Б ахыг өргөөд гэр рүү орсон чинь цагдаа ирээд Б ахыг эмнэлэг рүү авч явсан. ...Нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 20-21-р хуудас/

Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10-р сарын 04-ний өдөр би гэртээ байсан чинь Б гэрийн гадаа ирсэн. Гараад ир гэхээр нь би 21 цагийн үед гэрээс гарч Бтэй уулзсан чинь Б нэг залуутай хамт машинтай явж байсан. Тэгээд бид 3 манай гэрийн ойролцоо юм ярьж байгаад надад нэг лаазтай пиво задалж өгөхөөр нь би нэг амсчихаад барьж байгаад С гэсэн байх санахгүй байна. Тэр айлд очоод уугаагүй үлдээсэн. ...00 цагийн үед байх манай хүүхэд уйлчихлаа гэж гэрээс залгаад явах гэж байхад Ө, С 2 хоорондоо таарамж муу байсан. Ө Сугир-Эрдэнийг агаа руугаа чат бичсэн гээд чатны талаар яриад байсан. Удалгүй гадаа дуу нь өндөрсөөд байхаар нь гэрээс гарч ирсэн чинь Ө, С 2 маргалдаад хоорондоо заамдалцсан байж байхад нь Б голоор нь ороод салгаж байх шиг байсан. Тэгээд би боль гээд голоор нь ороод салгах гэсэн чинь салгаж дийлэхгүй байж байсан чинь тэр 3 маргалдахаа болиод гэр рүүгээ орохоор нь би хашаанаас гараад гэр рүүгээ алхаж байхдаа 00 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 29-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.С-ийн биед хуйхны язарсан шарх, дээд уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 34-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 600 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бгийн биед тархины доргилт, ухархай, хацар, хоншоор ясны цөмөрсөн нийлмэл хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 41-42-р хуудас/

Шүүгдэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Бд учирсан гэмтлийг би учруулсан. С хохирол байхгүй эмчилгээ хийлгэхгүй толгой нь зүгээр гэсэн учраас төлбөр төлөөгүй. Бг хагалгаанд орох гэж байхад нь би 3.000.000 төгрөг шилжүүлсэн. сүүлд ахиад эмчилгээ хийлгэнэ гэхээр нь би 1.700.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн. 12-р сарын 05-ны дотор өгнө. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. /хх-ийн 52-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/

Ө аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 56-60-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71-р хуудас/

201600147 дугаартай Барилгын засал чимэглэлчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72-р хуудас/

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 77-р хуудас/

Б.Бгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 84-89-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 92-99-р хуудас/

Өвчний түүх /хх-ийн 100-р хуудас/

Эмч нарын зөвлөгөөний шийдвэр /хх-ийн 104-113-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ө аймгийн Д сумын 2 дугаар баг, Хан-Уулын 21-23 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.С, Б.Б нартай маргаж, эрх чөлөөнд нь гараар цохих хөлөөр өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж, С.С-ийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Өийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 600 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бгийн биед тархины доргилт, ухархай, хацар, хоншоор ясны цөмөрсөн нийлмэл хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 41-42-р хуудас/ гэснээр,

Шүүгдэгч Б.Өийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.С-ийн биед хуйхны язарсан шарх, дээд уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 34-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Өийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 4.700.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Б.Бгийн: Надад Ө Улаанбаатар хот руу явахад 3.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр би хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. ...Эмчилгээндээ зарцуулах 1.700.000 төгрөг нэмж нэхэмжилнэ. ...Хохирол төлбөр барагдуулсан. /хх-ийн 16, 123-р хуудас/ гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Өийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...цаашид миний үйлчлүүлэгч хадаасаа авахуулна. Шүүгдэгч цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж тохиролцсон байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь дүгнэлт сонсох шатанд ...цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцож эвлэрсэн гэх тайлбарыг гаргаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь хүндэвтэр гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хохирлоо шүүгдэгч Б.Өаас нэхэмжлэх эрхтэй талаар шүүгдэгч болон хохирогч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн, хохирогч Б.Б нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Өийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Өийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн. Ө аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 1100000 төгрөгөөр торгох шийтгүүлсэн...” /хх-ийн 56-60-р хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71-р хуудас/ 201600147 дугаартай Барилгын засал чимэглэлчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр тогтоох санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан 1.300.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Бд 4.700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч С.С хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан 1.300.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бд 4.700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч С.С хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь хүндэвтэр гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хохирлоо шүүгдэгч Б.Өаас нэхэмжлэх эрхтэй талаар шүүгдэгч болон хохирогч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн, хохирогч Б.Б нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА